Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/583

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа /томилолтоор/,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000953 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хот төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** хороолол, *** дугаар байр *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж *** тоотод оршин суудаг, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** дугаар байрны *** тоотод хохирогч ***г “гэрээсээ хөөлөө” гэж шалтаглан түлхэж хана мөргүүлэх, нүдэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэрийн гадна цэцэрлэг /хүүхдийн тоглоомын талбай/-т ***, *** нартай хамт 1 шил 0.75 литрийн Эдэн гэдэг архи уусан. Ууж дуусаад бид гурав манайх руу орж ирсэн. Тэгээд би ***г гэрээсээ хөөсөн. Тэгсэн *** намайг түлхээд би унахдаа хананы ирмэг мөргөөд толгой хагарч цус гарсан. *** миний зүүн нүд рүү гараараа цохисон. Одоо миний зүүн нүд тагларсан байна. Манай хүү ***ын таньдаг хүн. Би ***д зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ***ийн талийгаач ээжийг нь таньдаг. Тэр өдөр гадна архи жоохон ууж байгаад манай руу орж ирсэн. Тэгээд харьж унт гэж хэлсэн. Гэрээсээ хөөлөө гэж намайг түлхэж унагаад, цохисон. Одоо шүүхэд гаргаж өгөх баримт байхгүй. Тухайн үед эмийн сангаас эм тариа авч хэрэглэсэн. Эм тариаг манай охин, бэр хоёр авч ирсэн. Тухайн үед баримт цуглуулах талаар санаанд ороогүй. Би эмчилгээнд мөнгө их зарцуулсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

2. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр ажлаасаа гараад гэртээ байж байхад орой 21 цагийн над руу цагдаагаас залгаад ээж чинь хүнд зодуулсан байна, толгойноос нь цус гарсан байна, яаралтай ирээрэй гэсний дагуу би ээжид очиход ээж толгойндоо боолт хийлгэсэн, уйлсан байдалтай байсан. Би ээжээс юу болсон талаар асуухад хамт архи ууж байсан. *** намайг гэрээсээ хөөсний төлөө зодсон гэж хэлж байсан. Тэгээд цагдаа ирээд ээжээс мэдүүлэг авсан. Би хажууд нь байгаагүй учраас ийм л мэдээлэлтэй байна. Ээжийг тэр өдөрт нь шууд гэмтэлд аваачиж үзүүлээд оёдол тавиулсан. Тэгээд шүүх эмнэлэгт маргааш нь очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

3. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5493 дугаартай “...***ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дагзны хуйханд язарсан шарх, зүүн нүдний зовхи, эрүү, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

4. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тэр өдөр *** дугаар байрны гадаа таньдаг ахтайгаа хамт нэг шил архи уугаад тэгээд ууж дуусаад би ганцаараа *** хотхон руу найз ***тэй уулзахаар очсон. Тэгээд хүүхдийн тоглоомын талбай дээр *** эгчтэй таарсан. *** эгч миний танихгүй нэг ахтай хамт байж байсан. Намайг очиход архи ууж байгаа зүйл байгаагүй. Харин уучихсан байсан. Нэлээн архи үнэртэж байсан. Тэгээд *** эгч манайх руу орж ууя гадаа уугаад яахав гээд бид гурав тэднийх рүү орсон. Тэгээд авсан архиа ихэнхийг нь бараг би ганцаараа уусан. Тэгээд тэрнээс хойш яг юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд орцонд унтаж байсан чинь хоёр цагдаа ирээд намайг аваад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дахь тал), Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн “...*** нь 2005 оны 11 дүгээр сараас 2010 оны 01 дүгээр сар, 2010 оны 3 дугаар сараас 2011 оны 8 дугаар сар, 2013 оны 9 дүгээр сар, 2020 оны 4 дүгээр сар, 6 дугаар сараас 07 дугаар сар, 2022 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал нийт 75 сар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн мэдээлэл байна” гэх албан тоот (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 11-12 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.                              

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** дугаар байрны *** тоотод хохирогч ***г “гэрээсээ хөөлөө” гэж шалтаглан түлхэж хана мөргүүлэх, нүдэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***ийн “...Манай гэрийн гадна цэцэрлэг /хүүхдийн тоглоомын талбай/-т ***, *** нартай хамт 1 шил 0.75 литрийн Эдэн гэдэг архи уусан. Ууж дуусаад бид гурав манайх руу орж ирсэн. Тэгээд би ***г гэрээсээ хөөсөн. Тэгсэн *** намайг түлхээд би унахдаа хананы ирмэг мөргөөд толгой хагарч цус гарсан. *** миний зүүн нүд рүү гараараа цохисон. Одоо миний зүүн нүд тагларсан байна. Манай хүү ***ын таньдаг хүн. Би ***д зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч ***ийн “...Би тэр өдөр ажлаасаа гараад гэртээ байж байхад орой 21 цагийн над руу цагдаагаас залгаад ээж чинь хүнд зодуулсан байна, толгойноос нь цус гарсан байна, яаралтай ирээрэй гэсний дагуу би ээжид очиход ээж толгойндоо боолт хийлгэсэн, уйлсан байдалтай байсан. Би ээжээс юу болсон талаар асуухад хамт архи ууж байсан. *** намайг гэрээсээ хөөсний төлөө зодсон гэж хэлж байсан. Тэгээд цагдаа ирээд ээжээс мэдүүлэг авсан. Би хажууд нь байгаагүй учраас ийм л мэдээлэлтэй байна. Ээжийг тэр өдөрт нь шууд гэмтэлд аваачиж үзүүлээд оёдол тавиулсан. Тэгээд шүүх эмнэлэгт маргааш нь очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5493 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч ***ийн эрүүл мэндэд биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дагзны хуйханд язарсан шарх, зүүн нүдний зовхи, эрүү, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 5493 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ийн хохирогчийг түлхэж унагасан, нүүрэн тус газар нь гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийн орлого олох боломж, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг тайлбарлаж, торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5493 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хавтаст хэрэгт хохирол хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...гаргаж өгөх баримт байхгүй...” гэж мэдүүлж оролцсон тул шүүгдэгч ***ээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 /зургаа/-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА