Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/592

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Билгүүн,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2305014830999 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Дорнод аймгийн *** дугаар баг, *** гэх газар оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** байрны *** тоотод оршин сууж байгаа, /РД:***/, урьд

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** байрны *** тоот хохирогч ***ын гэрт байсан Самсунг Эс-22 ултра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** байрны *** тоот хохирогч ***ын гэрт байсан Самсунг Эс-22 ултра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч ***ын: “...2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би найз ***ын хамт гэртээ хоол хийж байх хооронд *** тамхиа өгчих гээд манайхаас гараад явсан. Би удалгүй ороод ирэх байх гэж бодоод нэлээн хүлээсэн. Утсаараа дуудах гээд утсаа хайсан миний утас байгаагүй. Би эхнэр болон эхнэрийн ажлын эгчээс асуухад хараагүй гэсэн. Би утас руугаа залгаад үзэхэд утас холбогдохгүй байсан. Би ***ыг хардаж эхэлсэн. Маргааш өдөр нь *** фейсбүүкээр холбоо бариад “Жаргасандаа ийм юм хийгээгүй шүү, цагдаагийн байгууллагаар шийдүүлье” гэсэн. Гар утасны зар үзэж байтал миний утсыг зарын групп дээр “зарна” гэсэн байсан. ...Мэдээгүй, би нөгөө өрөөнд цэнэглээд үлдээсэн байсан. Миний утасны кодыг мэддэг байсан. ...Утсаа шалгаж авахад ямар ч асуудалгүй байсан. Гомдол саналгүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), иргэний нэхэмжлэгч ***ийн: “...би утас худалдан авч зардаг юм. 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр миний *** нэртэй фейсбүүкийн чатаар над руу нэг хүн юм бичиж орж ирсэн. Түүний утсыг ломбардаас авахаар болсон. Очоод 1.650.000 төгрөгөөр авсан юм. Тухайн утсыг тэр хүний утас юм байх гэж бодсон. Надад гомдол санал байхгүй. Хохирол болох 1.650.000 төгрөгийг миний Хаан банкны *** тоот данс руу шилжүүлж, хохирлыг барагдуулсан. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн: “...Самсунг эс-22 ультра загварын гар утсыг 2,000,000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19 дэх тал), шүүгдэгч ***ын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 49 дэх тал) болон шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***, иргэний нэхэмжлэгч ***, шүүгдэгч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** байрны *** тоот хохирогч ***ын гэрт байсан Самсунг Эс-22 ултра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч ***ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

 

Мөн хохирогч ***д 2,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн баримтаар нотлогдсон.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***д 2,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 44 дэх талд хохирогч нь “...гар утсаа авсан. Гомдол, санал байхгүй...” гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч *** нь “...надад гомдол санал байхгүй, хохирол 1,650,000 төгрөгийг миний Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн” гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 49 дэх тал)

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 50 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д мэдэгдэж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгчид 1,650,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгчид 1,650,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА