Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Л.Соёмбо,

Хохирогч Б.Хадбаатар,

Шүүгдэгч Т.Чулуунтөмөр, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чой овогт Төмөрхуягийн Чулуунтөмөрт холбогдох эрүүгийн 201626021968 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хадам эх, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 18-69 тоотод оршин суух,

урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, УС83080131 регистрийн дугаартай,  Чой овогт Төмөрхуягийн Чулуунтөмөр.

 

Шүүгдэгч Т.Чулуунтөмөр нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ПиСи Молл” дэлгүүрийн урд байрлах автомашины ил зогсоол дээр Б.Хадбаатар нь 39-86 УБЕ улсын дугаартай автомашинаар уг зогсоолын гарцыг хаасны улмаас Т.Чулуунтөмөрийн 40-52 УБҮ улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг хөдөлгөөнд ороход нь саад учруулж удсаны улмаас Б.Хадбаатар, Т.Чулуунтөмөр нар маргалдаж, Т.Чулуунтөмөр нь Б.Хадбаатарын нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Чулуунтөмөр мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр буюу наадмын урьд өдөр байсан. Би хоёр сар таксинд явж цуглуулсан мөнгөөрөө гэртээ зурагт авах гээд эхнэртэйгээ дэлгүүр рүү явсан. “ПиСи Молл” дэлгүүрт хямдрал зарласан байна гэхээр нь зогсоолд нь машинаа байрлуулж тавиад, “ПиСи Молл” дэлгүүр рүү орсон. Тухайн дэлгүүрээс гараад Номин Их дэлгүүр орж зурагтаа аваад, машин дээрээ ирэхэд 4-5 жолооч зогсож байсан. Цагаан өнгийн акссент машин гарц хаагаад зогссон байсан. Тухайн машины дугаар нь байна уу гээд харахад дугаар нь байгаагүй. Наадмын урьд өдөр байсан учир хүүхдүүдээ хадам ээжтэйгээ хамт хөдөө явуулах байсан учраас тухайн үед зохицуулах ажил ихтэй байсан тул их бухимдсан. Би хохирогч Хадбаатарыг 1 цаг орчим хүлээсэн. Надаас гадна 4-5 жолооч нар хохирогчийг машинаа холдуулахыг хүлээгээд байж байсан. Хэрэв Хадбаатар утсаа үлдээсэн бол ийм асуудал гарахгүй байх байсан. Би эхнэртэйгээ машин дотор хоол, унд идээд байж байхад хохирогч Хадбаатар гарч ирсэн. Тэгэхээр нь би “чи утасныхаа дугаараа тавьчихгүй яасан юм бэ” гэхэд намайг үл хүндэтгэж “сүртэй ш дээ пизда, одоо гарлаа” гэж хэлсэн. Тухайн үед Хадбаатар уучлаарай гэж хэлсэн бол маргалдах шаардлага байхгүй байсан. Би Хадбаатарын баруун мөр рүү нь түлхээд “чи юу гээд байгаа юм бэ, хүний ажлыг алдуулчихлаа” гээд уурласан. Хадбаатар машинаасаа буугаад намайг баруун гараараа духны дээд хэсэг рүү цохисон. Би Хадбаатарыг цохьё гэж бодоогүй, гэнэт цохисон байсан. Тухайн асуудал болоод дууссаны дараа би машинаа унаад “ПиСи Молл” Их дэлгүүрийн зогсоолоос гараад явсан. Тухайн үед хорооллын зам түгжрэл ихтэй байсан. Би хоёрдугаар эгнээнд ороод явж байхад Хадбаатар өөр нэг залуутай зогсож байсан. Над руу заагаад байсан. Тэгсэн Хадбаатар машины ар хэсэг рүү өшиглөсөн. Би машины хаалгыг цөмөртөл нь өшиглөчихлөө гэж бодоод машинаа зогсоолд тавиад, буугаад харахад машин зүгээр байсан. Би Хадбаатар руу чи яах гээд байгаа юм бэ гээд дайрсан. Хадбаатар цагдаа дуудсан асуудлаа цагдаагаар шийдвэрлэе гэж хэлсэн. Цагдаа удаж байж ирсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд хацар нь хугарсан байна гэж хэлсэн. Эмч тархинд гэмтэл байж магадгүй томограффикын зураг авахуул гэхээр нь томограффикын зураг авахуулаад, эмчид үзүүлэхэд тархи нь зүгээр байна гэж хэлсэн. Би Хадбаатартай цуг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст очсон. Би Хадбаатарт их гомддог. Утасны дугаараа үлдээсэн бол дээрх асуудал гарахгүй байсан. Би Хадбаатараас уучлалт гуйж эмчилгээнд нь гарсан 1.112.500 төгрөгийн хохирлыг төлсөн. Би тухайн үед Атарчимэг байцаагчид “ПиСи Молл” Их дэлгүүрийн гадаа камер байгаа, тэрийг шүүгээд өгөөч гэж хэлж байсан. Тухайн камерыг харвал хэд орчим минут хүлээлгэсэн нь харагдана. Хохирогчид гэмтэл учруулсан нь миний буруу, хохирлын бүх зардлыг төлж барагдуулсан гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хадбаатар мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед хорооллын “ПиСи Молл” дэлгүүрийн хажууд “Сөүл” гэх нэртэй салон байдаг. Би үсээ засуулах гээд тухайн газрын автомашины зогсоол дээр машинаа тавих гэтэл зогсоол нь дүүрсэн байсан. Зогсоолд тавьсан байсан машины урдуур нь 2-3 машин шахаж тавьсан байсан учир би хажууд нь машинаа шахаж тавьсан. Тухайн салонд ороод 20-30 минут болж байхад нэг ах орж ирээд 33-83 дугаартай машины жолооч байна уу гэж асуусан. Би дуугарч амжаагүй байхад тухайн ах гараад явсан. Би 5 минутын дараа гарахад 3-4 жолооч миний машины хажууд зогсож байсан. Би машинаа асаагаад хөдлөх гээд дотор нь сууж байхад Чулуунтөмөр гэх хүн ирээд, хэрүүл хийсэн. Би хөдлөх гэж байхад Чулуунтөмөр намайг хальт цохисон. Би машинаасаа буугаад яагаад байгаа юм бэ гэхэд миний хацар руу цохисон. Би хацар цөмөрсөн гэдгийг мэдээгүй, ам сонин болсон байхаар нь машиныхаа толинд харахад хацар хонхойсон байсан. Чулуунтөмөр автобусны буудал дээр зогсож бай чамайг ална гэхээр нь би автобусны буудал дээр хүлээгээд байж байсан. Хүлээгээд байж байхад араас гарч ирээд зогсохгүй явсан. Би машиныг нь өшиглөж зогсоосон. Цагдаа ирээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст оч гэж хэлсэн. Тухайн үед наадам, ассем болж байсан учир би 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хагалгаанд орсон. Эмчилгээний зардалд гарсан мөнгийг Чулуунтөмөр гаргасан. Би Чулуунтөмөрийг цохиогүй, хуруугаа ч хүргээгүй. Эмчилгээний зардал авна. Миний эрүү өмнөх шигээ байхаа болсон. Даарах, юм идэх гэхээр гацаад. Солонгос улсын гоо сайхны эмнэлэгтэй холбоо барьсан. Өөрийн биеэр ирж хагалгаанд орох боломжтой гэж хэлсэн. Солонгосын гоо сайхны эмнэлэгт эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжилж байна гэв.    

 

Мөн хавтаст хэргээс : 

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Идэрбаярын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Бямбадуламын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Адъяажавын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 9837 дугаартай дүгнэлт  /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

            - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

               - Хохирогч Б.Хадбаатарын Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгийн эрүү нүүрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас/,

  - Хохирогчийн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас/

 

шүүгдэгч Т.Чулуунтөмөрийн хувийн байдалтай холбоотой:

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 45/,

- жолооны үнэмлэхийн хуулбар /хх-н 46/,

- Бакалаврын дипломын хуулбар /хх-48-49/,

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 50/,

- Бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-н 51/,

- Оршиг суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 52-54/,

- Т.Чулуунтөмөрийн “АСАП” сангийн лавлагаа /хх-н 57/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Т.Чулуунтөмөр нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ПиСи Молл” дэлгүүрийн урьд байрлах автомашины ил зогсоол дээр Б.Хадбаатар нь 39-83 УБЕ улсын дугаартай автомашинаар уг зогсоолын гарцыг хаасны улмаас Т.Чулуунтөмөрийн 40-52 УБҮ улсын дугаартай приүс-20 маркийн автомашиныг хөдөлгөөнд ороход нь саад учруулж удсаны улмаас Б.Хадбаатар, Т.Чулуунтөмөр нар маргалдаж М.Чулуунтөмөр нь Б.Хадбаатарын нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Т.Чулуунтөмөрийн  “... Би хохирогч Хадбаатарыг 1 цаг орчим хүлээсэн. Надаас гадна 4-5 жолооч нар хохирогчийг машинаа холдуулахыг хүлээгээд байж байсан. Хэрэв Хадбаатар утсаа үлдээсэн бол ийм асуудал гарахгүй байх байсан. Би эхнэртэйгээ машин дотор хоол, унд идээд байж байхад хохирогч Хадбаатар гарч ирсэн. Тэгэхээр нь би “чи утасныхаа дугаараа тавьчихгүй яасан юм бэ” гэхэд намайг үл хүндэтгэж “сүртэй ш дээ пизда, одоо гарлаа” гэж хэлсэн. Тухайн үед Хадбаатар уучлаарай гэж хэлсэн бол маргалдах шаардлага байхгүй байсан. Би Хадбаатарын баруун мөр рүү нь түлхээд “чи юу гээд байгаа юм бэ, хүний ажлыг алдуулчихлаа” гээд уурласан. Хадбаатар машинаасаа буугаад намайг баруун гараараа духны дээд хэсэг рүү цохисон. Би Хадбаатарыг цохьё гэж бодоогүй, гэнэт цохисон байсан. ... Би Хадбаатараас уучлалт гуйж эмчилгээнд нь гарсан 1.112.500 төгрөгийн хохирлыг төлсөн ...” гэх,

            хохирогч Б.Хадбаатарын “... Тухайн салонд ороод 20-30 минут болж байхад нэг ах орж ирээд 33-83 дугаартай машины жолооч байна уу гэж асуусан. Би дуугарч амжаагүй байхад тухайн ах гараад явсан. Би 5 минутын дараа гарахад 3-4 жолооч миний машины хажууд зогсож байсан. Би машинаа асаагаад хөдлөх гээд дотор нь сууж байхад Чулуунтөмөр гэх хүн ирээд, хэрүүл хийсэн. Би хөдлөх гэж байхад Чулуунтөмөр намайг хальт цохисон. Би машинаасаа буугаад яагаад байгаа юм бэ гэхэд миний хацар руу цохисон. Би хацар цөмөрсөн гэдгийг мэдээгүй, ам сонин болсон байхаар нь машиныхаа толинд харахад хацар хонхойсон байсан. Чулуунтөмөр автобусны буудал дээр зогсож бай чамайг ална гэхээр нь би автобусны буудал дээр хүлээгээд байж байсан. Хүлээгээд байж байхад араас гарч ирээд зогсохгүй явсан. Би машиныг нь өшиглөж зогсоосон. Цагдаа ирээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст оч гэж хэлсэн. Тухайн үед наадам, ассем болж байсан учир би 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хагалгаанд орсон ...” гэх,

            гэрч Б.Идэрбаярын “...Хадбаатар за за удахгүй гарах юм чинь саяын хүний хэлсэн машин чинь миний дугаар юм аа гэж хэлчихээд, араас нь ойролцоогоор 5 орчим минутын дараа гараад явсан. ... Хүний үсийг засахад толгой, нүүрний хэлбэрийг маш сайн харж байж засдаг ба засах явцдаа нүүр, толгой, чих, эрүү орчимыг нь сайн хардаг. Тэр үед биед нь ямар нэгэн хавдар хаван байгаагүй ...” гэх,

            гэрч Н.Бямбадуламын “...Машиныхаа салон дээр утасны дугаар тавиагүй байна гэх мэтээр уурлаж байсан. ... бид хоёр машин дотроо суугаад, уг жолоочийг хүлээнгээ хоолоо идээд дуусчихаад байтал  нэг залуу нөгөө гарц хаасан машиныг онгойлгоод зогсож байсан. Тэгтэл манай нөхөр машинаасаа бууж очоод нөгөө жолоочийг “чи гарц хааж тавьсан юм бол утасны дугаараа үлдээхгүй, энэ олон хүмүүсийн ажлыг алж байгаагаа мэдэж байна уу” гэж хэлж байсан ...” гэх,

            гэрч О.Адъяажавын“...17 цагийн орчим Парадокс дээр... Хадбаатар машинтайгаа буудал дээр ирээд би машин дотроо суутал миний баруун талын шанаа яачихсан байна, сая нэг хүн цохьчихсон юм гэсэн. Тэр үед хартал баруун талын хацар нь хонхойчихсон байхаар нь наад хацар чинь цөмөрчихсөн юм биш үү гэхэд Хадбаатар сая үсээ засуулчихаад гараад ирсэн чинь гарц хааж зогслоо гээд 1 хүн уурлаад, тэр хүнтэй маргалдаад тэр залуу миний нүүр орчимд цохисон юм. Тэгэхээр нь би яагаад намайг цохиж байгаа юм гээд машинаасаа буугаад очсон чинь дахиад миний баруун хацар орчим руу цохисон гэсэн ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 9837 дугаар дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, хохирогч Б.Хадбаатарын Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгийн эрүү нүүрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Т.Чулуунтөмөрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Чулуунтөмөр хохирогчид 1,112,500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба хохирогч Б.Хадбаатар нь энэ талаар маргаагүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь Солонгос улсад эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Чулуунтөмөр нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-т зааснаар түүний ялтай байдлын хугацаа дуусан тул түүнийг ялгүйд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Чулуунтөмөрт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хорихоос өөр төрлийн ял оногдуулав..

               

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 293, 294, 297, 298, 299, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Чой овогт Төмөрхуягийн Чулуунтөмөрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чулуунтөмрийг 252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Т.Чулуунтөмөр нь 252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийлвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Чулуунтөмөр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Хадбаатар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Чулуунтөмөрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ