Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/585

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэл,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001051 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” дээд сургуулийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, *** тоотод оршин суудаг, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** баараар үйлчлүүлж байхдаа найз ***ыг өмөөрч ***ын нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цохны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** гэх нэртэй баар луу шөнийн 01 цагийн үед хамт ажилладаг найз болох ***тай хамт орж үйлчлүүлсэн. Эдэн гэх нэртэй 0.75 литрийн архи 1 шилийг хувааж уусан. Дараагаар ***тай хамт бүжиглэж байсан чинь үл таних эрэгтэй ***ыг өдөж хоргоосон. Удалгүй *** бид хоёр уг баарнаас гараад явж байтал баарны үүд хэсэгт нөгөө ***ыг өдөж хоргоож байсан үл таних залуу найзынхаа хамт ирээд ***ыг явуулахгүй байсан. Тэгэхээр нь би уг залууд хандаж манай найзыг яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд 170 см өндөртэй бор царайтай, туранхайдуу залуу миний хамар луу 3 удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад уг залуу яваад өгсөн. ...Уг нь би ***ыг дагуулаад баарнаас гарах зорилгоор бааран дотор сууж байсан ширээнээс боссон. Дараа нь бүжгийн талбайн хажуу талаар нь явж байтал *** надаас холдоод явсан. Би ганцаараа бүжгийн талбайн хажуу талд байх үед үл таних залуу ирээд миний нүүр хэсэг рүү цохисон. Уг үйл явдал нь бүжгийн талбайн ертөнцийн зүгээр зүүн талд баарны тэкний хажуу талд нь болсон. Би ганцаараа байсан. Нөгөө хамар луу цохисон залууг одоо бодоход ганцаараа над руу хүрч ирээд над руу агсарч байгаад миний хамар луу цохисон. Бааран дотор олон залуучууд байсан тул уг үл таних залуугийн хажуу талын хүмүүсийг тухайн үед цуг явж байсан гэж буруу ойлгосон юм байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 10 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө *** гээд найзтайгаа *** гэх бааранд орсон. Энэ хүн хамар луу цохисон. Цохиулсан үедээ томографикийн зураг авхуулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Би ***аас нийт 6.800.000 төгрөг нэхэмжилж байна. Хамрын мэс засалд ороход 2.800.000 төгрөг болно гэсэн. Мэс засалд орсны дараа 1 сарын хугацаанд гам барих ёстой гэсэн. Энэ хугацаанд миний ажил алдагдаж байгаа. Уг нь мэс засалд ороод 1-3 сар гам барих ёстой гэсэн. Гэхдээ би 1 сарын ажилгүй байх үеийнхээ цалинг л нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,

 

2. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5839 дугаартай “...***ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цохны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

3. Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримт, амбулаторийн үзлэгийн карт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

4. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бааранд байх үедээ ***тай үл таних 20 гаран орчим насны эрэгтэй хүн муудалцаад байсан. Эхлээд би учрыг нь ойлгоогүй. Дараа нь анзаараад байсан чинь ***тай *** гэх эмэгтэй бааран дотор танилцсан юм билээ. Тэгээд *** гэх эмэгтэйн хамт явж байсан гэх үл таних 20 гаран насны залуу ***ыг ***тай явуулахгүй гэж бааран дотор маргасан. Тэгэхээр нь би уг үл таних залуу дээр очиж маргаан үүсгэсэн. Намайг уг залуутай маргалдаж байх үед ***, *** нар баарнаас гараад явчихсан. Тэгээд би уг залуугийн нүүр лүү нь эхлээд нэг удаа алгадсан. Дараа нь нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд хохирогч ***аас гаргаж өгсөн *** ХХК-ийн цалингийн тодорхойлолт, шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирогч ***д 140.000 төгрөгийг хүлээлгэсэн өгсөн тухай бичгээр гаргасан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 35 дахь тал), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 37-40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 14-15 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** баараар үйлчлүүлж байхдаа найз ***ыг өмөөрч ***ын нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цохны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***ын “...би ***ыг дагуулаад баарнаас гарах зорилгоор бааран дотор сууж байсан ширээнээс боссон. Дараа нь бүжгийн талбайн хажуу талаар нь явж байтал *** надаас холдоод явсан. Би ганцаараа бүжгийн талбайн хажуу талд байх үед үл таних залуу ирээд миний нүүр хэсэг рүү цохисон. Уг үйл явдал нь бүжгийн талбайн ертөнцийн зүгээр зүүн талд баарны тэкений хажуу талд нь болсон. Би ганцаараа байсан. Нөгөө хамар луу цохисон залууг одоо бодоход ганцаараа над руу хүрч ирээд над руу агсарч байгаад миний хамар луу цохисон. Би ***аас нийт 6.800.000 төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5839 дугаартай “...***ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цохны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч ***ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цохны хэсэгт зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 5839 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ын нь хохирогчийн нүүр, хамар луу нь гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал тогтоогдсон болно.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5839 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол хор уршигтай холбогдуулан 140.000 төгрөгийн баримтыг гаргаж өгч, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэс засалд орох 2.800.000 төгрөг, мэс засалд орсны дараа 1 сар гам барихад ажилгүй байх хугацааны цалин гэж 4.000.000 төгрөг, нийт 6.800.000 төгрөгийг нэхэмжилж оролцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***аас хохирогч ***ын нэхэмжилсэн нотлох баримтын шаардлага хангасан 140.000 төгрөгийг нөхөн төлж, хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь хохирол нөхөн төлсөн талаарх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ын шүүгдэгчээс баримтгүй нэхэмжилсэн мэс засалд орох 2.800.000 төгрөг, мэс засалд орсны дараа 1 сар гам барихад ажилгүй байх хугацааны цалин гэж 4.000.000 төгрөг, нийт 6.800.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Учир нь шүүхээс хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэдэг бөгөөд ирээдүйд гарах зардлыг урьдчилан төлүүлэх боломжгүй тул хохирогч нь өөрт учирсан эрүүл мэндийн зардал, түүнтэй холбогдон гарах зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 140.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА