Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/390

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2305000000859 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар бичил хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, (РД:***), урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь согтуугаар хардалтын улмаас 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний шүүхийн хойд талд ил авто зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч ***ийн өмчлөлийн *** улсын дугаартай “Тоёота Камри XV50” маркийн тээврийн хэрэгслийн эд ангиудыг санаатай эвдэж, гэмтээсний улмаас түүнд нийт 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулжээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би найз болох *** болон *** гэх найзын хамт Модны 2-т байрлах Моли нэртэй пабад орж уулзаж пиво ууж байгаад ***гийн найз *** ирсэн бөгөөд бид 4 хэсэг сууж байгаад тухайн пабаас гарч миний цэнхэр өнгийн *** улсын дугаартай тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг ***-Эрдэнэ унаад бид 4 Баянгол дүүргийн ***-р хороонд байрлах иргэний шүүхийн ард талын зочид буудал руу 01 цаг өнгөрч байхад орсон. Буудалд ороод байж байхад дугаараа нууцалсан дугаараас 10 удаа миний *** гэсэн дугаар луу залгаад авахаар дуугарахгүй яриад сонсоод салгаад байсан. Удалгүй *** гэх эмэгтэй нь гарч яваад буцаж орж ирээгүй. Бид 3 унтаж амраад өглөө босоод өөрийн машин дээрээ ирэхэд миний машины жолооч талын 2 дугуй хагарсан, жолооч талын кырлон урд хойд хаалга зурагдсан, машины урд талын улсын дугаар салгасан байдалтай байхаар нь ойр орчмын камер үзэх гэсэн боловч миний машины туссан камер байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгч хандсан. 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө над руу *** дугаараас би *** хуучин үерхэж байсан залуу нь байна би чиний машиныг зурж гэмтээгээд дугуйг хагалснаа хүлээн зөвшөөрч байна, намайг уучлаарай гэж яриад би тухайн залуутай уулзаж машины үнэлгээ хийлгэхэд нийт хохирол нь 910.000 төгрөг болсон ба би 2 өдөр ажилгүй байсны төлбөр гэж 150,000 төгрөг, нийт 1,060,000 төгрөгийг миний машиныг гэмтээсэн залуу миний хаан банкны *** данс руу шилжүүлж хохиролгүй болгосон. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

2. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 17-ны орой 21 цаг 30 минутын үед хуучин найз болох ***ийг Модны 2-н Моли гэх нэртэй пабад хүргүүлээд би найз болох *** болон түүний найз болох ***, ***гийн найз гэх Бааска нартай уулзаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 00 цаг 20 минутын үед тухайн пабаас гарч би ***гийн машиныг унаад бид 4 Баянгол дүүргийн ***-р хороонд байрлах иргэний шүүхийн ар талын буудалд бид 4 орох гэж байхад *** араас дагаад тухайн буудлын гадаа ирсэн байхыг би харсан. ...Буудал руу ороод 40-50 орчим минут болоод буудлаас гарч ирээд ***ийн машинд суугаад гэртээ хүргүүлсэн. Би маргааш өглөө нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны 09 цаг 30 минутын үед тухайн буудлаас найз ***г авахаар очиход ***гийн камри маркийн тээврийн хэрэгслийн 2 дугуй нь хагарсан байдалтай машин нь зурагдсан байхаар нь би *** дугуйг нь хагалсан байж магадгүй гэж бодоод *** рүү залгаж асуухад эхэндээ би тэгээгүй гэж байсан боловч сүүлдээ би дугуйг нь хагалаад зурсан талаараа надад хэлсэн ба би хохирол мөнгийг нь барагдуулаад уучлалт гуйя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), \

3. Кости-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №36862 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “...нийт шууд зардлын дүн: 910.000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 15 дахь тал),

5. Хохирол төлсөн талаарх баримтын хуулбар (хавтаст хэргийн 16 дахь тал),

6. Хохирогч ***ийн “...Хохирол болох 1,060,000 төгрөгийг миний данс болох *** дансанд шилжүүлж өгсөн. Үнэлгээний төлбөр 910.000 төгрөг, 2 өдрийн ажил алагдуулсан 150,000 төгрөг авсан нь үнэн...” гэх бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 41 дэх тал),

7. Шүүгдэгч ***ийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 45 дахь тал),

8. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би ***-Эрдэнийг машинд суухыг нь хүлээгээд машины цонхоо онгойлгосон байхад *** явлаа гэхэд *** гэх залуу нь чи найзыгаа орхиж явах гээд байгаа юм уу гэх мэт үг хэлээд уруу татаад аваад явсан. Тэр 4 камри маркийн *** улсын дугаартай машинд суугаад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны иргэний анхан шатны шүүхийн хойно байрлах зочид буудал дээр очоод дөрвүүлээ дотогш орсон. Тэгээд миний уур нэлээн хүрсэн учир тэр дөрвийг буудал орсон үед нь машин дээр нь очоод машиндаа байсан багажаар урд кирлан болон хоёр хаалгыг нь зурж, жолооч талынх нь урд, хойд хоёр дугуйг нь хагалсан. Бас урд талынх нь машины номер тогтоодог боолтыг хугалсан. Мөн машин дээр нь байсан дугаар луу залгаж тэр хэдийг юу ярьж байгаа талаар чагнах гэж 7-8 удаа залгасан. Утсаа авахаар нь би дугарахгүй байж байгаад тасалсан. Тэгээд машиндаа сууж байхад ***-Эрдэнэ 02:00 цагийн үед гарч ирсэн. Би ***-Эрдэнийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. ...Машинд нь үнэлгээний газраас гаргаж өгсөн үнэлгээний 910,000 төгрөг, мөн тэр залуу хоёр өдөр ажилдаа явахгүй машинаа засуулсан гэсэн тул 150,000 төгрөг нийт 1,060,000 төгрөг өгсөн. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 28 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 30 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 31 дэх тал) бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                          

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 20-22 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтаар хохирогч ***ийн эд хөрөнгөд бага хэмжээ буюу 300.000 төгрөгөөс давсан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь шүүгдэгч ***ийн гэмт үйлдэл буюу автомашины баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун урд крыло зэргийг зурсан, урд номер хүрээ, баруун талын 2 ширхэг дугуй зэргийг хагалсан зэрэг гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан Кости-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №36862 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч ***т 910.000 төгрөгийн шууд хохирол учирсан байна гэж үзсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах юм.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн *** загварын тээврийн хэрэгслийн автомашины баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун урд крыло зэргийг зурж, урд номер хүрээ, баруун талын 2 ширхэг дугуй зэргийг хагалаж, гэмтээсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн улмаас нийт 910,000 төгрөгийн хохирол учирсан байх боловч прокуророос гэмт хэргийн хохирлыг 750,000 төгрөг гэж ташаа бичсэнийг зөвтгөж шийдвэрлэх зүйтэй байна. Энэ нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол хор уршиг арилсан гэх хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 45 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 46-47 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймээс шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***т 910,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох Кости-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №36862 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Хохирогч *** нь хавтаст хэргийн 41 дэх талд “...Хохирол болох 1,060,000 төгрөгийг миний данс болох *** дансанд шилжүүлж өгсөн. Үнэлгээний төлбөр 910.000 төгрөг, 2 өдрийн ажил алдагдуулсан 150,000 төгрөг авсан нь үнэн...” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч ***ээс гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогч ***т 1,060,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА