| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2019/0400/И |
| Дугаар | 607 |
| Огноо | 2019-10-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 607
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суух, Т-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С,, хариуцагч Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г, түүний өмгөөлөгч З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт байршилтай миний барилгын материалын дэлгүүрийн хойд талын 700 м.кв газрыг эсхүл байшин байгаа газраас бусад газрыг гэрээний дагуу нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай.
Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суудаг Т миний бие 2018 оны 3 дугаар сард Б-гийн Ө сумын 0 дугаар багт байршилтай газраас 250 м.кв газрыг 34 сая төгрөгөөр худалдан авч 2 давхар барилгын материалын дэлгүүр барьж ашиглалтад оруулж байсан юм. Энэ оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б-тэй худалдах худалдан авах гэрээ байгуулж дэлгүүрийнхээ хойд талын 700 м.кв газрыг 73 сая төгрөгөөр худалдан авахаар болж харилцан тохиролцож нийт үнийн дүнгийн 50 хувь болох 36500000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 36500000 төгрөгийг газраа шилжүүлж өгсний дараа авахаар харилцан тохиролцож байсан. Гэтэл Б нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр над руу залгаж гэрээнээсээ татгалзахаар болсон чамд газраа зарахаас татгалзаж байна, С тэр газрыг 160 сая төгрөгөөр авах гэж байна. Авбал 160 сая төгрөгөөр ав, авахгүй бол чамд зарахгүй гэж хэлсэн. Би тийм зүйл байхгүй, нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учраас надад газраа шилжүүлж өг гэдгээ хэлсэн.
Гэтэл Б надаас авсан урьдчилгаа 36500000 төгрөгийг зөвшөөрөл авахгүйгээр миний Х банк дахь дансанд маань буцаан шилжүүлсэн байна. Иймд Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт байршилтай миний барилгын материалын дэлгүүрийн хойд талын 700 м.кв газрыг эсхүл байшин байгаа газраас бусад газрыг гэрээний дагуу нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би ажлын өрөөндөө ганцаараа сууж байхад хөрш айлын хүн болох Т орж ирээд та хойд талын газраа надад зарах уу гэж хэлсэн. Тэгээд би зарвал заръя гээд амаар тохиролцсон. Тэгээд Т надад би урьдчилгаа 36500000 төгрөгийг шилжүүлж өгье, гэхдээ гэрээ хэлцэл маягтай зүйл хийе гэж хэлсэн учраас нотариатад очоод хэлцэл хийсэн. Тэр өдөр миний дансанд 36500000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би анх Т тохиролцохдоо гэр бүлийн хүмүүстээ хэлээгүй байсан. Хэлцэл хийсний дараа би энэ газрыг Т-д зарахаар боллоо гээд гэртээ дагуулж ирсэн. Тэгэхэд миний гэр бүлийн хүмүүс надад байшин барилга олдохгүй, бид нарт газар олдох уу, энэ байшинг босгоход 60 сая төгрөг зарцуулсан, чанартай материалаар барьсан, өөрийнхөө үнийг нөхөж чадах уу гэж хэлсэн. Бид нарын хашаа бага талбайтай. Ө сумын А бүсэд баригдсан учраас тал талд нь өндөр барилга баригдсан, гудамж нь машин зөрж өнгөрөхөөргүй байсан. Тэгээд би том хашаатай газар олж авъя гэж бодоод анх тухайн газрыг худалдахаар тохиролцсон байсан. Тохиролцсоны дараа байшин барилга олж авах гээд гадуур байшин барилга хайсан боловч боломжийн үнээр гайгүй байшин барилга олдохгүй байсан. Миний гэр бүлийн хүмүүс таны хийсэн хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй, байшинг заруулахгүй гэж хэлээд намайг загнасан. Газар бол үл хөдлөх хөрөнгө учраас бид нарын амьдарч байсан байшин бас хамт явах юм байна, бид нар хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн учраас би гэрээнээс татгалзахаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Т над руу 2019 оны 5 дугаар сарын 28-ний өдөр мөнгө шилжүүлсэн. Миний бие хавраас эхлээд эрүүл мэнд муудаж эхэлсэн. Хавар болохоор л өвчин маань сэдэрдэг, байнга ам сангадаг, нойргүйддэг. Улмаар би Ц суманд ардын эмчид үзүүлэхээр 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Цэнгэл сум руу явсан. Би явахдаа Т-д хөдөө явлаа байж бай гэж хэлсэн. Би 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ц суманд очиж ардын эмчилгээ хийлгэж байхад 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Т над руу залгасан. Энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайн өдөр 21 цаг 50 минутад залгасан. Тэгэхэд би газраа зарахаас татгалзаж байна, гэр бүлийн хүмүүс зөвшөөрөхгүй байна, бид нарт байшин барилга олдохгүй юм байна, би хэд хоногийн дараа яваад очно наад газарт юм хийхгүй байж бай гэж хэлсэн. Намайг очиход 100 ширхэг буюу нэг портер машин блок буулгасан, өөр юм хийгээгүй байсан. Тэгээд би гэрээнээс татгалзаж байгаагаа хэлээд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ирэнгүүт мөнгөө шилжүүлье дансаа өгөөрэй гээд хүүхдээ явуулсан байсан. Би өөрөө тэр өдөр хэвтэрт байсан. Гэрт түргэн тусламж аваад гэртээ байж байсан. Т өөрийнхөн Х банкны дансаа болон Т гээд жижиг цаасанд бичээд өгсөн байна. Тэр дагуу өглөө Х банканд очоод мөнгийг нь шилжүүлж өгсөн. Тэгээд тэр өдөр үдээс хойш надад ирээд газар өмчлүүлэх тухай Засаг даргын захирамжийн хуулбарыг өгөөд явуул гэхээр нь өгөөд явуулсан. Мөнгөө бүрэн авсан уу гэхэд бүрэн авсан гэж хэлсэн. Мөнгө байрших хугацаа 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 8 хоног байсан бөгөөд би тэр мөнгийг нь бүрэн шилжүүлж өгсөн.
Энэ асуудал дахиж яригдахгүй байх гэж бодсон боловч 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өглөө Т миний ажлын өрөөнд орж ирээд та газраа өгөх үү гэхэд өгөхгүй, мөнгийг чинь буцааж өгсөн шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд тэгвэл шүүхэд өгнө гэхэд нь өгвөл өгөөрэй гэж хэлж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ямар нэгэн үндэслэлгүй худал зүйл дурдаж бичсэн байна. Би энэ талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа тодорхой бичсэн. Нэхэмжлэлдээ 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр над руу залгаж гэрээнээс татгалзаж байна, С 160 сая төгрөгөөр худалдаж авах гэж байна гэж худлаа бичсэн байна. Үүнийг худлаа гэдгийг хариу тайлбартаа бичсэн. Нэхэмжлэгч Т миний тайлбарыг няцаасан ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаад 129 хоног болж байна. Нэхэмжлэгч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй байгаа нэг шалтгаан нь өөрийнхөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй болоод оролцохгүй байгаа байх гэж бодож байна. Би 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Т рүү залгаж яриагүй. Хэрвээ намайг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр залгасан гэж байгаа бол тэрийг нотлох баримтаар нотлох ёстой. Би 0000000 гэсэн дугаарыг 16 дахь жилдээ хэрэглэж байгаа бөгөөд надад өөр дугаар байхгүй. Би хавтаст хэрэгт 5.28 өдрөөс 6.12 өдөр хүртэлх яриаг гаргаж өгсөн. Би хавтаст хэрэгт өөрийнхөө утасны дугаарын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх яриаг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ хугацаанд би нэхэмжлэгч Т рүү 2019 оны 5 дугаар сарын 28-ний өдөр 3 удаа, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нэг удаа ярьсан байна. Тэрнээс хойш ярьсан зүйл байхгүй. Өөрөө тэгвэл мөнгөө буцааж авъя гээд зөвшөөрөөд бичиж өгсөн гарын баримт нь байгаа. Үүнийг бас үгүйсгэж чадаагүй. Тэгэхээр бүх зүйл нь худлаа гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс С гэх хүнийг гэрчээр асуулгана гээд баахан хүсэлт, гомдол гаргасан. Энэ хүн надтай ямар ч холбоогүй хүн. Манай хашааны зүүн талын хашааг худалдаж аваад тэнд байшин, барилга барьж байгаа гэж сонссон. Би энэ хүнийг танихгүй. Нэхэмжлэгч Т өөрөө санаанаасаа зохиогоод гэрээнээс татгалзаж байгаа шалтгаа нь С-гаас болсон байж магадгүй, тухайн газраа С өгөх гэж байгаа гэж хардаж сэрдээд худлаа зүйл бичиж байна.
Нэхэмжлэгч Т урьд нь шилжүүлсэн мөнгөө 100 хувь буцааж авсан мөртлөө 3 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Намайг гэрээнээс татгалзсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Би 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр залгаж гэрээнээс татгалзаж байна гэдгийг сануулж хэлсэн. Би эмчилгээнээс ирсний дараа 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мөнгийг нь өөрийнхөн хүсэлтээр бүрэн шилжүүлж өгсөн. Гэтэл нэхэмжлэлдээ надаас зөвшөөрөл авахгүйгээр миний дансанд мөнгө шилжүүлсэн гэж худлаа бичсэн байна. Би өмнө нь бас урд талын газрыг боломжийн үнээр нэхэмжлэгч Т-д зарсан байсан. Энэ удаа ингэж нэхэмжлэл гаргаад сунжруулаад асуудал болгож байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч өөрөө албан ёсоор нотлох баримт гаргаж өгөөгүй мөртлөө хувийн шуналдаа хөтлөгдөөд энэ газрыг хямдхан үнээр авах санаатай шүүхэд нэхэмжлэл гаргаад улайраад явж байна гэж ойлгож байна. Энэ газрыг заавал Т авах алба байхгүй. Өмнө нь түүнд зарах газраа зарсан. Тэгээд хуульд зааснаар гэрээнээс татгалзаад мөнгийг нь буцааж өгсөн. Энэ газарт 140 м.кв талбайтай өнгөрсөн жил улаан тоосгоор барьсан хувийн байшин байгаа. Энэ байшингийн фото зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Миний өмчлөлийн хашаа 700 м.кв байгаа. Үүнд 3 гараж, нэг амбаар байгаа. Хашаанд эсгий гэрээ барих, машин тавих талбай хомс байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Гэхдээ энэ өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага бас үндэслэлгүй байна. Энэ асуудалд манай гэр бүлийн бүх гишүүдийн эрх ашиг зөрчигдөж байна. Миний нэг хүүхэд бас шүүхэд хүсэлтээ гаргасан. Нэхэмжлэгчийн хэлж байгаачлан тухайн байшингийн байрлаж байгаа газрыг үлдээгээд бусад газрыг Т-д өгнө гэсэн ойлголт байхгүй. Бид нар үнс асгах газар, махны амбаар, эсгий гэр барих газар, гарааж гэх байдлаар иж бүрэн байж амьдарна. Энэ бол нийтийн орон сууц биш. Монгол Улсын иргэнд 0,07 га газрыг улсаас зөвшөөрдөг. Манай гэр бүл дээрх зөвшөөрсөн газарт л амьдарч байгаа. Нэхэмжлэгч өнөөдрийн шүүх хуралдаанд ирэхгүй байгаад байшинг үлдээгээд бусад газрыг авъя гэж байгаа нь ямар учиртай юм бэ. Нэхэмжлэгч Т бид хоёр хэлцэл хийснээс болж Т ямар нэгэн хохирол амссан бол энэ талаар нотлох баримтаа гаргаж ирэх ёстой. Хэлцэл хийснээс учирсан хохирлоо нотлох баримтаар нотлох юм бол би төлөх ёстой. Байшин байгаа газрыг үлдээгээд бусад газрыг авна гэж байгаа нь үндэслэлгүй. Би тухайн үед мөнгийг нь авлаа буцаагаад өглөө асуудал дууссан гэж ойлгоод явж байхад 3 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Би гэрээнээс татгалзаад гэрээгээр олж авсан зүйлээ буцаагаад өгсөн. Тухайн газрыг манай гэр бүлийн хүмүүс зарахгүй гэж шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өнөөдрийн шүүх хуралдаанд өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г шүүхэд бичгээр гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие Г амьдралдаа анх удаа шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Миний нөхөр болох Б нь Т-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан юм. Шалтгаан нь 2019 оны 5 дугаар сарын сүүлээр иргэн Т гэх хүнтэй нууцаар өөрөө ганцаараа ажлын өрөөндөө хэлэлцэн тохиролцож, бидний амьдарч байгаа газрыг зарахаар болж баримт бичиж өгсөн юм. Түүнээс урьдчилгааг авсны дараа төвд ойрхон газраас шинээр барьсан хашаа байшин олж өгнө гэсэн тул түүнд итгэж хэдэн хоног хүлээсэн боловч олдоогүй юм. Тэгэхээр түүний ганцаараа хууль зөрчиж гэр бүлийн гишүүд бидний эрх ашиг, сонирхлыг хохироож гаргасан шийдвэрийг нь эсэргүүцсэний дараа өөрөө хийсэн хэлцлээсээ татгалзаж буйгаа Т-д мэдэгдэж улмаар авсан урьдчилгааг нь өөрийнхөн зөвшөөрснөөр буцааж өгөөд гэрээгээ цуцалсан байсан. Гэтэл Т гэдэг хүн нөгөө тал гэрээнээсээ татгалзсаныг хүлээн зөвшөөрч өгсөн мөнгөө буцааж авчихсан мөртлөө өөрийн хувийн ашиг сонирхол, шунал нь хөдөлж бидний газар, хашаа байшинг хямдхан үнээр авчих санаатай ямар ч үндэслэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэр бүлийн бусад гишүүд болон 3 хүүхдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байдалд хүрсэн тул Г би тус шүүхэд гуравдагч этгээдээр татан оролцуулахыг хүсэж бичгээр хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах тухай 7 дугаар сарын 18-ны өдөр захирамж гаргасан тул би өнөөдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна.
Бид хоёр 31 жилийн өмнө гэр бүл болсон ба энэ хугацаанд 5 хүүхэдтэй болсон, одоо ам бүл 5-лаа амьдарч байна. 1991 онд Дархан хотоос шилжин ирээд одоо байгаа 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 өрөө байшин худалдаж аваад амьдарч эхэлсэн. Тэр газарт 1998 онд 5 өрөө байшин, 2018 онд 8 өрөө тоосгон байшинг орчин цагийн загвараар барьж дөнгөж дуусгаад одоо амьдарч байна. Гэтэл манай нөхөр гэр бүлийн гишүүд болох бидэнтэй ярьж тохирч зөвшөөрөл авалгүй, дур мэдэн газар зарна гэсэн нь гэр бүлийн гишүүн бидний эрх ашгийг ноцтой зөрчихөд хүргэж болзошгүй байна. Т гэрээнээс татгалзсанаас болж ямар нэгэн байдлаар хохирол амсаагүй бөгөөд түүний эрх ашиг ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй гэдгийг хэлмээр байна. Уг 8 өрөө бүхий өвлийн сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авч амжаагүй байсан ба харин сүүлд шинээр гэрчилгээ авсан юм. Тухайн өвлийн байшин нь гэр бүлийн гишүүд бидний хөрөнгө, хүч хөдөлмөр шингэсэн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө мөн тул өмчлөлийн газартай нь хамт худалдахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр байшинг зарж борлуулах, захиран зарцуулах нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн насанд хүрсэн бүх гишүүдийн зөвшөөрснөөр шийдэгдэх учиртай ба харин хэн нэгэн хүн дур мэдэн ганцаараа захиран зарцуулах эрх байхгүй гэдгийг хууль, журам судалж байж ойлгосон юм.
2018 онд бидний өмчлөлийн хотын А бүсэд байршилтай, хар замын дагуу байршилтай өмчлөлийн газрын мөн зам руу харсан хэсгийн 250 м.кв газрыг мөн Т-д зах зээлийн ханшаас хямдхан үнээр зарсан, тухайн үед тэр газар үл хөдлөх хөрөнгө байхгүй тул янз бүрийн зүйл хэлээгүй дуугүй өнгөрсөн юм. Харин тэгсэн чинь энэ удаа бас Т нь манай нөхрийн ажлын газар дээр ганцаараа очиж, тархи толгойг нь эргүүлж газрыг зарахаар урьдчилан тохирч, өөртөө ашигтай шийдвэр гаргуулахыг завдах болсон явдал нь гэр бүлийн гишүүд бидний зөвшөөрөлгүй хийгдсэн тул одоо биднийг амьдрах орон байргүй болгож, гэр бүлээрээ хохироход хүргэн шахсан. Тухайн үед Т нь Б-гийн ажлын байран дээр өдөр болон шахуу очиж нууцаар ярилцаж байсан болохыг нь сүүлд сонсож мэдсэн. Харин гэр бүлийн эзэн хүн газар зарахаар тохирох үед дээр нь байгаа хашаа байшин бусад барилга байгууламжаа яах талаар огт бодолцоогүй байсан юм байна. Биднийг аргадаж байгаад зарна гэж бодсон санаа нь ингээд бүтэлгүйдсэн тул гэрээнээсээ татгалзсанаар дуусгавар болж байсан. Тэгэхээр тэдний хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл мөн учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн гэж үзэж байна.
Тэгээд гэр бүлийн гишүүд нь амьдарч байгаа хашаа байшингаа хэнд ч худалдахгүй гэж шийдвэрлэснээр би гуравдагч этгээдийн төлөөлөл болж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг дэмжин оролцож байна. Бидний хоёрын эрэгтэй хүүхэд гэр бүл болж тусдаа амьдарч байгаа боловч үлдсэн гурван хүүхэд бид нартай хамт нэгэн гэр бүлд амьдарч байна. Бид дан ганц байшинд амьдрахаас гадна орон сууц биш учраас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх учиртай тул бидэнд бие засах газар, бохироо асгадаг цооног, илүү бараа, хүнсний зүйлээ хадгалах өрөө, түлээний амбаар, машины гарааж, эсгий гэрээ барих газар, зуны байр, хашаа хүн машин орох хашааны хаалга зэрэг нэн шаардлагатай байр орон газар байх ёстой. Тэгж байж л бид амьдрах ёстой болох нь хэнд ч гэсэн ойлгомжтой зүйл юм.
Бид 2018 онд байшингаа шинээр сэргээн орчин цагийн загвараар барих гэж 6 сарын турш хөлсөөр ажил гүйцэтгэх хүмүүстэй гэрээ хийж бариулах гэж гэр бүлээрээ олон жилийн туршид хуримтлуулан цуглуулсан хөрөнгөө зарцуулж, өөрсдөө жилийн турш хөдөлмөрлөж, хөлсөө урсган барьсан байшингаа хэн нэгэнд зүгээр өгөхийг хүсэхгүй байна. Байшинг хамгийн үнэтэйд тооцогдох чанартай барилгын материалаар барьж босгосон, насныхаа эцэст гайгүй байранд амьдаръя гэж бодоод л хөрөнгө мөнгө, хөдөлмөрөө харамгүй зарцуулсан. Тэгсэн чинь эцэс сүүлдээ хүнд булаалгах дөхөөд байна. Манай аймгийн төвийн хүн ам жил ирэх тусам нэмэгдэн нягтарч хэт төвлөрөл бий болсон энэ үед жирийн иргэд байшин барилга барих газаргүй болж байгаа тул бидэнд газар ч байшин ч олдох боломжгүй болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй. Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй гэж тус тус заасан нь эд хөрөнгө өмчилж, ая тухтай орчинд амьдрах боломжийг хуулиар ханган баталгаажуулж өгсөн байгааг харуулж байна. Нэгэнт хийсэн гэрээ хэлцлээсээ нэг тал татгалзаж, өгсөн авснаа харилцан буцааж өгсөн байхад нь түүнийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө хэсэг хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бидэнд ойлгомжгүй зүйл болоод байна.
Иймд гэр бүлийн гишүүд бид амьдарч байгаа хашаа байшин болон газрыг бусдад худалдахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба үл хөдлөх хөрөнгө бол бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн байгаа тул гэрийн эзэн урьд хийсэн хэлцлээсээ татгалзсанаар хүчингүй болсон бөгөөд мөн урьд хийсэн хэлцэл нь хууль зөрчиж хийгдсэн учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Т-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т нь хариуцагч Б-д холбогдуулан Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт байршилтай миний барилгын материалын дэлгүүрийн хойд талын 700 м.кв газрыг эсхүл байшин байгаа газраас бусад газрыг гэрээний дагуу нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн харилцан гэрээ-д Ө сумын 0 дугаар багийн оршин суугч Т овогтой Б / миний бие Ө сумын 0-р багийн нутаг дэвсгэрт байршилтай өөрийн гэр бүлийн хэрэгцээний газраас 700 орчим м.кв газрыг Ө сумын 0-р багийн иргэн Ш овогтой Т-д 75.000.000 /далан таван сая/ төгрөгөөр үнэлэн худалдахаар харилцан тохиролцож, нийт үнийн дүнгийн 50 хувь нь болох 36.500.000/ гучин зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг бэлнээр авсан ба үлдэх 36.500.000 /гучин зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг газраа шилжүүлж өгсний дараа авахаар харилцан тохиролцов гэсэн ба нэхэмжлэгчээс энэхүү баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.
Хэрэгт авагдсан 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 000450862 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр[1] хариуцагч Б нь Ө сумын 0-р баг, 0 гудамж 0б тоотод байршилтай, 0000000 нэгж талбарын дугаартай, 978 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдож байна.
Хариуцагч Б нь өмчлөлийн 978 м.кв газраас нэхэмжлэгч Т-д 250 м.кв газрыг 2018 оны 3 дугаар сард худалдсан байх бөгөөд түүнд талууд маргаагүй ба харин үлдсэн 728 м.кв газраас 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Харилцан гэрээ-ний дагуу 700 м.кв газрыг нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б-д даалгахыг нэхэмжлэгчээс хүсжээ.
Гэтэл нэхэмжлэгчийн 2019.05.28-ний өдрийн Харилцан гэрээн-ний дагуу нэр дээр шилжүүлэхийг хүссэн 700 м.кв газар нь зөвхөн нэг хүний өмч буюу хариуцагч Б-гийн дээр бүртгэлтэй түүний өмчлөлийн газар байгаа боловч уг газарт урьд нь Б, Г, А, А нарын өмчлөлийн 92 м.кв талбайтай, дөрвөн өрөө өвлийн сууцтай байсан нь 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Y-00000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр[2], дараа нь уг өвлийн сууцыг нурааж 2018 онд 140 м.кв талбайтай, найман өрөө өвлийн сууц барьсан нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Y-0000000 дугаар бүхий дээрх дөрвөн хүний өвчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр, мөн уг газарт өвлийн сууцаас гадна 2 гарааж, амбаар байгаа болох нь маргаан бүхийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл болон маргаан бүхий газрын схем зураг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна гэж заасан ба мөн хуулийн 84.3-д газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж газрыг үл хөдлөх хөрөнгөд хамаарахаар заасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн Харилцан гэрээ-нээс үзэхэд талуудын хооронд газар худалдах худалдан авах бичгийн хэлцэл хийгдсэн байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.
Зохигчдын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр хийснээр тооцогддог ба үл хөдлөх эд хөрөнгө худалдаж байгаа бол гэрээг бичгээр байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх заалтуудад тус тус зохицуулжээ.
Мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан ба тухайн маргаан бүхий газарт 2 гарааж, амбаар болон 140 м.кв талбайтай, найман өрөө бүхий өвлийн сууцны зориулалтай Б, Г, А, А нарын 4 хүний хамтран өмчлөх дундын үл хөдлөх хөрөнгө байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон, маргаан бүхий газрыг худалдахад хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг аваагүй, тэд газрыг худалдахаас татгалзсан байна.
Иймээс нэхэмжлэгч Т, хариуцагч Б нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуульд заасан хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг авах, гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Худалдах, худалдан авах гэрээ нь талуудын чөлөөт байдлын зарчимтай холбоотой бөгөөд хариуцагч Б-гээс газраа худалдахаас татгалзаж хэлцлийн дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэгчийн бичиж өгсөн[3] Х банкны 0000000 дугаар дансанд шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. Энэ нь хэрэгт авагдсан Т-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 84 дүгээр зүйлийн 84.3, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т-гийн Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт байршилтай миний барилгын материалын дэлгүүрийн хойд талын 700 м.кв газрыг эсхүл байшин байгаа газраас бусад газрыг гэрээний дагуу нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б-д даалгаж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ
[1] ХХ-ийн 24 дүгээр тал
[2] ХХ-ийн 23 дугаар тал
[3] ХХ-ийн 19 тал