| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2020/00350/И |
| Дугаар | 184/ШШ2020/00540 |
| Огноо | 2020-02-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2020/00540
| 2020 02 12 | 184/ШШ2020/00540 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... тоот хаягт орш+ин суух, Г- овогт Э-ын Э- /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт оршин суух, Б- овогт Б-ын Г- /РД:-/-д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-, хариуцагч Б.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Э- миний бие нь Б.Г-тай 2008 онд нэг гэрт орон, 2009 он хүртэл хамтран амьдарсан. Бидний дундаас --ны өдөр хүү Э.Б-э мэндэлсэн. Хамтын амьдралтай байх хугацаанд гэр бүлээ батлуулж амжаагүй учир хүү Э.Б-ийг эх Э.Э-гаар овоглосон. Б.Г- нь хүү Э.Б-ийг ой гаран настайгаас нь өөр дээрээ аван одоог хүртэл асран, өсгөн бойжуулж байгаа бөгөөд бид одоо тус тусын амьдрал зохиосон. Иймд бидний дундаас төрсөн хүү Э.Б-ийг Б.Г-ын асрамжид үлдээж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргаж байна. Мөн Э.Э- миний бие нь бага насны хүүхэдтэй ба нялх 2 сартай тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин Улаанбаатар хотод очих боломжгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулах болно. Б.Г- нь өөрийн хүү Э.Б-ийг асрамжиндаа авахад татгалзах зүйлгүй талаар бид харилцан тохиролцсон болно” гэжээ.
Хариуцагч Б.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Э.Э- нь Б.Г- надтай 2008 онд нэг гэрт орж 2009 оныг хүртэл хамтран амьдарсан. Бидний дундаас --ны өдөр хүү Э.Б-э мэндэлсэн. Миний бие нь хүү Э.Б-ийг ой гарантайгаас нь өөр дээрээ одоог хүртэл асран, өсгөн бойжуулж байгаа бөгөөд бид одоо тус тусын амьдрал зохиосон тул Э.Э-гийн нэхэмжлэлийг дэмжиж зохих хуулийн дагуу өөрийн асрамжинд авахыг хүсэж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Э-, Б.Г- нар нь 2008 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтын амьдралаар амьдарч, тэдний дундаас --ны өдөр хүү Э.Б-э төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдов.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх нь үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх” талаар заасан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх адил үүрэг хүлээнэ, 10.2-т “эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг хуулийн 10.1-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.
Хариуцагч Б.Г- нь хүүхдийн эцэг болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй байна.
Хүү Э.Б-э нь одоо эцэг Б.Г-ын асрамжид байгаа, хүүхдийг эцгийн асрамжид үлдээх талаар талууд маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нь хариуцагч Б.Г- нь нэхэмжлэгч Э.Э-г эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдаж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Г- овогт Э-гийн Б-э /РД:-/-ийг эцэг Б.Г-ын асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Б.Г- нь нэхэмжлэгч Э.Э-г эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ