Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/605

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Отгонбаатар /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000787 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “***” зочид буудалд тогооч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, *** тоотод оршин суудаг, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** тоотод “...эртхэн гэртээ хариад галаа түлсэнгүй” гэх шалтгаанаар хамтран амьдрагч ***ын биед халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, уруулд язарсан шарх, 3 шүдний сулрал, дух, зүүн шанаа, эрүү, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зүүн мөр, цээж, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед ажил дээрээ байж байгаад гэртээ харих гэтэл надад гэрийн түлхүүр байхгүй байсан тул нөхөр ***ийг хүлээгээд ажил дээрээ байж байсан. Манай нөхөр 18 цаг өнгөрөөгөөд ажил дээр хүрээд ирэхээр нь бид хоёр хамт гэртээ харьтал намайг манай нөхөр *** чи эртхэн гэртээ ирээд гал усаа түлээд байж байхгүй, сэтгэлгүй пизда гэхээр нь би надад түлхүүр байхгүй яаж гэртээ орох вэ дээ гайгүй дулаахан байна гээд хэлчихсэн чинь шууд миний өгзөг хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би уйлаад гэрийнхээ үүдэнд сууж байгаад гэртээ ороод хэвтэж байсан чинь манай нөхөр над руу чи пизда минь хаалгаа хаагаач гээд миний нуруу, өгзөг хэсэг рүү нэг удаа хүчтэй дэвссэн. Тэгэхээр нь би уурлаад хажуудаа байсан хувцас угаах гэж байсан хувинтай усыг аваад цацсан чинь миний нүүр, толгой хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаагийн давтамжтай хүчтэй цохисон. Тэгээд би нөхрөө тэвэрч аваад одоо больчих гээд гуйж байгаад тайвшруулсан. Би гар утасгүй байсан болохоор цагдаа дуудаж чадахгүй хувцсаа өмсөж гарч яваад ажлын газрынхаа Ганганмөрөнгийн гэрт очиж хоносон. Тэгээд за яахав дээ гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй явж байгаад манай охин Буянхишиг өнөөдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр надтай уулзах гэж ирээд миний нүүр бие маань хөхөрсөн байхыг хараад цагдаад хэл гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

Хохирогч ***ын дахин өгсөн: “...Шүүх шинжилгээний эмчид ил харагдах хэсгээ л хэлсэн. Тухайн үед шинжээчид үзүүлэхээс өмнө гэрээсээ гарахдаа харахад бөгс болон нуруу хэсэгт учирсан хөхрөлт арилсан буюу надад хөндүүр зовуурь байхгүй байсан. Тийм учраас би үзүүлээгүй. Надад шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх зүйлгүй, гомдол санал байхгүй. ...Би ***той 2022 оны 7 дугаар сараас эхэлж хамт ажилдаг байж байгаад танилцаад тэр сараасаа хамтран амьдардаг болсон. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа гэх зүйл байхгүй зүгээр л хамтран амьдрагч юм. Мөн бид хоёр дундаасаа хүүхэдгүй бөгөөд би өөрөө 3 хүүхэдтэй. Манай 3 хүүхэд бүгдээрээ тусдаа амьдардаг. Харин *** 4 хүүхэдтэй, ***ийн 4 хүүхэд нь бас тусдаа амьдардаг. ...Би эмнэлгийн байгууллагад хандаагүй, өөрөө ч нээх тоогоогүй болохоор тэгээд л хаячихсан. Надад гаргаж өгөх эмнэлгийн баримт байхгүй, одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

3. Шинжээч эмч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзлэг хийхэд биед үүссэн гэмтлүүд шарх нь эдгэрч буй цус хуралтууд нь шимэгдэж буй өнгөний илрэлтэй байсан. Иймээс 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой учир 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тухайн өдөрт үүссэн байх боломжтой гэж үзсэн. Биеийн бүх хэсэгт үзлэг хийсэн. Тухайн үед үзүүлэгч *** нь нүүр, толгой, цээжин бие хэсгээ үзүүлсэн. Мөн дээрх дүгнэлтэд “...цаг хугацаанд” гэсэн үгийг бичилгүй орхигдуулж утга найруулгын хувьд техникийн шинжтэй алдаа гаргасан байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

4. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4074 дугаартай: “...***ын биед тархи доргилт, уруулд язарсан шарх, 3 шүдний сулрал, дух, зүүн шанаа, эрүү, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зүүн мөр, цээж, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

5. Эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

6. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би залгаад хүйтэн байна орой очиход гал түлчхээ гэхэд гал асаагаагүй байсан бөгөөд над руу угаадас цацсан болохоор би уурласан. *** бид хоёр ойролцоогоор 9 сар хамтран амьдарч байгаа. Бид хоёр бол дундаасаа хүүхэдгүй. Гэхдээ *** 3 хүүхэдтэй мөн би 4 хүүхэдтэй. Мөн бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 41 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.      

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 15-16 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно

             

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан зохицуулсан.

 

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч ***, хохирогч *** нар гэрлэлтийн баталгаагүй боловч 2022 оны 7 дугаар сараас, энэ хэрэг гарсан 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна.

 

Мөн хэрэг гарсан өдөр шүүгдэгч *** нь өөрийн хамтран амьдрагч, хохирогч ***тай “гал түлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хохирогчийг зодсон үйл баримт Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, хохирогч ***ын “...Би 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед ажил дээрээ байж байгаад гэртээ харих гэтэл надад гэрийн түлхүүр байхгүй байсан тул нөхөр ***ийг хүлээгээд ажил дээрээ байж байсан. Манай нөхөр 18 цаг өнгөрөөгөөд ажил дээр хүрээд ирэхээр нь бид хоёр хамт гэртээ харьтал намайг манай нөхөр *** чи эртхэн гэртээ ирээд гал усаа түлээд байж байхгүй сэтгэлгүй пизда гэхээр нь би надад түлхүүр байхгүй яаж гэртээ орох вэ дээ гайгүй дулаахан байна гээд хэлчихсэн чинь шууд миний өгзөг хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би уйлаад гэрийнхээ үүдэнд сууж байгаад гэртээ ороод хэвтэж байсан чинь манай нөхөр над руу чи пизда минь хаалгаа хаагаач гээд миний нуруу, өгзөг хэсэг рүү нэг удаа хүчтэй дэвссэн. Тэгэхээр нь би уурлаад хажуудаа байсан хувцас угаах гэж байсан хувинтай усыг аваад цацсан чинь миний нүүр, толгой хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаагийн давтамжтай хүчтэй цохисон. Тэгээд би нөхрөө тэвэрч аваад одоо больчих гээд гуйж байгаад тайвшруулсан...” гэх мэдүүлэг, шинжээч эмч ***ийн “...Үзлэг хийхэд биед үүссэн гэмтлүүд шарх нь эдгэрч буй цус хуралтууд нь шимэгдэж буй өнгөний илрэлтэй байсан. Иймээс 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой учир 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тухайн өдөрт үүссэн байх боломжтой гэж үзсэн. Биеийн бүх хэсэгт үзлэг хийсэн. Тухайн үед үзүүлэгч *** нь нүүр, толгой, цээжин бие хэсгээ үзүүлсэн. Мөн дээрх дүгнэлтэд “...цаг хугацаанд” гэсэн үгийг бичилгүй орхигдуулж утга найруулгын хувьд техникийн шинжтэй алдаа гаргасан байна...” гэх мэдүүлэг болон Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4074 дугаартай дүгнэлт, Эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч ***ийн дээрх гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ын эрүүл мэндэд “тархи доргилт, уруулд язарсан шарх, 3 шүдний сулрал, дух, зүүн шанаа, эрүү, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зүүн мөр, цээж, хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлүүд тогтоогдсон, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээч эмчийн 4074 дугаартай дүгнэлтээр давхар нотлогджээ.

 

Иймд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ***ийг хамтран амьдрагч /хамтран амьдрагч/-ийнхаа бие махбодод халдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй хууль бус үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***ид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж зэргийг, мөн шүүгдэгч *** нь хувийн байдлын хувьд өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах зохимжгүй, мөн түүний оршин суугаа хаяг тодорхой боловч хаагуур, ямар маршрутаар явдаг, зорчдог гэх мэт нөхцөл байдал, мэдээлэл тодорхой бус тул шүүгдэгчийн оршин суугаа газраас явах, тодорхой газар очихыг хориглох, чиглэл тогтоон тодорхой заасан маршрутаар зорчуулах боломжгүй байх тул улсын яллагчийн ялын саналыг харгалзан шүүгдэгч ***ид Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4074 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***оос гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид 360 /гурван зуун жар/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***ид мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА