Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/586

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2303003090289 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, фермерийн менежмент мэргэжилтэй, ***-д такси дуудлага үйлчилгээнд явдаг, ам бүл 7, эцэг, эх, 3 хүүхэд, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суудаг, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 22 цаг 01 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ***ын урд замд, ***ийн урд замд, Тоёота приус-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган зорчигч болох ***г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 22 цаг 01 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ***ын урд замд, ***ийн урд замд, Тоёота приус-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган зорчигч болох ***г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл (хавтаст хэргийн 3 дахь тал), Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дэх тал), Тоёота приус-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10 дахь тал), явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11 дэх тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023.06.12-ны өдрийн 04/2371 дугаартай албан бичиг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, төлсөн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 39-42 дахь тал),  Эд зүйл барим бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, ***аас хохирогч ***ийн эмчилгээний зардалд нийт 3.941.720 төгрөг төлсөн талаарх баримт бүхий Хаан банкны дансны хуулганууд (хавтаст хэргийн 12-19 дэх тал), хохирогч ***ийн “...2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажлаараа ***ын ЕБС-ийн ***-р сургууль дээр 19 цаг 30 минутаас, 21 цаг 30 минут хүртэл 2 цаг зааланд хамрагдсан. Заалнаас гараад *** захирлын машинд ажлын эмэгтэй ***ий хамт зам дагуу явах болоод суугаад явсан. ***-р сургуулиас гараад Нарны гүүр даваад ***ийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас, зүүн чиглэлд явж байгаад ***ийн урд замд буухаар болсон. Би хойд талын суудлын зүүн хойд талд сууж явсан ба миний хажууд *** баруун хойд талын хаалганы ойролцоо сууж явсан тул машин дотроос баруунаас, зүүн тийш явах автомашины хөдөлгөөн, зүүнээс, баруун чиглэлд явж байсан автомашины хөдөлгөөнийг харахад аль аль талдаа 50 метрт машины хөдөлгөөн багатай байхаар нь жолоочийн зүүн хойд талын хаалгаар буугаад машины хаалгыг хаасан. Зүүнээс, баруун тийш явж байгаа автомашины хөдөлгөөнийг харчхаад ертөнцийн зүгээр урдаасаа, хойшоо чиглэлд зам гарах гээд 1 алхтал Тоёота приүс-41 маркийн ногоон өнгийн авто машинаараа баруун урд дугуй хэсгээрээ миний баруун хөлөн дээгүүр гараад замаа чөлөөлөөд зогссон. Жолооч эмэгтэй намайг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг шууд орсон. Гэмтлийн эмч үзээд баруун хөлийн рентген зураг авхуулахад баруун тавхайн өлмийн шивнүүр ясны далд хугаралтай гэсэн онош гараад баруун хөлөө гипсдүүлсэн. Гипсээ 7 хоногийн дараа *** эмнэлэгт солиулсан. 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр *** эмнэлэгт дахин баруун хөлийн зураг авхуулахад хөл бороолоогүй гэсэн. Одоо болтол таягтайгаа явж байна. Гэмтлийн эмнэлэгт хэвтээд баруун хөлийн хагалгаанд орно гэсэн. ...Намайг машинаас буугаад машины хаалга хаагаад зогсож байхад Тоёота приус-41 маркийн ногоон өнгийн автомашины жолооч зогсоох үйлдэл хийгээгүй, үргэлжилсэн цагаан шугам давж орж ирснээс болж миний баруун хөл дээгүүр гарсан. ....жолооч эмэгтэйн зүгээс уух эм авч өгсөн. *** эмнэлэгт 2 удаа үзүүлэхэд гарсан зардлыг жолооч эмэгтэй төлсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),  Гэрч ***н: “...Нарны гүүр даваад буцаж эргээд Дунд голын замаар ертөнцийн зүгээр баруунаас, зүүн тийш явж байхад манай ажлын *** энд бууя гэхээр нь ***ийн баруун урд хэсэгт зорчих хэсэг дээр баруун тал руу дохио өгөөд зогсоод *** жолоочийн эсрэг талын хойд хаалгаар буусан. *** болон бид хоёр ***г машинаас буухаас өмнө хойно, урд талд ойролцоо машин байгаа эсэхийг шалгахад хойд талаас автомашин ирж байгаа харагдсан. Уг автомашин 200 метр зайтай харагдахаар нь ***г машинаас буугаад машины хаалга хаачхаад 2-3 алхаад явж байхад хойноос ирж явсан машин эсрэг урсгалд ороод ***ийн баруун хөлийг шүргэсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн гаргасан 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №6330 дугаартай: “***ийн биед баруун тавхайн өлмийн шивнүүр ясны далд хугарал, баруун тохойд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал), Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 999821 дугаартай: “...Уг тээврийн хэрэгсэл нь гэрэлтүүлэх хэрэгсэл зэрэг үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байж болох эвдрэл байна. Дээрх эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол хэрэгт нөлөөлөхгүй. Дээрх тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн. ...Зогсоолын тоормос зогссон” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-49 дахь тал),  Мөрдөгчийн: “...Тоёота приус-41 маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2“ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа (хавтаст хэргийн 54-56 дахь тал) болон шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

        Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасан тул шүүгдэгч ***г дээрх хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч ***ийн биед баруун тавхайн өлмийн шивнүүр ясны далд хугарал, баруун тохойд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн №6330 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч ***ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй боловч мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нь хохирогчид 3.941.720 төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлсөн, мөн хохирогч нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас хохирогчид гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Харин хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.

 

   Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж хуульчилсан. Шүүгдэгч *** нь 2.269.250 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 82 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 83 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ***д ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчийн орлого олох боломж, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг тайлбарлаж, торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж шийдвэрлэлээ.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 (зургаа)-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Шүүгдэгч *** нь 2.269.250 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлсөн, хохирогч ***д хохирол, хор уршигт тооцож 3.941.720 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид энэ хэргийн улмаас хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА