Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/608

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

Хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгч ***,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303002480243 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *** ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн *** дугаар хороо, ***-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суудаг, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн *** дугаар хороо “***” төвийн зүүн замд 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цаг 00 минутын орчимд Toyota Alphard маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч, хохирогч ***ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.             

      

     ТОДОРХОЙЛОХ нь:

                               

Нэг. Шүүгдэгч ***ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “...Би санаандгүй явж байгаад зам тавьж өгч байна гэж бодоод мөргөсөн юм. Тэгээд би эмнэлэг рүү явах уу гэсэн чинь бие зүгээр байна гэсэн. Чи намайг UB place-н үүд рүү хүргээд өг гэсэн. Би та зүгээр үү гэхэд зүгээрээ гэсэн. Тэгээд би утасны дугаараа өгөөд явсан. Өөрөө алхаад орохоор нь гайгүй байх гэж бодсон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэхдээ: “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний орой ээж манай гэрт хөл нь эвгүй гишгэж болохгүй ирсэн. Яасан гэсэн чинь тоглолт үзэх гээд явж байгаад ийм юм болчихлоо гэсэн. Би гэмтлийн эмнэлэг рүү дагуулж яваад эмчид үзүүлэхэд ямар нэгэн бэртэл байна гэсэн. Тухайн үед гэрээс гараад энэ эмэгтэй рүү яриад тухайн үед шууд эмнэлэгт үзүүлэхгүй яасан юм бэ. Одоо гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Гэмтлийн эмнэлэгт хугарал байгаа тул гипсдүүл гэсэн. Тэгээд зөвлөгөө авах үед энэ хүмүүс гаднаас орж ирсэн. Хугаралгүй юм биш үү гэсэн, эмч хугаралгүй бол яах гэж гипсдэх вэ дээ гэсэн. Тэгээд би ээжийгээ авч гараад шинжилгээ өгсөн. Тээврийн цагдаагийн газраас яриад хохирогчийн мэдүүлэг өг гэсэн. Шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд хамт явж үзүүлье гэсэн чинь хамт явахгүй байсан. Тэгээд би хамт явъя гэхэд ирээгүй. Шүүх эмнэлэгт үзүүлээд явж байхад MRA хийлгэе гэсэн. Хаана хийлгэх вэ гэсэн. Надад эмнэлгийн хаяг өгсөн очоод эмчилгээ хийлгэ гэсэн. Тэр эмнэлэг дээр очиход ажиллахгүй 7 хоног болж байгаа гэсэн. Анх 8,000,000 төгрөгөөр тохиръё гэсэн одоо явцын дунд 5,000,000 төгрөг болсон. 4 дүгээр сарын 07-ны өдөр осол болсноос хойш явсаар байгаад 7 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийн хохирол болж байна. Би мөрдөгчид хохирлын баримтуудаа өгсөн байсан, сая сейфээсээ гаргаж өгсөн. Эхлээд 788,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Дараа нь хэрэг шүүх рүү шилжих үед баримтууд гаргаж өг гэсэн, тэр үед өгсөн. 1,195,560 төгрөгийн баримт гаргаж өгсөн. ...Ээж маань суга таягтай байсан одоо 1 таягтай явж байгаа. 5,000,000 төгрөг хохирол, хор уршигт тооцож авсан, цаашдаа хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч *** мэдүүлэхдээ: “Машинд ямар нэгэн гэмтэл гараагүй тул гомдол саналгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 5.000.000 төгрөгийн талыг би хүнээс зээлж авч өгсөн” гэв.

Эрүүгийн 2303002480243 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

 

2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Тухайн өдөр УБ паласт тоглолт үз гэж 14 цагийн үед хамаатны дүү Х.Хуягаа 1 ширхэг тоглолтын тасалбар авч ирж өгсөн. 18 цаг өнгөрөөгөөд Хорооллын 40-р сургуулийн хажуу талын 32-р байрнаас автобусанд суугаад өргөө кино театр дээр буугаад урагшаа УБ палас руу алхсан. УБ паласын харалдаа ирээд явган хүний замаар явж байхад явган хүний зам руу машинууд шахаад тавьсан байсан учир хашаа машин 2 хооронд явж багтахгүй байхаар нь машинуудыг тойроод УБ паласын хаалга руу орох гээд ойртож байхад нэг машин түг гээд мөргөсөн өвдөглөж унаад босоод чи яагаад мөргөчихвөө хүн хардаггүй юм уу гэхэд би таныг зам хөндлөн гарчихлаа гэж харлаа гээд бууж ирээд УБ палас руу түшээд оруулж өгсөн. Тэгээд би тоглолтоо үзээд хороололд хүүгийндээ очиход хөл өвдөөд байхаар нь учир байдлыг хүүдээ хэлээд ГССҮТ-д очиж үзүүлэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ГССҮТ-д үзүүлэхэд хөлийн тавхайн яс хугарсан байна гээд зүүн талын хөлийг гипсдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний оройны 18 цагийн үед манай ээж *** нь Баянгол дүүргийн нутаг Улаанбаатар палас төв рүү тоглолт үзэхээр явж байхад нь араас нь машин ирж мөргөсөн гэсэн. Манай ээж бид нарт хэлээгүй орой 23 цагийн үед гэртээ ирээд гутлаа тайлахдаа ёолоод байхаар нь асуутал, тоглолт үзэхийн өмнө намайг машин араас ирж мөргөсөн гэж хэлсний дагуу бид нар шууд гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд зүүн хөлний тавхай хэсэг нь хугаралтай байна гэж эмч хэлээд шохойдсон. Түүнээс хойш гэртээ хэвтрийн байдалтай байгаа. Маргааш нь би ээжийг авч явж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өмнө нь манай ээж ямар нэгэн байдлаар гэмтэж байгаагүй. Одоогоор манай ээж *** нь манай гэрт миний асаргаанд байгаа. Би хувиараа ачигч машинаар халтуур хийж мөнгө олдог байсан боловч осол гарсан өдрөөс хойш би ээжийгээ сахиж байгаа. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

 

4. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4862 дугаартай: “...***-н биед зүүн тавхайн завь хэлбэрт ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

5. Иргэний хариуцагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би автомашиныг 2023 оны 2 дугаар сард худалдаж аваад өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж авснаас хойш хааяа унаж хэрэглэдэг. Ихэвчлэн манай дүү *** унаж хэрэглэдэг юм. Автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан болохоор миний зүгээс хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122 дахь тал),

 

6. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 04 дүгээр сарын 19- ний өдрийн 271015 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-42 дахь тал),

 

7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
 

8. Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 249.000 төгрөг гарсныг ***аас гаргуулж Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101 дэх тал),

 

9. Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “...Toyota Alphard маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх магадалгаа (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

 

10. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө ослын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор одоо надад өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэхдээ би UB паласын зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явж байгаад баруун гар тийшээ эргэх үйлдэл хийх үед миний баруун гар талд явган зорчигчид явж байгаа харагдсан. Тэр хүмүүс намайг өнгөрүүлээд явах гээд зогсчихоор нь надад зам тавьж өгч байна гэж ойлгоод эргэх үйлдэл хийх үед тэр хүмүүс дундаас нэг эмэгтэй гарч ирээд машинд мөргүүлсэн. Би тэр эмэгтэйг хараагүй. Би замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөө ойлгож ухамсарлаж байгаа. Хохирогчийн эмчилгээ эм тарианы зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111 дэх тал) болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн эмчилгээний төлбөрт зарцуулсан 6 ширхэг баримт, шүүдэгчээс 5.000.000 төгрөг хүлээн авсан талаарх бичгээр гаргасан хүсэлт, шүүгдэгч ***аас Эрүүл мэндийн даатгалын санд 249.000 төгрөг төлсөн талаарх Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.000.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** нь миний хамгийн бага төрсөн дүү бөгөөд багадаа хамт өссөн, миний дүү тайван тогтвортой, ямар нэгэн юманд нухацтай ханддаг, Улаанбаатар дээд сургуулийг суралцан төгссөн, одоогоор хувиараа наймаа хийдэг. Би одоогоор төрсөн дүү ***тай хамт амьдардаггүй. *** нь өмнө нь багадаа Өвөрхангай аймгийн Хужирт суманд сургууль төгссөн. Одоогоор хоёр хүүхдийнхээ хамт Баянгол дүүргийн нутагт амьдардаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 45 дахь тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 46 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 47 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 28-29 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ***ын гэрчээр өгсөн “...УБ Паласын хаалга руу орох гээд ойртож байхад нэг машин түг гээд мөргөсөн өвдөглөж унаад босоод чи яагаад мөргөчихвөө хүн хардаггүй юм уу гэхэд би таныг зам хөндлөн гарчихлаа гэж харлаа гээд бууж ирээд УБ палас руу түшээд оруулж өгсөн. Тэгээд би тоглолтоо үзээд хороололд хүүгийндээ очиход хөл өвдөөд байхаар нь учир байдлыг хүүдээ хэлээд ГССҮТ-д очиж үзүүлэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ГССҮТ-д үзүүлэхэд хөлийн тавхайн яс хугарсан байна гээд зүүн талын хөлийг гипсдсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний оройны 18 цагийн үед манай ээж *** нь Баянгол дүүргийн нутаг Улаанбаатар палас төв рүү тоглолт үзэхээр явж байхад нь араас нь машин ирж мөргөсөн гэсэн. Манай ээж бид нарт хэлээгүй орой 23 цагийн үед гэртээ ирээд гутлаа тайлахдаа ёолоод байхаар нь асуутал, тоглолт үзэхийн өмнө намайг машин араас ирж мөргөсөн гэж хэлсний дагуу бид нар шууд гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд зүүн хөлний тавхай хэсэг нь хугаралтай байна гэж эмч хэлээд шохойдсон. Түүнээс хойш гэртээ хэвтрийн байдалтай байгаа. Маргааш нь би ээжийг авч явж шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4862 дугаартай: “...***-н биед зүүн тавхайн завь хэлбэрт ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 04 дүгээр сарын 19- ний өдрийн 271015 дугаартай дүгнэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “...Toyota Alphard маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх магадалгаа болон шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо “***” төвийн зүүн замд 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цаг 00 минутын орчимд Toyota Alphard маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, явган зорчигч ***ийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан тул шүүгдэгч *** нь аюул, хохирол учруулах, хөдөлгөөнд осолтой байдал бий болголгүйгээр тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүй явган зорчигч ***ийг мөргөсөн үйлдэл нь хууль бус буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

 

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд зүүн тавхайн завь хэлбэрт ясны далд хугарал гэмтэл учирсан бөгөөд хохирогч ***ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 4862 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

 

Өөрөөр хэлбэл, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2303002480243 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, учирсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***д мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4862 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан 788.000 төгрөгийн баримтыг, шүүхийн хэлэлцүүлэгт 407.560 төгрөгийг баримтыг нийт 1.195.560 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн.

Шүүгдэгч *** нь шүүхийн шатанд хохирол хор уршигт тооцож нийт 5.000.000 төгрөг нөхөн төлсөн, энэ талаарх баримтыг гаргаж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч *** нь “...тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл гараагүй тул нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн байна.

Мөн хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 249.000 төгрөгийг шүүгдэгч *** нь Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлжээ.

Иймд шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол хор уршигт тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.000.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 249.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар нь “цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА