Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0607

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 М.Бын нэхэмжлэлтэй захиргааны

                                                          хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 124/ШШ2025/0030 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч М.Бын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.БТ

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч М.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.

Гуравдагч этгээд Б.БТ

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 124/ШШ2025/0030 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бын Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргасан 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмшүүлэх дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдааг зохион байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

2. Нэхэмжлэгч М.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Үүнд:

2.1.” Нэхэмжлэгч миний зүгээс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан газар эзэмших эрх олгох дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа зохион байгуулахыг Улаангом сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

2.2. Улмаар анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

2.3. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” -ын 7.2.10-д зааснаар дуудлага худалдааны зард тухайн дуудлага худалдаа эхлэх болон дуусах цагийг заасан байхаар заасан. Үүний дагуу тус маргаан бүхий газрын дуудлага худалдаа эхлэх болон дуусах цагийг 9:00 цагаас 15:00 гэж зар дээр товлогдсон байсан. Гэтэл тухайн дуудлага худалдаа цагтаа эхлээд дуусах ёстой цагтаа дуусаагүй байхад анхан шатны шүүх журмын нийтлэг зохицуулалтыг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2.4. Мөн тус журмын 7.2.11-д зааснаар газрыг эзэмшүүлэх хугацааг тодорхой заахаар зохицуулсан байхад энэ талаар дуудлага худалдааны зард тусгаагүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага дуудлага худалдааг явуулахдаа бэлтгэл ажлыг хүчин төгөлдөр журмын дагуу явуулаагүй байна

2.5. Түүнчлэн тус маргаан бүхий газар нь дулааны болон цахилгаан татах боломжгүй. Засгийн газрын 97 дугаар тогтоолын 2.2-д зааснаар хамгаалалтын бүсэд хамаардаг Өөрөөр хэлбэл тухайн газар нь иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх боломжгүй газар байхад газрын алба болон Улаангом сумын Засаг дарга нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж бусдад эзэмшүүлсэн нь буруу байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

2.6. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 124/ШШ2025/0030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

          ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч М.Боос “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмшүүлэх дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдааг зохион байгуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            3. Анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүй газарт үл хөдлөх эд хөрөнгийг барьснаар түүнд газар эзэмших давуу эрх хуулиар олгогдохгүй бөгөөд газар эзэмшүүлэх дуудлага худалдааны зард тухайн газар үл хөдлөх эд хөрөнгөтэй талаарх мэдээллийг тусгах нь газрын мэдээлэл ил тод нээлттэй байх зарчимтай нийцэх бөгөөд дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй ...”  гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна

4. Газрын тухай хуулийн 3.1.3."газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; 4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх зарчмыг баримтлахаар, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ: ... 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

4.1. Уг хуульд заасан иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх газар нь бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалт үүсээгүй, дээр нь бусдын ямар нэгэн барилга байгууламжгүй, эзэмших эрх олж авах этгээд нь тухайн эрхийг саадгүй хэрэгжүүлж болохоор газар байх ёстой.

4.2.Гэтэл нэхэмжлэгч М.Б нь Улаангом сумын 12 дугаар багт байрлах маргаан бүхий газар дээр 2003 онд дэлгүүрийн барилга барьж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ[1] авч, 20 гаруй жил дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан газар болох нь тогтоогдож байна.

5. Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалтай холбоотой дээр нь үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг 2024 онд нээлттэй дуудлага худалдаанд оруулсан хууль зүйн үндэслэл, ялагчид газрыг эзэмшүүлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх, нэхэмжлэгч хэдийгээр өөрөө дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэж хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан боловч иргэний гаргасан хүсэлтийг хариуцагч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмаар шийдвэрлэх үүрэгтэй тул эдгээр нөхцөл байдлыг тодруулж, холбогдох тайлбар лавлагаа, баримтыг цуглуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай байна.

            6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “... тус маргаан бүхий газар нь дулааны болон цахилгаан татах боломжгүй. Засгийн газрын 97 дугаар тогтоолын 2.2-д зааснаар хамгаалалтын бүсэд хамаардаг. Өөрөөр хэлбэл тухайн газар нь иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх боломжгүй газар байхад газрын алба болон Улаангом сумын Засаг дарга нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж бусдад эзэмшүүлсэн нь буруу ... ” гэж дурдсан атлаа газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан, дуудлага худалдаагаар газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрүүдтэй маргаагүй, мөн нэхэмжлэгч өөрөө дуудлага худалдаа зарлуулах хүсэлтийг яагаад өгсөн, ийнхүү дуудлага худалдаанд оролцсон атлаа одоо яагаад дуудлага худалдаа зарлах боломжгүй газар байсан талаар маргаж байгаа нь ойлгомжгүй, өөр этгээд ялсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөө хэрхэх талаар хариуцагчтай тохиролцсон эсэх зэрэг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байх тул мөн тодруулах шаардлагатай.

7. Иймд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулж, үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрыг дуудлага худалдаанд оруулсан хууль зүйн үндэслэл, хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар эзэмших хүсэлт гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 124/ШШ2025/0030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Боос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

   ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА

 

   ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] 1 хавтас -149 дүгээр хуудас