Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/588

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2303000890115 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***д байрлалтай ресторанд зөөгч хийдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** хороолол *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/, урьд ял шийтгэл үгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо ***ын зам дагуу “***”-н газрын зүүн талд 2023 оны 1 дүгээр сарын 21-ний орой Mitsubishi Colt-z20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .../үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: мөн дүрмийн тэврийн хэрэгсэл жолоодох, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас халтирч унасан байсан явган зорчигч ***ын цээж хэсгээр дайрч гаран эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дахь тал), Жолооч, явган зорчигч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...*** болон явган зорчигч *** нарыг драйгер багажаар үлээлгэж шалгахад 0.00% байна” гэх тэмдэглэлүүд, (хавтаст хэргийн 9-10 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 48-50 дахь тал), Хохирогч ***ын "... 2023 оны 1 дүгээр сарын 21-ний орой би 22 цаг өнгөрч байхад найз ***ийн гэрээс ганцаараа гараад дэлгүүр орох гээд ***ын замын зүүн талаар “***” гээд дэлгүүрийн харалдаа хойноос урагш чиглэн явж байгаад ***ийн газрын дэлгүүр лүү орох гээд харалдаа зүүн талаас нь баруун тал руу зам хөндлөн гарсан. Тэгэхэд цагаан өнгийн марк, улсын дугаарыг нь мэдэхгүй машины хойд талд ирэхэд би халтираад уначихсан юм. Тэгтэл тэр машин хөдлөөд хойш ухраад дугуйгаараа миний цээж хэсгээр дайраад гарсан. Би хэсэг шоконд ороод босож ирээд “***”-ийн газрын дэлгүүр лүү ороход түргэн болон цагдаа руу дуудлага өгөөч гэхэд дуудаж өгөөгүй. Би гараад “***” гэх буудал руу орж гуйхад цагдаа түргэн дуудаж өгсөн юм. Би хэсэг шоконд орсны дараа босож ирэхэд миний хамраас цус гарч байсан. Цагдаа ирээд араас нь түргэн ирээд гэмтлийн эмнэлэгт ирсэн. Гэмтэлд үзүүлэхэд миний хавирга хугарсан гээд намайг хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал), Иргэний нэхэмжлэгч ***ийн “...хохирогч ***ын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 368.500 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг ***өөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-75 дахь тал),  Иргэний хариуцагч ***ын “...Би машинаа хүү ***д 11 сард унаж бай гээд өгсөн. Манай хүү *** л цааш нь найздаа өгсөн байх. Би тэр талаар сайн мэдэхгүй, надад хэлэхдээ бол манай найз 2023 оны 1 дүгээр сарын 21-ний орой ажил дээр байхад нь гуйгаад авсан гэж хэлсэн. ...Ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй ...Бусдад учирсан хохирол төлбөрийг тухайн үед жолоодож явсан жолооч төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), Гэрч ***ийн “...Би ***т машинаа өгч явуулсан. 2023 оны 1 дүгээр сарын 21-ний орой 19-20 цагийн хооронд манай найз *** над руу залгаад машинаар чинь юм зөөх гэсэн юм машинаа түр өгөөч гэсэн. Тэгэхээр нь би “тэг тэг” гээд өгч явуулсан юм. Би тухайн үед ажил дээрээ байсан *** манай ажил дээрээс ирээд авсан юм. Би ажил дээрээ үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), Гэрч ***ийн “...Би тухайн өдөр 14 цагийн үед сэрээд гэртээ байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад найз ***тэй уулзах гээд гэрээсээ гараад хорооллын “Өргөө” кино театрын тэнд очсон. Тэнд очиход *** ганцаараа цагаан өнгийн Colt маркийн машинд байсан. Би суугаад *** жолоодоод ***, *** хоёрыг ***ын замын уулзвар дээрээс аваад хойд зүгт 100 орчим метр зайд яваад нэг дэлгүүрийн үүдэнд замынхаа баруун талд зогсоод *** буугаад найзтайгаа уулзана гээд дэлгүүр лүү орсон. ...Тухайн үед *** жолоодоод ухарч байхад нүхэн дээгүүр гарч донсолж байгаа юм шиг мэдрэгдсэн. *** машинаа бүтэн ухраагаад зам руу гүйцэд ороод чигээрээ явсан. Тухайн үед бууж харсан зүйл байхгүй. Ямар нэгэн хүн орилох ч юм уу тийм чимээ огт гараагүй. Тэгээд л ***ын замаар доош уруудаад урд зүг рүү явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №1773 дугаартай: “***ын биед баруун хоншоор яс, эрүү ясны баруун сэртэн, баруун нүдний ухархайн дотор, гадна хана, хатуу тагнай, хамар яс, хамрын таславчийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун 3,4-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний хөндий дэх бага хэмжээний хий хуралдалт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, цох, зүүн хөмсөг, баруун хоншоор, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухай осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт (хавтаст хэргийн 36-41 дэх тал), тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 57-58 дахь тал) болон шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Мөн дээрх гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заажээ. Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын: “...*** жолоочийн бүртгэлгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй байна” гэх албан бичгээр шүүгдэгч *** нь жолоодох эрхгүй болох нь тогтоогдож байна.

 

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т жолоочид дараах зүйлийг хориглоно “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох, 10.1-т “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14-т “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч ***ийг дээрх хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч ***ын биед баруун хоншоор яс, эрүү ясны баруун сэртэн, баруун нүдний ухархайн дотор, гадна хана, хатуу тагнай, хамар яс, хамрын таславчийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун 3,4-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний хөндий дэх бага хэмжээний хий хуралдалт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, цох, зүүн хөмсөг, баруун хоншоор, өвдөгт зулгаралт гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн №1773 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч ***ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй боловч мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нь хохирогчид 4,000,000 төгрөг, гар утас биет байдлаар нөхөн төлсөн, мөн хохирогч нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***өөс хохирогчид гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх тул шүүгдэгч ***өөс 368,500 /гурван зуун жаран найман мянга таван зуу/-н төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 89 дэх тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг сануулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалж, хохирогч ***д 4.000.000 төгрөг нөхөн төлсөн хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч *** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***өөс 368,500 (гурван зуун жаран найман мянга таван зуу)-н төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

7. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалж, хохирогч ***д 4.000.000 төгрөг нөхөн төлсөн хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч *** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА