Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Өндөр хорооллын 01-01-01 тоотод оршин суух Долоод овогт Чулуунбаярын Алтанзул РД/МВ:93070707/-ийн хүсэлттэй М.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, хүсэлт гаргагч Ч.Алтанзул нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч Ч.Алтанзул шүүхэд гаргасан хүсэлтдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багт байгаа. Би бага насны хоёр хүүхэдтэй. Би Хэнтий аймгийн Батноров сумаас 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Том хүү Оч-Эрдэнийг цэцэрлэгт оруулахаар ирсэн. Би тухайн үедээ 08 сартай жирэмсэн байсан. Би жирэмсэн байсан учраас буцаж Хэнтий явж чадаагүй. Би энд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бага хүү Төгөлдөрийг төрүүлсэн. Би нөхөртөө хүүтэй болсон талаар мэдэгдсэн. Тэгээд энд хүрээд ирээч гэж хэлэхэд над руу зураг явуулж очиж чадахгүй гэж хэлсэн. ...М.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт айлын мал маллаж байгаа гэж хэлсэн. М.Бат-Эрдэнэ надтай утсаар ярихгүй байгаа. Над руу нэг ч удаа утсаар яриагүй. 98718441 дугаартай Ганаа гэх хүн байгаа. Энэ хүн М.Бат-Эрдэнийн мал маллаж байгаа малын эзэн гэж хэлсэн. 98188703 дугаартай Нандинбилэг гэх М.Бат-Эрдэнийн найз байдаг. Би Ганаа гэх хүн рүү залгасан. Утсаа авахгүй байсан. М.Бат-Эрдэнийн өөрийнх нь утас руу залгасан. Утсаа авахгүй байгаа. ...М.Бат-Эрдэнэ 93400043 гэсэн дугаартай байгаа. Бат-Эрдэнийн ээжийг Мөнхзаяа гэдэг. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд амьдардаг. Утасных нь дугаар нь 88803078. ...М.Бат-Эрдэнэ айлын ганц хүүхэд юм. ...Бид нар Хэнтий аймагт ээжээс нь тусдаа амьдардаг байсан. ...Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг Хонгорын тал гэх газар амьдардаг байсан. ...Би тодорхой хаягийн мэдэхгүй байна. ...М.Бат-Эрдэнэ гэх хүн Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг Хонгорын тал гэх газар мал маллаж байгаа. Хэргийн материалд хавсаргаж өгсөн зураг дээр байгаа эмэгтэйтэй хамт амьдарч байгаа гэж хэлсэн. ...М.Бат-Эрдэнэ, хамт амьдардаг хүүхэн нь БМ.Гэнэнцэрэн гэсэн фейсбүүк хаягтай. ...Хамтран амьдрагчтайгаа Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг Хонгорын тал гэх газар байгаа гэж хэлсэн. Хамт амьдарч байгаа эмэгтэйгийнх нь утасны дугаарыг аваад ярьсан. Гэтэл утсаа аваад байгаа боловч ярихгүй байсан. ...Хамтран амьдрагч эмэгтэйг Мөөгий гэдэг гэсэн. ...Би Хэнтий аймгаас 2019 оны 08 сарын 10-ны өдөр ирсэн. ...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ...Намайг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр явах хүртэлх хугацаанд М.Бат-Эрдэнэ гэртээ ирдэггүй. Архи, дарс их уудаг. Олон хоногоор хаяад тэнээд явчихдаг хүн байсан. ...Манай том хүүхэд хүү. Би хүүгээ цэцэрлэгт оруулахаар ирсэн. Тэгээд би буцаж Хэнтий явж чадаагүй. Эмнэлгийн хяналтад эмнэлэгт хэвтэж байгаад төрсөн. ...Би ээжээс нь асуусан. Ээж нь М.Бат-Эрдэнийн байгаа газар нь очиж уулзсан гэж хэлсэн. Гэтэл М.Бат-Эрдэнэ би явахгүй, очихгүй гэж хэлсэн гэсэн ...М.Бат-Эрдэнэ хүүхдээ 20.000.000 төгрөгт хүнд зарна гэж тохиролцсон байсан. ...Би нөгөө хүнийх нь дугаарыг нь мэдэхгүй байна. ...М.Бат-Эрдэнэ өөрөө хүн болгонд яриад явсан гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ?. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж төрөөгүй хүүхдийг хүн зарна гэж юу гэж байгаа юм бэ? гэж хэлсэн. Гэтэл намайг зодсон. Тэрнээс хойш архи дарс уудаг. Гэртээ ирдэггүй. Хоёр хүүхэд надад хамаагүй гэж хэлсэн. Тэгээд одоо хүртэл утсаар ярихгүй, сураггүй байгаа гэв.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ч.Алтанзул хариуцагч М.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ч.Алтанзул нь хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Бат-Эрдэнэтэй хамтран амьдарч 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүү Бат-Эрдэнийн Оч-Эрдэнэ, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Бат-Эрдэнийн Төгөлдөр нарыг төрүүлсэн байна. Ч.Алтанзул, М.Бат-Эрдэнэтэй Хэнтий аймагт хамт амьдарч байгаад 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ирж буцаж явалгүй бага хүү Б.Төгөлдөрийг төрүүлсэн байна. Хүсэлт гаргагч нь М.Бат-Эрдэнээс хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа боловч түүний оршин суух газрыг тодорхой мэдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна. М.Бат-Эрдэнийн ээж Мөнхзаяа нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд амьдардаг, 88803078 дугаарын утастай, М.Бат-Эрдэнийн хамтран амьдрагч эмэгтэйг Мөөгий гэх ба 80373443 дугаарын утас, БМ.Гэнэнцэрэн гэсэн фейсбүүк хаягтай, М.Бат-Эрдэнэ нь Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг, Хонгорын тал гэх газар айлд мал маллаж байгаа гэх бөгөөд 93400043 дугаарын утастай, найз Нандинбилэг нь 98188703, Ганаа 98718441 дугаарын утастай байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, Ихлам овогт Мөнхзаяагийн Бат-Эрдэнэ /РД:СО90121315/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Алтанзулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багт оршин суух хаягтай Ихлам овогт Мөнхзаяагийн Бат-Эрдэнэ /РД:СО90121315/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

2.Хариуцагчаар оролцвол зохих М.Бат-Эрдэнэ нь 93400043 дугаарын утастай, ээж Мөнхзаяа нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оршин суух хаягтай, 88803078 дугаарын утастай, найз Нандинбилэг нь 98188703, Ганаа 98718441, хамтран амьдрагч эмэгтэй нь 80373443 дугаарын утастай болохыг тус тус дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Алтанзулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 А.НАРАНТУЯА