Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 2020             01             23                                          2020/ДШМ/117                         

 

 

 

Т.С-, Г.Б-, Б.Х-                                                                                                                                   нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд                                                

            прокурор М.Сансарсайхан,

            шүүгдэгч Т.С-гийн өмгөөлөгч Б.Баттулга,

            шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

            шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Б.Баасандорж, 

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1191 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-, Б.Х- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.С-, Г.Б-, Б.Х- нарт холбогдох 1808047681565 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овгийн Т-ийн С, Хэнтий аймагт 1994 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 0-0-0 тоотод оршин суух бүртгэлтэй,

2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн. /регистрийн дугаар: 0000000000/

2. Б овгийн Г-ын Б, Улаанбаатар хотод 1994 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 0-0000 тоотод оршин суух бүртгэлтэй,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн. /регистрийн дугаар: 0000000000/

3. М овгийн Б-ийн Х, Говь-Алтай аймгийн Цогт суманд 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засаг чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, Харзатын 16 дугаар байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 00-0-0 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Г.Б-, Б.Х-, Т.С- нар нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар, бүлэглэн Д.Баяржаргалын гар утас, түрийвч, 50,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэгт,

дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч Т.С- нь хохирогч Д.Баяржаргалын нүүрэн тус газар гараараа цохиж “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, нүүр хэсэгт хаван хавдар, цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Б-, Б.Х-, Т.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-, Т.С-, Б.Х- нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, шүүгдэгч Т.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу шүүгдэгч Т.С-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Б-ыг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.С-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний  биечлэн эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-, Б.Х-, Г.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Б-ын цагдан хоригдсон 32 хоног, шүүгдэгч Т.С-гийн цагдан хоригдсон 19 хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Х- цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Б-, Б.Х- нар бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-гаас 28,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Баяржаргалд олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өөрийн хийсэн хэргийг ухамсарлан гэмшиж байна. Би 2 дугаар ангид суралцдаг охин Номин-Эрдэнэ, 54 настай, тэтгэвэрт байдаг эх Алтантуяа нарын хамт амьдардаг. Гэр бүлд минь ажил хөдөлмөр эрхлэх чадвартай хүн байхгүй. Та бүхэн миний ар гэр болон хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... мөрдөн байцаагч, дэслэгч Өлзийсайхан мэдүүлэг өөрчилж хүчээр мэдүүлэг авсан. Т.С-, Г.Б- нарын хамт ямар нэгэн хулгай, дээрэм хийх зорилгогүй явсан. Энэ хоёр хүн хохирогч Д.Баяржаргалтай маргалдаж зодоон хийсэн учир би очиж салгаж болиулсан. Гэрийн гадаа иртэл Т.С- утас гаргаж ирээд надад 60,000 төгрөгөөр зарсан. Уг утсыг хохирогчоос авсан гэдгийг тухайн үед мэдээгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй тул дахин шалгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.С-гийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.С-гийн хувьд шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс Г.Б-ын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг боломжит хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Х-ий өмгөөлөгч Б.Баасандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс Б.Х-д давж заалдах гомдол гаргах шаардлагагүй гэж тайлбарласан болно.” гэв.

Прокурор М.Сансарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.С-, Б.Х-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.С-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн сарын /тогтоолд бичигдсэнээр/ хугацаагаар тэнссэж шийдвэрлэжээ. /1-р хх 156/

Тэрээр шийтгэх тогтоол гарахын өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа илэрсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гарсны дараа өмнөх үйлдэл нь илэрч шүүхээр шийдвэрлэгдэж байгаа тохиолдолд хэрхэхийг Эрүүгийн хуулиар зохицуулаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь зохицуулалт тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр заасан тул шүүгдэгч Т.С-гийн үйлдэлд хамааралгүй зохицуулалт юм.

Энэ тохиолдолд тэнссэн шийдвэрийг хөндөх хууль зүйн үндэслэл бүрдээгүйн улмаас ял оногдуулах, нэмж нэгтгэх боломжгүйд хүргэсэн, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй шинэ нөхцөл байдал илэрчээ.

Иймд шүүгдэгч Т.С-д холбогдох хулгайлах гэмт хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулж, дээрэмдэх гэмт хэрэгтэй нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэхээс өөр хууль зүйн гарцгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... шүүгдэгч Т.С-д ... хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн сарын хугацаагаар тэнссүгэй.” гэснээс үзэхэд шүүгдэгчийг ямар хугацаагаар тэнссэн нь туйлын тодорхойгүй, ойлгомжгүй болсныг тэмдэгдэх нь зүйтэй.

Хэргийг прокурорт буцаасан тул шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч Т.С-, Б.Х-, Г.Б- нарт холбогдох хэрэг прокурорт очтол тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1191 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.С-, Б.Х-, Г.Б- нарт холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол Т.С-, Б.Х-, Г.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН