Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/564

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2303002350215 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.            

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суудаг, /РД:***/, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 3096 дугаартай шүүгчийн захирамжаар 16 хоногийн хорих ялаар солиулж, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын авто зогсоолын талбайгаас хохирогч Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн ***-ний түрүүвч болон 2,600 юань буюу 1.328.340 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч БНХАУ-ын иргэн ***-ний: “...Би одоогоор Монгол Улсын *** Их сургуульд суралцаж байгаа. Уг сургуульд суралцахаар 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын хил рүү Замын-Үүд боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ***, ***, *** нарын хамт орж ирээд тэндээсээ Улаанбаатар чиглэлийн суудлын 275 дугаар галт тэргэнд сууж маргааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 09 цаг 20 минутад Улаанбаатар хотод орж ирсэн. Бид 4 Монголд ирээд түрээслэх байраа цахимаар олчихсон байсан тул тухайн байрны эзэн нь бид хэдийг тосож авахаар тохирсон байсан. Бид 4 тухайн байрны эзэн гэх ахыг Улаанбаатар төмөр замын төв буудлын арын автомашины зогсоол дээр хүлээгээд байж байтал ойролцоогоор 09 цаг 40 минутын үед ирээд бид хэдийг байранд хүргэж өгсөн. Би тухайн өдөртөө өөрийн цүнхэнд байсан эд зүйлээ шалгаж үзээгүй, маргааш нь шалгаж үзэхэд миний гар цүнх дотор байсан улбар шар өнгийн хэтэвч, бэлэн мөнгө /Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн тэмдэгт болох Юань/ хамт алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн улбар шар өнгийн хэтэвч нь миний үүрч явсан гар цүнх дотор байсан. Хэтэвчинд бэлэн мөнгө, банкны карт 2 ширхэг, ном худалдаж авдаг карт 1 ширхэг тус тус байсан. Би урьд өмнө өгсөн хохирогчийн мэдүүлэгтээ 5,000 орчим юань байсан гэж мэдүүлсэн. Уг 5,000 орчим юань Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө надад байсан. Би Монгол Улсын хилээр орж ирэхээсээ өмнө зарим нэг худалдан авалт хийсэн. Мөн Замын-Үүд суманд байхдаа худалдан авалт хийж, бэлэн мөнгө Монгол төгрөгөөр солиулсан. Яг хэдэн юань солиулсан гэдгээ сайн санахгүй байна. Би өмнө хохирогчийн мэдүүлэг өгөхдөө сандарч, зарим зүйлсийг сайн санахгүй байсан болохоор энэ талаар мэдүүлээгүй. Сүүлд гэртээ очоод бодоод үзэхэд хамгийн сүүлд надад 2,600 юань үлдсэн байсан гэдгийг санаж байна. 2,600 юаниас гадна миний улбар шар өнгийн хэтэвч, банкны карт 2 ширхэг, ном худалдаж авдаг карт 1 ширхэг тус тус алга болсон. Би тухайн эд зүйлсийг хэзээ, хаанаас, хэрхэн худалдаж авч байснаа сайн санахгүй байна. Ямартай ч надад их удаж, хуучирсан байсан учраас би тухайн эд зүйлсийн үнэлгээг хийлгэж, хохирлоо нэхэмжлэх шаардлагагүй. Би миний мөнгийг хулгайлсан гэх залуутай уулзсан. Миний хохирлын мөнгө гэж надад 2,800 юань бэлнээр өгсөн учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), гэрч ***ын: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр *** буюу ***, ***, *** буюу *** нартай 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар төмөр замын вокзал орж таньдаг хүнээсээ шивээсний машин авахаар тохиролцсон байсан. Маргааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед гэж санаж байна ***, *** нартай Улаанбаатар төмөр замын Вокзалын ойролцоо Богд Ар хорооллын орчимд уулзсан. Уулзсаны дараагаар ***тай утсаар ярихад Вокзалын ойролцоо ирчихсэн байна, хүрээд ирээч гэхээр нь би ***, *** нарт хэлчхээд ***тай уулзахаар 09 цаг 30 минутын үед Вокзал руу яваад ***, *** нар Вокзалын хойно үлдсэн. Намайг Вокзал дээр ирэхэд *** ирчихсэн байсан. Би ***тай уулзчихаад хүнтэй утсаар яриад зогсож байхад *** БНХАУ-ын иргэний тээшин дээр тавьчихсан байсан гар цүнхийг аваад Вокзалаас хойшоо зам хөндлөн гараад явчихсан. Би анх ***тай уулзчихаад өөрөө гар цүнхтэй ирсэн эсэх талаар сайн анзаарч хараагүй байсан тул арай ч хүний гар цүнх хулгайлж аваад явчихмааргүй юм, өөрийнхөө цүнхийг хүний ачаан дээр тавьчхаад аваад явж байгаа юм байхдаа гэж бодоод үлдсэн. Удалгүй би араас нь очих гээд Вокзалаас хойшоо зам хөндлөн гарах гээд зогсож байтал миний өөдөөс гартаа цайвар өнгийн цүнх барьчихсан гарч ирэхээр нь би “яасан бэ, хэний цүнх юм” гэж асуухад “би саяны Хятад иргэний цүнхийг нь авчихлаа, дотор нь юм алгаа” гэхээр нь би “балайраад байгаач, цүнхийг нь буцаагаад аваачиж өг” гэж хэлсэн. Тэгээд удалгүй *** цүнхийг нь хажууд нь буцаагаад тавьчихлаа гэж хэлээд хүрээд ирэхээр нь бид хэд бага зэрэг маргалдаад салцгаасан. Сүүлд цагдаагийн байгууллагаас дуудсаны дараагаар нь ***аас энэ талаар асууж тодруулахад “би тухайн өдөр Хятад иргэний цүнх дотроос 2,600 юанийг нь аваад, хэтэвчийг нь хаячихсан юм” гэдэг талаар хэлж байсан. Би яг 2,600 юань байсан, тухайн юанийг нь *** хулгайлж байхыг нь бол хараагүй. Ямартай ч цүнх аваад явж байхыг нь бол харсан. Тухайн үедээ бусдын эд зүйлийг хулгайлж байна гэж бодоогүй болохоор нэг их тоогоогүй өнгөрсөн. Би ***тай нэг их дотно найз нөхдийн харилцаа байхгүй. Зүс таних төдий л хүн. ***ыг танилууд нь ***, ***, *** гэх зэргээр янз бүрээр дууддаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), гэрч ***ын: “...2023 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед ***, *** нартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд Ар хорооллын ойролцоо уулзаж, *** нь ***тай уулзаж байя гээд түрүүлээд Вокзал руу явсан. 09 цаг 30 минутын үед би ***ын хамт вокзалын ард талын явган хүний замаар явж байтал *** замын урдаас цагаан өнгийн гар цүнх энгэртээ тэвэрчихсэн гарч ирж байгаа харагдсан. *** бид хэдийг харчхаад буцаад ирсэн зүг рүүгээ яваад өгсөн. Тухайн цүнх нь ямар учиртай хэний цүнх байсан эсэх талаар мэдэхгүй. Сүүлд ***аас сонсоход *** БНХАУ-ын иргэний гар цүнхийг нь хулгайлсан, дотор нь 2,600 юань байсан талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал), гэрч ***ын: “...2023 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед ***, *** хоёртой Улаанбаатар төмөр замын Вокзалын ойролцоо Богд Ар хорооллын орчимд уулзсан. *** ирээгүй байсан. Удалгүй *** ***ыг ирчихсэн байна гэнээ, уулзчихаад ирье гээд Вокзал руу явсан. ***, *** хоёр хаана юу хийж байсан талаар мэдэхгүй, *** бид хоёр ямартай ч Вокзалын хойд талд явган хүний зам дагуу зогсож байсан. Сүүлд цагдаагийн байгууллагад дуудагдаж ирсний дараагаар ***ыг БНХАУ-ын иргэний цүнх, хэтэвчийг нь хулгайлж, 2,600 юанийг нь авсан гэдэг талаар сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал), Монгол банкнаас ирүүлсэн “2023/04/16-ны өдөр юанийн ханш 510,90” гэх албан тоот (хавтаст хэргийн 78 дахь тал), хохирлын “...Монгол Банкнаас 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Б-11/380 дугаартай албан бичигт үндэслэн хохирлын тооцоог гаргав. ...2,600 юань, нэг бүрийн ханш-510.90, нийт 1,328,340 төгрөг” гэх тооцоо (хавтаст хэргийн 79 дэх тал), хохирогч БНХАУ-ын иргэн ***-ний “...би өөрийн хулгайд алдсан бэлэн мөнгө эд зүйлийн хохирол болох 2,800 юань бэлнээр хүлээж авсан. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 126 дахь тал), шүүгдэгч ***ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 125 дахь тал), болон шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч БНХАУ-ын иргэн ***, гэрч ***, гэрч ***, гэрч ***, шүүгдэгч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг, Монгол банкнаас ирүүлсэн “2023/04/16-ны өдөр юаний ханш 510,90” гэх албан тоот, хохирлын “...Монгол Банкнаас 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Б-11/380 дугаартай албан бичигт үндэслэн хохирлын тооцоог гаргав. ...2,600 юань, нэг бүрийн ханш-510.90, нийт 1,328,340 төгрөг” гэх тооцоо зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын авто зогсоолын талбайгаас хохирогч Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн ***-ний түрүүвч болон 2,600 юань буюу 1.328.340 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч ***ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Мөн хохирогч БНХАУ-ын иргэн *** нь 2600 юань буюу 1,328,340 төгрөг, хэтэвч, банкны карт 2 ширхэг, ном худалдаж авдаг карт 1 ширхэг тус тус алдаж хохирсон болох нь хэргийн баримтаар нотлогдсон.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэл болно.  

 

Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.  

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирлыг шүүгдэгч *** нь хохирогч БНХАУ-ын иргэн ***-д нөхөн төлсөн болох нь хавтас хэргийн 21, 126 дэх талд авагдсан хохирогчийн “...Миний хохирлын мөнгө гэж надад 2,800 юань бэлнээр өгсөн учраас надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлэг, хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...би хохиролд 2,800 юань төлсөн, 200 юанийг нь эд зүйлийн хохиролд тооцож өгсөн...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 3096 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн торгох ялыг 16 хоногийн хорих ялаар сольж, уг ялыг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр биеэр эдэлж дууссан байх тул түүнд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. (хавтаст хэргийн 125 дахь тал)

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 129 дэхь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа)-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа)-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь оногдуулсан 6 сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 6 (зургаа)-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***-д 2,800 юань нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА