Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00917

 

       М.С-ын нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэртэй, М.С-ын нэхэмжлэлтэй, Б.Ү-д холбогдох

           М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан, Я.Т, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан,

          Б.Ү, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч У.М, Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 Нэхэмжлэгч М.С шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ц.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.С нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өмчилж авсан. Дээрх газрыг 2006 оны 05 дугаар сарын дундуур Д.Э, Солонгос иргэн Л-тай ирж үзсэн бөгөөд худалдаж авахаар тохирч, газар шилжүүлэх гэрээ хийхээр нотариатч дээр очиход “Гадаад улсын иргэний нэр дээр газар өмчлөх эрх шилжүүлэхгүй, та ойр дотны Монгол Улсын иргэнтэй гэрээ байгуулж газар өмчлөх эрхээ шилжүүлж болно" гэсэн. Д.Э, Л нар Я.Т-ийг дагуулан ирж газар өмчлөх эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээ хийж Л газрын үнэ болох 21 000 000 төгрөгийг бэлнээр өгч, гарын үсэг зуруулж авсан. Гэтэл 2014 оны хавар намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудаж газар шилжүүлсэн асуудлын талаар байцаалт авсан. Тухайн үед Б.Ү Солонгос улсын иргэн Л-ын надаас худалдаж авсан газрыг өөрийнхөө нэр дээр болгосны дараа түүнд буцааж өгөлгүй залилан мэхэлсэн талаар асуусан. Улмаар би 2015 оны 11 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн шүүхэд Солонгос улсын иргэн Л-ын нэхэмжлэлтэй хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Солонгос улсын иргэн Л нь тухайн газартай холбоотой бүх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Улсын Дээд Шүүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр магадлалыг хэвээр үлдээсэн. Дараа нь шүүх 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хэлэлцээд Л-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давах заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй, газар өмчлөх эрх шилжүүлсэн болон олж авсан М.С, Л.Т нар бие даасан шаардлага гаргаагүй учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн.

     Нэхэмжлэгч М.С нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Солонгос улсын иргэн Л-д газраа худалдахад тухайн үед гадаад улсын иргэнд өмчлөх эрх шилжих боломжгүй байсан учир Я.Т-тэй газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн байгуулсан. М.С-тай газар өмчлөх эрх шилжүүлэн авах гэрээ байгуулсан Я.Т нь тухайн газрыг ямар нэг асуудалгүй Л-ын нэрлэсэн дараагийн хүнд шилжүүлэх итгэмжлэлийг өгсөн байхад Б.Ү нэг ч мөнгө төлөлгүй газрын өмчлөгч болоод явж байгааг шүүх дээр мэдсэн. Одоо тухайн газар Б.Ү-гийн өмчлөлийн газар болвол газрын үнэ 21 000 000 төгрөгийг газартай хамааралгүй хүнээс авсан болоод байна. Улмаар Л газрын үнэнд шилжүүлсэн 21 000 000 төгрөгөө нэхэж байгаа тул одоо газаргүй, мөнгөгүй болох нөхцөл байдал үүсээд байна.

          Хариуцагч Б.Ү 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Я.Т-гээс олгосон маргаан бүхий газрыг бусдад шилжүүлэх хэлцэлд гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлээр тухайн газрыг шууд өөрийнхөө нэр дээр болгох боломжгүй байсан учир өөрийн төрсөн дүү Б.А-ын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд 4 хоногийн дараа өөрийнхөө нэр дээр шилжүүлж энэ байдлаа шударгаар газар өмчлөх эрх олж авсан гэж байгаа нь шударга бус үйлдэл болж байна. М.С нь Я.Т, Б.А, Б.Ү нарт өөрийн өмчлөлийн газрыг хүсэл зоригоо илэрхийлэн шилжүүлээгүй бөгөөд 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасны дагуу өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан шударга өмчлөгч учир хууль бус гэрээ хэлцлийн үндсэн дээр залилан мэхлэгч этгээдүүдээс газраа өөрийн өмчлөлд авах хүсэлтэй байна.

      Б.Ү-д өөрийн өмчлөлийн газраа шилжүүлэх ямар нэгэн харилцаа үүсээгүй бөгөөд түүнд анхны хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр газар өмчлөх эрх шилжсэн. М.С нь 2006 онд өмчлөлийн газраа 21 000 000 төгрөгөөр бусдад худалдах зорилго байсан учраас бэлэглэлийн гэрээ байгуулсан. Газар өмчлөх эрх шилжсэн улсын бүртгэлтэй холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй.

       Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах, 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д  зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.С нь М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, Я.Туяацэцэг, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан мөн газрыг өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар 15-ны өдөр байгуулсан мөн газрыг өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. БНСУ-ын иргэн Л нь Б.Ү-д холбогдуулан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.С нь нэхэмжлэгч Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон.

          Нэхэмжлэгч М.С гуравдагч этгээдээр оролцсон хэргийг шийдвэрлэсэн, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дурдасн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч М.С-ын нэхэмжлэлд дурдсан үйл баримт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн бөгөөд тус шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүх 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01062 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Б.Ү нь БНСУ-ын иргэн Л-тай 2005 оны 12 дугаар сард Солонгос улсад байхдаа танилцсан бөгөөд 2006 онд энэ маргаж байгаа газрыг авахад хамтран амьдарч байсан. Газар худалдаж авах үед өөрөө Солонгос улсад хараар амьдарч байсан, Монголд ирэх боломжгүй байсан учраас Л газрыг Я.Т гэх хүний нэр дээр авсан. 2007 онд Л Монголд хамт ирээд компани байгуулж, хамтран бизнес эрхэлж байсан. Тэгээд уг газрыг өөрийн нэр дээр болгож авахын тулд Я.Т-гээс итгэмжлэл авахаар Л нь Солонгос руу явсан. Ингээд Я.Т-ээс өгсөн итгэмжлэлийн дагуу өөрийн нэр дээр газрыг авах боломжгүй учир Б.А-ын нэр дээр шилжүүлээд дараа нь өөрийн нэр дээр авсан. Хуульд заасан шаардлага хангасан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээг үнэн зөвд тооцдог.

          Л-тай 2012 он хүртэл хамтран амьдарч бүхий л орлогоо хамтарч хуваан зарцуулж байсан бөгөөд хоорондын таарамжгүй байдлаасаа болж би өөрийн нэр дээрх газраа, Л  10 дугаар хороолол дахь обьектоо авахаар тохирсон. Уг газрыг Б.Ү-гийн нэр дээр шилжүүлэх зорилгоор бэлэглэлийн гэрээнүүдийг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар М.С газраа бусдад худалдах хүсэл зориг нь тодорхой байсан.

          Худалдан авагч нь Солонгос улсын иргэн байсан учраас М.С нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Я.Т-тэй бэлэглэлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулснаас хойш 11 жил 5 сарын хугацаа өнгөрсөн хойно хэлцэл хийх гадаад хэлбэр бий болгосон гэдэг үндэслэлгүй. БНСУ-ын иргэн Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор М.С-ын эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн гэжээ. Гэтэл уг шийдвэрт эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнээгүй. Нэхэмжлэгч М.С нь БНСУ-ын иргэн Л-ын нэхэмжлэлтэй хэрэгт түүний шаардлагыг дэмжиж оролцсон, хэрэв эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол 2006 оны 05 дугаар  сарын 17-ны өдөр Я.Т-т газар өмчлөх эрх шилжүүлэх үедээ үүнийгээ мэдсэн гэж үзнэ. Б.Ү-д холбогдуулан М.С нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа миний эрхийг зөрчсөн гэсэн боловч тухайн хүний эрх зөрчигдсөн үү, үгүй юу гэдэг тодорхойгүй, харин хэн түүний эрхийг зөрчсөн гэдгийг тодруулах шаардлагатай юм. Ийнхүү анхнаасаа 2006 онд газар өмчлөх эрхийг гадаадын иргэнд шилжүүлэх боломжгүй гэдгийг М.С, Л хэн хэн нь мэдэж байсан. Үүнээс үзэхэд М.С-ын газар өмчлөх эрхийг Л зөрчсөн болох нь тогтоогдож байна. Иймд М.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 11 дүгээр сарын 17-нд 678,99 м.кв газрыг Солонгос улсын иргэн Л нь худалдан авахаар тохиролцож Солонгос улсын иргэн Монгол улсын газрыг эзэмших эрх байхгүй гэсэн хуулийн заалтаар тус газрыг миний нэр дээр авахаар болж, худалдан авсан бөгөөд би зүгээр л тусалсан юм. Харин энэ асуудал гарахаас өмнө Солонгос улсад очиж ажиллах визийн мэдүүлгийн хариу гарч Солонгос улс руу явах болсноо тул Л-д хэлэхэд хамт амьдарч байсан Б.Ү-ийн нэр дээр шилжүүлж авахаар болж одоохондоо авсан газар дээрээ барилга барих болоогүй яваад ир гэсэн. Солонгос улсад намайг байхад газраа шилжүүлж авах тухай хэлээд БНСУ-д суугаа элчин сайдын яаманд хандаж 2008 оны 11 дүгээр сарын 17-нд шилжүүлж өгсөн. Намайг Солонгос улсад байхад миний иргэний үнэмлэхний хуулбарыг бариад хайж явахад нь манай 10 жилийн ангийн хүүхэдтэй тааралдсан байдаг. Тэгээд манай ангийн хүүхдэд Монгол руу нь буцаалгана, баривчлуулна гэсэн юм ярьж дарамт учруулж, айлган сүрдүүлээд надаар итгэмжлэл хүртэл гаргуулж авсан. Би 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.А гэдэг хүнтэй уулзаагүй, бэлэглэлийн гэрээ ч байгуулаагүй. Би тэр үед Солонгос улсад байсан. Бэлэглэлийн гэрээг хийсэн хүн нь гадаадад байхад гарын үсэг хуурамчаар зурж, нотариатаар батлуулсан байна. Энэ байдлыг сайтар тунгаан шүүж өгнө үү. Би энэхүү маргаантай асуудалд хамааралгүй, оролцохгүй гэдгээ илтгэж байна. Энэ асуудалд эцсийн эцэст Б.Ү, Л-ын найзтай эр эмийн холбоотой асуудал илчлэгдэж үүнээс болж хэрүүл маргаан гарч ийм байдалд хүрсэн болно гэжээ.

     Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Т-тэй, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Ү-тай байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хууль ёсны дагуу хийгдсэн гэрээнүүд тул М.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх гэрээнүүд нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоот, 678,99 м.кв газрыг Б.Ү-ийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болохыг үүгээр тайлбарлаж буйг хүлээн авна уу гэжээ.

     Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн Л /L/ шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.С-ын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээтэй, №1864311500610 тоот нэгж талбарын дугаар бүхий, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 гудамжны 0 тоот 678.99 м.кв газрыг харилцан тохиролцсоны дагуу 21 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Газар худалдаж авсан төлбөр болох 21 000 000 төгрөгийг М.С-т өгч, мөнгө хүлээлцсэн баримт үйлдүүлэн авсан.

          Газрын тухай хуулиар гадаад улсын иргэн газар өмчлөх эрхийн гэрчилгээ авах боломжгүй байсан учир тухайн үед өөрийн байрлаж байсан зочид буудалд ажилладаг Я.Т гэдэг хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Я.Т нь Солонгос улс явсан учир 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын консул дээр очиж өөрийн менежер Б.Ү-ийн нэр дээр тухайн газрыг бусдад худалдах, шилжүүлэх итгэмжлэлийг Я.Т-аар хийлгэж авсан. Гэтэл хариуцагч Б.Ү нь энэхүү итгэмжлэлийг өөрт ашигтай байдлаар урвуулан хэрэглэж өөрийн төрсөн дүү Б.А-ын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлж, улмаар 4 хоногийн дараа буюу 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ү-д 3 000 000 төгрөг өгснөөр бид хоёр тохиролцож уг газрыг худалдах, шилжүүлэх эрхтэй итгэмжлэлийг Л-ын нэр дээр хийж, газартай холбоотой бүх бичиг баримтыг өгснөөр хадгалагдаж байсан. Ингээд 2012 оны 08 сарын сүүлээр итгэмжлэлийн дагуу тухайн газрыг өөр хүний нэр дээр шилжүүлэх гэтэл Б.Ү нь газар өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж хүсэлт гаргаж дахин шинэ гэрчилгээг гаргуулж авсан ба Л-д олгосон итгэмжлэлээр газар шилжүүлэх эрхийг хориглох тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн албанд гаргасан байсан. Үүний дараа 2013 оны 01 сарын дундуур Б.Ү залгаад би Австрали явж сурахаар боллоо, надад сургалтын төлбөр хэрэгтэй байна, яаралтай 20 000 ам.доллар өг, өгөхгүй бол газрыг чинь зараад эсвэл барьцаанд тавьж мөнгө зээлээд явлаа гэсэн. Тухайн үед менежерээр ажиллаж байсан А-д дээрх байдлыг хэлэхэд Б.Ү бид 2 сайн харилцаатай, би уулзъя гэсэн. Удалгүй А та 10 000 ам.доллар гарга, үлдсэнийг нь би зохицуулъя, тэгээд газар шилжүүлэх итгэмжлэлийг Б.Ү-гаас хийлгээд авна" гэсэн. 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А нь өөрийн нэр дээр Б.Ү-гаас газар шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл болон дахин авсан газрын гэрчилгээг эх хувиар нь авчирсан тул  түүнд 10 000 ам.доллар өгч явуулсан. Энэ мөнгийг Б.Ү хүлээж авсан байдаг.

      Б.Ү нь 2013 оны 09 дүгээр сард гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж дахин гаргуулан авч А-д олгосон итгэмжлэлээр газрыг өөр хүнд шилжүүлэх боломжгүй болгож хориг тавиулсан байдаг. Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цагдаад гомдол гаргасан бөгөөд Прокуророос 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй учир гэмт хэргийн обьект байхгүй, газартай холбоотой асуудлаа иргэний журмаар шүүхэд хандах нь зүйтэй гэж үзсэн байсан. Газартай холбоотой хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын анхны өмчлөгч М.С-ын нэр дээр бүртгэж өгөхийг хүсч шүүхэд хандсан. Шүүх 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд анхан шатны шүүх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин хэлэлцэж Л-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Шүүх гадаад улсын иргэн газар өмчлөх эрх байхгүй, газрын анхны өмчлөгч М.С-ыг төлөөлөх эрх байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэдэг дүгнэлтийг боловч анх газрын үнэ болгон төлж байсан мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дурдсан байгаа. Үүний дагуу Л 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч М.С-тай уулзаж газрын үнэ 21 000 000 төгрөгөө нэхсэн бөгөөд мөнгөний оронд өгсөн газраа буцаан авсны дараа мөнгийг чинь эргүүлэн төлнө гэдэг хариу өгсөн. Нэхэмжлэгч газраа эгүүлэн авахаар нэхэмжлэл гаргаж, эрх ашгийг шүүхээр сэргээлгэх боломжтой болсон учир миний бие энэ нэхэмжлэлтэй холбогдуулан газрын үнэ 21 000 000 төгрөгийг М.С-аас гаргуулан БНСУ-ын Л-д олгож өгнө үү гэв.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л /L-ын шаардлагад гаргасан тайлбартаа: М.С нь маргаан бүхий газрын анхны хууль ёсны өмчлөгч бөгөөд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын иргэн Л-д өөрийн өмчлөлийн газраа 21 000 000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед Л нь Я.Т-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэний дагуу түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл 2015 оны 11 дүгээр сард шүүхээс М.С-ыг БНСУ-ын иргэн Л-ын нэхэмжлэлтэй Б.Ү-д холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан. Л нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр М.С-тай орчуулагч, өмгөөлөгч нарын хамт биеэр уулзан хамгийн сүүлд шийдвэрлэсэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн газрын үнэ 21 000 000 төгрөгөө нэхэмжлэх болно гэж хэлж мэдэгдсэн. М.С нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л-аас газрын төлбөрт 21 000 000 төгрөг бэлнээр хүлээн авч өөрийн өмчлөлийн газраа түүний хүсэлтийн дагуу Б.Т-ийн нэр дээр шилжүүлж өгч,  Л түүнд мөнгө өгсөн нь үнэн. Гэхдээ газрын анхны өмчлөгч М.С-ын зарсан газрын талаарх асуудал гарч ирнэ. Тэрээр газар ч үгүй, дээр нь 21 000 000 төгрөгийн өрөнд орох нөхцөл байдалд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Иймд Л-ын нэхэмжилж буй 21 000 000 төгрөгийг буцаан өгөх нь зүйтэй гэж үзэж, түүний шаардлагыг зөвшөөрч байна гэв.

       Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах 678,99 м.кв газрын өмчлөх эрх шилжүүлсэн М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, Я.Т, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч М.С-ын нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

      Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул М.С-аас 21 000 000 төгрөг гаргуулах тухай БНСУ-ын иргэн Л /L/-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.С-аас улсын тэмдэгтийн хурааамжид урьдчилан төлсөн 273 000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн Л /L/-ын бие даасан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

       Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2017/16922 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч  М.С-тай 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээнд оролцож гэрээний нэг тал болсон Я.Т нь энэхүү гэрээг хийх ямар нэг хүсэл зориг байгаагүй, зөвхөн өөрийн нэр дээр тухайн газрыг түр байлгаж байгаач гэсэн Л-ын хүсэлтийн дагуу гэрээнд оролцсон талаараа шүүхэд тайлбар гаргасан. Энэхүү бэлэглэлийн гэрээ нь Я.Т-ийг газартай болгох эсвэл Я.Т өөрийн гэсэн өмчлөх эрхийн газартай болохын тулд байгуулагдсан хэлцэл биш. Зөвхөн хэлцэл хийсэн гадаад хэлбэрийг бий болгохын тулд хийгдсэн энэхүү үйлдэлд талуудын үнэн санаанаасаа илэрхийлсэн хүсэл зориг байгаагүй, энэ үйл баримт бүрэн нотлогдсон. Мөн шүүх нэхэмжлэгч М.С нь өөртэйгөө хэлцэлд оролцоогүй Б.Ү-г хариуцагчаар татсан нь буруу гэж шүүх үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийи 26.3 дахь хэсэгт заасан гуравдагч этгээд Я.Т, Б.А нap нэхэмжлэгч М.С-т ямар ч хохирол учруулсан үйлдэл хийгээгүй. Тэд зөвхөн хэлцэл хийгдсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд бусдын гуйлтаар хүчин төгөлдөр бус хэлцэлд оролцож байсан этгээдүүд юм.

      Харин нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж түүнд хохирол учруулж байгаа этгээд бол Б.Ү юм. Учир нь: нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газрыг 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын иргэн Л-д худалдаж харин төлбөрт нь 21 000 000 төгрөгөийг бэлнээр авсан байдаг. Тухйан маргаан бүхий газар Л-тай хамаарал бүхий Монгол улсын иргэдийн нэр дээр шилжиж байгаад хариуцагч Б.Ү өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа өөрийн хууль ёсны өмчлөлийн газар гэж маргаж, Л-ын түнш Монгол улсын иргэний нэр дээр шилжүүлэхээс татгалзаж маргаан гарснаас хойш 2 жил гаруй болсны дараа Л-ын нэхэмжлэл хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн.

     Гуравдагч этгээд Л нь нэхэмжлэгч М.С-аас 21 000 000 төгрөг шаардаж бие даасан шаардлага гаргаснаас харахад нэхэмжлэгч М.С газраа зарсан мөнгөө буцааж өгөхөд хүрч байна. Ийм учир хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бусдын өмчлөлд хууль бусаар очсон газраа Б.Ү-гаас нэхэмжлэх нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.С-ын өмчлөх эрхийг зөрчиж хохироосон хүнийг Б.Ү гэж үзэж байна. Шүүх 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болон  бусад хэлцэл  хийж байх үед нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд хууль зөрчсөн үйлдэл хийж байгаагаа мэдэж байсан учир тухайн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй  гэх  утгатай дүгнэлт хийж байна. Ингэснээр гадаад улсын иргэний орчуулагч хийж байсан Б.Ү нь өөрийн зүгээс ямар ч зардал гаргалгүй газрын өмчлөгч болох нөхцөл байдал үүсч байхад тухайн газрыг хууль ёсоор өмчилж авсан өмчлөгч М.С газар ч үгүй, газраа зарсан мөнгө ч үгүй болох нөхцөл байдал үүсч байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хууль зөрчсөн үйлдэл хийж байгаагаа мэдэж байсан бол тухайн үйлдлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй гэсэн ойлголт байхгүй. Харин ч хүчин төгөлдөр бус хэлцэл хийж байгаа талууд тухайн үйлдлийнхээ учир холбогдол, үр дагаврыг мэдэж тийм үйлдэл хийдэг. Энэхуү  үйлдлээс аль нэг талын  эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд  шүүх  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрхийн хамгаалалтын хүрээнд хууль зөрчиж хийсэн үйлдлүүдийг таслан зогсоож энэ үйлдлийн улмаас хохирсон этгээдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Мөн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага талуудын байгуулсан хэлцлийн хүчин төгөлдөр эсэхийг шалгах байгууллага биш учир бүртгэлийн байгууллагад гомдол гаргаагүй.

   Харин бүртгэлийн байгууллагын шийдвэрийн үндэслэл болсон хэлцэл хууль зөрчиж байгуулагдсан талаар маргаж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

  Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Ү-д холбогдуулан М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах 678,99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, үүний дараа Я.Т, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, Б.Ү, Б.А нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус байгуулагдсан бэлэглэлийн гэрээнүүдийг  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд гуравдагч этгээд БНСУ-ын иргэн Л /L/ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд 21 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

      Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж 0 тоотод байрлах, 18647311500610 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 678,99 м.кв газрыг өмчлөх эрх өмчлөгч С.С, С.Э, С.Б, С.С, С.Б, С.Я, Б.Ч нараас 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Я.Т, Я.Т-ийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлээр Б.Ү-аас 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.А-д, Б.А-аас 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Ү-д шилжсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх- 170-180/

     Маргаан бүхий газрын өмчлөх эрхийг хамгийн сүүлд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээний дагуу Б.А-аас Б.Ү-ийн өмчлөлд шилжсэн бөгөөд нэхэмжлэгч М.С нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Я.Т-тэй байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний нэг тал болох Я.Т-т холбогдуулан гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Ү-тай хэлцлийн үндсэн дээр эрх, үүрэг үүсгэсэн харилцаанд ороогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

    Мөн талуудын хооронд байгуулагдсан 3 удаагийн газар шилжүүлсэн хэлцлийн хувьд талуудын хүсэл зориг байгаагүй гэж үзэх боломжгүй бөгөөд тодорхой үр дагаврыг үүсгэсэн хэлцэл байгаа учраас эдгээрийг хүчин төгөлдөр бус болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.   

    БНСУ-ын иргэн Л-ын нэхэмжлэлтэй Б.Ү-д холбогдох дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлалаар зөвхөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01062 дугаар тогтоолоор магадлал хэвээр үлдсэн байна. /1 хав 60-91/

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.

          Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн Л  маргаж буй газрын үнэд төлсөн 21 000 000 төгрөгийг М.С-аас шаардсаныг тэрээр маргаагүй хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч уг тайлбар хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой байна. Иймд талуудын хоорондын хэлцлийн дагуу үүссэн үүрэг хожим дуусгавар болсон гэж үзэхгүй тул түүний гаргасан шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. 

        Нэхэмжлэгч Д.С нь Я.Т-тэй маргаан бүхий газрыг өмчлөх эрхийн талаар хэлцэл байгуулахдаа хэлцлийн үр дагавраа ойлгож байсан, түүнд холбогдуулан хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлын талаар маргаагүй атлаа өөртэй нь хэлцэлд оролцоогүй Б.Ү-г өмчлөх эрхийг зөрчсөн гэж хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгах, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

                                                                                                         Д.БАЙГАЛМАА