Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/577

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх сан*** ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2305017841096 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын мужааны засалч ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг гэх, Дархан-Уул аймгийн *** сум, ***-р баг, *** дугаар гудамж *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод түр оршин сууж байгаа, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны *** дугаар байрны *** дугаар орцны урд хохирогч ***тай маргалдан зодож биед нь хоншоор ясны баруун талын 1-р шүдний түүшин сэртэнгийн хугарал, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 25-ны орой 19 цагт найзуудын хамт пабд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 23 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** хотхоны *** байрны *** дугаар орцны гадаа такситай ирээд гэр рүүгээ орох гээд орц руугаа орсон. Манай орцонд танихгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гурван залуу хүлээлгийн тэнхимд сууж байсан. Нүдний шилтэй залуу надтай гарах гэж байхад өөд өөдөөсөө тулж таараад өөдөөс өдөөд эхэлсэн. Би суух лифт рүү ороход араас нэг залуу нь дагаж орж ирээд надаас хэрүүл гуйгаад эхэлсэн. Би лифтэнд суугаад дээшээ *** давхарт байрлах гэр рүү орох гэж байгаад хүүхдүүддээ зайрмаг авахаа мартаад буцаад лифтээр буусан. Лифтээр буухад нөгөө залуучууд үүдэнд сууж байсан. Би дэлгүүр ороод зайрмаг аваад буцаад гарч ирэхэд орцны үүдэнд тухайн залуучууд хүлээгээд зогсож байсан. Би хажуугаар нь зөрөх гэтэл намайг цохисон залуу нь урдаас тулаад ирсэн. Би тухайн залууг гараараа холдуулах гэсэн чинь намайг татаж аваад миний шүд, нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Цохиулсны дараа миний амнаас цус гарч эхэлсэн. Би хэлээрээ шүдээ мэдрэхэд миний үүдэн шүдний тал нь хугарсан байсан. Дээд үүдэн шүднүүд маш их өвдөж эхэлсэн. Би эхнэр *** руу залгаад орцны үүдэнд зодуулчихлаа, гараад ир гэж хэлсэн. Эхнэр гарч ирээд цагдаа дуудсан. ...Гомдолтой байна. Миний үүдэн нэг шүд талаараа хугарсан. Үүдэн дээд шүд угаараа цуурсан. Шүдэндээ эмчилгээ хийлгэхэд нийт хамгийн бага зардал 4,000,000 төгрөг болж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал), Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ***ийн гэрийн орц дотор ***, *** нарын хамт сууж байхад гаднаас харааны нүдний шилтэй нэг эрэгтэй орж ирээд надтай маргалдсан. Ямар асуудлаар яагаад маргалдсаныг санахгүй байна. Тухайн залуу маргалдаж байгаад лифтээр дээшээ гарчхаад буцаад буугаад ирсэн. Би ***д хандан “энэ надтай сая маргалдсан залуу” гэж хэлэхэд *** гаръя гээд хамт харааны нүдний шилтэй залуугийн араас гарсан. Орцны үүдэнд гараад *** бид хоёр тухайн залуутай маргалдсан. Маргалдаад байж байхад *** гарч ирээд бид нарыг салгаад буцаад орсон. Тэгтэл нөгөө залуу өөрөө “та хоёр яах гээд байгаа юм” гээд хэрүүл өдөөд байхаар нь *** тухайн залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. ...Тухайн үед харааны нүдний шилтэй эрэгтэйн үүдэн шүд нь хугарчихсан байсан. ...Тэр эрэгтэйн үүдэн шүдийг *** гараараа нэг удаа цохиж хугалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), гэрч ***ийн “...2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ***, *** бид нар манай гэрийн орц руу ороод дотор сандал дээр сууж байсан. Тэгэхэд гаднаас нэг эрэгтэй орж ирээд манай найз ***тэй маргалдаад байсан. Юу гэж маргалдсаныг нь санахгүй байна. Тухайн ах маргалдаж байгаад дээшээ лифтэнд суугаад явсан. Нээх удаагүй нөгөө ах буцаад буугаад иртэл ***, *** хоёр араас нь гарсан. Би дотор байж байхад гадаа хүмүүс чанга дуугараад байхаар нь гараад очтол манай найз ***ийг тухайн танихгүй ах заамдчихсан зогсож байхаар нь би очиж салгаад бүгдээрээ нэг нэгнээсээ холдоцгоосон. Би гэр рүүгээ ороод байж байтал *** залгаад *** нөгөө маргалдаад байсан ахын шүд рүү нь цохичихлоо, цагдаа дуудчихсан байна гэсэн. Тэгэхээр нь би гараад очтол ***ыг цагдаа ирээд аваад явчихсан байсан. Намайг харж байхад бол хэн нэг хүний биед гэмтэл шарх учраагүй. Харин сүүлд над руу *** залгаад *** хүний шүд рүү цохичихлоо, нөгөө хүн нь цагдаа дуудчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5578 дугаартай “...***ын биед хоншоор ясны баруун талын 1-р шүдний түүшин сэртэнгийн хугарал, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал), Хохирогч ***аас мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 27-33 дахь тал), Шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны *** дугаар байрны *** дугаар орцны урд хохирогч ***тай маргалдан зодож биед нь хоншоор ясны баруун талын 1-р шүдний түүшин сэртэнгийн хугарал, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын нүүрэн тус газарт гараараа цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан 170,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нь хохирогчид 4,000,000 төгрөг нөхөн төлсөн болох нь Хас банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон (хавтаст хэргийн 53 дахь тал), мөн хохирогч нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 52 дахь тал) 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 78 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***д хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.     

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***т 4,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА