Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2020/00472

 

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2020/00472

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГт холбогдох,

 

2019 оны 08 дугаар сарын 20-ын өдрийн 9/5 дугаартай Анхны албадан дуудлага худалдааг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ын өдрийн 10/4 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдааг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/1 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүлэнсолонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ж.Б нь Ү-2201000912 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 40 тоот 40м.кв орон сууцыг Р.Оюунболд, О.Майдар, Р.Оюунтунгалаг нарын хамт хамтран өмчилдөг. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 639 тоот шийдвэрээр Р.Оюунболд нь Капитал Континент Инвестмент ББСБ ХХК-д 90.055.543 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр анхны дуудлага худалдаа зарлагдаж, тус дуудлага худалдаагаар орон сууц худалдан борлогдоогүй тул 2019 оны 10 дугаар сарын 4-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа зарлагдаж 55.000.000 төгрөгөөр зарагдсан. Ж.Бгийн хувьд бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэж байсан. Уг орон сууц нь 4 өмчлөгчтэй, бусад өмчлөгч нартай холбоогүй байдаг талаараа удаа дараа тайлбар өгч байсан. Гэтэл 2 удаагийн албадан дуудлага худалдаа зарлагдахад бусад өмчлөгч нарт огт мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас явуулаагүй, дуудлага худалдааг зарласан байдаг. Ингэснээр 4 өмчлөгчтэй орон сууцыг бүх өмчлөгч нарт мэдэгдэж чадалгүй албадан дуудлага худалдаанд оруулж, худалдсан талаар бусад өмчлөгч нар мэдэлгүй тэдний өмчлөх эрх ашгийг зөрчиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчин явуулж төлбөр авагч талд үйлчилж байна.

Ж.Б нь энэ талаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан боловч 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн №10/1 тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор орон сууцыг дуудлага худалдааны ялагчид шилжүүлсэн тул орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан. Өмчлөгч Оюунболдыг эрэн сурвалжилж байгаа, өмчлөгч Майдар, Оюунтунгалаг нар нь гадаадад амьдардаг байхад тэдэнд мэдэгдэл хүргүүлсэн, улмаар 2 удаа албадан дуудлага худалдаа болохыг мэдсэн гэж үзэх боломжгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй болно.

Иймд Анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №639 тоот шийдвэрээр Р.Оюунболдоос Капитал Континент Инвестмент ББСБ ХХК-д 90.055.543 төгрөг гаргуулах шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Үүний дагуу төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан шүүгчээс даалгасан эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 40 тоот 40м.кв 3 өрөө орон сууцыг битүүмжилж хураасан байдаг. Талуудад үнийн санал явуулсан боловч ирүүлээгүй. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг гаргасан. Хөндлөнгийн шинжээч 90.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдаанд үнийг 30 хувь бууруулсан боловч худалдан борлогдоогүй. Мөн хуулийн 177.4-т зааснаар 2 дахь дуудлага худалдаанд 50 хувь бууруулан оруулахад дуудлага худалдааны ялагч тодорч 55.000.000 төгрөгөөр худалдан авсан байдаг.

Өмчлөгч нарын Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 40 тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй хаягаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг баримтлан мэдэгдэх хуудсыг явуулсан, үл хөдлөх хөрөнгө дээр биечлэн очсон, оршин суугчидтай уулзсан. Ж.Б нь тус ажиллагаанд биечлэн оролцсон. Мөн өмчлөгч Ж.Б нь Р.Оюунтунгалагийн хуурамч фэйсбүүк хаяг өгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан явдал гарсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөгч нарын фэйсбүүк хаягийг олж үнэлгээг явуулсан.

Нэхэмжлэгч талын гомдлын гол үндэслэл нь өмчлөгч нарт мэдэгдээгүй, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх асуудал бөгөөд Ж.Б нь бусад өмчлөгч нарыг төлөөлж тэдний зөрчигдсөн гэх эрх ашгийг хамгаалах эрх олгогдсон эсэх нь баримтгүй тул, нөгөө талаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт хуульд заасны дагуу мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь НШШГГт холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 20-ын өдрийн анхны албадан дуудлага худалдааг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ын өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/1 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэгч талаас гомдол гаргаж байгаа нь хэрэг маргааны харьяаллын хувьд хуулийн дагуу байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00639 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1176 дугаар магадлалаар Р.Оюунболдоос 90,055,543 төгрөг гаргуулж Капитал Континент Инвестмент ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201000912 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 40 тоот, 40 м.кв гурван өрөө орон сууцаар хангахаар шийдвэрлэсэн байна. /хх 31-38/

НШШГГ гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгч, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 18271323/5 дугаар тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000912 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 18271223/8 дугаар тогтоолоор хураасан. /хх 39, 44-48, 50, 54/

 Төлбөр авагч Жэй траст кредит ББСБ ХХК /Капитал Континент Инвестмент ББСБ ХХК/ нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр барьцаа хөрөнгөнд зах зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаж, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 216 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилж, шинжээч орон сууцыг 92,400,000 төгрөгөөр үнэлжээ. /хх 64-76/

Улмаар 2019 оны 08 дугаар сарын 20-ын өдрийн 9/5 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг Анхны албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдагдаагүй, 2019 оны 09 дүгээр сарын 17-ын өдрийн 10/4 дугаартай тогтоолоор Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаж тухайн хөрөнгө худалдагдсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/1 дугаартай тогтоолоор өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь ...2 удаагийн албадан дуудлага худалдааг өмчлөгч нарт огт мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас явуулаагүй. Ингэснээр 4 өмчлөгчтэй орон сууцыг өмчлөгч нарт мэдэгдэлгүй албадан дуудлага худалдаанд оруулж худалдсан, өмчлөгч нарын өмчлөх эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчин явуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

Улмаар албадан дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, өмчлөгч нарт мэдэгдээгүй гэх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч, түүний шийдвэрийг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан, энэ талаар талууд маргаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т Гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан бол уг шаардлагыг хангасан нөхцөлд шүүх түүнийг хүлээн авч хэлэлцэнэ гэж заасантай нийцэх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.Б болон бусад төлбөр төлөгч, өмчлөгч нарт Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4/18526 дугаартай мэдэгдэх хуудас, Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4/20547 дугаартай мэдэгдэх хуудсуудыг баталгаат шуудангаар тус тус хүргүүлэн, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасантай нийцэж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч талаас 2019 оны 08 дугаар сарын 20-ын өдрийн 9/5 дугаар тогтоолтой анхны албадан дуудлага худалдааг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ын өдрийн 10/4 дугаар тогтоолтой 2 дахь албадан дуудлага худалдааг буюу төлбөрт хураагдсан хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон талаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, өмчлөгч Р.Оюунболдын оршин суух хаяг тодорхойгүйгээс эрэн сурвалжлагдаж байгаа, өмчлөгч О.Майдар, Р.Оюунтунгалаг нар нь гадаад улсад амьдарч байгаа, тэдэнд мэдэгдсэн гэж үзэхгүй гэдэг.

Нэхэмжлэгч буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд дахь төлбөр төлөгч, өмчлөгч Ж.Б нь 2 удаагийн дуудлага худалдаа болох талаарх мэдэгдлийг хүлээн авсан, танилцсан, шийдвэр гүйцэтгэгчтэй уулзсан байх бөгөөд энэ талаарх холбогдох баримт буюу мэдэгдэл, уулзалт ярилцлагын, утсаар холбогдож ярилцсаны тэмдэглэлүүд хэрэгт авагдсан байх ба нэхэмжлэгч Ж.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар төлбөр төлөгч Жавхлантын Болормаа нь Рэнцэнгийн Оюунболд, түүний эгч Рэнцэнгийн Оюунтунгалаг, түүний охин Оюунтунгалагийн Майдар нартай садан төрлийн холбоотой гэх үйл баримтын талаар, мөн Р.Оюунтунгалаг, О.Майдар нар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед Монгол улсад байгаагүй талаар маргадаггүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ж.Б, Р.Оюунболд, О.Майдар, Р.Оюунтунгалаг нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4/8526 дугаартай, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 9 сарын 25-ны өдрийн 4/20547 дугаартай Мэдэгдэл-үүдийг Ж.Б хүлээн авсан, шуудангаар хүргүүлсэн /хх 81, 91/, тухайн хаягт өмчлөгч Р.Оюунболд, Р.Оюунтунгалаг, О.Майдар нар нь амьдардаг, бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй гэх хэдий ч албан ёсоор бүртгэлтэй хаягаар дээрх мэдэгдлүүдийг баталгаат шуудангаар хүргүүлсэн /хх 82, 83, 92, 93/, төлбөр төлөгч Р.Оюунболдын эгчийн охин Болормаатай утсаар ярьсан, уулзаж ярилцсан ...Р.Оюунболд ажилгүй, хаана байгааг нь мэдэхгүй, 10-р хороололд амьдарч байгаа байх, Оюунтунгалаг Австрид байгаа, Майдар хаана байгааг мэдэхгүй, фэйсбүүк нь блоклогдсон болохоор холбоогүй, би эгчээс хаягийг нь өгч болохыг асууж байгаад өгье, Оюунтунгалаг эгчийн хаяг байгаа, өөрөөс нь асуугаад мессенжэрээр явуулъя, бид нар байраа алдмааргүй байна, ...Оюунболд ах хөдөө явсан, хаана байгааг нь мэдэхгүй, бид нар дуудлага худалдаанд ормоор байгаа ч мөнгөгүй болохоор орж чадахгүй байна, ...Оюунтунгалаг, Майдар нар төлбөртөө тооцон өгөх итгэмжлэл монгол руу явуулна гэсэн, 3-4 хонох байх, Оюунболд ирээд надад төлбөрт тооцон өгөх итгэмжлэл хийж өгөөд явсан, холбоо барих утасгүй байгаа, хаана амьдарч байгаагаа хэлээгүй, ахаасаа зугтаагаад яваад байгаа, мөнгөгүй юм чинь яаж очих бэ гээд санаа зовоод байна гэсэн, итгэмжлэлээ өгнө гэх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүдээр /хх 58, 89, 102/ төлбөр төлөгч болон өмчлөгч нарын хаягаар хүргүүлсэн, биеэр уулзаж цааш мэдэгдэхийг үүрэг болгосон байх тул албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг мэдэгдсэн гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч талаас садан төрлийн холбоотой, оршин суух албан ёсны нэг бүртгэлийн хаягтай Ж.Бд хаягтаа байхгүй байгаа Р.Оюунболд, Р.Оюунтунгалаг, О.Майдар нарт мэдэгдэх баримтыг шуудангаар хүргүүлсэн, биеэр мэдэгдсэн гэх тайлбар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь зүйл заалтад нийцнэ. Нэхэмжлэгч тал төлбөр төлөгч, өмчлөгч нар тусдаа амьдардаг, хаягийн бүртгэл өөр талаар татгалзал тайлбар гаргаагүй болно.

 

Иймээс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр НШШГГ барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлж, улмаар 2 удаа дуудлага худалдаанд оруулж худалдсан, өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Ж.Бгийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар НШШГГт холбогдох 2019 оны 08 дугаар сарын 20-ын өдрийн 9/5 дугаар тогтоолтой Анхны албадан дуудлага худалдааг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ын өдрийн 10/4 дугаар тогтоолтой хоёр дахь албадан дуудлага худалдааг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/1 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай Ж.Бгийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШЗ2019/12310 дугаартай захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ