Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 59

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х х б” ХХК,

Хариуцагч: М.Ч

Хариуцагч: Ш.А

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 50 028 356.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, Б.Б, хариуцагч М.Ч, түүний өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагч Ш.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч “Х х б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Ч, Ш.А нар нь тус банктай 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-RСС2015030422-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, БГ-RСС2015030422-1-1 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”- г тус тус байгуулан 54 060 000 төгрөгийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч М.Ч, Ш.А нар нь ЗГ-RСС2015030422-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-1105003150 дугаарт бүртгэгдсэн, Ө сумын төв, 3 дугаар баг, 44 дүгээр байрны 1-19 тоот хаягт байрлах 73.56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нар нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл: 48 443 112.45 төгрөг, зээлийн үндсэн хүү 1 565 925.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 818.61 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 17 500 төгрөг. Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан ЗГ-RСС2015030422-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М.Ч, Ш.А нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 50 028 356.33 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 478 292 төгрөгийг тус тус гаргуулж, Худалдаа, хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗГ-RСС2015030422-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан хариуцагч М.Ч өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1105003150 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн, Даланзадгад сумын төв, 3 дугаар баг, 44 дүгээр байрны 1-19 тоот хаягт байрлах 73.56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын тайлбараас харахад М.Ч нь зээлийн төлбөрийг хувааж төлөх сонирхолтой, харин Ш.А нь өөрөө үүрэг хүлээхгүй зөвхөн М.Ч төлүүлэх сонирхолтой байдаг. Өөрөөр хэлбэл хоорондоо маргаантай байна гэж харагдаж байна. Энэ нь манай нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулж зээлийн гэрээг цуцалсантай холбоотой нийт үлдэгдэл 50 028 356.33 төгрөгийг олгуулж мөн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэргийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зөвхөн төлөх төлбөрийн хувьд хамт хариуцах дээр хэн хэдэн хувиар хариуцах нь тодорхой байх эсэх тухай цаашид шүүхийн шатанд маргалдах хандлагатай байна гэж харж байна. М.Ч гаргасан тайлбарын үндэслэлийг харахад манай банк хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой буюу М.Ч, Ш.А нараас 50 028 356.33 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу шаардаж байгаа. Гэрээнд тусгайлан зээлдэгч бүрт ногдох үүргийг хуваарилаагүй хуваагаагүй тул хамтран дундын өр гэж үзэх буюу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нар гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй. Ш.А гаргасан тайлбарын хувьд хамтран зээлдэгч учраас зээлийн гэрээний үүргийг хүлээхгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Мөн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан. Мөн хуулийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчлагдсантай тус тус нийцсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ гэж заасны дагуу Ш.Ан хувьд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний дагуу тус гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд тус гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан хамтран зээлдэгчээр татах үндэслэлтэй байна. Ш.А нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн гэрээний хамтран зээлдэгч болохоо хүлээн зөвшөөрч байгаа буюу маргаангүй, харин ч тайлбараар хүлээн зөвшөөрч байгаа болох нь тогтоогдож байгаа учраас гэрээний үүргийг хүлээхгүй гэж үзэх үндэслэлгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санал нэг байна. Өөр тайлбаргүй гэв.

Хариуцагч Ш.А, М.Ч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Ч миний бие 2014 оны 19 дүгээр сард Мэнд суурь ХХК-иас 73,56м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг м2-ыг нь 1 200 000 төгрөгөөр тооцож урьдчилгаа 30 хувь буюу 26 481 600 төгрөгийг тус компанид бэлнээр өгч үлдэх 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлээр худалдаж авсан болно. 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Х х б”-ны салбараас байрны үлдэгдэл төлбөр болох 70 хувь буюу 54 060 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатайгаар гэрээ байгуулж гаргуулсан. Зээл авсанаас хойш буюу 2015 оны 04 дүгээр сараас эргэн төлөлтийг хийж эхэлсэн. 2019 оны 07 дугаар сараас миний ажиллаж байсан Хангүрд ХХК-ийн ажил зогсч, улмаар миний бие тодорхой орлогогүй болж зээлээ хийж чадалгүй өдий хүрсэн. Хэдийгээр манай компанийн үйл ажиллагаа зогссон хэдий ч миний бие цаашид компанийн ажил  хэвийн явагдах хүртэл хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлж гэрээний дагуу зээлээ төлж тус компанийг хохиролгүй болгоно. Иймд М.Ч миний бие эхнэр Ш.А бид хоёр Худалдаа хөгжлийн банкны иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч М.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Ч би Х х бы нэхэмжлэлтэй хариуцагч М.Ч, Ш.А нарт холбогдох зээлийн гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэл 50 028 356,33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Нэхэмжлэлээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага гээд 50 028 356,33 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Яг хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг тэнцүү хэмжээгээр хоёр хариуцагчаас шаардвал өөрт ногдох хэсгээ төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ шаардаад байгаа мөнгийн тавин хувийг нь төлөх бодолтой байна. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Ш.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ш.А нь Х х б ХХК-аас нэхэмжилсэн 50 028 356.33 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь М.Ч бөгөөд Ш.А хувьд зөвхөн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурснаас биш зээлийг хамтран төлөх талаар хариуцлага хүлээгээгүй болно. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлж байна гэжээ.

Хариуцагч Ш.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас зээлдэгч М.Ч, Ш.А нараас нийт 50 028 356.33 төгрөг нэхэмжилж маргаж байгаа. Орон сууцны зээлийн гэрээг харахад зээлийн гэрээн дээрээ Ш.А М.Ч нарыг зээлдэгч гэж бичсэн. Зээлдэгч гэж хэн юм бэ гээд хуулиас харахад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Үүнээс зээлдэгчид мөнгө шилжиж очих, зээлдэгч буцаагаад түүнийг төлөх гэсэн агуулга харагдаж байна. Бүр нарийвчилсэн зохицуулалт нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Хуулийн энэ хоёр зүйл заалтаас тухайн банкнаас аливаа мөнгөн хөрөнгө зээлдэгчид шилжиж очсон байх ёстой байх нь, эргүүлээд түүнийг зээлдэгч төлсөн байх гэсэн ийм хоёр агуулга харагдаж байна. Энэ зээл нь орон сууцны зээлийн гэрээ байгаа. Орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг нь харахад Даланзадгад сумын 3-р баг, 44-р байр, 1-19 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг харахад М Ч гэдэг хүний өмчлөлийн байр байдаг. Өөрөөр хэлбэл энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр  Ш.А гэсэн нэр байдаггүй. Ш.А холбоотой зүйл байхгүй байгаа. Энэ гэрчилгээг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр авсан байдаг. Харин орон сууцны зээлийн гэрээг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан байгаа. Өөрөөр хэлбэл 5 өдрийн дараа зээлийн гэрээг байгуулсан байдаг. Тэгэхээр энэ байрыг авахын тулд орон сууцны зээлийн гэрээг байгуулаад байдаг. Гэтэл гэрчилгээн дээр нь Ш.А өмчлөлийн, эзэмшлийн ямар нэгэн асуудал байдаггүй. Зөвхөн М.Ч өмчлөлийн байр, М.Ч байр авахын тулд зээл авсан байна гэж ойлгогдож байгаа. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд Ш.Амаржаргалыг зээлдэгч гэж үзэх боломжгүй байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэж нэхэмжлэгч тал дурдлаа. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан. Хуулийн тайлбарыг харахад хэсэгчлэн хүлээх үүрэг, дундын үүрэг, хамтран хүлээх үүрэг гээд ялгаатай байдлаар зохицуулсан байдаг. Эдгээр ойлголтуудыг энэ нөхцөл байдал дээр аль ч харагдахгүй байна. Хэсэгчлэн хүлээх үүрэг гэдэг нь тус бүрээс нь үүргийг хуваагаад гүйцэтгүүлэхийг хэлээд байгаа. Дундын үүрэг гэдэг нь хоёр хүн хоёулаа нийлээд үүргээ гүйцэтгэж чадахгүй л бол тухайн үүргийн гүйцэтгэл гарч ирэхгүй байхыг, цогц үүргийг хэлээд байдаг. Хамтран хүлээх үүрэг нь яг энэ нөхцөл байдалд тохирохгүй. Энэ тохиолдолд үнэхээр энэ хүмүүсийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлж байгаа бол зээлийн гэрээндээ энэ хоёр хүний үүргийг нь тус тусад нь хуваарилаад тохиролцох боломжтой байсан. Нөгөө талаас мөн зүйлийн 242.2 дахь хэсэг нь хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан. Тэгэхээр хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар гэж байгаа. Гэрээнд хамтран үүрэг хүлээнэ, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж томъёолсон зүйл харагдахгүй байгаа. Нөгөө талаас батлан даагч байсан юм уу гэж харж үзсэн. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-т зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ гэж, 2-т зээлдэгч нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу батлан даагчтай гэрээ байгуулна гэж тус тус заасан. Манай тохиолдолд мөн гэрээ байгуулаагүй. Дээрх бүгдээс дүгнэж үзэхэд Ш.А нь энэ орон сууцны зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагчийн аль нь ч болохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн М.Ч өмчлөлийн эд хөрөнгийн талаар ярьж байгаа учраас мөн манай талтай ямар нэгэн хамааралгүй гэж үзэж байна гэв.   

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х х б” ХХК нь хариуцагч М.Чг, Ш.А нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл 48 443 112.45 төгрөг, хүү 1 565 925.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 818.61 төгрөг, нотариатын хураамж 17 500 төгрөг нийт 50 028 356.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээгээр хариуцагч нар нь Худалдаа хөгжлийн банкнаас 54 060 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 /20 жилийн/ сарын хугацаагаар зээлж, уг орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрийн барьцааны гэрээгээр сумын төв 3 дугаар баг 44 дүгээр байрны 1-19 тоот хаягт байршилтай 73,56 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1105003150 дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээнүүд байгуулагдсан байх ба зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, хугацаандаа төлбөрөө төлөхгүй зөрчил гаргасан тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл 48 443 112.45 төгрөг, хүү 1 565 925.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 818.61 төгрөг, нотариатын хураамж 17 500 төгрөг нийт 50 028 356.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарладаг.

Хариуцагч М.Ч нь “...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үнэхээр төлөх шаардлагатай бол шаардаад байгаа мөнгийн тавин хувийг нь төлнө” гэж, хариуцагч Ш.А итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Ш.А нь уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч зээлийг хамтран төлөх талаар үүрэг хүлээгээгүй” гэж тайлбарлан гэрээг цуцлах болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тус тус маргадаг.

Нэхэмжлэгч Х х б нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх тухай хоёр шаардлага гаргасан болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүхээс гэрээг цуцлах үндэслэлээс гадна гэрээг цуцлах процесс, журмын талаарх зохицуулалтыг зайлшгүй хэрэглэж гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөв.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах эрхтэй бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2035 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар хариуцагч нар гэрээний энэхүү хугацаанд нийт 108 432 234.89 төгрөгийг төлөхөөр байна.

Талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк гэрээг цуцалж, зээлийн төлбөр шаардах эрхтэй талаар заасан ба хариуцагч нар нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн гэх боловч 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн зөрчсөн, хэдий хугацааны ямар хэмжээний зөрчил гаргасан нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол тодорхойгүй байх тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нар орон сууц худалдан авах зорилгоор тус банкнаас зээл авч, зориулалтын дагуу ашиглаж, гэрээний нийт хугацаанд 108 432 234.89 төгрөгийг төлж дуусгах үүрэг банкны өмнө хүлээсэн байх ба эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж шаардсан зээл, хүүгийн төлбөр 1 567 743.88 төгрөгийг нийт үүрэгтэй нь харьцуулбал 1.44 хувь байна.

2019 оны 11 дүгээр сарын байдлаар төлөгдсөн байх үүрэг 25 300 854.88 төгрөгтэй харьцуулахад 23 158 988.17 төгрөг төлсөн байх тул 2 141 866.71 төгрөгийн дутуу төлөлттэй, 2035 онд ирээдүйд төлж дуусах байдлаар 78.7 хувь биелүүлээгүй гэж үзэж болохоор байна. Тиймээс шүүх энэ тохиолдолд 2019 оны 11 дүгээр сарын байдлаар хариуцагч нар гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч гэрээг цуцлах нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-т заасантай нийцэхгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан гэрээ цуцлах, татгалзах талаар мэдэгдэл хүргүүлээгүй, түүнчлэн зээлдэгч нарыг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн гэх хугацаанаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч М.Ч үүргээ гүйцэтгэхийг шаардсан мэдэгдэл хүргүүлсэн байх боловч  хариуцагч Ш.А үүрэг гүйцэтгэх талаар шаардаж байсан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах болон татгалзсантай холбоотойгоор шаардлага гаргах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журам баримтлаагүй нь уг шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй боловч уг хэтэрсэн хугацааны хариуцагч нарын хүлээх үүргийг нотлоогүй тул шүүх энэ хэмжээг тооцон гаргуулан шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар М.Ч, Ш.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 50 028 356.33 төгрөг гаргуулах тухай Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дагалдах үүрэг буюу барьцааны үүрэг үүсэхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 292 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талаас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудын хуулбар нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х х б ХХК-ийн хариуцагч М.Чг, Ш.А нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 50 028 356.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х х б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 292 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОТГОНСҮРЭН