Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/593

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2305014910970 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** байрны *** тоотод түр оршин хаягтай, (РД:***), урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хоолны газрын орчимд хохирогч ***г өшиглөлөө гэж гараараа толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн доод 2 дугаар шүдний эмтрэл, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: хохирогч ***ийн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ байж байсан чинь ***, *** нар манайд ирээд хоол хийж идээд идэж байх үедээ караокед сууя гэж хоорондоо яриад 23:00 цагийн үед манай гэрээс гараад хорооллын эцсийн бааранд орсон. Би ***, *** бид гурав бас нэг эмэгтэй байсан нэрийг нь мэдэхгүй байна, бид дөрөв виски авч уусан. Гэхдээ хэмжээг нь сайн санахгүй байна. Тэр вискинээс нь би бараг уугаагүй байж байсан тэр үед гаднаас *** гээд ***ийн нөхөр нь хоёр залуутай орж ирээд ууж байсан вискинээс уусан. Ууж дуусаад 03:00 цагийн үед хоол идэцгээе гээд хороололд байдаг *** орсон. Бид хэд хоол идчихээд ***, бид хоёр харилаа гээд такси бариад гэртээ буюу *** дугаар хороололд намайг *** буулгаад цаашаа таксигаараа явсан. Гэртээ ороод унтах гээд хэвтэж байсан чинь *** залгаад “***г нөхөр нь зодоод байна гэнэ хүрээд ирээч” гэхээр нь *** таксигаараа буцаж ирээд бид хоёр такситай очсон чинь *** байхгүй нөхөр нь хоёр найзтайгаа “***”-ийн автобусны буудал дээр байж байсан. Би очоод нөхрийг нь “яаж байгаа юм бэ” гээд загнасан чинь намайг “чи муу хуц” гэхээр нь би шилбэ рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь миний нүүр рүү нэг удаа цохисон. Миний хамраас цус гараад *** цагдаа дуудаад цагдаа ирээд бүгдийг нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авчраад надаас мэдүүлэг аваад явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), Гэрч ***ын: “...***, *** нар тамхи татаад байж байсан. ***ийн тамхи нь унтарсан намайг асаагаад өг гэхээр нь би *** гэж найзаар нь асаалгаад буцаагаад ***д өгсөн. Тэндээс нөхөр, найз ***, *** гэж хоёр найзтай нь явж байх үед намайг нөхөр “чи тамхи татдаг болчихсон юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “үгүй, юу яриад байгаа юм” гээд маргалдсан. Тэр үед манай нөхөр намайг нэг удаа нүүр рүү алгадсан.  Би тэр үед нөхрөөсөө жоохон холдож байгаад *** найз руугаа залгаад “намайг манай нөхөрт тамхи татаагүй гэдгийг хэлээд өгөөч намайг алгадлаа” гэж хэлсэн чинь 20 минут орчмын дараа *** ирсэн. Над руу залгасан тэр үед би гэр рүүгээ явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дэх тал),  Гэрч ***ийн: “...*** хоёр найзтайгаа тамхи татаад байж байсан тэгэхээр нь *** эгч очоод *** хаана байна гэсэн чинь тэр янхныг чинь би яаж мэддэг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь *** эгч “чиний хоёр хүүхдийг гаргаж өгсөн хүнийг чи яах гэж тэгж байдаг юм” гээд өшиглөх гэсэн чинь *** эгчийн нүүр рүү *** баруун гараараа нэг удаа цохисон тэгсэн чинь *** эгч газар савж унаад босож ирэх үед нь хамраас нь цус гараад тогтохгүй уруул нь язарсан байсан. Тэр үед би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),   Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5065 дугаартай: “...***ийн биед зүүн доод 2 дугаар шүдний эмтрэл, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал) болон шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хоолны газрын орчимд хохирогч ***г өшиглөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан гараараа толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн доод 2 дугаар шүдний эмтрэл, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн нүүр хэсэг рүү нь гараараа цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 71 дэх тал) 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 76 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.     

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь хохирогч ***д 500,000 төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлсөн, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...*** нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул миний бие гомдолгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч ***өөс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500,000 төгрөг нөхөн төлсөн нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА