Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/554

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205029521023 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн *** дугаар хороо, ***-р хороолол, *** гудамж, *** байр, *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/, урьд

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг “цемент хямд үнээр олж өгнө хэмээн” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч *** нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөгийг цементийн урьдчилгаа болгон шилжүүлснийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** гэх *** дугаарын данс руу шилжүүлэн авч “залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг Шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ***ын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтэст 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 сард *** гэх хүнтэй Clubhouse-аар танилцаж чатлаж байтал *** өөрийгөө цемент зардаг гэхээр нь би цемент авъя гэтэл *** өөрийгөө 44 барилгын материалын зах дээр цемент зардаг, урьдчилгаа мөнгөө хийчихвэл цемент олоод өгье, одоогийн байдлаар цемент олдохгүй ховордчихсон байгаа, би наадмын дараа чамд цемент олоод өгье гэсэн. Тухайн үед үнэхээр цемент гадуур зарагдахгүй олдохгүй байсан тул би ***т итгээд 40 тонн цемент 1 тонныг нь 274 төгрөгөөр бодож авахаар болоод урьдчилгаа 1,500,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ***ын *** дугаарын данс руу шилжүүлэн өгсөн. Удалгүй *** дахин чат бичээд удахгүй цементийг чинь олж өгөх гэж байна дахиад 2,500,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би ***ын *** дугаарын данс руу 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд тэрнээс хойш ***аас цементээ нэхсэн боловч цемент олдохгүй байна, өнөө маргаашгүй олдох байх гэсэн шалтгаан хэлээд намайг залилсан. Би “***” ХХК-ийн *** дугаарын данснаас Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт ажил дээрээ байхдаа ***ын Хаан банкны *** дугаарын данс руу 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Нийтдээ 4,000,000 төгрөг болсон. Би ***тай ямар нэгэн холбоо хамаарал байхгүй, өмнө нь уулзаж байгаагүй, фейсбүүкээр танилцаж чаталж байтал өөрийгөө цемент зардаг, олж өгч болно гээд надаас мөнгө авсан боловч ямар ч цемент өгөөгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

3. ***ын Хаан банкны *** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 22-35 дахь тал),

 

4. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 7 сарын эхээр өмнө зүс таньдаг байсан *** над руу утсаар холбогдоод “цемент олоод өгөх боломж байна уу” гэхээр нь би “удахгүй Хөтөлөөс цемент ороод ирнэ, урьдчилгаагаа өгөөд авч болно” гэж хэлсэн. *** над руу урьдчилгаа мөнгө болох 4 сая төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн өгсөн бөгөөд би уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 64-66 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 67 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 69-70 дахь тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгч *** нь “цемент хямд үнээр олж өгнө” гэж хохирогч ***ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөгийг цементийн урьдчилгаа болгон шилжүүлснийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** гэх *** дугаарын данс руу шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна.

 

Энэ нь шүүгдэгч ***ын Хаан банкны *** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч *** нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн санаа зорилготойгоор гэмт хэрэг үйлдэж бусдыг хохироосон, хохирогчоос авсан мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан болох нь хэргийн дээрх үйл баримтаар тогтоогдсон тул түүнийг өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзнэ. 

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ын бусдыг хуурч, 2 удаагийн банкны гүйлгээгээр өөрийн дансанд хохирогчоос мөнгө шилжүүлэн авч хохироосон үйлдэл хууль бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд, шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч ***т ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга хэлбэр, шинж зэргийг харгалзсанаас гадна түүний ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог талаарх баримтгүй, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, түүнд 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***т 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч *** нь төлж барагдуулаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***аас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж, хохирогч ***т олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                  

                             

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч ***т олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА