| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 106/2023/0597/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/595 |
| Огноо | 2023-07-17 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,
Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэл /томилолтоор/,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001138 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн *** сумын *** дугаар баг, *** гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны *** байрны баруун талд 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч ***гийн “Ай фоне 8” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар булаан авч зугтаан 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч ***г дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны *** байрны баруун талд 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч ***гийн “Ай фоне 8” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:
1. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 6 дугаар сарын 03-ны өглөө гэртээ байж байгаад ***эр ажилд бүртгүүлсэн газраас дуудахаар нь 10 цаг 45 минутын орчимд гэрээсээ гараад 85б байрны баруун талаар төв зам руу гарах гээд уруудаад явж байхдаа ээжтэйгээ утсаар ярих гээд утсаа гаргаж ирээд ээж рүүгээ залгаад чихэндээ утсаа бариад явж байтал урдаас ирж байсан үл таних хар өнгийн савхитай цэнхэр малгайтай залуу миний гар утсыг булааж аваад шууд зугтаад явсан. Би араас нь орилоод өдөр байсан болохоор тэр хавьд явж байсан хүмүүс барьж өгөөд би гар утсаа буцааж аваад цагдаа дуудаад зогсож байтал нөгөө залуу зугтаагаад яваад өгсөн. Би гэрээсээ найз залуугаа дуудаж гаргаж ирээд уг утас булаасан хүнээ хайгаад явж байтал манай *** хотхон дундаас гарч ирэхээр нь барьж аваад цагдаагаа хүлээгээд зогсож байтал ахиж зугтсан. Тэгээд цагдаа ирэхээр нь зугтсан зүгийг нь зааж өгөхөд Анар захын тэндээс олж ирсэн. Ай фоне 8 загварын гар утсыг минь авч зугтаасан. Гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, ажиллагаа зүгээр байгаа. 2021 онд 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гар утсаа буцааж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 03-ны өглөө манай найз охин ажлын зарын дагуу очиж уулзахаар гэрээс гарч яваад удалгүй над руу залгаад миний гар утсыг хүн булааж аваад зугтчихлаа гээд уйлаад залгахаар нь би гэрээс гараад найз охин дээрээ очоод ямар хувцастай хүн байсан гэхэд хар савхитай, хромон гуталтай, цэнхэр малгайтай бор залуу дээшээ зугтчихлаа азаар хүмүүс зугтаад явж байхад нь барьж өгч утсаа буцааж авчхаад цагдаа дуудаад байж байтал ахиад зугтаад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Анар захын орчимд хайгаад явж байтал уг манай найз охины утсыг дээрэмдэн авсан залуу манай хотхон дундаас гарч ирсэн. Тэгээд ахиж очоод барьж аваад цагдаа хүлээгээд байж байтал уг залуу ахин зугтаж явсан. Би найз охинтойгоо цуг цагдаа хүлээгээд байж байтал цагдаа нар ирээд хаашаа явсан талаар асуухаар явсан зүгийг нь зааж өгөхөд 5-10 минутын дараа олоод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
3. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Iphone 8 маркийн хуучин хэрэглэж байсан гар утас-320.000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-5, 6-7 дахь тал)
6. Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн *** сумаас Улаанбаатар хотод ажил хийхээр ирээд өглөө 8 цаг болж байхад буусан. Тэгээд 2 хоног ажил хайгаад Цамбын ард буудалд 2 хоноод мөнгө дууссан. Тэгээд өнөөдөр өглөө би гадуур явж байгаад талбай орох автобусанд суух гэж байгаад андуурч өөр автобусанд суугаад гэмтэл дээр буугаад замаар хойшоо гараад гэмтлийн арын автобусны буудлын зүүн талын шатаар дээшээ гараад хойшоо алхаж байтал урдаас нэг эмэгтэй утсаар яриад ирж байхаар гараас нь утсыг нь булааж аваад хойшоо зугтсан. Тэгсэн тэр хавьд байсан нэг ах намайг араас нөгөө утсаа булаалгасан эмэгтэй хоёр хөөгөөд би зугтаж байгаад урдаас ирж байсан нэг залууд баригдаад гар утсыг нь буцааж өгчхөөд явсан. Би байран дунд явж байтал уг эмэгтэй найз залуутай ахиж ирж намайг барьж аваад тэгэхээр нь би хажууд нь зогсож байгаад ахиж зугтаад гэр хороолол дунд явж байтал цагдаа нар ирж барьж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь тогтоогджээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *** нь хохирогч ***гийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр булааж авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Мөн шүүгдэгч *** нь дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, шүүгдэгч ***д 6 (зургаа)-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Баянхонгор аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 48 цаг сэжигтнээр баривчлагдсан, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 42 (дөчин хоёр) хоног, нийт 44 (дөчин дөрөв) хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 44 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 4 сар 16 хоногийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь оногдуулсан “Баянхонгор аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***д 320.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.
Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Нэхэмжлэх зүйл байхгүй. Гар утсаа буцааж авсан” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” буюу “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 6 (зургаа)-н сарын хугацаагаар “Баянхонгор аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 44 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 4 (дөрөв)-н сар, 16 (арван зургаа)-н хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА