| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/03797/И |
| Дугаар | 184/ШШ2020/00498 |
| Огноо | 2020-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2020/00498
2020 02 10 184/ШШ2020/00498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 56 дугаар байранд байрлах, “С” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 48 дугаар байр, 53 тоот хаягт оршин суух, Ө.Ү /рд:ЦБ87050519/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 48 дугаар байр, 53 тоот хаягт оршин суух, Д.Б /рд:УХ88063003/ нарт холбогдох
Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 268,484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь өөрийн өмчлөлийн байрны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 268,484 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаагаар буюу нийт 14 сарын турш төлөөгүй байх тул сууц өмчлөгчдийн холбоонд уг төлбөрийг хариуцагч Ө.Ү, Д.Б нараас холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ө.Ү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ө.Ү миний бие нь Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 48 дугаар байр, 53 тоот хаягт 4 жил амьдарч байна. “С” СӨХ-ны нэхэмжилсэн төлбөрийг төлөх бодолгүй байна. Учир нь бид өөрсдийн амьдарч байгаа давхрыг өөрсдөө цэвэрлэдэг, цэвэрлэгч, манаач байдаггүй, хүмүүс орцонд шээж, тамхи татдаг. “С” СӨХ нь тухайн байранд засвар үйлчилгээ хийдэг бол төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С” СӨХ нь хариуцагч Ө.Ү, Д.Б нарт холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 268,484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “С” СӨХ нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 56 дугаар байрыг хариуцан Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн 69 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-5/
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 56, 69, 18, 110, 48 а,б байрны удирдах зөвлөлийн гишүүдийн 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн хурлын тогтоолоор “С” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Л.Л-ыг томилсон байна. /хх-4/
Хариуцагч нар нь Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 48 дугаар байр, 53 тоот хаягт орших орон сууцны өмчлөгч ба сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг 2018 оны 9 сараас 2019 оны 11 сар буюу нийт 14 сарын төлбөрийг төлөөгүй гэх үйл баримтын талаар маргаагүй байна.
Хариуцагч Ө.Ү нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ байрны цэвэрлэгээг бид өөрсдөө хийдэг, цэвэрлэгч болон манаач байхгүй, орцонд хүмүүс шээж, тамхи татдаг хэмээн маргаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Мөн хариуцагч Ө.Ү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө төлбөрийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд өгсөн байна.
Нэхэмжлэгч “С” сууц өмчлөгчдийн холбоо нь нэг сарын засвар үйлчилгээний зардалд 9,006 төгрөг, хог 2,500 төгрөг, цэвэрлэгээ 5,000 төгрөг, баримт 150 төгрөг, утга 1,000 төгрөг, бусад зардал 15,000 төгрөг хэмээн тайлбарлан нэхэмжилж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар бодит үнэнд нийцсэн гэж үзлээ. /хх-6,7,9/
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагч тухайн орон сууцанд холбогдох хэмжээгээр төлөх үүрэгтэй тул хариуцагч Ө.Ү, Д.Б нараас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 268,484 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Ө.Ү, Д.Б нараас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 268,484 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “С” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ү, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 8,704 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН