Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхон сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг гудамж, 13 тоотод оршин суух Харчу овогт Түдэвийн Өлзийбаяр /РД:МЙ46060101/-ийн нэхэмжлэлтэй

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Прокурор Т.Дэлгэрсайхан, нэхэмжлэгч Т.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Өлзийбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Даваасамбуугийн Түдэв нь Хөвсгөл аймаг Чандмань Өндөр сумын 7 дугаар багийн 1947 оны хүн амын тооллогын бүртгэлийн 92 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Д.Түдэв 45 настай, Дүүрэнгийн Нанжид 36 настай эмэгтэй, Түдэвийн Өлзийбаяр, 4 настай эмэгтэй гэж бүртгэгдсэн байна. Д.Түдэв нь Хөвсгөл аймаг, Чандмань Өндөр сумын 7 дугаар багийн харьяат ард лам нас 36 /1938 оны байдлаар/ ам бүл 3 , эх Должинжав, дүү Банзрагч нар байсан. Хөрөнгө бод 20, хашаа 1, байшин 1, гэр 1 байсан. Даяндээрхийн хүрээнд гавж Мяндагтай умзад нярав тушаалтай авралч эмч гүрэмч явсан. Хурал номын ажлаар амьдардаг. Түвд ном мэднэ. Гадаадад яваагүй. Ял шийтгэлгүй, баригдахын өмнө Даяндээрхийн хүрээнд сууж байсан. Д.Түдэв нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэжээ. Хэргийг хянаад ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 1942 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор 72-ын 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон суллажээ. Миний эцэг Даваасамбуугийн Түдэвт 40 сая төгрөг олгохоор шийдвэрлэж өгнө үү. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зууны мэдээ сониноор дамжуулан нийтэд мэдэгдсэн байна. Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөн олговор 40.000.000 төгрөгийг олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай аав хэлмэгдлээр хэлмэгдэж явсан хүн байсан. 1937 юм уу 1938 оны хэлмэгдлээр баривчлагдсан. Тэгээд 1942 онд гадаад явдлын яамны шийдвэрээр суллагдсан байсан. Манай аав хэлмэгдэж явсан учраас бидэнд нөхөн олговор олгох шийдвэр гарсан байна. Үүний дагуу бид нар бичиг баримтаа бүрдүүлээд шүүхэд хандаад явж байна. Би өөрөө охин нь байгаа юм. ...Би эхээс хоёулаа байсан. Миний охин дүү маань нас барчихсан. ...Миний дүү 2005 онд нас барсан. ...Миний аав Д.Түдэв 1978 онд нас барсан. ...Миний дүүг Түдэвийн Долгор гэдэг байсан. ...Манай дүүгийн нас барсан гэх зүйл ороогүй байна. Тухайн үеийн хүн амын тооллогоор манай ам бүлийн бүртгэлд манай дүүгийн нэр ороогүй байгаа. ...Манай дүүг үрчилж авч байсан гэж ярьдаг. ... Би төрсөн хүүхэд нь мөн. ...Манай дүү өвчний улмаас нас барчихсан гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Түдэв овогтой Өлзийбаярын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төрийг төлөөлөн гуравдагч этгээдээр оролцож байна. Иргэн Т.Өлзийбаяраас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговор 40.000.000 төгрөгийг төрөөс гаргуулах талаар нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэгч Т.Өлзийбаярын гаргасан нэхэмжлэлтэй танилцахад Т.Өлзийбаярын төрсөн эцэг болох Даваасамбуу овогтой Түдэв нь 36 настайдаа Даян дээрхийн хүрээнд гавж, мяндагтай умзад нярав албан тушаалтай ажлыг хийж байхдаа 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд заасны дагуу 10 жилийн ялаар шийтгэгдсэн байна. Хорих ялаар шийтгэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газраас гаргасан албан бичгийн архивын лавлагаагаар тогтоогдож байна. Мөн иргэний хэрэгт авагдсан дотоод явдлын яамны дэргэдэх бүрэн эрхт тусгай комиссын хэрэг тасалсан талаарх хурлын хуучны монгол бичгээр бичсэн тогтоол дээр хилс хэрэгт хэлмэгдсэн Даваасамбуу овогтой Түдэвийг улс төрийн эсэргүүний хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож сулласугай гэсэн тогтоол гарсан болох нь тогтоогдож байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13, 12 дугаар зүйлийн 2.1, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 3 дахь хавсралтын дагуу Монгол улсад цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос хилс хэрэгт хэлмэгдсэн Түдэвийн охин Өлзийбаярт 40.000.000 төгрөгийн нөхөн олговор олгох талаар шийдвэрлэж Зууны мэдээ сонины 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 222 дугаарт хэвлэж нийтэд мэдээлсэн байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нь өөрийн дүү, Түдэвийн охин болох нэг хүн байсан талаар мэдүүлсэн байна. Гэхдээ прокурорын зүгээс зууны мэдээ сонинд хэвлэгдсэнээс хойш мэтгэлцэх маргаан гараагүй. Мөн иргэний хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн улсын төв архивын лавлагаа байна. Энэ лавлагаагаар хэлмэгдэгч Түдэв нь ам бүл 3.Дүүрэнгийн Нанжид, Түдэвийн Өлзийбаяр гэсэн лавлагаа гарсан зэрэг бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 3 дахь хавсралт зэрэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдэн цагаатгагдсан Түдэвийн охин болох Т.Өлзийбаярт нөхөн олговор олгож, 40.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг хэлж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Өлзийбаяр нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Түдэвийн Өлзийбаярын төрсөн эцэг Даваасамбуугийн Түдэв нь 1938 оны 07 дугаар сарын 23-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан 10 жилийн хорих ялаар шийтгүүлж хэрэгт холбогдолгүй болгон суллагдаж байсан болох нь

Хөвсгөл аймгийн Чандмань сумын 7 дугаар багийн харьяат, ард, лам, нас 36/1938 оны байдлаар/, ам бүл 3, эх Должинжав, дүү Банзрагч нар. Хөрөнгө: бод 20, хашаа 1, гэр 1, Даяндээрхийн хүрээнд гавж мяндагтай, умзад, нярав тушаалтай, авралч, эмч, гүрэмч явсан. Хурал номын ажлаар амьдардаг. Түвд ном мэднэ. Гадаадад яваагүй. Ял шийтгэлгүй. Баригдахын өмнө Даяндээрхийн хүрээнд сууж байсан. Д.Түдэвийг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхэт комиссын 1938 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлж, ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 1942 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор 72-ын 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон сулласан гэх Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын орлогч даргын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний дөрийн 05/6730 дугаартай лавлагаа /хх-2/,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулбар /хх-3/ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Өлзийбаяр нь 1946 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хэлмэгдэгч Д.Түдэвийн охин болж төрсөн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 103/002380 дугаартай лавлагааны Монгол Улсын иргэн, РД:МЙ46060101, эцэг, эхийн нэр Түдэв, нэр Өлзийбаяр, Төрсөн газар Хөвсгөл Чандмань-Өндөр, эцгийн нэр Даваасамбуу, нэр Түдэв, эхийн нэр Дүүрэн Нанжид гэж бүртгүүлсэн байна гэх хэсэг /хх-ийн 6/-ээр нотлогдож байна.

 

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 7 дугаар багийн 1947 оны хүн амын тооллогын бүртгэлийн 92 дугаар хуудсанд: Өрхийн тэргүүн Даваасамбуугийн Түдэв 45 настай, эрэгтэй, Дүүрэнгийн Нанжид /Нанжад/, 36 настай, эмэгтэй, Түдэвийн Өлзийбаяр 4 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн гэх хэсэг /хх-ийн 8/-ээс хэлмэгдэгч Д.Түдэв нь эхнэр охины хамт амьдарч байсан байна. Д.Түдэв нь 1979 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумд нас барсан талаар ямар нэг баримт гарч ирээгүй болно.

 

Зууны мэдээ сонины 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №222/6189/ дугаарт Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдийн бүртгэлийн 63 /Нэхэмжлэгчийн үндсэн захиргаа Сэлэнгэ, Түдэвийн Өлзийбаяр, хэлмэгдэгчийн овог, нэр Түдэв Даваасамбуугийн/Дондов Даваасамбуугийн/, хэлмэгдэгчийн үндсэн захиргаа Хөвсгөл, хэлмэгдэгчийн хүүхэд, нөхөх олговрын хэмжээ 40 сая төгрөг/ гэж зарласан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй энэ талаар өөр хүн нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Иймд Т.Өлзийбаярыг эцэг Д.Түдэвийн нөхөн олговорыг авах эрхтэй гэж үзлээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Д.Түдэвийн нөхөх олговор 40.000.000/дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Харчу овогт Түдэвийн Өлзийбаяр /РД:МЙ46060101/-т олгох нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Даваасамбуугийн Түдэвийн нөхөх олговор 40.000.000/дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Харчу овогт Түдэвийн Өлзийбаяр /РД:МЙ46060101/-т олгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                         

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   А.НАРАНТУЯА