Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/103

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,

улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,

хохирогч Ц.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ын *******д холбогдох эрүүгийн 2307000000214 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *******эд ******* ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт *******,  *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20-21 цагийн орчим “” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.*******ын нүүрний зүүн хэсэг болон зүүн мөр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20-21 цагийн орчим “” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.*******ын нүүрний зүүн хэсэг болон зүүн мөр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05 дахь тал),

 

  • Хохирогч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр , гэх газарт овоо тахисан. Үдээс хойш 17 цагийн үед овоогоо тахиж дуусаад зүс таних Д.******* гэх залуутай хамт 2 шил архи хувааж уухаар болсон. Ингээд 19 цагийн үед ын хөдөө хээр задгай газарт архиа хувааж уусан. 20 билүү 21 цагийн үед Д.******* надруу гэнэт уурлаад “би чамайг алаад булаад хаячихна шүү” гэж хэлэхээр нь би уурлаад, түүнтэй хэрэлдэж маргалдсан. Тухайн үед Д.******* миний нүүр рүү гараараа олон удаа цохиод, мөрлүү бас цохисон. Би Д.*******д зодуулчихаад шууд гэртээ очсон. Шөнө болчихсон байхад манай эхнэр ажлаасаа ирээд намайг бусдад зодуулчихсан байхыг хараад цагдаа дуудаж, эмнэлэгт үзүүлэх ёстой гэж хэлээд энэ талаар мэдэгдсэн юм. Болсон үйл явдлыг ерөнхийд нь санаж байна. Д.******* бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

  • Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 22 билүү 23 цагийн үед ажил дээрээ байж байтал манай хүүхэд надруу залгаад “аав гаднаас зодуулчихсан согтуу ороод ирлээ” гэж хэлсэн. Би тэр даруйдаа ажлаасаа гарч яваад 00 цагийн үед гэртээ очиход нүүр ам нь хавдаж хөхөрч шалбарчихсан байсан. Би юу болсон талаар асуухад надад “Д.******* надтай архи ууж байгаад муудалцаад намайг зодоод ийм болгочихлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Яаралттай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаартай “ын *******ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

  • Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр , гэх газарт овоо тахисан юм. Овооны тахилга орой 19 цагийн үед дууссан. Ингээд удаагүй Ц.******* гэх зүс таних залуутай таараад түүнтэй архи хувааж уухаар болоод бид хоёр ын хойшоо байх эзгүй хээр газарт очоод авчирсан архиа хувааж уусан юм. Тэгэж байгаад бид хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Тухайн үед Ц.******* миний нүүр хэсэг рүү өвдгөөрөө шүргээд өнгөрсөн, тэгэхээр нь миний уур хүрээд шууд түүний нүүрлүү нь гараараа хэд хэдэн удаа цохичихсон юм. Тэр үед Ц.******* надад зодуулчихаад гэрлүүгээ явлаа гээд салаад яваад өгсөн, би ч гэсэн гэрлүүгээ харьсан. Тэгсэн шөнө 01 билүү 02 цагийн үед манай гэрт цагдаа нар ирээд “намайг хүн зодсон байна” гээд хэлтэс рүү аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*******ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.*******ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн болно. 

 

Иргэний нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ж. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох Ц.*******ын тусламж үйлчилгээний зардалд 161.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь 161.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дугаартай дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ