Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/591

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнзаяа,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001135 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй бааранд хохирогч *** “...даргын хүн” гэж маргалдан, улмаар толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 3-4 дүгээр хорооллын *** дэлгүүрт зохион байгуулагчаар ажилладаг. 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай ажлын газрын зохион байгуулагч *** гэдэг хүний төрсөн өдөр болж худалдааны зөвлөх ***, худалдааны зөвлөх *** нарын хамт тухайн өдрийн 16 цагийн орчимд ажлаа тараад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд сууж байхад хамт ажилдаг зохион байгуулагч *** ажилтай мөртлөө ажлын цагаараа орж ирсэн. Бид нар юм яриад сууж байсан чинь *** намайг *** компанийн газрын дарга *** даргын хүн гэж өдөж эхэлсэн. Тэгэхээр нь би “чамд ямар хамаатай юм, би чамд ямар гай болсон юм бэ? би өөрийн ур чадвараараа мөрөөрөө ажлаа хийгээд явж байна” гэж хэлсэн. Маргалдаад сууж байсан чинь *** өөрийн ууж байсан бакалтай пиво авч миний толгой дээр асгасан. Би “яаж байгаа юм бэ чи” гэж хэлээд нүүрээ арчаад ууж байсан пивоо ***ийн өөдөөс цацсан. Тэгсэн чинь *** Сэнгүр нэртэй пивоны шилээр миний толгой руу цохиж хагалсан. Би цохиулаад манараад нэг хэсэг сууж байгаад харсан чинь *** явчихсан байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр ***ийн төрсөн өдөр болсон. ***г дуудъя гэхэд би ажилтай хүнийг дуудаад яахын гэсэн. Би хэзээ ч ажлаа хийж байхдаа ууж байгаагүй. *** ирээд удаагүй хэл ам хийгээд чи эгчийгээ авчруулаад хүн загнуулдаг гэсэн. Энд байгаа хүмүүс миний хүмүүс гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд миний урдаас пиво цацсан. Тэгээд зайлаач гээд байсан. Тэгээд пивоны шилээр цохисон. Тэгээд эмнэлгийн тусламж дуудахын оронд гараад зугтаасан. Би өөрөө цагдаа, 103 дуудсан. Нэг ч удаа уучлалт гуйж залгаагүй. Би 10 хоног ажилдаа явж чадаагүй. Одоо ч өвчин намдаах эм уудаг. Ажилдаа очиход сануулга авч, цалингаасаа хасуулсан. Би 580,000 төгрөгөөр имрай хийлгэж, 240,000 төгрөгөөр эм авсан. Улирлын бонус 450.000 төгрөг, 5 сарын цалин 600.000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг,

 

2. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” бааранд манай ажлын газрын *** гэх хүний төрсөн өдөр болсон. Тэнд ***, ***, *** бид дөрөв сууж байхад *** гэх зохион байгуулагч дараа нь ирсэн. *** бид хоёр ариун цэврийн өрөө ороод гадаа гарчхаад орж ирэхэд *** *** хоёр маргалдаад байж байсан. Яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. *** зохион байгуулагч ***ийг пивоны шилээр толгой руу нь цохиж байгаа харагдсан. *** гараад явсан. Араас нь би ***ийн *** дугаартай утас руу залгасан боловч утсаа аваагүй. *** пивоны шилээр цохиулаад хэсэг манарч унасан камер бичлэг дээр тодорхой харагдах байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

3. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” бааранд манай ажлын газрын *** гэх хүний төрсөн өдөр болсон. *** бид хоёр баарнаас гарч тамхи татаж байгаад орж ирэхэд *** *** хоёр нэг нэгэн рүүгээ пиво цацаж маргалдаж зөрчилдөөн үүсэн байсан. Тэрийг болиулах гэж байхад *** гэнэт пивоны шилээр ***ийн толгой руу цохиж хагалсан. Тэгээд *** яваад өгсөн ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

4. Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримт (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...19:30:13 секундэд холбогдогч *** хохирогч *** рүү бакалтай ус цацаж байгаа харагдана. Хохирогч *** холбогдогч *** руу бакалтай ус цацаж байгаа харагдана. Хохирогч *** ширээн дээр байсан пивоны шилийг авч хохирогч ***ийн толгой руу 3 удаа цохиж байгаа харагдана” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-32 дахь тал),

 

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн: “...***ийн биед тархи доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. .Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

7. Шинжээч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***ийн биед учирсан тархины доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),

 

8. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” пабд *** эгчийн төрсөн өдөр гэж намайг 17:00 цаг өнгөрч байхад дуудсан. Намайг ороход ***, ***, ***, *** нар байсан. Намайг ороход тэр хэд ууж, идээд сууж байсан. Би ороод Сэнгүр нэртэй пиво хоёр шилийг уусан. Тэгээд юм яриад сууж байхад *** уурлаж, бухимдаад намайг харуул хамгаалалтынхан алтан ургийнх /том танилтай/ гэж ярьсан байсан. Би тэгж ярьсан хүнийг заавал олно гээд бухимдаад байсан. Тэгэхээр нь чамайг *** захирлын дүү гэдгийг манайхан бүгд мэднэ гээд хэлчихсэн юм. Тэгсэн над руу уурлаад эхэлсэн. Чи яасан том болцон юм хоёр жил яваад ирэхэд томорчихсон байна гээд над руу хараалын үг хэлээд байсан. Би тухайн үед нь тоохгүй байж байгаад уур хүрээд ууж байсан пивоо *** рүү цацсан. Тэгсэн зөрүүлээд пиво цацсан. Тэгсэн гэнэт миний уур огцом хүрээд урдаа байсан нэртэй пивоны шилээр толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд би тэр гараад харьсан. Тэгээд дараа 7 хоногт нь цагдаагийн байгууллагаас холбогдсон. Би пивоны шилээр ***ийн толгой тус газар нь цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа миний буруу...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг ажилтай байхад *** над руу яриад хүрээд ирээч гэсэн. Оройн 18 цаг болж байхад ***г хүндлээд ороод гаръя гээд очсон. Би 2 шил пиво уугаад нэлээн халсан. Тэгээд бид хоёр маргалдаад яах ийхийн зуургүй ийм зүйл болсон. Та хэд намайг ярьдаг гэсэн. Хэн ярьсныг нь олно гээд хохирогч агсраад байсан. Тэгэхээр би угаасаа манай ажлынхан *** захирлын дүү гэж чамайг мэддэг гэж хэлсэн. Тэгээд над руу хэл амаар доромжлоод байсан. Ууж байсан зүйлээ цацсан нь миний буруу. Тэгээд уур хүрээд шил аваад цохисон. Миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй бааранд шүүгдэгч ***, хохирогч *** нар нь хүний төрсөн өдөрт очиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд энэ үедээ хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар шүүгдэгч нь хохирогч ***ийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***ийн “...2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай ажлын газрын зохион байгуулагч *** гэдэг хүний төрсөн өдөр болж худалдааны зөвлөх ***, худалдааны зөвлөх *** нарын хамт тухайн өдрийн 16 цагийн орчимд ажлаа тараад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд сууж байхад хамт ажилдаг зохион байгуулагч *** ажилтай мөртлөө ажлын цагаараа орж ирсэн. Бид нар юм яриад сууж байсан чинь *** намайг *** компанийн газрын дарга *** даргын хүн гэж өдөж эхэлсэн. Тэгэхээр нь би “чамд ямар хамаатай юм, би чамд ямар гай болсон юм бэ? би өөрийн ур чадвараараа мөрөөрөө ажлаа хийгээд явж байна” гэж хэлсэн. Маргалдаад сууж байсан чинь *** өөрийн ууж байсан бакалтай пиво авч миний толгой дээр асгасан. Би “яаж байгаа юм бэ чи” гэж хэлээд нүүрээ арчаад ууж байсан пиво оо ***ийн өөдөөс цацсан. Тэгсэн чинь *** Сэнгүр нэртэй пивоны шилээр миний толгой руу цохиж хагалсан...” гэх мэдүүлэг, гэрч ***ы “...*** *** хоёр маргалдаад байж байсан. Яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. *** зохион байгуулагч ***ийг пивоны шилээр толгой руу нь цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, Гэрч ***ийн “...*** бид хоёр баарнаас гарч тамхи татаж байгаад орж ирэхэд *** *** хоёр нэг нэгэн рүүгээ пиво цацаж маргалдаж зөрчилдөөн үүсэн байсан. Тэрийг болиулах гэж байхад *** гэнэт пивоны шилээр ***ийн толгой руу цохиж хагалсан. Тэгээд *** яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...19:30:13 секундэд холбогдогч *** хохирогч *** рүү бакалтай ус цацаж байгаа харагдана. Хохирогч *** холбогдогч *** руу бакалтай ус цацаж байгаа харагдана. Хохирогч *** ширээн дээр байсан пивоны шилийг авч хохирогч ***ийн толгой руу 3 удаа цохиж байгаа харагдана” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн: “...***ийн биед тархи доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, шинжээч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***ийн биед учирсан тархины доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч ***ийн биед тархи доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 6473 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч *** нь толгой руу нь пивоны шилээр цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн хөнгөрүүлэх байдал тогтоогджээ.

 

Иймд шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсон, бага насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эх зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6473 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотойгоор 140,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, үүнийг шүүгдэгчээс төлж барагдуулсан байна.  

 

Харин хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн хохирол хор уршигт тооцож, имрай хийлгэсэн, эм тариа авсан, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***т 140.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА