Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/573

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205028361016 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологич мэргэжилтэй, *** ХХК-нд төслийн менежер ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байр, *** тоотод оршин сууж байгаа, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны *** тоотод оршин суух хохирогч ***тай өөрийн “***” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар харилцаж 500 доллар зарна гэж хуурч, өөрийн чинь мэйлээр баталгаа очно тэрийг хүлээгээд байж бай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн” банкны *** дугаарын данс руу 1,562,500 төгрөг шилжүүлэн авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би олон улсын крипто бирж дээрээс доллар авч зардаг юм. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед *** гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хэрэглэгчтэй холбогдож байгаад 500 доллар худалдан авахаар болж 1.562.500 төгрөгийг худалдаа хөгжлийн *** дугаарын *** гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлсэн баримтаа фейсбүүк чатаар явуулаад 500 доллароо авъя гэтэл одоо өөрийн чинь мейлээр баталгаа очно тэрийг хүлээгээд байж бай гэхээр нь хүлээгээд ирэхгүй болохоор нь дахиад чатаар залгах гээд ороход намайг блок хийгээд алга болсон. Би гэртээ байхдаа шилжүүлсэн, өөрийн голомт банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Анх надтай фейсбүүкээр чаталж байхад фейсбүүкийн линк нь *** гэсэн нэртэй байсан, мөн надаа өгсөн дансны дугаар нь ч гэсэн Билгүүн Отгонбаатар гэсэн нэртэй данс байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

2. Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 29 дахь тал),

 

3. *** гэх фейсбүүк хаягтай харьцан зурвасуудын хуулбар (хавтаст хэргийн 15-20 дахь тал),

 

4. Шүүгдэгч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрт байсан 500 доллартой дүйцэхүйц койн зарах гээд фейсбүүк групп дээр зар тавьсан. Тэгээд зарын дагуу над руу *** гэсэн хаягаас чат бичээд миний 500 долларыг худалдаж авъя гэж хэлсэн. Тэгээд тэр 500 долларыг тухайн үеийн ханшаар нь бодоод 1.560.000 төгрөг болж байсан байхаа. Тэр мөнгөө өөрийн худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу шилжүүлж авсан. Тэгээд нөгөө хүн рүү 500 доллар шилжүүлэх гээд ***-ийн хэтэвч рүүгээ орох гэхэд миний хуучин дугаар дээр хамгаалалтын код ирсэн болохоор нь шилжүүлэг хийх боломжгүй болоод, сим картаа сэргээх шаардлагатай байсан ба тухай өдөр амралтын өдөр байсан санагдаж байна, сэргээх боломжгүй болсон. Тэгэхээр нь би тухайн мөнгөө би таньдаг хүмүүсээсээ зээлсэн мөнгөө нэг нэгээр нь өгөөд бараг мөнгөгүй болсон. Тэгэхээр нь доллар шилжүүлж өгөх байсан хүнийхээ 500 доллароор хөшүүрэгтэй арилжаа хийж өсгөөд авъя гэж бодоод арилжаанд орсон боловч мөнгөө алдсан. Би Худалдаа хөгжлийн *** тоот данс руу 1.560.000 төгрөг шилжүүлж авсан. Фейсбүүкийн *** гэсэн нэртэй групп-д зар байрлуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ий хувийн байдалтай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 50-51 дэх тал), жолоочийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 52 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 53 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 30-35 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны *** тоотод оршин суух хохирогч ***тай өөрийн “***” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар харилцаж 500 доллар зарна гэж хуурч, өөрийн чинь мэйлээр баталгаа очно тэрийг хүлээгээд байж бай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн” банкны *** дугаарын данс руу 1,562,500 төгрөг шилжүүлэн авсан байна.

 

Энэ нь хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай дансны хуулга, *** гэх фейсбүүк хаягтай харьцан зурвасуудын хуулбар болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч ***ий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй болно.

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***ийг “Залилах гэмт хэрэг буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***д 1,562,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...хохирлоо авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдэгдсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ***д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 1.562.500 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА