Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 173

 

                                                                                                                                                                                                                            

                                                           

                                                                                                                 

                                                                         

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч О.Тавгай,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Б.Жаргал,

хохирогч Ц.Бямбадорж,

шүүгдэгч П.Төрмөнх, түүний өмгөөлөгч Д.Ганбат /ҮД-0216/,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пашкагийн Төрмөнхөд холбогдох эрүүгийн 201626021663 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 8 дугаар сарын19-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт  Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-782 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УВ63081915 дугаарын регистрийн дугаартай, Боржигон овогт Пашкагийн Төрмөнх.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Төрмөнх нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн орчим Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-777 тоотод иргэн Ц.Бямбадоржийг “...хүүхдийг нь бүдүүн гахай гэж доромжилсон” гэж хүүхдээ өмөөрч буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Төрмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч манай хүүхдийг доромжилсныг нь би хараагүй. Манай хүүхэд гэрт орж ирээд намайг доромжиллоо гэхээр нь би хохирогчтой уулзахад, хохирогч согтуу байсан. Би хохирогчийг цохиж унагаагаад дээрээс нь дэвссэн. Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан, хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 900,000 төгрөгийн хохирол төлсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

 

Хохирогч Ц.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

           2016 оны 5 дугаар сарын 31-ний орой шүүгдэгч манай хашаанд алнаа гээд ороод ирсэн. Хаалганы гадна талд түлхүүр зоосон байсан учраас би түлхүүрийг авчих юм болов уу гэж бодоод хаалгаа онгойлгосон. Тэгсэн шүүгдэгч намайг шууд боогоод, цохиж унагаагаад, дээрээс дэвссэн. Орой нь 22 цаг өнгөрөөгөөд би цагдаа дуудаад, шүүгдэгчийн гэрт нь ороход шүүгдэгч байхгүй байсан. Би маргааш нь эмнэлэгт үзүүлж хэвтсэн. Би эмчилгээний зардалд 900,000 төгрөг авсан. Надад гомдол санал байхгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс : 

 

            Мөрдөн байцаалтад гэрч Т.Оюун-Эрдэнийн өгсөн:

“… 2016  оны 5 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн үед би гэртээ унтаж амрах гээд хэвтэж байтал миний хүү Пүрэвжаргал гаднаас уйлаад орж ирэхээр нь би “чи яагаад уйлаад байгаа юм бэ” гэхэд “энэ урд хашааны контернертай ах /Ц.Бямбадорж/ над руу агсам тавиад байна. Намайг гахай гээд 2-3 удаа чулуу, пивоны шил шидээд, миний нурууг оночихсон. Өвдөөд байна. Чи эхийгээ дууриасан гахай биздээ. Танайхан бүгдээрээ гахайнууд биз дээ” гэсэн. Тэгэхээр нь хүүгийнхээ нурууг үзтэл баруун далны орчимд улайчихсан байсан. Тэгтэл манай нөхөр П.Төрмөнх гараад гүйчихээр нь би араас нь гарч “болио” гэхэд Төрмөнх хашаа явсан нь мэдэгдэхгүй, харагдахгүй байсан. Тэгэхээр нь би Пүрэвжаргалыг “чамаас болж бөөн хэрүүл болох нь, чи аавыгаа олж ир” гээд гаргаж явуулсан. Тэгтэл 15 минутын дараа Төрмөнх, Пүрэвжаргал хоёр гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би “чи чинь одоо яагаад байгаа юм бэ, хүүхэд өмөөрөөд хүнтэй муудалцаад байгаа юм уу” гэхэд “за за чамд хамаагүй” гээд амарцгаасан. Өөр зүйл мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Лхагвасүрэнгийн өгсөн:

“... Намайг гэртээ байхад 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим миний төрсөн дүү Бямбадорж 9115-0435 дугаарын гар утаснаас над руу залгаж, намайг гэртээ байхад хүн зодчихлоо гэж хэлсэн.  Бямбадорж төд удалгүй 00 цаг өнгөрч байхад манай гэрт архи уучихсан юм шиг гуйвж дайваад орж ирсэн. Тэгэхээр нь би Бямбадоржийг архи уусан юм байлгүй гээд нэг их тоогоогүй унтаад өгсөн. Өглөө босож цайгаа чанаж дуусаад байхад манай хүүхдүүд Бямбадорж ахын нүүр ам битүү хавдаад хөхөрчихсөн байна гэж хэлсэн. Би очоод харахад баруун чих, хоёр нүднээс нь цус гарчихсан, нүүр нь битүү хаван, баруун талын эрүүг нь барьж үзэхэд яс нь үйрчихсэн байсан. Тэгээд би Бямбадоржийг аваад гэмтлийн эмнэлэг аваачиж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг очоод үзүүлэхэд Бямбадоржийг яаралтай хэвтүүлэх шаардлагатай, ийм хүнийг явган аваад явж байдаг гэсэн. Бямбадорж тэгээд гэмтлийн эмгэлэгт хэвтсэн. Бямбадоржийг эмнэлэг  хүргэж явахдаа хэн зодсон талаар асуухад хажуу талын айлын хүн орж ирээд ямар нэгэн шалтгаангүй зодсон гэж хэлсэн. Би Бямбадоржийг эмнэлэгт хэвтүүлчихээд гэрт нь хөнжил гудас авахаар очсон. Тэгээд хажуу айлын хүнтэй уулзахад тэр хүнийг би зодоогүй, зодсон хүн нь тусдаа байгаа гэж байсан. Эхнэртэй нь уулзаж танай нөхөр манай дүү Бямбадоржийг зодсон байна гэхэд тэгээд яадаг юм гэсэн. Би цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн, цагдаа удалгүй ирж Бямбадоржийг зодсон гэх хүнийг аваад явсан. Би мөн хамт гомдолтой гэдэг өргөдөл бичиж өгөөд явсан. Цагдаа дээр ирсэн хойноо Бямбадоржийг зодсон гэх хүнээс яагаад манай дүүг зодсон юм бэ гэхэд танай дүү манай хүүхдийг бүдүүнээ гэж дуудаад байдаг юм, тэгэхээр нь би занаж занаж байгаад зодсон гэж хэлсэн. Одоо Бямбадоржийн баруун  талын эрүү мэдээгүй болсон байгаа ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Т.Пүрэвжаргалийн өгсөн:

“...Би  тэр орой 21 цаг 30 минутын үед сагсны талбай дээр хүүхдүүдтэй тоглож байгаад гэртээ хоолоо идэхээр харьсан юм. Тэгээд би ундаа их уучихсан болохоор хашаандаа ороод жорлонгийнхоо гадаа шээж байсан чинь манай урд талын хашааны зүс таних ах контейнерийнхээ 2 давхарын шатан дээр зогсчихсон “чи хол явж шээгээч, муу ээжийгээ дууриасан бүдүүн гахай” гэж хэлээд гартаа барьсан чулуугаа над руу шидсэн. Би өмдөө татаад цаашаа гэр рүүгээ гүйхэд араас чулуу шидээд миний нуруу руу оносон. Тэгээд би гэртээ ороод аавыг ирчихсэн болохоор би “энэ талын ах чинь намайг ээжийгээ дууриасан бүдүүн гахай чинь хол явж шээгээч гэж хэлээд над руу чулуу шидээд миний нуруу руу оночихлоо” гэж хэлэхэд аав Төрмөнх “за аав нь гарч уулзъя даа” гээд гарсан. Тэгээд би гэртээ жоохон кино үзчихээд 5 минут ч хүрээгүй байх аавын араас гараад, урд талын хашаа руу ороход аав өөдөөс шатаар буугаад ирсэн. Тэгснээ аавынх нь гар руу хазчихлаа гэж байсан. Би аавын гарыг хараагүй. Тэгээд л бид хоёр тэднийхээс гараад гэртээ орсон. Тэр орой намайг унтаж байхад нуруугаар өвдөөд хэвтэхэд хөндүүрлээд байсан юм. Тэгээд өглөө босоод ирэхэд өвчин орчихсон байсан. Би энэ талаар эмнэлэгт үзүүлээгүй аав, ээждээ үзүүлээд л өнгөрсөн. ... Би 14 настай, одоо 90 киллограм жинтэй, би багаасаа ийм тарган байсан. Тэр ах манай урд талын хашаанд амьдраад удаж байгаа бөгөөд манай хашаа руу хогоо хаяад байдаг юм. Мөн надтай таарах болгон доо өөрийнхөө гэрт ус ав гээд загнаад байдаг. Зодож цохиож байгаагүй. Тэр ах өдөр нь нэг ахтай архи уугаад байсан гэж байна лээ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Энхтайваны өгсөн:

“...Би 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч Уранбаярын хамт Бугат-113 чиглэт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 50 минутын үед байх бугат10-аас Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжинд хажуу айлын хүн зодчихлоо гэх дуудлагыг хүлээн авч очиж шалгахад уг дуудлагыг өгсөн Бямбадорж гэх хүн гудамжний үзүүр дээр тосч аваад “намайг хажуу айлын хүн зодчихлоо” гэж хажуу айлынх руу нь ороход зодсон гэх Төрмөнх  гэх хүн гараад явчихсан байсан. Гэрт нь эгч нь билүү эхнэр нь билүү нэг эмэгтэй, хүүхэд нь гээд нилээн махлаг хүүхэд харагдсан. Тэгээд зодуулсан гэх Бямбадоржийг аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн ба Бямбадорж өөрөө эмнэлэгт үзүүлчихээд маргааш өргөдлөөр хандана гэж байсан. Бямбадорж бага зэрэг согтуу байсан. ... Нүүр амнаас нь цус гарсан байдалтай, мөн нүүр нь бага зэрэг хавдсан, цээжээр хөндүүрлэж өвдөж байна, ярьж болохгүй байна гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Дамдинсүрэнгийн өгсөн:

“... 2016 оны 5 дугаар сарын 31-ний орой 18-19 цагийн үед байх хашааны гадаа хүмүүс муудалцаад байхаар нь гараад харсан чинь манай хажуу айлын Төрмөнхийн эхнэр Оюунаа, тэдний хүүхэд, Төрмөнх нар “миний хүүхдийг доромжиллоо, хүүхэд гахай нохойгоор доромжиллоо” гэх зэргээр эхнэр нь орилоод нөхөртөө хэлж байсан. Тэгтэл Төрмөнх “би орж уулзаад ирэе” гэж хэлээд урд айлынх руу орж байсан. Би ч гэртээ буцаад орсон. Тэгтэл маргааш нь Төрмөнх урд талынхаа айлын Бямбаа гэх манаачийг зодчихлоо гэж сонсон. Төрмөнхийн хувьд архи ууцан байсан санагдаж байна. Нөгөө Бямбааг би хараагүй. Бямбаагийнх хашаандаа шөнөжин гэрэл асааж, төмөр дуугаргаж, амгалан тайван байдал алдагдуулдаг ... Тэр манаач Төрмөнх эхнэр хүүхдийг “гахай нохой” гэж доромжилсон юм байна лээ. Намайг гэрээс гарахад Төрмөнх эхнэр хүүхэд гахай гэж доромжиллоо гээд хашгичаад байсан. Төрмөнхийн эхнэр хүүхэд нь махлаг хүмүүс байдаг юм. Миний хувьд зодооныг хараагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Төрмөнх сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд хоол цайгаа идэж уучихаад амрах гээд байж байтал манай хүү Пүрэвжаргал гаднаас уйлаад ороод ирэхээр нь “яасан миний хүү” гэтэл “урд хашааны манаач ах /Ц.Бямбадорж/ ээж бид хоёрыг байнга дорожлоод байна, байнга дарамтлаад байна” гэхээр нь би уурлаж Ц.Бямбадоржтой уулзаж хэлэх гээд орох гэтэл хашааных нь хаалга түгжээтэй байсан. Тэгээд би хашааг нь давж ороод Ц.Бямбадоржийн амьдардаг контнейрт нь ортол гэртээ ганцаараа архи согтууруулах ундааны зүйл уучихсан согтуу байсан. Тэгэхээр нь би “чи яагаад авгай хүүхэд доромжилж дарамтлаад байгаа юм бэ, би чамд урьд нь анхааруулж байсан шүү” гэтэл “битгий солиор, би эрхтэй” гээд миний зүүн гарын шуу хэсгээс хазчихсан. Тэгэхээр нь би баруун шанаа руу нь 1 удаа цохиж тавиултал Ц.Бямбадорж доошоо бөхийж над руу харахаар нь би дээрээс нь тонгойж байгаад гараараа баруун шанаа руу нь өлгөж нэг удаа цохисон. Тэгтэл дээшээ хараад уначихаар нь би дээрээс нь хоёр гараараа зүүн баруун шанаа, цээж хэсэг рүү нь 10 орчим удаа цохисон. /яг хэдэн удаа гэдгийг санахгүй байна/ Тэгээд би дотроо энэ хүн согтуу байна, тийм болохоор зодолдож болохгүй юм байна. Надтай хэрэлдэхээс биш зодолдох чадваргүй ойлгохгүй юм байна гэж бодоод цохихоо болиод гарах гэтэл миний хүү Пүрэвжаргал гаднаас хаалгаар орж ирсэн. Тэгээд бид хоёр цугтаа гараад явчихсан. Тэгтэл хүргэн Энхтүвшин хашааны хаалгаар нь орж ирхээр нь бид нар цугтаа гэр лүү орцгоосон.  Тэгээд би дахиж Бямбадоржийн гэр рүү ороогүй. Миний хүү Пүрэвжаргал одоо 13 настай боловч 90 киллограмм жинтэй, таргалалтай. 2016 оны 5 дугаар сард Ц.Бямбадоржийг гудамж руу уусан пивоны сав, архины шилээ шидээд байхаар нь би “чи гудамжинд хог хаях аа боль, хашаандаа байлгаж байгаад машинд өг” гэж хэлж байсан. Мөн дараахан байхаа 5 сард /яг хэдэн гэдгийг санахгүй байна/ Пүрэвжаргалыг гахай гэж доросжилсон гэдгийг мэдээд Ц.Бямбадоржийг гэрийнхээ гадаа сууж байхаар нь “битгий миний хүүхдийг гахай гэж доромжлоод бай” гэж сануулж байсан. Тухайн үедээ согтуу байсан болохоор нэг их юм хэлээгүй. Тэгтэл 2016 оны 5 дугаар сарын 31-ний орой Ц.Бямбадорж миний хүүг “эхийгээ дууриасан гахай минь чи усанд яв гэж пивоны болон усны сав шидсэн” гэдгийг мэдээд би уурандаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43, 45-47/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 7646 дугаар:

1. Бямбадоржийн биед зүүн талын 4, 5, 6-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндий дэх цус хуралт, доод эрүүний далд хугарал, баруун шанаа, дух, зүүн хацар, зүүн, баруун чихний дэлбэн, баруун мөр, далны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун дал, цээжний зүүн хэсгийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх зүүн талын 4, 5, 6-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34/,

  

- Хохирогч Ц.Бямбадоржийн өвчний түүх /хх-н 61-68/,

- Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн талаарх бүртгэлийн хуулбар /хх-н 74/

            - Хохирогч Ц.Бямбадоржийн хохирлын баримтууд /хх-н 15-19/ болон,

 

шүүгдэгч П.Төрмөнхийн  хувийн байдалтай холбоотой:

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 48/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/,

- төрсний гэрчилгээний хуулбар /хх-53н/,

- Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн “нийгмийн даатгалын шимтгэл” төлдөг эсэх талаарх лавлагаа /хх-н 55/,

- Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны тодорхойлолт /хх-н 58/,

- Т.Пүрэвжаргалын төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 59/,

- П.Төрмөнхийн “АСАП” сангийн лавлагаа /хх-н 10/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч П.Төрмөнх нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн орчим, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-777 тоотод иргэн Ц.Бямбадоржийг “... хүүхдийг нь бүдүүн гахай гэж доромжилсон” гэж хүүхдээ өмөөрч буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, бие махбодид зүүн талын 4, 5, 6-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндий дэх цус хуралт, доод эрүүний далд хугарал, баруун шанаа, дух, зүүн хацар, зүүн, баруун чихний дэлбэн, баруун мөр, далны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун дал, цээжний зүүн хэсгийн цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

            шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч П.Төрмөнхийн “... Би хохирогчийг цохиж унагаагаад дээрээс нь дэвссэн. Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан, хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 900,000 төгрөгийн хохирол төлсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хөнгөн ял оноож өгнө үү ...” гэх,

            хохирогч Б.Бямбадоржийн мэдүүлсэн “...2016 оны 5 дугаар сарын 31-ний орой шүүгдэгч манай хашаанд алнаа гээд ороод ирсэн. ... шүүгдэгч намайг шууд боогоод, цохиж унагаагаад, дээрээс дэвссэн. Орой нь 22 цаг өнгөрөөгөөд би цагдаа дуудаад, шүүгдэгчийн гэрт нь ороход шүүгдэгч байхгүй байсан. Би маргааш нь эмнэлэгт үзүүлж хэвтсэн. Би эмчилгээний зардалд 900,000 төгрөг авсан. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлгүүд,

мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Т.Оюун-Эрдэнийн “... 2016  оны 5 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн үед би гэртээ унтаж амрах гээд хэвтэж байтал миний хүү Пүрэвжаргал гаднаас уйлаад орж ирэхээр нь би “чи яагаад уйлаад байгаа юм бэ” гэхэд “энэ урд хашааны контернертай ах /Ц.Бямбадорж/ над руу агсам тавиад байна. Намайг гахай гээд 2-3 удаа чулуу, пивоны шил шидээд, миний нурууг оночихсон. Өвдөөд байна. Чи эхийгээ дууриасан гахай биздээ. Танайхан бүгдээрээ гахайнууд биз дээ” гэсэн. Тэгэхээр нь хүүгийнхээ нурууг үзтэл баруун далны орчимд улайчихсан байсан. Тэгтэл манай нөхөр П.Төрмөнх гараад гүйчихээр нь би араас нь гарч “болио” гэхэд Төрмөнх хашаа явсан нь мэдэгдэхгүй, харагдахгүй байсан ...” гэх,

гэрч Ц.Лхагвасүрэнгийн “... намайг гэртээ байхад 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим миний төрсөн дүү Бямбадорж 9115-0435 дугаарын гар утаснаас над руу залгаж, намайг гэртээ байхад хүн зодчихлоо гэж хэлсэн.  Бямбадорж төд удалгүй 00 цаг өнгөрч байхад манай гэрт архи уучихсан юм шиг гуйвж дайваад орж ирсэн. Тэгэхээр нь би Бямбадоржийг архи уусан юм байлгүй гээд нэг их тоогоогүй унтаад өгсөн. Өглөө босож цайгаа чанаж дуусаад байхад манай хүүхдүүд Бямбадорж ахын нүүр ам битүү хавдаад хөхөрчихсөн байна гэж хэлсэн. Би очоод харахад баруун чих, хоёр нүднээс нь цус гарчихсан, нүүр нь битүү хаван, баруун талын эрүүг нь барьж үзэхэд яс нь үйрчихсэн байсан. Тэгээд би Бямбадоржийг аваад гэмтлийн эмнэлэг аваачиж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг очоод үзүүлэхэд Бямбадоржийг яаралтай хэвтүүлэх шаардлагатай, ийм хүнийг явган аваад явж байдаг гэсэн. Бямбадорж тэгээд гэмтлийн эмгэлэгт хэвтсэн. Бямбадоржийг эмнэлэг  хүргэж явахдаа хэн зодсон талаар асуухад хажуу талын айлын хүн орж ирээд ямар нэгэн шалтгаангүй зодсон гэж хэлсэн ...” гэх,

насанд хүрээгүй гэрч Т.Пүрэвжаргалын “... би ундаа их уучихсан болохоор хашаандаа ороод жорлонгийнхоо гадаа шээж байсан чинь манай урд талын хашааны зүс таних ах контейнерийнхээ 2 давхарын шатан дээр зогсчихсон “чи хол явж шээгээч, муу ээжийгээ дууриасан бүдүүн гахай” гэж хэлээд гартаа барьсан чулуугаа над руу шидсэн. Би өмдөө татаад цаашаа гэр рүүгээ гүйхэд араас чулуу шидээд миний нуруу руу оносон. Тэгээд би гэртээ ороод аавыг ирчихсэн болохоор би “энэ талын ах чинь намайг ээжийгээ дууриасан бүдүүн гахай чинь хол явж шээгээч гэж хэлээд над руу чулуу шидээд миний нуруу руу оночихлоо” гэж хэлэхэд аав Төрмөнх “за аав нь гарч уулзъя даа” гээд гарсан ...” гэх,

                   гэрч Б.Дамдинсүрэнгийн “... 2016 оны 5 дугаар сарын 31-ний орой 18-19 цагийн үед байх хашааны гадаа хүмүүс муудалцаад байхаар нь гараад харсан чинь манай хажуу айлын Төрмөнхийн эхнэр Оюунаа, тэдний хүүхэд, Төрмөнх нар “миний хүүхдийг доромжиллоо, хүүхэд гахай нохойгоор доромжиллоо” гэх зэргээр эхнэр нь орилоод нөхөртөө хэлж байсан. Тэгтэл Төрмөнх “би орж уулзаад ирэе” гэж хэлээд урд айлынх руу орж байсан. Би ч гэртээ буцаад орсон. Тэгтэл маргааш нь Төрмөнх урд талынхаа айлын Бямбаа гэх манаачийг зодчихлоо гэж сонсон ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 7646 дугаар дүгнэлт, хохирогч Ц.Бямбадоржийн өвчний түүх зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх учир шүүгдэгч П.Төрмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Бямбадорж нь хохиролд 900,000 төгрөг авсан,  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч П.Төрмөнхөд ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулан гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч П.Төрмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Боржигон овогт Пашкагийн Төрмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч П.Төрмөнхөд 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Төрмөнхөд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.Төрмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Төрмөнхөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Төрмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                               ШҮҮГЧИД                                  А.АЛТАНХУЯГ

 

                                                                                     Л.ОЮУН