Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/582

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305007430960 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” нэртэй бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт амьдардаг гэх, Хөвсгөл аймгийн Галт сумын *** дугаар баг, *** дүгээр хороо, *** дугаар гудамж *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин сууж байгаа, /РД:***/ урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд хохирогч ***тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож түүний биед баруун дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** бааранд орсон найз ***аас асуухад намайг анх эхлээд “Яасан их юм ярьдаг пизда бэ” гэж хэлсэн залуу /махлаг бор залуу/ нь ганцаараа зодож баруун гараараа баруун нүд, хацар хэсэг рүү цохиж унагаагаад баруун талын шанаа руу өшиглөж гэмтээсэн байсан. Би тухайн үед зодуулаад ухаан балартаж балмагдсан байсан учраас баарны хамгаалагчид нийлээд бүгдээрээ зодчихлоо гэж бодсон. Би 2023 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө 04 цагийн үед *** баарнаас гараад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд намайг үзсэн эмч намайг 6, 7-р хавирга чинь хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

 

2. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 24-ний орой ***, *** гэх хоёр найзтайгаа хорооллын “***” гэх нэртэй бааранд 23 цагийн үед орсон. Ороод 2 шил архи, 5 шил пиво уусан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 25-ны шөнө 04 цагийн үед баар хаах болоод гарах гэтэл баарны зохион байгуулагч гэх хүн “ширээ хагалсан байна, төлбөр 250.000 төгрөгийг төл” гэж ***д хэлэхэд ширээн дээр очоод хаана хагарсан юм бэ гэж асуугаад пивоны шилээр ширээний булан хэсэгт цохиход ширээний булан хэсэг хагараад унасан. Тэгээд тухайн ширээг төлөхөөр болоход баарны зохион байгуулагч нь 250.000 төгрөг төл гэхэд нь *** “арай үнэтэй байна, 150.000 төгрөг өгье эсвэл хийлгээд өгье” гэж хэлэхэд ард сууж байсан “***” баарны хамгаалагч гэх залуу ирээд “яасан их олон юм ярьдаг пизда бэ гэж хэлээд заамдаж аваад баруун гараараа баруун талын шанаа хэсэг рүү нь цохиод унахад нь хэдэн талаас баарны хамгаалагчид нь нийлээд *** бид хоёрыг өшиглөсөн. Тэгээд босож ирээд ширээнийхээ мөнгийг нэхээд байхаар нь би “та нарт ингэж зодуулаад яахаараа мөнгө төлдөг юм” гэж *** хэлээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

3. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “***” бааранд 2022 оны 8 дугаар сараас хойш зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 25-ны 00 цаг орчмын үед гаднаас 2 хүн орж ирж манайхаар үйлчлүүлсэн бөгөөд 1 шил архи, 5-6 пиво захиалж ууж байгаад 03 цагийн үед төлбөр хийх болоход 35.000 төгрөг төлөхгүй байсан бөгөөд тухайн хүмүүстэй хэрэлдэж байж төлүүлсэн. Тэгээд төлбөр төлж дууссаны дараа манай баарны ширээг хоёулаа агсарч уурлаад нийлээд хагалсан. Энэ үед манай баарны хамгаалагч *** юу болсон талаар асуухад өндөр бор залуу нь ***г заамдаж аваад цохиход эргүүлээд *** өндөр бор залуугийн гэдэс рүү нь 1 удаа цохиж хавирч унагаагаад, махлаг залууг нь 1 удаа нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

4. Гэрч ***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байхад *** 22 цагийн үед залгаж Хорооллын *** гэх бааранд хүрээд ирээч гээд намайг 23 цагийн үед очиход уг бааранд *** мөн багийн найз *** нар хамт байсан. Бид 3 нэг шил Эдэн архи уугаад бүжиглээд ойр зуурын юм яриад байж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 25-ны шөнийн 04 цаг болоод баар хаах гээд гарах болоход нэг мэдэхэд би тэкен дээр байхад *** баарны ширээг цохиход баарны зөөгч ирээд юу болсон талаар асуугаад *** би ширээг чинь төлөөд өгье гэж хэлэхэд баарны зохион байгуулагч ширээгээ их өндөр үнэтэй хэлэх шиг болсон. Тэгээд *** би ийм өндөр үнээр ширээг засаж өгч чадахгүй маргааш би 100 айл ороод засаад өгье гэж хэлэхэд баарны хамгаалагч гэх бүдүүн бор залуу ирээд юу болж байгаа талаар асуугаад ***ийг баарны үүд хэсэг рүү дагуулж яваад тэр хоёр ярилцаж байгаад ***ийг баарны хамгаалагч залуу 2 удаа цохисон. Тэгээд би юу болсон талаар архи уусан байсан учраас сайн санахгүй байна. Нэг мэдэхэд ***ийг газар унагаасан байсан. Тэгээд баарны хамгаалагч залуу ганцаараа 2-3 удаа ***ийн баруун талын хацар луу гараа атгаж байгаад цохиод байсан. *** баарны хамгаалагч залууг яагаад чи намайг зодоод байгаа юм гээд дайраад байхаар нь би баарны зохион байгуулагч залууд утсаа барьцаанд үлдээгээд явсан. Миний санаж байгаагаар ***ийг баарны хамгаалагч гэх бүдүүн бор залуу ганцаараа баруун хацар луу 2-3 удаа гараа атгаж байгаад цохиж зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

5. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1878 дугаартай “...***ийн биед баруун дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн урд доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс баруун дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

6. Шүүгдэгч ***н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би “***” бааранд 2021 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 24-ний 23 цагт ажил дээрээ буюу “***” бааранд очиж ажлаа хийж байх үед 1 дүгээр сарын 25-ны шөнө 03 цагийн үед манай баарны зохион байгуулагч *** ирээд “Бааранд орж ирсэн нэг хүн 27.000 төгрөгийн төлбөр өгөхгүй байна. Битгий баарнаас гаргаарай” гэж хэлсэн. Тэгээд 04 цаг болж баар хаах гээд хүмүүс гарах үед манай баарны зөөгч залуу ирээд “Ахаа нэг залуу ширээн дээр шил хагалаад байна” гэж хэлэхээр нь очтол махлаг шар залуу сууж байсан бөгөөд сууж байсан ширээнийх нь тавцан хагараад унасан байсан. Би тэр залууд хандан “хагалсан ширээний төлбөр болох 250.000 төгрөгийг төлөөрэй” гэж хэлэхэд махлаг шар залуу нь “Та нарт 100.000 төгрөг хангалттай ширээгээ засуулаад үлдсэнээр нь наад ажилчдадаа хоол авч өгөөрэй” гэж хэлээд байхаар нь би “Чи угаасаа хагалсан чинь үнэн юм чинь төлчхөөч дээ” гэж хэлэх үед махлаг шар залуутай хамт явж байсан түүний найз гэх өндөр бор залуу намайг заамдаж аваад намайг ёс бус үгээр хэлж боогоод байхаар нь би өөрөөсөө түлхэж нүүр лүү нь мангасдаж түлхэхэд ширээ хагалсан гэх махлаг шар залуу нь намайг зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд өндөр бор залууг нь баруун гараа атгаж байгаад гэдэс рүү нь 1 удаа цохиж, хавирч унагаагаад махлаг шар залууг нь зүүн гараа атгаж байгаад баруун талын нүд рүү нь 1 удаа цохиж ширээ хагалсан төлбөрөө зохион байгуулагчтай уулзаж төлөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 57-63 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 64 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 25-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд хохирогч ***тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож түүний биед баруун дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***ийн “...*** бааранд орсон найз ***аас асуухад намайг анх эхлээд “Яасан их юм ярьдаг пизда бэ” гэж хэлсэн залуу /махлаг бор залуу/ нь ганцаараа зодож баруун гараараа баруун нүд, хацар хэсэг рүү цохиж унагаагаад баруун талын шанаа руу өшиглөж гэмтээсэн байсан....” гэх мэдүүлэг, гэрч ***ийн: “...2023 оны 1 дүгээр сарын 25-ны шөнө 04 цагийн үед баар хаах болоод гарах гэтэл баарны зохион байгуулагч гэх хүн “ширээ хагалсан байна, төлбөр 250.000 төгрөгийг төл” гэж ***д хэлэхэд ширээн дээр очоод хаана хагарсан юм бэ гэж асуугаад пивоны шилээр ширээний булан хэсэгт цохиход ширээний булан хэсэг хагараад унасан. Тэгээд тухайн ширээг төлөхөөр болоход баарны зохион байгуулагч нь 250.000 төгрөг төл гэхэд нь *** “арай үнэтэй байна, 150.000 төгрөг өгье эсвэл хийлгээд өгье” гэж хэлэхэд ард сууж байсан “***” баарны хамгаалагч гэх залуу ирээд “яасан их олон юм ярьдаг пизда бэ гэж хэлээд заамдаж аваад баруун гараараа баруун талын шанаа хэсэг рүү нь цохиод унагасан...” гэх мэдүүлэг, гэрч ***ын: “...төлбөр төлж дууссаны дараа манай баарны ширээг хоёулаа агсарч уурлаад нийлээд хагалсан. Энэ үед манай баарны хамгаалагч *** юу болсон талаар асуухад өндөр бор залуу нь ***г заамдаж аваад цохиход эргүүлээд *** өндөр бор залуугийн гэдэс рүү нь 1 удаа цохиж хавирч унагаагаад, махлаг залууг нь 1 удаа нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг, гэрч ***н: “...2023 оны 1 дүгээр сарын 25-ны шөнийн 04 цаг болоод баар хаах гээд гарах болоход нэг мэдэхэд би тэкен дээр байхад *** баарны ширээг цохиход баарны зөөгч ирээд юу болсон талаар асуугаад *** би ширээг чинь төлөөд өгье гэж хэлэхэд баарны зохион байгуулагч ширээгээ их өндөр үнэтэй хэлэх шиг болсон. Тэгээд *** би ийм өндөр үнээр ширээг засаж өгч чадахгүй маргааш би 100 айл ороод засаад өгье гэж хэлэхэд баарны хамгаалагч гэх бүдүүн бор залуу ирээд юу болж байгаа талаар асуугаад ***ийг баарны үүд хэсэг рүү дагуулж яваад тэр хоёр ярилцаж байгаад ***ийг баарны хамгаалагч залуу 2 удаа цохисон. Тэгээд би юу болсон талаар архи уусан байсан учраас сайн санахгүй байна. Нэг мэдэхэд ***ийг газар унагаасан байсан. Тэгээд баарны хамгаалагч залуу ганцаараа 2-3 удаа ***ийн баруун талын хацар луу гараа атгаж байгаад цохиод байсан...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1878 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ***н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч ***ийн эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 1878 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***н хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1878 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, мөн хохирогч ***д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдэгдсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг дүрс оношилгооны компакт дискийг хэргийн хамт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг дүрс оношилгооны компакт дискийг хэргийн хамт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА