Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2022/0005/З |
Дугаар | 128/ШШ2022/0206 |
Огноо | 2022-03-21 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2022/0206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ЧК ” ХХК,
Хариуцагч: БОАЖС ,
Маргааны төрөл: Газар,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч өмгөөлөгч Г.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. БОАЖС ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн А аманд байрлах 1.12 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар “ЧК ” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн байна/Хавтас хэргийн 110-111 дэх талд/,
1.2. БОАЖС ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/2 тоот “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг зөрчсөн” гэж үзэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон/хавтаст хэргийн 58-59 дэх талд/,
1.3. БОАЖС ын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/3 тоот албан бичгээр “... БОАЖС ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дугаар тушаалаар танай газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Нэгэнт төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарсан тул газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй байна” гэж мэдэгджээ.
1.4. “ЧК ” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр БОАЖС ад холбогдуулан “БОАЖС ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дугаар тушаалын “ЧК ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ЧК ” ХХК нь БОАЖС ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1 дугаар тушаал, түүний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дугаар газар ашиглах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 4 хороо, А аманд 1,12 га газар ашиглаж байгаа бөгөөд, тус газар дээр "ХВ " орон сууцны хотхон барихаар эрх бүхий мэргэжлийн байгууллагуудаас хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч одоогоор хотхоны барилгын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй, ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Гэтэл БОАЖС ын 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 5 тоотоор бидэнд хандахдаа мөн сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дугаар тушаалыг хавсарган ирүүлсэн болно. Уг тушаалтай танилцахдаа "ЧК " ХХК-д олгосон газар ашиглах эрхийг ямар үндэслэлээр ямар хуулийн заалт хэрэглэж хүчингүйд тооцсоныг олж мэдлээ. БОАЖС ын А/2 дугаар тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэг: Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх тухайд:
Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 онд хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар тогтоолоор ерөнхий төлөвлөгөө ба хэсэгчилсэн төлөвлөгөө баталсан бөгөөд "ЧК ” ХХК-ийн ашиглах эрх бүхий Хан-Уул дүүргийн 4 хороо А аманд байрлах газар нь 6 орон сууц, олон нийтийн ажил хэргийн бүс байхаар төлөвлөгдөж батлагдсан болно.
Иймд манай компаниас Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргад хүсэлт гаргаж Архитектур төлөвлөлтийн даалгавар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр батлуулсан. Архитектур төлөвлөлтийн даалгаварт манай ашиглах эрх бүхий газар нь "Нисэх Яармаг орчмын орон сууц хорооллын ерөнхий төлөвлөгөө" баримт бичгийн нам давхрын сууцны бүсэд хамаарч байгааг кадастрын зургаар баталгаажуулж, улмаар 2253.9 м.кв талбайд барилга байгууламж барихаар төлөвлөхийг зөвшөөрч, тухайн барилгад тавих шаардлагыг тодорхойлсон байдаг.
Бид 2018 оноос хойш Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийн батлуулж, улмаар барилгын ажил эхлүүлж, тухайн барилгуудтай холбоотой дулаан болон цахилгааны техникийн нөхцөл авах, мөн дулаан, цахилгааны дэд бүтцийн ажлыг гүйцэтгэх зэргээр одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Хотхоны барилгын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 80% байгаа бөгөөд 2022 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Барилгын ажил эхлүүлэхээр Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, барилгын ажил зураг батлуулах, техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлийг авах ажиллагаанууд нь цаг хугацаа шаардсан, төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааралтай байдаг. Бид энэ хугацаанд гүйцэтгэсэн барилгын ажлаа эрх бүхий байгууллагаар хянуулан баталгаажуулж байсан болно. Бид "ХВ " амины орон сууцны хотхоны барилгын ажилд одоогоор нийтдээ 11.4 тэрбум төгрөгийн зардал гаргаад байна. Гэтэл манай компанийг үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.
Хоёр: Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх тухайд:
Газрын төлбөр хариуцсан харьяа татварын албанаас ирүүлсэн төлбөрийн баримт нэхэмжлэхийн дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлсөн бөгөөд татварын байцаагчаас ямар нэгэн алданги, торгууль тавигдаж байгаагүй болно. "ЧК " ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн асуудлаар ямар нэгэн өр төлбөргүй. Иймд манай компанийн газар ашиглах эрхийг газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр цуцалж, хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Гурав. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа ба Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу ямар зөрчил гаргасан талаар газар ашиглагч этгээдэд мэдэгдэж тайлбарыг нь сонсоно, 43 дугаар зүйлийн 43.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ тухайн эрх ашиг нь хөндөгдсөн газар ашиглагч этгээдэд албан ёсоор мэдэгдэхээр хуулиар зохицуулсан атал “ЧК ” ХХК-д газар ашиглах эрхийг ямар учраас хүчингүй болгох гэж буй талаар болон хүчингүй болгосон шийдвэрийг мэдэгдэж танилцуулаагүй.
Иймд бидний зүгээс тухайн шийдвэртэй танилцаж, гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ эдлэхийг хүсэж дагуу “ЧК ” ХХК-д газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон талаар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр БОАЖС ын 7 албан тоотоор мэдэгдэж, мөн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дугаар тушаалыг бидэнд ирүүлснээр дээрх маргаан бүхий захиргааны актын агуулга болон хуулийн үндэслэлтэй анх удаа танилцаж мэдсэн болно. Улмаар А\2 тушаалыг бидэнд мэдэгдсэнээс хойш Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу 30 хоногийн дотор буюу 2021 оны 11 дүгээр зүйлийн 16-ны өдөр БОАЖС ад гомдол гаргасан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 01\3 тоот албан бичгээр гомдлыг хангах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн учир "ЧК ” ХХК-аас хуульд заасан хугацааны дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч компанид БОАЖС ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон. Энэ газар ашиглах эрх хүчинтэй байх хугацаанд тус компани үйл ажиллагаа явуулж байхад 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А2 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Ийнхүү хүчингүй болгохдоо үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэж үзсэн байдаг. Гурван талт гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байвал зориулалтын дагуу ашиглаагүй гэж ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч нь газар ашиглах эрхтэй болсноос хойш 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, техникийн нөхцөлүүдээ авч, дэд бүтцийн ажлуудаа хийж, 2019 оноос барилгын ажлыг эхлүүлсэн. Маргаан бүхий акт гарах үед барилгын ажил 70-80 хувийн гүйцэтгэлтэй байсан. Нэхэмжлэгч талаас 11 тэрбум төгрөгийн зардал гаргасан, захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байсан. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлахдаа 6 орчмыг олон нийтийн ажил хэргийг бүс болгохоор төлөвлөсөн. Үүний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар тогтоолоор нисэх яармагийн орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 4-10 дугаар хороо багтаж байгаа юм. Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөг батлах эрх нь Улсын Их Хуралд байдаг. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий газар орчмыг шинэчлэхээр холбогдох ажлуудыг зохион байгуулсан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг тусгай хамгаалалттай газар нутагт буруу үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгадаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдсан. Хот байгуулалтын тухай хууль 2008 онд батлагдсан. 2013 онд Улсын Их Хурлын тогтоолоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хэсгийг хотын бүсэд хамааруулан барилгажуулах шийдвэр гарсан. Цаг хугацааны хувьд сүүлд батлагдсан нарийвчилсан зохицуулалттай Улсын Их Хурлын тогтоол хүчин төгөлдөр байхад үүнийг дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн маргаан бүхий газрын бодит нөхцөл байдал өөрчлөгдсөн. А амыг хязгаарлалтын бүс гэж байгаа боловч Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон орон сууцны хорооллууд баригдсан байгаа. Захиргааны акт нь хууль болон зорилгодоо нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл зөвхөн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалснаар байгалийн унаган төрхийг сэргээх, орчныг хамгаалах боломжгүй” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч БОАЖС ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БОАЖС ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1 дугаар тушаалаар “ЧК ” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын А амны хязгаарлалтын бүсэд 1.3 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.
БОАЖС ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/2 тоот тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 "...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...", мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т "..газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...", 35.3.3-т “.. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...", 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д”...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Хариуцагч захиргааны байгууллага нь тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн тур буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах..." гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгосон байдаг.
БОАЖС ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1 дугаар тушаалаар "ЧК " ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын А амны хязгаарлалтын бүсэд 1.3 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3. 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 8 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 9 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул БОАЖС ын 2021 оны А/2 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан болно. Захиргааны ерөнхий хуулийн дагуу актыг мэдэгдэх ажиллагааг хийсэн болно.
... Газрын үзлэг хийхэд бүх талбай дээр барилга барьсан байсан нь илт харагдаж байна. Нэгэнт барилга баригдсан учир үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс аж ахуйн нэгж байгууллага хөрөнгө мөнгө зарчихсан байхад тодорхой хэмжээнд дэмжиж ажиллахгүй бол хохирол учирсан гэж харж байна.
... Нөхцөл байдлыг Эрүүгийн цагдаагийн алба болон Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тогтоогоод Байгаль орчин аялал жуулчлалын сайдад санал хүргүүлсэн. Харин газрын төлбөрийг хугацаанд нь төлөхгүйгээр маргаан бүхий захиргааны акт гарсны дараа төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“ЧК ” ХХК-иас БОАЖС ад холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “БОАЖС ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дугаар тушаалын “ЧК ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан, татварын ямар нэгэн алданги, торгууль тавигдаж байгаагүй, “ХВ ” амины орон сууцны хотхоны барилгын ажил гүйцэтгэж, 11.4 тэрбум төгрөгийн зардал гаргасан байхад 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нь ямар ч үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т зааснаар газар ашиглагч “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”-ээр, 35.3.3-т зааснаар “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”-өөр тус тус заасан байх ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үүргийн биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар заажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,
2.1. Нэхэмжлэгч “ЧК ” ХХК-д нь БОАЖС ын 2017 оны А/1 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн А аманд 1,12 га талбайг ”Аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглуулахаар олгосон,
2.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 4 тоот гэрээ байгуулсан,
2.3. Маргаан бүхий газарт 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон, мөн “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, Ус сувгийн удирдах газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иудаас холбоо, цэвэр болон бохир ус, халаалт, хэрэгцээний халуун ус, салхилуулга, цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлүүд олгогдож, 2018-2021 онуудад уг техникийн нөхцөлүүдийг сунгасан,
2.4. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөрт 31,772,942 төгрөг төлсөн,
2.5. Маргаан бүхий газарт тус бүр 2 давхар 15 ширхэг амины орон сууцны цутгалтын ажил хийгдсэн үйл баримтууд тус тус тогтоогдов.
3. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч БОАЖС нь маргаан бүхий актаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс маргаан бүхий акт нь бодит нөхцөл байдлаас зөрүүтэйгээр, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг зөрчиж гарсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн бүрдэлд маргаан бүхий газар нь нам давхрын орон сууцны бүс байхаар төлөвлөгдсөн байх ба нэхэмжлэгч хуулийн этгээд уг төлөвлөлтийн дагуу амины орон сууцны хороолол барихаар эрх бүхий төрийн байгууллагуудаас шаардлагатай зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авсан буюу газар ашиглахтай холбоотой баримт бичгийн шаардлагуудыг биелүүлсэн, бодитоор барилга байгууламж барьсан байгаагаас үзвэл, Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоолоор тайлбарласан “... гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байх” нөхцөл тогтоогдохгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдээгүй гэж үзэхээр байх тул маргаан бүхий А/2 дугаар тушаалын нэхэмжлэгч хуулийн этгээдэд холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй.
4. Мөн хариуцагч захиргааны байгууллага нь газар ашиглагч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулж, хуулийн этгээдэд тайлбар, санал гаргах үүрэгтэй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11 тоот сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэж тайлбарлах боловч уг албан бичгийг хэрхэн хүргүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, маргаан бүхий А/2 дугаар тушаалыг “ЧК ” ХХК-д хүргүүлэхээр явуулсан шуудан нь хүргэгдээгүй, буцаагдсан байгаагаас үзвэл, нэхэмжлэгч талын “мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулаагүйгээс газрын төлбөрийг төлсөн болон, үйл ажиллагаа явуулж байгаа талаараа тайлбарлах боломж олдоогүй” гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
5. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 4 тоот гэрээгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөрт 1 жилд 15,792,000 төгрөг төлөхөөр байх ба бодитоор 2017-2019 оны газрын төлбөрийг төлсөн, төлбөрийн үлдэгдэлтэй боловч газрыг бодитоор ашиглаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байх тул эрх бүхий этгээдээс гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу алданги тооцон газрын төлбөрийг шаардан төлүүлэх боломжтой байна.
6. Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд БОАЖС ын 2017 оны А/1 дугаар тушаалаар олгогдсон газар ашиглах эрхийн хүрээнд барилгын ажилтай холбоотой холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж, барилга байгууламжийг барьж тодорхой хэмжээний зардал гаргасан болох нь илэрхий байхын зэрэгцээ газар ашиглах эрхийг цуцлах талаарх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байсан болох нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан нэхэмжлэгч хуулийн этгээдийн “хууль ёсны итгэл” хамгаалагдах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Хариуцагч нь маргааны бүхий актыг гаргахдаа Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай мэдэгдлийг үндэслэсэн гэх боловч уг мэдэгдэл нь “...660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцлуулахаар мэдэгдсэн” байх тул энэ нь газрын эрхийг шууд цуцалж шийдвэрлэх үндэслэл болохгүй, ийнхүү мөрдөгчийн мэдэгдэл гарсан нь захиргааны байгууллагаас газар ашиглах эрхийг цуцлах хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг шалган тогтоох үүргээс хариуцагч захиргааны байгууллагыг чөлөөлөхгүй юм.
8. Иймд нэхэмжлэгч “ЧК ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1 24.2 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЧК ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БОАЖС ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/2 дугаар тушаалын “ЧК ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ