Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн Л Д ,

Хариуцагч:     УБЕГ,

Хариуцагч:     ХУДУБХ,

Гуравдагч этгээд: “П” ХХК, /РД: /,

Маргааны төрөл: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. ХУДУБХ нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4 тоот албан бичгийг тус тус үндэслэн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Я урд, Н зам 10дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийсний дотор тус байрны 10 тоот 250мкв орон сууц багтсан,

            1.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5 тоот “хариу өгөх тухай” албан бичгээр “... үл хөдлөх эд хөрөнгийг таны өмчлөлд бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл” нь үндэслэлтэй байна... шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэх хариу өгсөн,

            1.3 Л.Д 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр УБЕГт тус тус холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу УБЕГт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн хууль ёсны өмчлөгч миний эд хөрөнгийн эрхийг бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.

1.4. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс “2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн улсын бүртгэгч О.О ийн эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу УБЕГт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн хууль ёсны өмчлөгч миний эд хөрөнгийн эрхийг бүртгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлжээ.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч миний бие 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр "П" ХХК-тай барилгын захиалгат ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулан гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 8-р хороо Я урд дэнж, Н зам 5-р байр 10 тоот 250 м.кв талбай бүхий орон сууц, 2 автомашины зогсоолын хамт худалдан авсан. Гэрээний үүргийн дагуу төлбөр тооцоог дуусгаж 2018 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа ба авто машины зогсоолын болон байрны ашиглалтын төлбөрийг төлсөөр байгаа болно.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 7 тоот захирамжаар нэхэмжлэгч Л.Д намайг уг байр, авто машины зогсоолын хууль ёсны өмчлөгч мөн болохыг захирамжилсан болно. Улмаар миний зүгээс болон "П" ХХК-ийн зүгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх, шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтээ Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн боловч 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэгч О.О бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл өгсөн.

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу уг мэдэгдлийг хүчингүй болгуулахаар УБЕГ 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан ба 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5 тоот албан бичгээр гомдлыг хүлээн аваагүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж ирүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэхгүй байгаа үндэслэл нь шүүхийн шийдвэрээр хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байна .Нэхэмжлэгч миний бие 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн улсын бүртгэгч О.О ийн бүртгэхээс татгалзсан мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5 тоот шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “П” ХХК-тай барилгын захиалгат ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Я урд дэнж, Н зам 5 дугаар байрны 10 тоот 250 м.кв талбай орон сууц 2 авто машины зогсоолын хамт худалдаж авсан. Гэрээний дагуу төлбөрийг дуусгаж 2018 оноос өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч авто зогсоолыг эзэмшиж ашиглалтын зардлаа төлсөөр яваа.

“П” ХХК-д төлбөр тооцоо дууссан тул уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байсан тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 8дугаар шүүхийн шийдвэр, 7 тоот захирамжаар Л.Д уг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн гэж шүүгч захирамжилсан байдаг.

Үүний дараа Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн хэлтэст 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн боловч 04 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэгч О.О нь бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл өгсөн. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу уг мэдэгдлийг хүчингүй болгуулахаар УБЕГ 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан ба 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5 албан тоотоор гомдлыг хүлээн аваагүй тул нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу УБЕГ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Эд хөрөнгө бүртгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн хууль ёсны өмчлөгч Л.Д эд хөрөнгийг бүртгэхийг даалгах шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн тайлбар дээр дурдсан Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс бусад байгууллагуудад өр төлбөртэй Эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хязгаарлах шийдвэр гарсан тул бид нар биелүүлэх боломжгүй гэсэн тайлбар хэлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд НИ компани нь гэрээний үүрэг биелэгдсэн тул барьцааны зүйлийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлтээ гаргаад түүнийхээ дагуу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр барьцаанаас чөлөөлөгдсөн. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь шинээр батлагдсан хуулийн дагуу шийдвэрийг биелүүлэхгүй Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс рүү буцаасан.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд “П” ХХК-тай 303,000,000 төгрөгийн өр төлбөрийн асуудал байдаг. 303,000,000 төгрөгийн төлбөр барагдуулахын төлөө иргэн Л.Д тэрбум 500 гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн хэвээр байгаа. Гэтэл үүнийг биелүүлэх зөндөө олон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байхад хийгээгүй байсан. Тийм учраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасны дагуу эрхийг хязгаарлах шийдвэр гарсан бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэж тусгай шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Л.Д өмчлөх эрхийг бүртгэхийг даалгах  тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг байсан. "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг хуулийн зохицуулалттай.

"П” ХХК /9 / үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтууд нь өмчлөгчөөр бүртгэх хуульд заасан шаардлага хангасан байх бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Я урд дэнж /17100/ Н зам 5 дугаар барилгын 10 тоот хаягт байршилтай 80 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь "П" ХХК /9 /-ийн өмчлөлд 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-10 дугаарт бүртгэгдсэн байна.

Дээрх аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан "НИ Пти.Лтд-тай 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 15.000.000 /арван таван сая/ долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ бүртгэгдсэн байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 1, 2015 оны 2, 3, 2017 оны 4 дугаартай албан бичиг, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 23951 дугаартай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/Ш32017/11 дугаартай захирамж, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2017 оны 3/13 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/12 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж тусгай тэмдэглэл хийсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь хэсэгт “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох", 20.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно", 20.1.10 дахь хэсэгт "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрх дуусгавар болгоно", мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно" гэж тус тус заасны дагуу иргэн Л.Д өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Мөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.7 дахь заалтад “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана.” гэж заасны дагуу иргэний гаргасан өргөдөл, тухай “НИ Пти.Лтд”-ийн барьцааны эрх дуусгавар болсон албан бичиг, мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг холбогдох бусад нотлох баримтыг бүрдүүлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой юм. Иймд эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийгдсэн орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээд “П” ХХК-ийн төлөөлөгч Т.Эрдэнэбатхаан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Л.Д нь 2011 онд барилгын захиалгат ажил гүйцэтгэх гэрээг манай компанитай байгуулж Хан-Уул дүүрэг, 8 хороо, Н ам, 5 байр, 10 тоот 250м² талбай бүхий орон сууц болон 2 автомашины зогсоолыг 500,000$-оор захиалан бариулахаар болсон. Гэрээний 2 тал үүргээ биелүүлж Л.Д 2018 оноос өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн байрандаа амьдарч авто зогсоолуудаа эзэмшиж байгаа болно. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/шш2021/7 тоот шүүгчийн захирамжаар дээрх орон сууц, авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгч Л.Д болохыг тогтоосон. Манай компани шүүхийн шийдвэрүүдээр аж ахуйн нэгж, хувь хүнд өнөөдрийн байдлаар 350.0 сая орчим төгрөгийн төлбөртэй байгаа болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлөх төлбөрөөс хэдэн арав дахин үнэтэй байруудыг мөн хууль ёсны өмчлөгч болох Л.Д байрыг битүүмжилж өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай хэвээр байгаа. Манай компанийн зүгээс Л.Д хууль ёсны өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрч манай нэр дээр байгаа өмчлөх гэрчилгээг шилжүүлж өгөхөд ямар ч татгалзах зүйлгүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Д УБЕГ, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан “2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн улсын бүртгэгч О.О ийн эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу УБЕГт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн хууль ёсны өмчлөгч миний эд хөрөнгийн эрхийг бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

  1. “П” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж дууссан, 300 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй, бусад битүүмжлэгдсэн хөрөнгө хангалттай байгааг харгалзаагүй,
  2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 7 тоот захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон байхад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасны дагуу эрхийг бүртгэхээс татгалзсан,
  3. “П” ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх талаар хүсэлтээ гаргасан боловч улсын бүртгэгч бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлаж маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч, “улсын бүртгэгч О.О ийн эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу УБЕГт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн хууль ёсны өмчлөгч миний эд хөрөнгийн эрхийг бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;”-аар, 20 дугаар зүйлийн 20.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:”, 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:”, 29.1.1-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа”, 30 дугаар зүйлийн 30.1-т “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ:”, 30.1.4-т “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” гэж тус тус заажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

2.1. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Я урд дэнж, Н зам-5 5 дугаар барилгын 10 тоот хаягт байрлах 250 мкв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “П” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-10 дугаарт анх бүртгэгдсэн(1хх, 41-63 дахь талд),

2.2. “П” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг гаргаж, тус эд хөрөнгийг “НИ” Пти.Лтд болон “П” ХХК нар 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”, “Зээлийн гэрээ”-нд барьцаалсан болохыг бүртгүүлсэн/1хх-73-245 дахь талд/,

2.3. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны,

- 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1,

- 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2, мөн оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3,

- 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4, мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3/11 тоот албан бичгүүдээр тус тус “... “П” ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй тохиолдолд захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлнэ үү” гэсний дагуу Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн,

- 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18, мөн оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 124,

- 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 759, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот албан бичгүүдээр “эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг мэдэгдсэн”-ий дотор нэхэмжлэгчийн маргаж буй 10 тоот барилга багтсан,

2.4. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3/13 тоот албан бичгээр “... “П” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, хариу ирүүлнэ үү” гэсний дагуу Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14 тоот албан бичгээр эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсний дотор мөн нэхэмжлэгчийн маргаж буй 10 тоот дуусаагүй барилгын захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

3. Хууль тогтоомжийн холбогдох зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх бүртгэл хийхээс татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Л.Д өмчлөх эрхийг нь шилжүүлэн авахаар мэдүүлэг гаргасан “Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Я урд дэнж, Н зам-5 5 дугаар барилгын 10 тоот хаягт байрлах 250 мкв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга”-ын захиран зарцуулах эрхийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр түдгэлзүүлсэн, уг нөхцөл байдал арилаагүй хэвээр үргэлжилж байх тул уг захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжсэнийг бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж гарсан хууль ёсны шийдвэр гэж үзнэ.

4. Хэдийгээр маргаан бүхий мэдэгдэлд дурьдсан “ЭИ” компанитай байгуулсан барьцааны гэрээний бүртгэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуусгавар болсон(2хх, 235-240 дэх талд) байх боловч маргаан бүхий мэдэгдэлд дурьдсан бусад нөхцөл байдлууд, тодруулбал, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх албан бичгүүдэд дурьдсан “эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” шийдвэр хүчин төгөлдөр байгаа болох нь тус албаны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-121/02 тоот албан бичигт “... 10 тоот хаягт байрлах Ү-10 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал хэвээр үргэлжилж байгаа болно” гэснээр тогтоогдож байна. (2хх, 78дахь талд),

Энэ тохиолдолд улсын бүртгэгчийн “улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглох үндэслэл байгаа гэж үзэж тухайн эд хөрөнгийн эрх шилжсэнийг бүртгэхээс татгалзсан” мэдэгдэлд дурьдсан үндэслэл бүрэн арилсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч талын ““П” ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх талаар хүсэлтээ гаргасан, барьцаа дуусгавар болсон байхад улсын бүртгэгч бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий мэдэгдэлд дурьдсан нэг үндэслэл арилсан боловч өмчлөх эрх шилжсэнийг бүртгэхээс татгалзсан бусад үндэслэлүүд арилаагүй хэвээрээ байх тул барьцааны бүртгэл хүчингүй болсон гэсэн үндэслэлээр “бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах” хууль зүйн үндэслэл үгүй байна.

5. Нэхэмжлэгч талаас “Өнөөдрийн байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд “П” ХХК-тай 303,000,000 төгрөгийн өр төлбөрийн асуудал байдаг. 303,000,000 төгрөгийн төлбөр барагдуулахын төлөө иргэн Л.Д тэрбум 500 гаруй сая төгрөгийн үнэтэй эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн хэвээр байгаа” гэж тайлбарлах боловч гуравдагч этгээд “П” ХХК-ийн төлбөл зохих өр төлбөр, эд хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээнд хариуцагч захиргааны байгууллага болон захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх эрхгүй.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох асуудлаар тус Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон холбогдох иргэний хэргийн шүүхэд хүсэлт, гомдол, нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлсний үндсэн дээр маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаарх мэдүүлгийг дахин гаргах, шийдвэрлүүлэх эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүй.

Иймд нэхэмжлэлийн ““П” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж дууссан, бусад битүүмжлэгдсэн хөрөнгө нь төлбөрийг барагдуулахад хангалттай байгаа” гэсэн үндэслэлээр мөн нэхэмжлэлийг хангах боломжгүй.

6. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот захирамжаар нэхэмжлэгч Л.Д “Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Я урд дэнж/17100/, Н зам, 5 дугаар барилгын 10 тоот хаягт байрлах 250 мкв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Я урд дэнж, Н зам, 5 дугаар байр, 10 тоот хаягт байрлах 250 мкв талбайтай орон сууц, 11,28мкв талбай бүхий 5 дугаар авто зогсоол, 13,2мкв талбай бүхий 6 дугаар авто зогсоолын өмчлөгч Л.Д болохыг хариуцагч “П” ХХК нь хүлээн зөвшөөрсөн”-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч энэ нь эрхийн улсын бүртгэлд өмнө хийгдсэн тусгай тэмдэглэлийг хүчингүйд тооцох нөхцөл болохооргүй байна.

Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж заасан нь маргааны тохиолдолд тухайн тусгай тэмдэглэлийг хийлгэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон шийдвэр” гарсан байх гэж ойлгогдохоор байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал хэвээр үргэлжилж байгаа” гэх тохиолдолд хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь уг тэмдэглэлийг хүчингүй гэж үзэх, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй “300 сая төгрөгийн өр төлбөрт 5 тэрбум төгрөгийн хөрөнгийн захиран зарцуулсан эрхийг түдгэлзүүлсэн нь хууль бус” гэх нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр дүгнэгдэхээр байхын зэрэгцээ хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй байна.

7. Нэхэмжлэгч талаас “Шүүгчийн дээрх захирамж болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасны дагуу Л.Д өмчлөх эрхийг бүртгэх үндэслэлтэй” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй боловч хуулийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэж, эрхийн улсын бүртгэлд бүртгэх зохицуулалт нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болох Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан хориглолт, хязгаарлалт байхгүй, түүнчлэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд хэрэгжих боломжтой.

Маргааны тохиолдолд нэхэмжлэгч Л.Д “... 10 тоот үл хөдлөх эд хөрөнгө”-ийн өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд уг эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр түдгэлзүүлсэн байсан байх тул хуулийн дээрх зохицуулалт хэрэглэгдэхгүй. Иймд нэхэмжлэгч талын “Л.Д өмчлөгч болохыг иргэний хэргийн шүүх тогтоосон байхад эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс  нь хууль бус” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. 

8. Харин Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/10 тоот албан бичигт “... иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6037 дугаар шийдвэр, 2944 дугаар гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ... буцаасан” гэснээс үзвэл, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3/13 тоот албан бичгээр “... “П” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” нөхцөл байдал арилсан гэж үзэхээр, татварын өр төлбөрийг Төлүүлэх асуудал нь Татварын ерөнхий хууль/Шинэчилсэн найруулга/-д  заасан журмаар зохицуулагдахаар байна.

8.  Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5 тоот албан бичигт “...улсын бүртгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ...мэдэгдэл үндэслэлтэй байна. Хэрэв та дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл ...шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэсэн байх ба энэ нь Л.Д 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан гомдлыг хянаж өгсөн хариу албан бичиг байх тул Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны акт биш байна. 

Иймд Л.Д УБЕГт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.4-т заасныг тус тус баримтлан Л.Д ХУДУБХт холбогдуулан гаргасан “улсын бүртгэгч О.О ийн эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу УБЕГт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн хууль ёсны өмчлөгч миний эд хөрөнгийн эрхийг бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан Л.Д УБЕГт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ