Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/441

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205031550109 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны гадна талд хамтран амьдрагч хохирогч ***г “надтай уулзсангүй, ажилтай байна гэж худлаа хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, биед нь халдаж, “хамар ясны хугарал, таславч мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт” гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би салсан нөхөр ***той уулзаж хадмындаа очоод хүүхдүүдтэйгээ уулзчихаад зүгээр салсан. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед над руу байн байн залгаад утсаа аваад ярихад согтуу байсан болохоор байгаа газраа унтчихаа гэхэд заавал уулзмаар байна, ажил дээр очно шүү гээд байсан. Би гэртээ байж байтал 19 цагаас хойш бас зогсоо зайгүй залгаад байсан. Тэгтэл 21 цаг 30 минутын орчим манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь онгойлготол *** байсан. Тэгээд орж ирээд над руу агсраад надтай уулзсангүй, чи ажилтай гэж худлаа ярьсан байна гээд хараалын үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь гэрт байсан манай ээж *** түүнийг нэг удаа мөр лүү нь цохисон. Тэгтэл *** манай ээж рүү гар далайхаар нь хамгаалах гэж оролдтол миний нуруу хэсэг рүү нэг удаа цохисон. Би ***той цуг явж байсан дүүг нь дуудахаар гадагш гартал дүү нь машиндаа унтаж байсан болохоор буцаад орох гэтэл орцны үүдэнд ***той таартал шууд миний бугуйнаас татаж чирээд машин руугаа хүчээр суулгах гэж оролдсон. Тэгэхээр нь би эсэргүүцээд тэмцтэл миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Би хамраа дараад сууж байтал намайг заамдаж аваад машиндаа суулгаад цээж хэсэг рүү 2 удаа өшиглөж мөн гараараа олон удаа цохисон. Намайг зодчихоод машиныхаа урд суудалд суугаад машинаа хөдөлгөхөөр нь би машинаас буугаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

2. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр над руу ах *** залгаад намайг Дарь эхэд хүрээд ир гээд дуудсан би яваад очиход *** ах нэлээн согтсон байсан. Тэгээд 3-4-р хороололд очиж эхнэр ***тай уулзана гээд бид хоёр хамтдаа 3-4-р хорооллын эцэст хаягийг сайн мэдэхгүй байна, нэг газарт очсон. Тэгээд ах энэ байр луу ороод эхнэртэйгээ уулзаад ирье гээд нэг байр луу яваад орсон. Тухайн үед би ажлаасаа тараад ирсэн байсан болохоор ядраад *** ахын автомашинд унтаад үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа 2 цагдаа намайг сэрээсэн. Би болсон зүйлийг огт хараагүй ядраад машинд нь унтсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13238 дугаартай “...***гийн биед хамар ясны хугарал, таславч мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

4. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан, мөн *** нь тэр үед гэртээ ирэлгүй 1 жил орчим болсон байсан. Хүүхэд маань тэр хугацаанд над дээр байсан, би жоохон бухимдалтай байсан болохоор түүний биед гар хүрсэн, энэ нь миний буруу...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*** бид хоёр 8 жил хамт амьдарсан. 3 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. 2021 оны 12 дугаар сараас эхлэн тустаа амьдарч байгаа. 3 хүүхэд дээрээ ирсэнгүй, халамж тавсангүй гэх шалтгаанаар цохисон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 36 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 37 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 12-14 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27а байрны гадна талд хамтран амьдрагч хохирогч ***г “надтай уулзсангүй, ажилтай байна гэж худлаа хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, биед нь халдаж, “хамар ясны хугарал, таславч мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт” гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***гийн “...21 цаг 30 минутын орчим манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь онгойлготол *** байсан. Тэгээд орж ирээд над руу агсраад надтай уулзсангүй, чи ажилтай гэж худлаа ярьсан байна гээд хараалын үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь гэрт байсан манай ээж *** түүнийг нэг удаа мөр лүү нь цохисон. Тэгтэл *** манай ээж рүү гар далайхаар нь хамгаалах гэж оролдтол миний нуруу хэсэг рүү нэг удаа цохисон. Би ***той цуг явж байсан дүүг нь дуудахаар гадагш гартал дүү нь машиндаа унтаж байсан болохоор буцаад орох гэтэл орцны үүдэнд ***той таартал шууд миний бугуйнаас татаж чирээд машин руугаа хүчээр суулгах гэж оролдсон. Тэгэхээр нь би эсэргүүцээд тэмцтэл миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Би хамраа дараад сууж байтал намайг заамдаж аваад машиндаа суулгаад цээж хэсэг рүү 2 удаа өшиглөж мөн гараараа олон удаа цохисон...” гэх, шүүгдэгч ***ын “...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан, мөн *** нь тэр үед гэртээ ирэлгүй 1 жил орчим болсон байсан. Хүүхэд маань тэр хугацаанд над дээр байсан, би жоохон бухимдалтай байсан болохоор түүний биед гар хүрсэн, энэ нь миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч ***гийн биед хамар ясны хугарал, таславч мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, гуянд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 13238 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч ***гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ын хохирогчийн нуруу, нүүр лүү нь цохисон, гараас нь чирсэн, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Тухайн гэмт хэрэг нь хохирогч, шүүгдэгч нарын хоорондын таарамжгүй харьцаа, хохирогчийн хүүхдүүд дээрээ ирдэггүй, харж ханддаггүй гэх шалтгаанаар маргалдсан нөхцөл байдлаас үүдэж гарсан байх ба тэдгээр нь урьд өмнө хэн хэнийхээ эрх ашгийг зөрчсөн гэж үзэх буюу бие махбод, сэтгэл санаа, бэлгийн, эдийн засгийн дарамтад байлгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, үйлдэж байсан гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул  прокуророос шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч ***од ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13238 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хавтас хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***оос энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од 650 /зургаан зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***од сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА