Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/607

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305018271179 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Хэнтий аймгийн *** дугаар баг, *** гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** хороо *** тоотод оршин сууж байгаа, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрний замд хохирогч ***тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 11-нд Яргайтын богино зусланд байшин барьж байгаад ажлынхаа ажилчин ***тэй баруун 4 замаас цирк явж байгаад Өгөөжийн уулзвар өнгөрөөд түгжрээд зогсож байтал хажууд нэг Ланд прадо маркийн тээврийн хэрэгслээс нэг залуу бууж ирээд чи яаж яваад байна гээд цохих гээд гараа далайхаар нь чи яах гээд байгаа юм хүн зодох хуультай шүү гээд байж байтал цонхоор гар нь орж ирээд миний баруун нүд рүү цохисон. Тэгээд миний нүднээс оч манараад буух гээд хаалгаа онгойлгоод буутал намайг хоёр машины голд боож байгаад нүүр лүү 4, 5 удаа цохисон. Тэгээд надтай цуг явж байсан *** ах бууж ирээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэг дээр ярьсан үйл явдал болсон. Зүгээр байж байгаад цохиулсан. Цагдаа дээр очсон. Цагдаа наад залуу чинь өөрөө тань руу ярина гэсэн боловч над руу яриагүй. Би гадагшаа явж ажил хийдэг. Зодуулснаас болоод 1 сар ажилдаа яваагүй. Одоогоор бүрэн эдгээгүй байгаа. Энэ хэрэг 5 дугаар сарын 11-ний өдөр болсон. 2 сар гаран болсон байна, бүрэн эдгээгүй байгаа. Нүүрэн дээрх соривоо соривны тосоор арилгасан. Хэрэг гарсан өдөр гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд имрай хийлгэх шаардлагатай хугаралтай байна гээд имрайгаар харуулсан. Имрай нь 140.000 төгрөг болсон. Соривоо арилгах гээд соривны тос 31.900 төгрөгөөр авсан. Имрайн эмч таславч мурийлттай учраас зовуурилна, хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Интермэд эмнэлгээс хамрын таславчний мурийлтын хагалгаа хэд болохыг утсаар асуухад 1.800.000 төгрөг болно гэсэн...” гэх мэдүүлэг,

 

2. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ***тэй цирк орох гээд өгөөжийн уулзвар өнгөрөөд явж байхад араас нэг машин сигналдаад түгжрээд зогсож байхад арын машинаас нэг залуу бууж ирээд ***г гэрэл дохио өгч замын хөдөлгөөнд оролцсонгүй гээд нэг залуу ирээд цонх онгорхой явж байхад ***тэй маргалдаад ***г нүүр лүү цохисон. *** машинаасаа буухад нөгөө залуу хаалганд хашиж боож байгаад цохисон. Би хэд цохисныг хараагүй. Тэгээд би жолоочийн эсрэг талаас бууж очоод салгаад цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

3. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6307 дугаартай “...***н биед баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

4. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 10:40 цагийн үед баруун 4 замаас урагшаа чиглэлтээ Нарны зам руу *** улсын дугаартай Прадо-120 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцоод явж байхад эргэх эгнээ нь дээр Corolla filter маркийн автомашин урдуур дарж орж ирсэн. Тэгээд би хажуу тийшээ дараад нарны гүүрэн дээр түгжирчихсэн байхаар нь машинаасаа буугаад дохиогоо өгөөд өнгөрөөгөөд орж болохгүй байна уу гэж хэлсэн чинь тэр машины жолооч салаавч гаргаад май хошного минь миний яаж явах чамд хамаагүй гэж хэлэхээр нь би цохих гээд гараараа далайсан чинь чи цохих юм бол хуультай байдаг шүү гээд би буцаад машин руугаа алхсан чинь намайг ардаас пизда гэх мэтээр үгээр доромжлохоор нь миний уур хүрээд хүрч очоод шанаа тус газар нь гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Жолоочийн эсрэг талд сууж байсан эрэгтэй бууж ирээд намайг боль гэж хэлээд гараас татаад байсан чинь Corolla filter маркийн автомашины жолооч намайг нэг толгойгоороо мөргөөд баруун гараараа толгойн тус газар 2-3 удаа цохисон. Тэгээд би нөгөө залууг нь намайг тавь гэж хэлээд Corolla filter машины жолоочийг хамар нь тус газар нь нэг удаа, нүд нь тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд Corolla filter машины жолоочтой цуг явж байсан залуу жолоочийн эсрэг талаас бууж ирээд салгасан удалгүй дуудлагаар цагдаа ирээд аваад явсан. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээтэй холбоотой баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 48 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 49 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 50 дахь тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 51 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 22-23 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.                              

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрний замд хохирогч ***тэй дохио өгч замын хөдөлгөөнд оролцсонгүй гэх  шалтгаанаар маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***н “...2023 оны 5 дугаар сарын 11-нд Яргайтын богино зусланд байшин барьж байгаад ажлынхаа ажилчин ***тэй баруун 4 замаас цирк явж байгаад Өгөөжийн уулзвар өнгөрөөд түгжрээд зогсож байтал хажууд нэг Ланд прадо маркийн тээврийн хэрэгслээс нэг залуу бууж ирээд чи яаж яваад байна гээд цохих гээд гараа далайхаар нь чи яах гээд байгаа юм хүн зодох хуультай шүү гээд байж байтал цонхоор гар нь орж ирээд миний баруун нүд рүү цохисон. Тэгээд миний нүднээс оч манараад буух гээд хаалгаа онгойлгоод буутал намайг хоёр машины голд боож байгаад нүүр лүү 4, 5 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч ***ы “...Би 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ***тэй цирк орох гээд өгөөжийн уулзвар өнгөрөөд явж байхад араас нэг машин сигналдаад түгжрээд зогсож байхад арын машинаас нэг залуу бууж ирээд ***г гэрэл дохио өгч замын хөдөлгөөнд оролцсонгүй гээд цонх онгорхой явж байхад ***тэй маргалдаад ***г нүүр лүү цохисон. *** машинаасаа буухад нөгөө залуу хаалганд хашиж боож байгаад цохисон. Тэгээд би жолоочийн эсрэг талаас бууж очоод салгаад цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6307 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч ***н эрүүл мэндэд биед баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 6307 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ын хохирогчийг нүүрэн тус газар нь гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал тогтоогдсон болно.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***н эрүүл мэндэд баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6307 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт 251.900 төгрөгийн хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь хохирогч ***н нэхэмжилсэн нотлох баримтын шаардлага хангасан 251.900 төгрөгийг нөхөн төлж, хохирогчид хүлээлгэн өгч, хохирол нөхөн төлсөн талаарх бичгийн баримтыг шүүхэд талуудаас гаргаж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “...Хагалгаанд орох шаардлагатай...” гэж эмч хэлсэн талаар мэдүүлж байх тул хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 251.900 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА