Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/565

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000908 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** дээд сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ***-р курсийн оюутан, “***” ХХК-ийн харьяа “***” баар диско клубт хамгаалагч ажилтай, ам бүл 3, ах, эгч нарын хамт амьдардаг гэх, Дундговь аймгийн Гурвансайхан сумын *** дугаар баг, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** хотхоны *** тоотод оршин сууж байгаа, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй баараар үйлчлүүлж байсан ***той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь мөргөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 14-ний орой би ажлын найзууд болох ***, ***, *** гэх хүмүүстэй 23 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** гэх нэртэй баар луу орсон. Бид нар ороод 0.75 литрийн икс гэх нэртэй архи хувааж уусан. Тухайн архиа ууж байхдаа ***, *** гэх ажлын хүмүүс 00 цагийн орчим араас орж ирсэн. Бид нар бүжиглээд юм хум яриад байж байгаад манай хэд бүжиглээд би ширээн дээрээ ганцаараа үлдсэн байсан. Тэгээд би нойл орохдоо баарны хамгаалагчтай асуудал үүсгэсэн юм шиг байна лээ, сайн санахгүй байна. Найзуудаасаа сонсоход би нойл дотор цусаа угааж байхад найзууд араас орж ирсэн гэсэн. Тэгээд хэн зодсон юу болсон талаар баарны хамгаалагч нараас асуутал баарны баарны хамгаалагчтай намайг гар барилдаж байгаад би тэр хамгаалагчийг цохисон гэж хэлсэн гэсэн. Тэгээд надтай цуг нойлын хажууд байсан өрөө лүү орсон юм шиг байна лээ. Тухайн болсон үйл явдлыг надтай цуг явж байсан ***, *** нарын нэг нь сайн мэдэж байгаа. Би бараг тасарсан байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд би тэр тухайн баарнаас гараад *** намайг манай гэр лүү хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

 

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Уг бичлэг дээрх камерын цагаар 2023 оны 4 дүгээр сарын 15-ны 02 цаг 51 минут 10 секундээс 02 цаг 51 минут 26 секунд хүртэл иргэн *** болон хохирогч *** нар нь тавиур дээр гар гараасаа барилцан гар барилдаан хийж байгааг харуулав. Уг бичлэгийн 02 цаг 51 минут 27 секундэд хохирогч *** нь иргэн ***г баруун гараараа зүүн шанаа руу нь цохиж байгааг харуулав. Уг бичлэгийн 02 цаг 51 минут 31 секундээс 02 цаг 51 минут 54 секунд хүртэл хохирогч *** иргэн *** нар нь хоорондоо зууралдаж байгаад 2 хамгаалагч ирж салгаж байгааг харуулав. Уг бичлэгийн 02 цаг 51 минут 55 секундэд иргэн *** нь хохирогч ***оос салахдаа нүүр хэсэг рүү нь нэг мөргөөд нүүрэн тус газарт нь 2 удаа баруун гараараа цохиж байгааг харуулав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

 

3. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5227 дугаартай “...***-н биед баруун нүдний ухархайн доод ирмэг, доод хана, хацар ясны духны сэртэн, баруун хацрын нум, баруун хоншоорын хөндийн урд хананы хугарал, баруун зовхи, хацрын цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

4. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний өмнө гэрчээр өгсөн мэдүүлгээс өөрчлөгдсөн зүйл байхгүй. Тухайн ах өөрөө эхлээд намайг цохиод авсан болохоор нь эхлээд болиулах гэж оролдсон боловч тухайн хүн нь над руу агсраад байсан болохоор би мөргөчихсөн юм. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 31 дэх тал), оршин суугаа газрын хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 32 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 33 дахь тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 10-13 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.            

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө 02 цаг 51 минутын үед өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй баараар үйлчлүүлж байсан ***той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь мөргөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ирмэг, доод хана, хацар ясны духны сэртэн, баруун хацрын нум, баруун хоншоорын хөндийн урд хананы хугарал, баруун зовхи, хацрын цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***ийн “...2023 оны 4 дүгээр сарын 14-ний орой би ажлын найзууд болох ***, ***, *** гэх хүмүүстэй 23 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** гэх нэртэй баар луу орсон. Бид нар ороод 0.75 литрийн икс гэх нэртэй архи бид дөрөв хувааж уусан. ...Би нойл орохдоо баарны хамгаалагчтай асуудал үүсгэсэн юм шиг байна лээ, сайн санахгүй байна. Найзуудаасаа сонсоход би нойл дотор цусаа угааж байхад найзууд араас орж ирсэн гэсэн. Тэгээд хэн зодсон юу болсон талаар баарны хамгаалагч нараас асуутал баарны хамгаалагчтай намайг гар барилдаж байгаад би тэр хамгаалагчийг цохисон гэж хэлсэн гэсэн. Тэгээд надтай цуг нойлын хажууд байсан өрөө лүү орсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Уг бичлэг дээрх камерын цагаар 2023 оны 4 дүгээр сарын 15-ны 02 цаг 51 минут 10 секундээс 02 цаг 51 минут 26 секунд хүртэл иргэн *** болон хохирогч *** нар нь тавиур дээр гар гараасаа барилцан гар барилдаан хийж байгааг харуулав. Уг бичлэгийн 02 цаг 51 минут 27 секундэд хохирогч *** нь иргэн ***г баруун гараараа зүүн шанаа руу нь цохиж байгааг харуулав. Уг бичлэгийн 02 цаг 51 минут 31 секундээс 02 цаг 51 минут 54 секунд хүртэл хохирогч *** иргэн *** нар нь хоорондоо зууралдаж байгаад 2 хамгаалагч ирж салгаж байгааг харуулав. Уг бичлэгийн 02 цаг 51 минут 55 секундэд иргэн *** нь хохирогч ***оос салахдаа нүүр хэсэг рүү нь нэг мөргөөд нүүрэн тус газарт нь 2 удаа баруун гараараа цохиж байгааг харуулав...” гэх тэмдэглэл, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5227 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Иймээс шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч ***ийн гэм буруутай идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч ***т хохирол хор уршиг учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул шүүгдэгчийн хохирогчийн нүүр лүү мөргөж, гараараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас бусдад хүндэвтэр хохирол учирсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирогчид хохирол нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5227 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, шүүхийн шатанд шүүгдэгчээс хохирол хор уршигт тооцон 2.000.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч нь “*** овогтой *** миний бие 2023.06.27-ны өдөр *** овогтой ***ээс 2.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг хүлээж авсан тул миний бие ямар нэгэн гомдол саналгүй болсон...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч ***ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***т 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА