Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/451

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2303001920207 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, кузов засварын газар туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, /РД:*** /, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Чингүнжавын гудамж, “UB Place” төвийн зүүн замд “Toyota Mark 2” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 1.1-т заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

 

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд: шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Чингүнжавын гудамж, “UB Place” төвийн зүүн замд “Toyota Mark 2” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 1.1-т заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

 

Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5-6, 7, 8, 9-12 дахь тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...00:27:14 дэх секундэд уг тээврийн хэрэгслийн баруун талаас 2 хүн зорчих зүүн тийш зорчих хэсэг рүү алхаж байна. 00:27:19 дэх секундэд зорчих хэсгийн 1-р эгнээнд түрүүчийн 2 хүн зорчих хэсэг рүү алхаж орж байна. 00:27:21 дэх секундэд зорчих хэсгийн 1-р эгнээнд хойноос урагш чиглэлд зорчиж явсан тээврийн хэрэгсэл хурдаа сааруулахад 2 явган зорчигч урдуур нь зүүн тийш эгц хөндлөн ар араасаа ойрхон зайтай гүйж байна. 00:27:22 дэх секундэд зорчих хэсгийн 2-р эгнээгээр хойноос урагш чиглэлд зорчиж явсан суудлын тээврийн хэрэгслийн зүүн талаар 2 явган зорчигчийн 1 хүн нь зорчих хэсгийн голд унаж байна энэ үед хамт явсан хүн түүн дээр очиж байгаа харагдана. тээврийн хэрэгсэл баруун гар тийш даялаж зорчих хэсгийн 1- р эгнээ рүү шахаж 00:27:26 дэх секундэд бүрэн зогсолт хийж 00:27:35 дэх секундэд тээврийн хэрэгслийн баруун урд хаалга онгойж бараан өнгийн хувцастай хүн бууж ирж 2 явган зорчигч дээр явж очиж байна. 00:29:46 дэх секундэд зорчих хэсгийн баруун талаас хас бараан өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн нэмэгдэж очиж 5 хүн газарт унасан хүнийг тойрон зогсоно дээрх хүмүүс зорчих хэсэгт байсаар бичлэг дуусаж байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дэх тал),

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажлын газрынхантайгаа 10-р хорооллын *** гэж хоолны газарт 19 цаг өнгөрч байхад очсон. Манай ажлынхан тэндээ 3-4 цаг болсон. Бид хэд хоол унд идчихээд гарсан. Цаг яг хэд болж байсныг санахгүй байна. Нэлээн орой болсон байсан. Манай ажлын газрынхан надаас гадна 7 хүн үргэлжлүүлээд UB плассын *** гэдэг нэртэй диско бааранд орсон. ...Нэг их удалгүй 30 гаран минут байж байгаад манай ажлын газрын хүн болох ***ын хамт дэлгүүр лүү тамхинд гарч явсан. Бид хоёр хүнсний дэлгүүр хайж явахдаа зам хөндлөн гарахаар болоод гарцгүй газраар зам гарсан. Эхлээд 1-р эгнээ хөндлөн гараад 2-р эгнээгээр бараг гарч явтал хойноос урагшаа чигт явсан марк-2 загварын машин миний зүүн талын хэсгээр мөргөсөн. Би тэр доороо эргээд газарт унасан. Намайг мөргөсөн машин цаана очоод зогссон. Би ухаан алдсан байсан. Нэг сэрсэн түргэний машин дотор ухаан орсон. Түргэний эмч нь намайг үзээд авч явах шаардлагагүй гээд түргэний машинаас буулгасан. Гадаа хүйтэн байсан болохоор даараад байхаар нь нөгөө мөргөсөн машиныхаа баруун талын арын суудалд орж суусан. Ослын газраа жаахан зогсож байгаад хөдлөөд гэмтлийн эмнэлэг рүү намайг мөргөсөн машинтайгаа явсан. Гэмтэл дээр очоод томографикт зургаа авхуулахад гавлын яс цууралттай хэвтэх шаардлагатай гээд намайг гавал тархины гэмтлийн тасагт 5 өдөр хэвтүүлж эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим хамт ажилладаг ***ын хамт UB-н *** баарнаас тамхи авч татахаар гадагшаа гарсан. Бид хоёр гараад 25-р эмийн сангийн зүүн талын буудлын ТҮЦ орох гээд зам хөндлөн гарах болоод эхлээд хойноос машин ирж байгааг харахад хойноос нэг акуа машин зогсож зам тавьж өгөхөөр нь урдуур нь гараад би түрүүлээд миний араас *** гүйж явсан. Тэгтэл хойноос нэлээн хурдтай явж байсан машин хүрч ирээд ***ын хөл рүү нь мөргөх шиг болсон. Намайг эргээд хартал *** машинд мөргүүлээд дээшээ хөөрөөд унаж байх шиг байсан. Би эргэж хартал *** ухаан алдсан газарт нүүрээрээ доош харсан байрлалтай хэвтэж байсан. Би хөдөлгөж болохгүй байх гэж бодоод толгойг нь дээш харуулаад нэрээр нь дуудтал 2-3 минутын дараа *** сэргээд юм дугарахгүй байсан. ...Сигнал сонсогдоогүй машин тоормосолж байгаа дугуйны чийхрах дуу сонсогдсон. Их холоос тоормослох шиг болсон. Би ослын дараа машин дээр очиход нэг дугуйны тоормосны л 5 метр орчим хар зураас үүссэн мөр байсан. Тухайн үед жолооч нь өөрөө миний машины 1 дугуйн л тоормос барьдаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3898 дугаартай: “...***ын биед зүүн нүдний ухархайн дээд хана, дух ясны хугарал, хамар ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх голомтлог цус хураа, аалзан хальсны цус хуралт, духны шарх, зулгаралт, хамрын нуруу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дээд 1-р шүдний булгарал, баруун мөрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-44 дэх тал),

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 999747 дугаартай: “...Toyota Mark II-X100 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Toyota Mark II-X100 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүн талын толь хагарч суурь нь салсан, зүүн урд дохионы гэрэл хагарч унасан, зүүн урд крыло дээрх нэмэлт оврын гэрэл хагарч унасан, копут зүүн талдаа зайтай дутуу түгжигдэг, урд салхины шил доод талдаа цуурсан, баруун урд талын дохионы гэрэлгүй, хойд буфер зүүн талдаа бага зэрэг будаг, замаск хагарсан, урд буфер зүүн талдаа бага зэрэг будаг нь халцарсан, урд крыло баруун талдаа бага зэрэг будаг нь хагарсан, дуут дохио ажиллахгүй, 2-р тэнхлэгийн зүүн тоормосны хүч 1.56кН, баруун тоормосны хүч 2.3кН зөрүү нь 32% (стандарт <30%), зогсоолын тоормос зогсоогүй, зүүн талын хол ойрын гэрэл, баруун талын ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийн зүүн талын хол ойрын гэрэл, баруун талын ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн холын гэрлийн тусгалын хүч 4300cd, ойрын гэрлийн тусгалын хүч 5000cd, баруун ойрын гэрлийн тусгалын хүч 1200cd, (стандарт 10000-10000 cd) байна. Toyota Mark II-X100 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн дамжуулгатай тоормосны системтэй. Үйлдвэрлэгчээс суурилуулсан тоормосны системийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн зүйлгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51-55 дахь тал),

Хохирогч ***ын Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 80-87 дахь тал),

Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 520 дугаартай: “...Toyota Mark-II маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ... ажиллахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 1. Тоормосны систем 1.1-т заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5. Явган зорчигчийн үүрэг 5.12-т заасан “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 75-76 дахь тал),

Тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 27 дахь тал),

Хохирогч ***аас гаргаж өгсөн хохирлын баримтууд, бичгээр гаргасан: “...Эмчилгээний зардалд жолооч ***аас 1,565,716 төгрөг авсан тул цаашид гарах эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг авахаар тохиролцсон. Иймд миний зүгээс жолооч ***д санал гомдол байхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 93-98, 102 дахь тал),

Шүүгдэгч ***ын жолоочийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 108 дахь тал),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар санхүү бүртгэлийн хэлтсийн: “...*** эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 1,313,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлсөн нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 91 дэх тал),

Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 17-ны орой 23 цаг нэлээн өнгөрч байх үед хорооллын “Өргөө” кино театраас уруудаад өөрийн эзэмшлийн Тоёота марк-2 маркийн ***дугаартай машинаа жолоодоод UB палас өнгөрөөд явж байтал урд талд явж 1-р эгнээнээс 2-р эгнээ рүү шилжиж явж байсан Акуа машин огцом тоормос гишгэсэн тэр Акуа машины урдуур хоёр хүн гарч ирсэн. Би тэр хоёр хүнийг хараад тоормос гишгээд баруун тийшээгээ дартал зам хөндлөн гарч явсан хоёр хүний арын хүнийг нь машиныхаа жолоочийн эсрэг тал буюу зүүн талаараа мөргөөд цааш өнгөрөөд зогссон. ...Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Хохирогчид 3,000,000 төгрөг төлсөн. Одоо 1,200,000 төгрөгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дүү *** нь 2001 онд айлын 2 дахь хүү болж төрсөн. Манайх ах дүү гурвуулаа. Миний дүү *** Дорнод аймагт бага насаа гэртээ хүмүүжээд 2015 онд дунд сургуулиа төгсөөд МСТ-ийн 2018 онд машин механизмын засварчин мэргэжлээр төгсөөд 2020-2021 онд цэргийн алба хаагаад ирсэн. Миний дүү одоо авто засварын газарт туслах засварчнаар ажиллаж байгаа. Миний дүү даруу төлөв зантай, архи дарс уудаггүй, дуу цөөтэй, ээждээ болон ар гэртээ халамж сайтай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 107 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 109 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 110 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 114 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 28-30 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Мөн дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заажээ.

Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Чингүнжавын гудамж, “UB Place” төвийн зүүн замд “Toyota Mark 2” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч ***ыг мөргөн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Тодруулбал, тухайн зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 1.1-т заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг шүүгдэгч *** зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

 

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч ***ын биед зүүн нүдний ухархайн дээд хана, дух ясны хугарал, хамар ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх голомтлог цус хураа, аалзан хальсны цус хуралт, духны шарх, зулгаралт, хамрын нуруу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дээд 1-р шүдний булгарал, баруун мөрний зулгаралт гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 3898 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч ***ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн зүйлийн 1.2-т заасан “...хохирол нөхөн төлсөн...”, “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрч, ялын төрөл хэмжээний саналаа үйлдэж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг тус тус харгалзан хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусд асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3898 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан 1,055,716 төгрөгийн баримтыг гаргаж өгч, “...эмчилгээний зардалд жолооч ***аас 1,565,716 төгрөг авсан тул цаашид гарах эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг авахаар тохиролцсон. Иймд миний зүгээс жолооч ***д санал гомдол байхгүй...” гэх хүсэлтийг хохирогч гаргажээ. (хавтаст хэргийн 102 дахь тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь хохирогчид хохирол, хор уршигт тооцож 3,000,000 төгрөг нөхөн төлсөн, цаашид 1,200,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 15 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэж мэдүүлсэн, мөн хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 1,313,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлсөн байна.

Иймд шүүгдэгч ***аас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж. шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***ын тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ***д сануулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 3,000,000 төгрөг нөхөн төлсөн, цаашид 1,200,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 15 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,313,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА