| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2019/0389/И |
| Дугаар | 599 |
| Огноо | 2019-10-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 599
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, Р-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, Э-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х, хариуцагч Э, гэрч Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөлийн газарт хууль бусаар түрж оруулж барьсан 3х4 хэмжээний блокон амбаарыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлөхийг хүсжээ.
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х миний бие 1973 онд дээд сургууль төгсөж ирээд аймгийн захиргаанд ажилд орсон. Тэр үед би ямар ч айлгүй газраас газар авч өөрийн гараар өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хашаа татаж барьсан. Ингэхдээ 1974 оноос одоогийн эзэмшиж буй газар ямар ч айлгүй цулгуй газар байхад өөрийн боломжийн хэмжээнд өөртөө байгаа материалдаа тааруулж 29х32 хэмжээтэй хашаа татаж амьдарсаар 45 жилийн нүүр үзлээ. Миний хойд талд эзгүй байсан газар Ж гэх айл ирж буусан. Тэгээд хашаа ч татаж амжаагүй байж байгаад өөрөө болон эхнэр нь нас барсан. Тэр газар бараг эзгүй шахуу байж байхад С гэх хүн тэр хашааны оронд байшин бариад амьдарч эхэлсэн. Тэрнээс хойш С, А сумын Засаг даргаар томилогдоод явсан. Тэр үед бас тэр хашаа эзгүй шахуу байсан. Дараа нь С гэх айл ирж буугаад хэсэг байсан. Миний бие Өсумын Засаг даргын 1996 оны 3-р сарын 1-ний өдрийн 15 дүгээр шийдвэрээр 810 км газар эзэмшилдээ авч улмаар үг газраа аймгийн Засаг даргын 2008 оны 2 дугаар сарын 09-ний 73 дугаар захирамжийн дагуу өмчлөлдөө Х, охин А, хүү А нарын нэр дээр авсан билээ. Одоо Э-гийн байж байгаа газарт Х гэх айл байсан. Х гэдэг хүн надыг амралт аваад хөдөө явах хооронд шургааган хашаанд тулгаж барьсан байшинтайгаа залгуулан 3x4-ийн хэмжээний амбаар миний зөвшөөрөлгүйгээр тэр хэсгийн шургаагийн авч хаяад миний газар лүү оруулж барьсан байсан. Тэгээд би учир байдлыг асуухад өөр газар байхгүй тул ингээд амбаар барьсан гэж хэлсэн. Бид нар хоорондоо зөрөлдөөд шүүх цагдаагаар очно гэхэд надад хоорондоо муудалцаад яах юм бэ би 2-3 жилийн дараа баруун талдаа зөөгөөд барья түр байлгаж байя чи хэл ам болоод яахав гэхээр түр азнасаар байгаад өдий хүрсэн. Тэгээд Х нь 3-4 жил байж байгаад тэтгэвэрт гарч А суманд нүүгээд явж тэр байшин эзэнгүй үлдсэн байсан. Тэндээ амьдарч байгаад Д аймгийн Ш сум руу нүүхдээ Э-д худалдаад явсан байсан. Э би энэ байшинг худалдаж авсан гэж ирэхээр нь би түүнд энэ амбаар ийм байгаа, учрыг олж өг гэхэд би мэдэхгүй, Х ах мэднэ гэж хэлсэн. Тэгээд би Х гуайд утасдаж хэлэхэд надад чи ийм жоохон газраар яах юм бэ гэж баахан зүйл хэлж зөвшөөрөөгүй. Х гуай миний баз байсан. Дараа нь би багийн Засаг дарга Ж болон газрын даамал Е хоёрыг дагуулж очоод Э байхад нь энэ миний модон хашаа, ингээд түрээд амбаар барьсан үүнийг захиргааны журмаар шийдэж өгөөч гэж хэлсэн. Тэр хэдэн онд байсныг одоо сайн санахгүй байна. Е, Ж хоёр баахан ярьж зогссон боловч Э зөвшөөрөөгүй. Тэгээд бид хоёрт та хоёр өөрсдөө хоорондоо асуудлаа зохицуул гэж хэлээд яваад өгсөн. Ийм байдлаар он дамжсаар улирсаар маргалдсаар өдий хүрлээ. 2016 онд энэ нөхөр шинэ байшин барихаар завдаж байхад би чамаас 2 зүйл гуйя гэж байгаад 1 дүгээрт чи энэ амбаараа буулгаж манай байшин гэрэл гэгээтэй болгож өг, 2 дугаарт та нар яг хашаанд байшинд бараг доогуур нь ортол малтсан жорлон, муу усны нүхээ дарж өг миний нялх ач нар байна тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж учирлаж хэлсэн.
Байшингаа барьсан боловч нүүлгээгүй сая шаардлага тавихад бүр давраад та хашаа руу байшингаа оруулж барьсан би хашаагаа урагшлуулна гэх маягаар дайрч давшлаад бараг л зодохын наахан юм болсон. Би асуудлыг хуулийн дагуу шийдье хэний газар болохыг хууль тогтоогоод өгнө гэсэн тэгээд хойноос баахан үг хэлээд хашхираад хоцорсон. Би ухамсартай, боловсролтой хүний хувиар аль болох хэл ам хийхгүй зохицуулъя гэж удаан тэвчиж ирсэн. Сүүлдээ бүр чиний хашааг нурааж хашаагаа урагш барина, тэр амбаар байдгаараа байна гэх маягаар дайрдаг болсон нь хэрээс хэтэрч аргагүйн эрхэнд асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр та нөхдөд хандахад хүргэлээ. Миний хашаа руу оруулж барьсан амбаарыг авхуулна гэдэг байдлаар би байшингаа хуучин шургааган хашаа, нүүрсний амбаар байсан газар руугаа тулган барьсан гэтэл миний байшингийн хоёр цонх энэ амбаар халхлан нар салхи үзүүлэхгүй бидний эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байгаа.
Иймд миний албан ёсоор эзэмшиж, өмчилж ирсэн газарт хууль бусаар түрж оруулан барьсан 3x4 хэмжээний амбаарыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Э шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э Ө сумын 0 дугаар багийн иргэн Х гэдэг хүнээс Ө сумын 0 дугаар багт байрлалтай газрыг хувийн сууцтайн хамт 2008 онд нийт 6,000,000 сая /зургаан сая/ төгрөгөөр худалдаж авсан юм. Худалдаж авахад тэр яриад байгаа 3x4 хэмжээтэй амбаар байсан бөгөөд газрын кадастрын хамт авахад газрын кадастрт тухайн амбаар миний эзэмшлийн газарт орсон болохоор бид хүлээн зөвшөөрч авсан юм. Би худалдаж авахдаа тухайн маргаан бүхий амбаар нь одоогийн байгаа хэвээр нь худалдаж авсан. Би тэр амбаарт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Гэтэл 11 жилийн дараа амбаараа аваарай гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Х гэдэг хүнтэй учир байдлаа олоогүй байж надад албадан нүүлгэ гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Хашаанд муу усны нүхээ ухсан гэж байх юм би өөрийн эзэмшлийн газарт нүхээ ухан уу миний асуудал, харин манай байшин таны амбаар барьснаар миний гэрт гэрэл гэгээ орохгүй байна гэж байгаа бөгөөд энэ нь надад ямар ч хамаагүй юм. Урьд нь байсан Н.Хөхөө гэдэг хүн Х-гийн танил хамаатан баз хүмүүс байсан бөгөөд тухайн амбаарыг барих үед өөрсдөө тохиролцож барьж, бариулсан одоо надад зарж явсны дараа хувийн ашиг сонирхлоор хандаж намайг дарамталж шүүхэд өгч байгаад нь би гомдолтой байна. Би газраа урагшлуулж барина гэсэн зүйл хэлээгүй худлаа хэлж байна. Иймд хуулийн дагуу уг газрыг амбаар, хувийн сууцын хамт худалдаж авсан байх тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х нь хариуцагч Э-д холбогдуулан өмчлөлийн газарт хууль бусаар түрж оруулж барьсан 3х4 хэмжээний блокон амбаарыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Газар өмчлүүлэх тухай №00 дугаар захирамжаар Ө сумын гэр хороололд газар өмчилж авахыг хүссэн 100 иргэнд 89803,5 м2 эзэмшил газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар хавсралтаар баталж байсан байна.
Улмаар 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х, А, А нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 667 м.кв газрыг өмчлөх эрхийн Г-0213000957 дугаартай гэрчилгээ олгож байсан ба үүнээс Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр 310 м.кв газар нь иргэн Б үлдсэн 357м2 (667-310) газрыг нэхэмжлэгч өмчилдөг мөн одоогийн газрын хэмжээ нь 447.5 м.кв газар болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Нэхэмжлэгчид Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Газар өмчлүүлэх тухай №73 дугаар захирамжаар өмчлүүлсэн 667м.кв газраас 310 м.кв газрыг иргэн Б-гийнх болохыг тогтоосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн газрын үзлэгээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчээс энэ талаар эрх бүхий байгууллага буюу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин хариуцагч Э нь 2008 онд нэхэмжлэгчийн баз болох Х-гээм газрыг өвлийн сууцтай хамт худалдан авах үед маргаан бүхий дээвэргүй 3х4 хэмжээний амбаар баригдсан, тухайн үед нэхэмжлэгчийн өвлийн сууц одоогийн байрлаж буй газарт байгаагүй, маргаан бүхий амбаар хариуцагч уг газрыг худалдаж авахаас өмнө буюу 2004 онд баригдсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдлоо.
Түүнчлэн шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн газрын кадастрын зургаар харьцуулахад маргаан бүхий амбаар баригдсан 13.9 м2 газар нь давхацсан байдалтай байгаа боловч хариуцагчид 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон гэр бүлийн хэрэгцээний 464 м.кв газрыг өмчлөх эрхийн Г-0213005950 дугаартай гэрчилгээ олгож, үйлдсэн газрын кадастрын зураг болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэдээллийн санд байгаа газрын кадастрын зураглалаар дээрх давхацсан газар нь хариуцагчийн газарт орсон.
Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газрын кадастрын мэргэжилтэн ажилтай Е-гийн шүүх хуралдаанд өгсөн ...Кадастрын үйл ажиллагаатай холбоотой манай аймагт 3 удаа хэмжилт кадастрын зураглал үйлдэгдсэн. Анх 2003 онд Мон ка канселтент ХХК үйлдсэн. Дараагаар нь 2009 онд АП ХХК үйлдсэн. Сүүлд 2012 оны сүүлээр Г ХХК-ийн туслан гүйцэтгэгч компани Т ХХК үйлдсэн. 2013 онд улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн сан бий болгох, газар дээрх үл хөдлөх хөрөнгө, газрын шинэчилсэн бүртгэл, нарийвчилсан тооллого хийх шаардлагатай болсон тул улсын хэмжээнд газрын хэмжилтийн ажил хийгдсэн ба Улаанбаатар хотоос шалгарсан компани газар дээр нь явж газар болон үл хөдлөх хөрөнгөд хэмжилт хийгээд кадастрын мэдээллийн санд оруулж өгсөн. Хамгийн сүүлд гарсан Э-гийн газрын кадастрын зурагт Е гээд миний нэрээр гарсан кадастрын зураг бол цахим мэдээллийн сангаас гарсан зураг байгаа. Бид нар үүнд ямар нэгэн өөрчлөлт хийх эрх байхгүй. Өнөөдөр манайх тухайн мэдээллийн санд байгаа кадастрын зургаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа. гэх гэрчийн мэдүүлгээр тухайн маргаан бүхий амбаар баригдсан газар нь хариуцагчийн газарт орж байгаа нь тогтоогдсон байна.
Кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсны дагуу үйл ажиллагаа эрхэлдэг, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д газрын кадастр нь газар зохион байгуулалтын арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг мөн гэж зааснаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээллийн санд байгаа кадастрын зургаар маргаан бүхий амбаар нь хариуцагчийн өмчлөлийн газарт багтаж байгаа ба нэхэмжлэгчээс уг нотлох баримтыг няцаах нотлох баримт гаргаж өгч нотолж чадаагүй болно.
Нөгөөтээгүүр хариуцагчийн худалдаж авсан гэх газрын өмнөх эзэн Н.Хөхөө нь тухайн маргаан бүхий блокон амбаарыг 2004 онд барьж, уг газраа үл хөдлөх хөрөнгийн хамт хариуцагч Э 2008 онд худалдсан байх бөгөөд нэхэмжлэгч Х 2012 онд уг маргаан бүхий блокон амбаарт зэрэгцүүлэн өвлийн сууцаа барьсан болох нь хэрэгт авагдсан 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн газраас олгосон 121 м.кв талбайтай хувийн сууцны үл хөдлөх гэрчилгээ, талуудын тайлбараар нотлогдож байгаа ба үүнээс дүгнэхэд уг өвлийн сууцаа барих үед маргаан бүхий амбаараас болж цонхонд нар тусах боломжгүй нөхцөл байдал бий болохыг урьдчилан мэдэж байгаа боловч уг нөхцөл байдлыг өөрөө бий болгож үүнээс болж эрхийг маань хариуцагч хязгаарласан гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий амбаар баригдаад 15 жилийн дараа гомдол гаргасан нь Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х-гийн өмчлөлийн газарт хариуцагч Э-гийн хууль бусаар түрж оруулж барьсан 3х4 хэмжээний блокон амбаарыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлөхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ