Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0539

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э нарын нэр бүхий 15 иргэний

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дүгээр захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Б, Х.П, Т.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Б, А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Б.П нар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 109/2024/0017/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч нараас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Бнарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Бгээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. ...хариуцагчаас сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт зааснаар тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж явуулаагүй. Түүнчлэн сонсох ажиллагаа иргэдэд хүрэхгүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан. Тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгт орон нутагт амьдарч байгаа дийлэнх иргэд үзэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгслийг ойлгохоос бус АВ, Т****телевиз болон Архангай амьдрал сонин зэргийг тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг гэдгээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамааруулан ойлгох боломжгүй юм.

Учир нь аймгийн АВ, Т**** телевизийг иргэд бараг үзэгдээгүй, тэдгээрт нийтлүүлсэн зар нь иргэдэд хүрэх боломжгүй бөгөөд сонсох ажиллагааны мэдэгдэл иргэдэд хүрээгүй болох нь шүүхийн шийдвэрийн 2.19-д бичигдсэн"... сонсох ажиллагааг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт зохион байгуулахаар Архангай а сонин, А** телевизээр зарыг нийтлүүлсэн боловч сонсох ажиллагаанд нэг ч иргэн оролцоогүй болно..." гэх тайлбараас илэрхий харагддаг.

3.2. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 5.10-т "Нөгөөтээгүүр, энэ маргааны тухайд сонсох ажиллагаа явуулсан ч нэхэмжлэгчид олгосон газар нь Ц хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэх уг үйл баримтад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, зөрчлийг арилгах, сонсох ажиллагааны үр дүнгээс нөхцөл байдал өөрчлөгдөхүйц үр нөлөөгүй байх бөгөөд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болохыг тэмдэглэв" гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дах хэсэгт Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно: 29.10.5-т "газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэх", 29 дүгээр зүйлийн 29.11-т "Энэ хуулийн 29.10-т заасан шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана." гэж заасан.             Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хэрэв Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 тоот захирамжаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ Ц хотын ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхцуулж газар олгосон тохиолдолд. иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос илүүтэй ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцүүлэн газрын хэмжээ, байршлыг өөрчлөх нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрт эзэмшүүлсэн газрыг Ц хотын ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхацсан эсэхийг мэдэх боломжгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас давхцалтай эсэх бүхий л нөхцөл байдлыг шалгасны үндсэн дээр иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргадаг.

3.3. Түүнчлэн хариуцагчаас сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан бол нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгохгүйгээр газрын хэмжээ, байршлыг өөрчлөх зэргээр боломжит хувилбаруудыг сонгон шийдвэр гаргаж маргаан бүхий одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөж болохоор байсан.

Нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Газрын тухай хууль тогтоомжид заасан эрхийнхээ хүрээнд газар эзэмших хүсэлт гаргаж, үүний дагуу засаг даргын захирамж гарсан. Нөгөөтэйгүүр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" 13 тоот тогтоол гаргахад маргаан бүхий газрыг иргэдэд эзэмшүүлэх боломжтой талаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар мэргэжлийн байгууллагынхаа хүрээнд гаргаж, үүнийг үндэслэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, засаг даргын захирамж гарсан.

3.4. Мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас иргэдтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байдаг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.", 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасан бөгөөд хэрэв эдгээр шаардлагын аль нэгийг хангаагүй бол иргэдэд тухайн газарт эзэмшүүлэх боломжгүй юм. Үүнээс үзэхэд Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 тоот захирамжаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ Ц хотын ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхцуулж олгосон байх үндэслэлгүй бөгөөд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ч маргаан бүхий газарт иргэдэд газар эзэмшүүлэхээр тухайн жилийн төлөвлөгөө гаргахгүй, цаашлаад иргэдтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байх байсан.

3.5. Шүүхийн шийдвэрийн 5.3-т "Хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг хожим нь хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл энэ нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ... хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх хариуцагчид олгогдсон гэж үзнэ" гэжээ. Гэтэл Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.5, 29.11 дэх хэсэгт зааснаар иргэдэд эзэмшүүлсэн газрын газрын хэмжээ, байршлыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн өөрчлөх эрхийг аймгийн засаг даргад олгосон бөгөөд энэ тохиолдолд захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа нэгэнт хууль тогтоомжийн дагуу газраа эзэмшиж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аль болох зөрчихгүй байх боломжит хувилбарыг сонгох ёстой.

3.6. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтаар иргэдэд эзэмшүүлсэн газрын хэмжээ, байршлыг газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн өөрчлөх боломжтой байхаар тусгасан байхад хариуцагчаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх бөгөөд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн заалт уг хэргийн тухайд хамаарахгүй байна.

Түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" А/569 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан зарчимд нийцэхгүй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2025/0019 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            2.1. Нэхэмжлэгч нараас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Бнарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            2.2. Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж газар олгосон гэсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын 2022 оны А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дээрх захирамжуудын холбогдох хэсэг хүчингүй болсноор Э сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны А/121 дугаартай захирамжийн 13 дахь, 2023 оны А/128 дугаартай захирамжийн 2, 3 дахь, 2023 оны А/220 дугаартай захирамжийн 9, 10 дахь, 2024 оны А/01 дугаартай захирамжийн 3 дахь хэсгүүдээр тус тус шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон нь  Газрын тухай хуульд нийцжээ.

            2.3. Учир нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр 9.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.1-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус хуульчилсан.

            2.4. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Ц хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Ц хотын ерөнхий төлөвлөгөөг Ц хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон, харин тус хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Ц хотын шинэ Н хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг мөн аймгийн Засаг даргад даалгасан байна. Гэтэл аймгийн Засаг даргаас дээрх тогтоолуудын хэрэгжилтийг хангалгүйгээр ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр төлөвлөлт хийгдсэн газартай давхцуулан нэхэмжлэгч нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/639 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн давхцалын зургуудаар тогтоогдож байна.

2.5. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад нийцүүлж газар олгох асуудлыг шийдэх ёстой байтал Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгохыг хориглоно” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч иргэдэд анх газар эзэмших эрх олгосон байх бөгөөд ийнхүү хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцжээ.

2.6. Нэгэнт хариуцагчаас анх 2022 онд нэхэмжлэгч нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэхдээ цаг хугацааны хувьд өмнө батлагдсан Ц хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Ц хотын шинэ Н хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн байгаа энэ тохиолдолд “...иргэд өөрт эзэмшүүлсэн газрыг Ц хотын ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхацсан эсэхийг мэдэх боломжгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас давхцалтай эсэх бүхий л нөхцөл байдлыг шалгасны үндсэн дээр иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргадаг, ...хариуцагчаас сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан бол нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгохгүйгээр газрын хэмжээ, байршлыг өөрчлөх зэргээр боломжит хувилбаруудыг сонгон шийдвэр гаргаж маргаан бүхий одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөж болохоор байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.7. Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасан бөгөөд аймгийн Засаг даргаас хууль зөрчиж, газар эзэмших эрх олгосон иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт AB, Т****телевиз болон Архангай амьдрал сониноор дамжуулан нийтэд мэдээлсэн байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

2.8. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч П.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн тайлбар гаргасныг шүүх хүлээн авч, нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т тус тус заасанд нийцсэн байна.

3. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА

 

            ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА

 

            ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН