| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2020/00134/И |
| Дугаар | 157 |
| Огноо | 2020-02-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 157
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Тэс сум, 5 дугаар багт оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ92101706, Цагаагчин овогт Хүрлээгийн Отгонзаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 12 дугаар баг, 11-04 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ90071711, Шаавай овогт Дуламжавын Бат-Эрдэнэд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Отгонзаяа, хариуцагч Д.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Отгонзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Д.Бат-Эрдэнэтэй 2010 онд танилцаж, 2012 онд гэр бүл болсон. Бидний амьдралын хугацаанд 2011 онд хүү О.Ариунболд, 2013 онд хүү Б.Билгүүн нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үедээ агсам согтуу тавьж, зоддог болсон. Бид хоёр 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Цаашид Д.Бат-Эрдэнэтэй хамт амьдрах боломжгүй байна. Учир нь миний бие Ж.Гантулга гэгч залуутай гэр бүлтэй болж, 2 хүүхэд төрүүлсэн. Хүүхдүүдээ эцгээр нь овоглох хүсэлтэй байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү О.Ариунболдыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүү Б.Билгүүнийг эцгийнх нь асрамжид үлдээхээр тохиролцсон. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.
Хариуцагч Д.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дуламжав овгтой Бат-Эрдэнэ нь Хүрлээ овогтой Отгонзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Х.Отгонзаяагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Том хүү О.Ариунболдыг ээж Х.Отгонзаяад өгөхийг зөвшөөрч байна. Бага хүү Б.Билгүүнийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Отгонзаяа нь хариуцагч Д.Бат-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэн Д.Бат-Эрдэнэ, Х.Отгонзаяа нар 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүү О.Ариунболд, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү Б.Билгүүн нар төрсөн ба эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, О.Ариунболд, Б.Билгүүн нарыг төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн эмч Ж.Сүнзмаагийн тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид хоорондоо хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон, мөн хүүхдийн саналыг харгалзан хүү Б.Билгүүнийг эцэг Д.Бат-Эрдэнийн, хүү О.Ариунболдыг эх Х.Отгонзаяагийн асрамжид тус тус үлдээлээ.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Х.Отгонзаяа, хариуцагч Д.Бат-Эрдэнэ нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Отгонзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Эрдэнээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Отгонзаяад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шаавай овогт Дуламжавын Бат-Эрдэнэ, Цагаагчин овогт Хүрлээгийн Отгонзаяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Ариунболдыг эх Х.Отгонзаяагийн, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Билгүүнийг эцэг Д.Бат-Эрдэнийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Отгонзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Эрдэнээс 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Отгонзаяад олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР