Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/584

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяа,

Хохирогч ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000981 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Байдраг суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай, (РД:***), урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** хорооллын автомашины зогсоол дээр тавьсан байсан хохирогч ***ы эзэмшлийн *** улсын дугаартай “Лексус RX-350 al-10” загварын тээврийн хэрэгслийн баруун урд крыло, баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд крыло зэргийг тодорхой шалтгаангүйгээр модоор зурж, улмаар 620,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3, 4-7 дахь тал),

2. Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд машинаа *** хорооллын зогсоол дээр байршуулчхаад гэртээ ороод байж байгаад 17 цаг 20 минутын үед гэртээ орчоод гараад ирэхэд миний машины баруун талыг зурсан байсан. Би байрны камерыг шүүж үзэхэд байрны харуул ах миний машиныг мод барьж байгаад зурж байгаа нь харагдсан. Тэгээд би цагдаа дуудсан. Би орж зогсчхоод утсаар ярьж байхад уг харуул намайг машинаа байршуул гэхээр нь би утсаар ярьчхаад байршууллаа гэж хэлсэн. Өөр ямар нэг яриа болоогүй. 10 орчим минут утсаар ярьчхаад машинаа байрлуулчхаад шууд гэр лүүгээ орсон. RX 350 загварын хар хөх өнгийн тээврийн хэрэгсэл. Миний машины баруун урд кырло, баруун талын хойд хаалга, баруун хойд кырло зэргийг зурж гэмтээсэн байсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Үнэлгээгээр 1.400.000 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирол барагдуулаагүй тул одоо болтол машинаа янзлуулаагүй. Камерын бичлэгээс харахад үнэхээр аймар гүн зурсан байсан. Би машины хохирол 1.400.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,

 

3. Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №17809 дугаартай автомашин техникийн үнэлгээний: “...шууд зардлын дүн-620.000 төгрөг, шууд бус зардал-780.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

5. Сиди-нд үзлэг хийсэн: “...бичлэг дээр дунд оврын жийп машины хажууд 2 эрэгтэй зогсож байх бөгөөд нэг эрэгтэй нь халаасандаа гараа хийсэн байдалтай, нөгөө эрэгтэй нь гартаа мод барьсан байсан. Гараа халаасандаа хийсэн эрэгтэй машины шил хэсэг рүү заагаад холдоод явах үед гартаа мод барьсан эрэгтэй машины урд хойд хаалга, урд крыло зурж байгаад машинаас холдож байгаагаар бичлэг дуусаж байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

            6. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагт Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх *** хороололд очиж ээлжээ хүлээн авсан. Би ажлаа хийж байсан чинь 16 цагийн үед байх *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тус байранд оршин суудаг эмэгтэй машинаа унаж ирээд зогсоолд байрлуулах үед зайтай байна машинаа шахаж байрлуулаарай гэж хэлсэн чинь машины жолооч эмэгтэй чи мөнхийн согтуу байдаг биз дээ гэж хэлээд машинаа шахаж байрлуулалгүй буугаад явсан. Тухайн эмэгтэй машинаасаа холдоод явахаар нь гартаа барьсан модоор түүний машины баруун урд хойд хаалга, баруун урд крылоныг зурчхаад харуулын байрандаа ороод суусан. 2023 оны 4 дүгээр сарын 24-ний 18 цагийн үед машины эзэн эмэгтэй гарч ирээд та миний машиныг зурсан байна гэсэн, удалгүй цагдаа нар ирсэн. Хохирогчид хохирол мөнгө барагдуулсан зүйл байхгүй. 2022 оны 12 сарын эхээр миний толгой хэсэгт харвалт өгсөн. Миний бие нь группэд орох гээд бичиг баримтаа хөөцөлдөж байгаа. Мөн хөл муутай хөл байнга өвддөг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн картын 2 хуудас хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                          

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтаар хохирогч ***ы эд хөрөнгөд бага хэмжээ буюу 300.000 төгрөгөөс давсан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь шүүгдэгч ***ын гэмт үйлдэл буюу автомашины баруун урд крыло, баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд крыло зэргийг модоор зурсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Хавтаст хэргийн 21-22 дахь талд авагдсан Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №17809 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч ***д 1.400.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах юм.

Иймд шүүгдэгч *** нь хохирогч ***ы Lexus.RX350-AL10 загварын тээврийн хэрэгслийн баруун урд крыло, баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд крыло зэргийг модоор зурж, гэмтээсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн улмаас нийт 1.400.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч прокуророос гэмт хэргийн хохирлыг 620.000 төгрөг буруу тодорхойлсон байгааг зөвтгөж шийдвэрлэх зүйтэй байна. Энэ нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу цус харвалттай зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд 3 (гурав)-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь оногдуулсан 3 сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна.  .

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***д нийт 1.400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №17809 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг хохирогчид төлж барагдуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***аас 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 3 (гурав)-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА