| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2023/0064/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Хохирогчийн өмгөөлөгч Н.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Н-ы Х-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг ...-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... . оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, яс үндэс ..., ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл ..., эхнэ..р. хүүхдийн хамт, Дорноговь аймгийн ... сумын ..... тоотод оршин суух, улсаас алтан гадас одонгоор шагнагдсан, урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ч овогт Н-ы Х /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н-ы Х нь Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр баг ... гэх газарт хохирогч А.А-тай “Манай малыг хулгайлсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар шаланкаар нуруу болон толгойн тус газарт ороолгож, мөн толгойн тус газарт хөлөөрөө 2 удаа дэвсэж зодон түүний биед тархи доргилт, баруун гарын шуу хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би А.А-ийн нуруун тус газарт нь шаланкаар 2 удаа ороолгосон нь үнэн, ингэж гэмтэл гартал нь зодож цохисон юм бол байхгүй, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагийн орчимд А.А-ийн гэрт нь очсон юм, А.А нь малынхаа хашаан дотор зогсож байсан, би түүнд хэлэхдээ “манай 2 хонь танай хонинд байнаа, яагаад будаг тэмдэг тавьсан юм бэ?” гэж асуухад “манай хонь, миний хонь, би хүнээс авсан хонь” гэж хэлсэн, тэгэхлээр нь би “яахлаараа ийм байдаг юм, ямар хүнээс авсан юм бэ?” гэсэн чинь “би хүнийг нь авчирч уулзуулна” гээд байсан тэгэхлээр нь би “хүнийг нь аваад ир би уулзмаар байна” гэж хэлсэн. Тэгээд би А.А-т “танай хэдэн төлөг, шүдлэн манай хонинд байнаа, одоо намайг дагаж очоод ав” гэж хэлээд гэрлүүгээ явсан чинь миний араас А.А нь дүү Н-ын хамт ирээд би хониноосоо А.А-ийн 3 хонийг ялгаж гаргаж өгсөн чинь А.А нь өөрөө дахин 1 эм хонь туугаад гаргачихсан 4 хонио туусан чинь сүргээсээ салж өгөхгүй тойрч зугтаагаад байсан, тэгэхлээр нь би сүүлд гаргасан хонийг нь харсан чинь манай хонийг туугаад 4 болгоод авч явах гээд байсан, тэгэхлээр нь би “сүүлд авсан эм хонь чинь манай хонь байна шүү дээ, яагаад туугаад байгаа юм бэ?” гэсэн чинь “миний хонь” гээд байсан, тэр эм хонийг бас будаад чихэнд нь даавуу уячихсан байсан, тэгэхлээр нь би хашааны хаалга нээгээд 1 эм хонио хашааруугаа оруулаад, “чамаас дээр мал ижлээ мэдээд байна” гэсэн чинь, А.А нь мотоциклоо хаазлаад дайрчих гээд давхиад байсан ...тэгэхлээр нь би газар байсан мотоциклын бинзен соруулдаг шаланк барьж байгаад нуруу руу нь 2 ороолгосон. Ороолгох үед А.А мотоцикль дээрээ сууж байсан, тэгээд мотоциклоосоо бууж ирээд намайг заамдаж аваад миний шанаа руу 1 удаа цохисон энэ үед Б дундуур орж ирээд салгасан. А-т хохирол учруулсан гэм буруугаа хүлээж байна” гэжээ.
Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гэртээ ирээд маргааш өглөө 09 цагийн орчим Б ах манай гэрт ирээд манай хургатай хонь танай хонинд нийлсэн байна гэхээр нь аль хонь байна гэж асуухад “шар хүзүүтэй хонь” манай хургатай хонь байхаар нь та энэ хонио хэзээ алдсан бэ? гэж асуусан. Тэгтэл Б ах өвөл алдсан хурга нь бас мөн байна гэж байсан. Тэгэхээр нь би тухайн үед манай мал У-т байсан манайх сая 2 сард энд ирсэн талаар хэлсэн. Тэгээд би Б ахад хандаж манай хэдэн төлөг шүдлэн 1 хургатай хонь танай хонинд нийлсэн гэж байсан тэрийг очиж авъя гээд дагаад малын хороо руу явцгаасан. Тэгээд хонин дотроос Б ах өөрөө манай 2 төлөг, 1 шүдлэнг ялгаж өгсөн. Тэгэхээр нь би ороод өөрийн 1 эм хонио аваад туугаад явах гэтэл явж өгөхгүй эргээд хашаа руу дайраад байсан. Тэгтэл Б ах наадах чинь чамаас илүү ухаантай амьтан байна. Ижил сүрэг рүүгээ орох гээд байна гэж хэлээд хажууд нь газар байсан гүпр буюу цахилгаан утсаар намайг толгой болон нуруу хэсэг рүү 3 удаа ороолгосон. Тухайн үед цахилгаан утсаар ороолгох үед нь би гараагаа хамгаалаад байсан. Тэгтэл миний баруун гар өвдөөд байсан. Тэгэхээр нь мотоциклоосоо буугаад очиход намайг багалзуурдаж газар унаган миний толгой тус газар хөлөөрөө 2 удаа дэвссэн. Тэгээд би босч очоод Б ахыг шанаа орчим газар нь нэг удаа гараагаа цохисон. Тэгээд миний баруун гар өвдөөд дотор муухайраад байхаар нь би мотоциклоо унаад хэдэн хонио орхиод явсан. ... Намайг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл гээд миний баруун гарыг гипс тавин боож 14 хоног боолттой яваарай гэсэн..." гэх мэдүүлэг /xx-ийн 4-5-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Х.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн гэмт хэргийн улмаас иргэн А.А нь Дорногоь аймгийн нэгдсэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 229,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Н.Х-аас гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /xx-ийн 16-17-р хуудас/
Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах Алтанхуяг хоёр хоорондоо уулзаад Б ах манай хонь танай хонинд нийлсэн байна гэсэн чинь А энэ чинь манай хонь гээд өгөхгүй байсан, тэгтэл А манай төлөг шүдлэн танайд нийлсэн байна гэж хэлэхэд Б ах намайг дагаж очоод ав гэсэн. Тэгээд бид Б ахын гэрт ирээд Б ах бид хоёрт 2 төлөг гаргаж өгөөд А өөрөө нэг эм хонь орж авсан. Тэгээд хашааны гадаа байсан шүдлэнгээ мотоциклынхоо урд тавиад 3 хонио хашаад туугаад байж байтал Б ах наад эм хонь чинь манай хонь байна гээд хашааны ам нээтэл нөгөө эм хонь нь шууд хашаа руу гүйгээд орсон. Тэгтэл Б ах А нар маргаад байсан. Би тухайн үед нялх хурга хөхүүлж байсан болохоор юу гэж маргаж байсныг нь сайн мэдэхгүй байна, тэгтэл А Б ахын аманд нь салаавч тулгаад байхаар нь Б ах газар байсан шаланк аваад А-ийн нуруун тус газар 2 удаа ороолгосон. Тэгтэл А Б ахыг нэг удаа шанаа руу нь цохисон. Тэгэхээр нь би очоод салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/
Гэрч У.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд маргааш өглөө буюу 2023 оны 04 дүгээр сарын 07-нд 8-9 цагийн хоооронд намайг усанд яваад ирэхэд Б ах ирсэн байсан, тэгээд А ахтай уулзаад 1 хонины талаар ярьсан. Тэгээд тухайн хонийг А ах манай хонь гээд өгөөгүй. Тэгээд цагдаа дууудаж байсан, тэгээд байж байснаа А ах Б ахын хонин дотроос хонио ялгаж авахаар явцгаасан. Тэгээд хороон дээр нь яваад очтол Б ах А ахыг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед А ах малаа ялгаж авсан. Тэгээд ах мотоциклтойгоо малаа хумиад би явган явж байсан, тэгтэл Б ах дахиад нэг бор толгойтой хонийг манай хонь байна гээд тухайн хонийг аваад хашаандаа хийсэн. Тэгтэл А ах уурлаад та нэг мөсөн манай хургатай хонийг нэг мөсөн ялаад ав гэж хэлтэл Б ах А ахыг урт хар зүйлээр 3 удаа ороолгосон. Тэгтэл малын хашаан дотор байсан ягаан дээлтэй ах хүрч ирээд Б ах А ах 2-ыг салгасан. Тэгтэл Б ах эргэж дайраад А ахыг багалзуурдаж унаган толгой дээр нь 1 удаа дэвссэн. Тэгтэл А ах босож ирээд гараагаа Б ахын нүүрэн тус газар нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ...-ний өдрийн . .. дугаартай шинжээчийн “...А.А-ийн биед тархи доргилт, баруун гарын шуу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 38-39-р хуудас/
Шүүгдэгч Н.Х-ын урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/
Шүүгдэгч Н.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62-63/
Шүүгдэгч Н.Х-ын Эрүүл мэндийн даатгалын санд 229,000 төгрөгийн хохирол барагдуулсан баримт /хх-ийн 89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н-ы Х нь Дорноговь аймгийн ... сумын... дүгээр баг ... гэх газарт хохирогч А.А-тай “Манай малыг хулгайлсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар шаланкаар нуруу болон толгойн тус газарт ороолгож, мөн толгойн тус газарт хөлөөрөө 2 удаа дэвсэж зодон түүний биед тархи доргилт, баруун гарын шуу хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Г нь хохирогч А.А-ийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар ....-ний өдөр . т..оот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч, шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Шүүгдэгч Н-ы Х-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Н-ы Х-ыг хохирогч А.А-тай Дорноговь аймгийн ... сумын ...дүгээр баг ... гэх газарт иргэн А.А-тай “Манай малыг хулгайлсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар шаланкаар нуруу болон толгойн тус газарт ороолгож, мөн толгойн тус газарт хөлөөрөө 2 удаа дэвсэж зодон түүний биед тархи доргилт, баруун гарын шуу хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл Б ах наадах чинь чамаас илүү ухаантай амьтан байна. Ижил сүрэг рүүгээ орох гээд байна гэж хэлээд хажууд нь газар байсан гүпр буюу цахилгаан утсаар намайг толгой болон нуруу хэсэг рүү 3 удаа ороолгосон. Тухайн үед цахилгаан утсаар ороолгох үед нь би гараагаа хамгаалаад байсан. Тэгтэл миний баруун гар өвдөөд байсан. Тэгэхээр нь мотоциклоосоо буугаад очиход намайг багалзуурдаж газар унаган миний толгой тус газар хөлөөрөө 2 удаа дэвссэн. Тэгээд би босч очоод Б ахыг шанаа орчим газар нь нэг удаа гараагаа цохисон. Тэгээд миний баруун гар өвдөөд дотор муухайраад байхаар нь би мотоциклоо унаад хэдэн хонио орхиод явсан. ... Намайг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл гээд миний баруун гарыг гипс тавин боож 14 хоног боолттой яваарай гэсэн..." гэх мэдүүлэг /xx-ийн 4-5-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Л-ын “... Тухайн гэмт хэргийн улмаас иргэн А.А нь Дорногоь аймгийн нэгдсэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 229,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Н.Х-аас гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /xx-ийн 16-17-р хуудас/, гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл Б ах А нар маргаад байсан. Би тухайн үед нялх хурга хөхүүлж байсан болохоор юу гэж маргаж байсныг нь сайн мэдэхгүй байна, тэгтэл А Б ахын аманд нь салаавч тулгаад байхаар нь Б ах газар байсан шаланк аваад А-ийн нуруун тус газар 2 удаа ороолгосон. Тэгтэл А Б ахыг нэг удаа шанаа руу нь цохисон. Тэгэхээр нь би очоод салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/, гэрч У.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл А ах уурлаад та нэг мөсөн манай хургатай хонийг нэг мөсөн ялаад ав гэж хэлтэл Б ах А ахыг урт хар зүйлээр 3 удаа ороолгосон. Тэгтэл малын хашаан дотор байсан ягаан дээлтэй ах хүрч ирээд Б ах А ах 2-ыг салгасан. Тэгтэл Б ах эргэж дайраад А ахыг багалзуурдаж унаган толгой дээр нь 1 удаа дэвссэн. Тэгтэл А ах босож ирээд гараагаа Б ахын нүүрэн тус газар нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ...-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Х нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.Х нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирлын хувьд:
Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтан Х.Л-ын хохирогч А.А-ийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авсан 229,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Н.Х-аас нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч А.А нь шүүгдэгчээс 414,025 төгрөг нэхэмжилснээс 378,325 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Х нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох санал гаргасан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-ын хувийн зан төлөв, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нарын зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болсон байдал болон шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Н-ы Х /РД: .../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овогт Н-ы Х-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Х-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц