Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЗ/75

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Д.З

Шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ш-ын Т-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны ... дугаар сарын ...-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны... . дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, яс үндэс ...,.. .настай, эрэгтэй, .... боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... эхнэр  хүүхдийн хамт, Дорноговь аймгийн .... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, Д овогт Ш-ын Т /РД: .../

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Т нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойд зүгт 149 километрт 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 08 цагийн орчимд ... улсын дугаартай Тоёота Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, дотор нь зорчиж явсан Б.Д-ий биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугас дарагдал гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Т мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 05 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд Улаанбаатар хотын төмөр замын вокзал дээрээс 3 Монгол, 1 Хятад улсын иргэн авч Замын-Үүд чиглэлд явсан ба 1 хүн нь Дорноговь аймгийн Сайншандад бууж, 2 Монгол, 1 Хятад улсын иргэний хамт Замын-Үүд чиглэлд үргэлжлүүлэн явсан. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өглөөний 05:30-06:30 цагийн хооронд замын налуу хэсэгт гэнэт нойр хүрээд зүйрмэглээд л замын хажууу руу орчихсон. Зорчиж байсан Хятад иргэн бид 2 ойлголцож чадахгүй байсан учраас ослын дараа би Google translate ашиглаж тэр Хятад улсын иргэнд эмнэлэг дуудсан байгаа тул түр хүлээж байна уу гэж үзүүлтэл тэр Хятад хүн “Үгүй ээ, би маш чухал ажилтай, их яарч байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би таны бие зүгээр үү гэж асуухад “би зүгээр ээ, надад санаа зоволтгүй” гэж хэлээд машин дотор байсан өөрийн чемоданаа аваад замын унаанд суугаад явсан...” гэжээ. /хх-ийн 70-72-р хуудас/

            Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүрэгт байрлах төмөр замын вагоны зогсоол орчмоос ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Замын-Үүд сум руу  явсан. Би машинд суухдаа жолоочийн хажууд талын суудал дээр буюу урд суудал дээр явж байсан юм. Ингээд Улаанбаатар хотоос 10 цаг орчимд хөдөлсөн ба зам яваад хоноод 2023 оны 05 сарын 31-ний өглөө үүрээр унтаж байсан чинь гэнэт чимээ гараад сэрсэн чинь машин замын хажуу руу унасан байдалтай байсан. Би унтаж байсан учраас яагаад замын хажуу руу орсныг мэдээгүй, осол болсны дараа жолоочийг хүнтэй ярьж байхыг сонссон чинь жолоо барьж байгаад нойр хүрээд замаас гарчихлаа гэж байсан. Ингээд удаагүй байхад эмнэлгийн машин ирээд эмнэлэг рүү авч явсан. Надтай нийлээд 3 хүн байсан ба осол болсны дараа Хятад улсын иргэн нь шууд яваад өгсөн ба нөгөө эмэгтэй нь надтай хамт эмнэлэгт очсон..." гэх мэдүүлэг /xx-ийн 15-25-р хуудас/

            Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Замын-Үүдээс Улаанбаатар гэсэн зарын группээс Замын-Үүд явна гэсэн зарын дагуу Улаанбаатар хотын Вагон вокзал дээрээс цагаан өнгийн Тоёота Альпард маркийн автомашинтай 2023 оны 05 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд Улаанбаатар хотоос нийт 4 зорчигчтой Сайншанд чиглэлд явж, 1 зорчигч нь Сайншанд суманд бууж, 3 зорчигчтойгоор Замын-Үүд чиглэлд явсан юм. Би газрынх нь нэрийг сайн мэдэхгүй байна, Сайншанд сумаас 60-70 км орчим зайд явж байгаад өглөөний 05 цаг 40 минутын орчимд өндөр далангаас замын хажуу руу орсон. Тухайн үед би унтаж байгаад осол болох үед сэрсэн юм. Ослын улмаас миний толгой өвдөж байгаа. Тухайн үед миний хамарнаас цус гарсан байсан. Би хамраа өндөрлүүлэх хагалгаа хийлгэж байсан ба одоо хамрандаа гар хүрэхээр өвдөж байна. Дээд шүдэндээ аппараттай байж байгаад ослын үеэр доргисон юм уу гэмээр доод шүднүүд тэр чигтээ өвдөж, доод уруул язарч баруун гарын шуу хэсэг хөхөрч хавдсан, 2 хөлийн өвдөг хэсэг хөхөрч, хавдсан, арьс нь зулгарсан. Одоо цээж хэсгээр хөндүүрлэж амьсгал авахад өвдөнө, хүзүү хэсгээр мөн хөдлөхөөр хөндүүрлэж өвдөнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгжээний хэлтсийн ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. Б.Д-ий биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, нуас дарагдал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.” гэх дүгнэлт /хх-ийн 34-39-р хуудас/

            Хохирогч Б.Д-ий Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 01-р хуудас/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 03-08-р хуудас/

            Осол хэргийн газарт үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9-12-р хуудас/

            Техникийн эвдрэлийн дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хуудас/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 56-64-р хуудас/

            Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах /хх-ийн 87-р хуудас/

            Шүүгдэгч Ш.Т-ын урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р хуудас/

             Шүүгдэгч Ш.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 80-85-р хуудас/

 Шүүгдэгч Ш.Т нь хохирогч Б.Д-ий эмчилгээний болон бусад зардалд 1,768,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.О-ын эмчилгээний зардалд 720,000 төгрөг өгсөн баримтыг тус тус хавсаргав. /хх-ийн 88-103-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш-ын Т нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойд зүгт 149 километрт 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 08 цагийн орчимд ... улсын дугаартай Тоёота Альпард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, дотор нь зорчиж явсан Б.Д-ий биед  сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугас дарагдал бүхий хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Г нь хохирогч Б.Д-ий биед  сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугас дарагдал гэх эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг талаар 2023 оны 06 сарын 15-ны өдөр .... тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Шүүгдэгч Ш.Т-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ш-рын Т-ын нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойд зүгт 149 километрт 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 08 цагийн орчимд ... улсын дугаартай Тоёота Альпард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, дотор нь зорчиж явсан Б.Д-ий биед  сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугас дарагдал бүхий хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ш.Т-ын уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ш.Т нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирлын хувьд:

 

Шүүгдэгч Ш.Т нь хохирогч Б.Д-ий эмчилгээний болон бусад зардалд 1,768,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.О-ын эмчилгээний зардалд 720,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Ш.Тэт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг анх удаа  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Ш-ын Т /РД: .../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Ш-ын Т-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн цэсээр тогтоож,  2 /хоёр/ сарын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш. Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Хохирогч Б.Д, иргэний нэхэмжлэгч Х.О нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц