Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/581

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл /томилолтоор/,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303002980278 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод 2015 оноос хойш түр оршин сууж байгаа, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 13 дугаар хороо “***” төвийн хойд замд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 50 минутын орчимд Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: “г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг  хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх”, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч буюу хохирогч ***ийг мөргөж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж улмаар ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн”, мөн “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-6, 7, 8, 9-10 дахь тал),

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан ***ыг драйгер багаж ашиглан шалгахад 2.61% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

3. Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...***ийг драйгер багаж ашиглан шалгахад 2.75% тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал)

4. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим би хорооллын эцэст нэг найзтайгаа бааранд пиво уусан. Тэндээ сууж байгаад оройны 23 цаг 40 минутын орчим гараад найзаасаа салаад гэрийнхээ зүг явсан. Тухайн үед би *** төвийн хойд талын явган хүний гарцаар явганы улаан гэрлээр эхлээд урд замаар урдаасаа хойшоогоо гарсан. Тэгээд хойд урсгалын урд хэсэгт очиход машинууд ногоон гэрлээрээ олноороо яваад байсан. Би явган хүний ногоон гэрэл асахыг 20 орчим секундэд харж хүлээн зогсож байгаад явганы ногоон гэрэл асахаар нь чигээрээ алхаад явж байтал 2 болон 3 дугаар эгнээний голын хэсэг дээр машинд мөргүүлсэн. Тэгээд би ухаан алдаад унасан ба нэг сэрэхэд хоёр цагдаа намайг өргөөд босгож байсан. Тэр хоёр цагдаа намайг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Би машинд нь суугаад ухаан алдчихсан байсан. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэргээд зургаа авхуулсан. Араас манай эхнэр ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

5. Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 13 дугаар хороо *** төвийн хойд замд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 50 минутын орчимд Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь явган зорчигч ***ийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 254.000 төгрөг гарсныг ***аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5898 дугаартай: “...***ийн биед тархины баруун зулайн дэлбэнд цус хуралт, баруун богтос ясны хугарал, тохойд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 дэх тал),

7. Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 848840 дугаартай шинжээчийн: “...Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй бөгөөд техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан шалгаж үзэхэд урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-58 дахь тал),

8. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 725 дугаартай: “...Тоёота Приус-20 маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл, дохио нь дараах утгатай байна: “ г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийг байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх.” Мөн дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

9. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдрийн өглөө нь Төв аймаг руу ажилдаа явсан. Гэтэл 21 цагийн үед намайг ярихад хөдөө нэг таньдаг хүнтэйгээ таараад уучихлаа уучлаарай гэж хэлсэн. Хаана байгааг нь асуугаагүй. Уг нь намайг ирээд авчих гэж хэлсэн. Би автобус хүлээсэн боловч автобус ирэхгүй болохоор нь дахиад залгатал нөхөр “за за би хүнээр хүргүүллээ” гэж хэлсэн. Орой нь гэртээ байж байтал нөхөр өөрөө залгаад эхлээд одоо очлоо гэж хэлсэн. Удаагүй дахиж залгаад хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь би шууд цагдаатай ярьж байгаад гэмтлийн эмнэлэг дээр очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),

10. Шүүгдэгч *** нь хохирогч ***д хохирол хор уршигт тооцож 1.526.500 төгрөг, 5.000.000 төгрөг тус тус нөхөн төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд (хавтаст хэргийн 17, 23 дахь тал),

11. Хохирогч ***ийн Тээврийн прокурорын газарт гаргасан: “...Эмчилгээ эм тарианы зардалд жолоочоос 1.526.000 төгрөг авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 5.000.000 төгрөг дансаар авч хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 93 дахь тал),

12. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би замын хөдөлгөөний заалт зөрчсөнөө ойлгож ухамсарлаж байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дах тал),

Шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хувийн байдалтай холбоотой 22 хуудас баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр *** нь хүний үгэнд дуулгавартай, хариуцсан ажлаа сэтгэлээсээ хийдэг, даруу төлөв зантай, элдэв муу зуршилгүй, ажлын төлөө гэсэн сэтгэлтэй, гэр бүл үр хүүхдүүддээ цаг заваа зарцуулж чаддаг хүн юм. Бид хоёр анх 2017 онд гэр бүл болоод одоогоор 2 хүүхэдтэй, манай нөхөр сан цахилгааны ажлыг хувиараа хүмүүстэй хамтраад хийгээд явдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал), гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би төрсөн эгч *** болон түүний нөхөр хүргэн ах *** нартай хамт айл саахалтаар одоог хүртэл амьдарч байгаа. *** ах нь нийтэч сайхан ааштай, гэртээ хоол ундаа хийгээд зан аашны ямар нэгэн доголдолгүй байдаг. *** ах ажилдаа сайн, хүмүүсийг удирдан зохион байгуулахдаа сайн, архи дарсыг ер нь нээх их уугаад байдаггүй, баяр ёслолын үеэр уудаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 67 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 68 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 69 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 77-78 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 79 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 34-35 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Мөн дээрх гэмт хэргийг “согтуурсан үедээ” үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заажээ. Хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан ***ыг драйгер багаж ашиглан шалгахад 2.61% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэлээр шүүгдэгч *** нь согтуурсан болох нь тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан ***ыг драйгер багаж ашиглан шалгахад 2.61% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5898 дугаартай дүгнэлт, Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 848840 дугаартай шинжээчийн дүгнэлт, тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 725 дугаартай магадалгаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 13 дугаар хороо “***” төвийн хойд замд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 50 минутын орчимд Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, үүний улмаас ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***ийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх хэсэгт “Гэрэл дохио нь дараах утгатай байна:”, г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэж заасан тул шүүгдэгч ***ыг дээрх хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч ***ийн биед тархины баруун зулайн дэлбэнд цус хуралт, баруун богтос ясны хугарал, тохойд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 5898 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, согтуурсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн” гэж шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Түүнчлэн шүүгдэгч *** нь хохирогч буюу ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***ийг мөргөж, зам тээврийн осол гаргасан атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийг байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх”  гэсэн заалтуудыг биелүүлэх үүргээ зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь тогтоогджээ. 

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрын зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн зүйлийн 1.2-т заасан “...хохирол нөхөн төлсөн...” гэсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар урьд ял шийтгүүлж байгаагүй байх ба бага насны 2 хүүхэдтэй, Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод 2015 оноос хойш түр оршин сууж байгаа нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

Иймд шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хуульд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэх нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч ***ын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 10 /арав/-н сарын хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь оногдуулсан “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна. 

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох үндэслэлтэй.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусд асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5898 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан 1.526.500 төгрөгийн баримт гаргаж өгсөн, шүүгдэгч *** нь хохирол, хор уршигт тооцож 6.526.500 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хохирогч *** нь “...Эмчилгээ эм тарианы зардалд жолоочоос 1.526.000 төгрөг авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 5.000.000 төгрөг дансаар авч хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан, хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 254.000 төгрөгийг шүүгдэгч *** нь Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялд мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 10 /арав/-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох”-оор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 6.526.500 төгрөг нөхөн төлсөн хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 254.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА