Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/587

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0440) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2303001840199 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, охин нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин суух, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04 цаг 35 минутын орчимд Баянгол дүүргийн 23 дугаар хороо *** дугаар гудамж *** дүгээр худгийн хойд замд Тоёота приүс 41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”–р заалт жолоочид... согтууруулах ундаа...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 11.2-р заалт “ Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч явган зорчигч ***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04 цаг 35 минутын орчимд Баянгол дүүргийн 23 дугаар хороо *** дугаар гудамж *** дүгээр худгийн хойд замд Тоёота приүс 41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын  хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтад заасан “жолоочид... согтууруулах ундаа...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.2 дугаар заалтад заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч ***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-15 дахь тал), хохирогч ***ын "... 2023 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 03 цаг 00 минутын орчимд өөрийн ажилладаг хорооллын лоунж *** ресторанаас гараад гэртээ харихаар алхаад Баянгол дүүргийн 23 дугаар хороо, *** дүгээр гудамжны ойролцоо алхаж явахдаа явган хүний зам дээр тавьсан машин тойрч гарах гэтэл миний араас түс тас хийх чимээ гарч автомашинд мөргүүлж, газар унаад босох гэтэл зүүн хөлөө дааж гишгэж чадахгүй байсан. Ослын улмаас ойролцоогоор 3 сая төгрөг зарцуулсан. Энэ талаар баримтууд байхгүй, осол гаргасан жолооч миний эм тариа эмчилгээнд 2 сая гаран төгрөг гаргаж өгсөн. Осол гаргасан жолооч нь эм тариа эмчилгээнд тодорхой төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Цаашид яг хэдэн төгрөгийн зардал гарахыг хэлж мэдэхгүй байна. Гомдол санал байхгүй. Осол гаргасан жолоочид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), гэрч ***ын “...Би гэртээ 2023 оны 3 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг 30 минутын үед ирээд унтаж байсан. Хажуу айлын хөрш ах гэрийн хаалга нүдээд машиныг чинь мөргөчихлөө гэж хэлсэн. Ойролцоогоор 04 цаг 30 минутын орчим байсан. Гараад очиход хар өнгийн приус-41 маркийн автомашин мөргөөд хойшоо хараад зогсож байсан. Машины урд нэг эмэгтэй хүн газар сууж байсан. Хажуу айлын хүн сандал, бүлээн цай өгсөн. Түргэн болон цагдаад залгаж дуудлага өгсөн. Удалгүй Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хоёр алба хаагч ирсэн..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №3606 дугаартай: “***ын биед зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан хугарал, зүүн шилбэний дээд 1/3 хэсгээр тайрагдах мэс заслын дараах байдал /2023.03.12/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17.108.1—д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 60 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-55 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч А.Батбаярын гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №1339 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. *** дугаартай, *** гэж хаягласан хуруу шилтэй цусанд 0,9 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0,9 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дахь тал), 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн техникийн шинжээчийн: “Тоёота приус-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалтад жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 11.2-р заалт Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна” гэснийг тус тус зөрчсөн байна. Явган зорчигч *** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал) болон шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Мөн дээрх гэмт хэргийг “согтуурсан, ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заажээ.

 

Хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1339 дугаартай: “...*** гэж хаягласан хуруу шилтэй цусанд 0,9 промилли спирт илэрсэн” гэх дүгнэлтээр шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь, мөн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 04/18 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.2 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой осол гарсан болох нь тогтоогдож байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар аливаа тээврийн хэрэгсэл жолоодон явж буй этгээд нь Замын хөдөлгөөний дүрмийг ягштал мөрдөж, биелүүлэх үүрэгтэй боловч жолоочид хориглосон, үүрэг болгосон хэм хэмжээг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсгийг голлож явсан байх тул шүүгдэгч ***ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч ***ын биед зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан хугарал, зүүн шилбэний дээд 1/3 хэсгээр тайрагдах мэс заслын дараах байдал /2023.03.12/ гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн №3606 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

 

Иймд шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “согтуурсан”, 2.3-д заасан “...хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж” үйлдсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ыг “согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Хавтаст хэргийн 165 дахь талд хохирогч *** нь “...намайг мөргөсөн жолооч *** нь нийт 13,300,000 төгрөг өгсөн, мөн приус-20 маркийн автомашин өгч хохирол барагдуулсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэж хүсэлт гаргасан учир шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулж хохирогч ***д олгох хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж хуульчилснаар шүүгдэгч *** нь хэргийн баримтаар тогтоогдсон 48,000 /дөчин найман мянга/-н төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлсөн байна.

 

Харин хохирогч ***ын хүнд гэмтэл учирсан, бүрэн эдгээгүй байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 167 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг сануулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч ***ыг тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд 48.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч ***д 13.300.000 төгрөг, приус 20 маркийн автомашин өгч хохирол барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА