Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00330

 

                                                       И.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2020/00706 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 215/МА2020/00035 дугаар магадлалтай,

И.Бын нэхэмжлэлтэй

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЕБ 4-р сд  холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзаяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2020/00706 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЕБ 4-р сийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Зураач овогт Ишнямын И.Быг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЕБ 4-р сийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Бад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 1.554.995 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЕБ 4-р сиас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, И.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЕБ 4-р сд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.554.995 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 39.830 төгрөг, нийт 110.030 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

2. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 215/МА2020/00035 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2020/00706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзаяа хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч И.Б нь 2019.05 дугаар сард Есөнбулаг сумын ЕБ 4-р сийн захирлаас 1 жилийн чөлөө авсан. 2020.06.10-нд ЕБ 4-р сийн захирлын Б/29 тушаалаар /жилийн чөлөөний хугацаа хэтрүүлсэн/ гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тушаал гарсныг 2020.08.25-ны өдөр мэдсэн байдаг. Энэ үед И.Бад ажлаас чөлөөлсөн албан ёсны тушаал гардуулж өгөөгүй. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хүсэлт өгч, шүүгчийн захирамжаар ажлаас чөлөөлсөн тушаалын эх хувийг гаргуулж авсан байдаг. Давж заалдах шатны шүүх “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дахь хэсэгт зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхдээ” Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн эсэх,ямар заалтыг буруу хэрэглэсэн эсэх талаар дүгнэлтэндээ дурьдаагүй атлаа анхан шатны шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн гэрээгээр л зохицуулагдана. Гэтэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21.7 зааснаар хөдөлмөрийн гэрээнд ажилтныг гарын үсэг зуруулаагүй атлаа хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 заалтыг тушаалынхаа үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хяналтын хэсэгт “ажилтныг ажилд томилсон шийдвэр гаргасан эсэх нь” тодорхой бус гэжээ. Нэхэмжлэгч И.Б нь Есөнбулаг сумын ЕБ 4-р сийн захирлын 2019.04.01-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар Англи хэлний багшаар томилогдсон нь /хх-56/ байгаа нийгмийн даатгалын дэвтэрийн баримтаар тодорхойлогдож байгаа. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон эсэх талаар тодорхой бус гэжээ. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж гэрээний гол нөхцөлийн тохиролцоогүй болох нь /хх-37/ нотлох баримтаар тодорхой байгаа болно. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүрэг танилцуулж гарын үсэг зуруулсан эсэх нь эргэлзээтэй гэжээ. /хх-15 д/ 2020.09.29 нд буюу даваа гаригт анхан шатны шүүх талуудын эрх үүргийн баримтыг танилцуулсан байгаа болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би эрх үүргээ мэдсэний улмаас анхан шатны шүүхэд хүсэлт өгч ажлаас чөлөөлөх тушаалын эх хувь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримт гаргуулж хэрэгт хавсаргасан юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч И.Б нь 02-16 насны 4 хүүхэд хүүхэдтэй болно. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь хянаж магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5. Нэхэмжлэгч И.Б 2019.05 сард эрүүл мэндийн шалтгааны улмаас сургуулийн захиргаанаас нэг жилийн чөлөө авсан, 2020.08.18-ны өдөр ажилдаа ороод 7 хоног цаг бүртгүүлж ажлаа хийж байгаад 2020.06.10-ны өдрийн Б/29 тоот тушаалаар ажлаас халсан тушаал гарсныг мэдсэн гээд хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЕБ 4-р сд холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг гаргажээ.

6. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа “...тус сургуулийн англи хэлний багш И.Б нь Засаг даргын хөндлөнгийн үнэлгээний шалгалт авах гэж байхад маргааш нь буюу 2019.05.09-ний өдөр жилийн чөлөө олгохыг хүссэн өргөдлөө өгөөд шийдвэрлээгүй байхад ажлаа орхиод явсан юм, ...нэг жилийн хугацаа дууссан 2020.05.10-наас нэхэмжлэгчийн утас руу залгахад холбогдоогүй, ...хаягаар нь хайгаад олоогүй, ...нэхэмжлэгч чөлөө авснаа хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол 2020.05.10-ны өдөр ажилдаа ирж хүсэлтээ өгөх байсан, гэтэл ирээгүй ...ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан учраас дотоод журмаа үндэслээд ажлаас халсан, ...хөдөлмөрийн гэрээний нэг хувь нь нэхэмжлэгчид байдаг, тэр хувь дээр нь гарын үсэг байдаг...” гэсэн үндэслэлийг заажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ. Давж заалдах шатны шүүхийн “...ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй,  ажил олгогч нь ажилтныг ажилд томилсон шийдвэр гаргасан эсэх, талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхой бус” гэх дүгнэлт оновчтой биш боловч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримт, зохигчийн хоорондох эрх зүйн маргаантай харилцааны талаар хийх ёстой дүгнэлтийг хийгээгүй, маргааны зүйл, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байгааг анхаараагүй нөхцөлд хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хууль хэрэглээний асуудлаар эцэслэн шийдвэр гаргах боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүй харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал, ажлын чиг үүргийн талаар талууд маргаагүй юм. Харин захиргааны чөлөө олгосон эсэх, чөлөөний хугацаа хэзээ дууссан, хугацаандаа эргэж ирсэн эсэх, зөрчил гаргасан эсэх асуудлыг буюу маргааны зүйлийг тогтоож, талуудыг мэтгэлцэхэд чиглүүлэн, эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй байна.

8. Хэрэгт ач холбогдол бүхий баримтууд хуульд заасан хэлбэрээр хангалттай бүрэн авагдаагүй, талууд мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүх эрх зүйн маргааны талаар зохих дүгнэлтийг хийх боломжгүй байсан болно. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 215/МА2020/00035 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД