Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                     М.Баярмэнд

 Улсын яллагч                                    Э.*******

Шүүгдэгч                                             Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Д.*******

Гэрч                                                       Ё.******* 

         *******, *******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох 2323000000049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 37 настай эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн ******* /регистрийн дугаар: ИТ86*******12/

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны үеэр аймгийн сумын төв, багт байх иргэн *******ын адуунд нийлсэн байсан  хохирогч Т.гийн алдуул мал болох том сартай, хүрэн цавьдар зүстэй, хаа гуян дээрээ хэлтэй буудай тамгатай, имгүй, сүүлийг нь танасан, 1 тооны эр даагыг бусдын өмч болохыг мэдсээр байж завшиж, хохирогч Т.д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь: 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Т.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хохирогч шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлт гаргаж, түүнийг шүүх танхимтай цахимаар холбосон боловч техникийн саатлаас шалтгаалан хохирогч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон байна.

Хохирогч Т. нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

Хохирогч Т. 2022 оны 9 дүгээр сарын 14-ний үед аймгийн сумын гийн багийн ий арын ын үзүүр гэх газраас 1 тооны даага алдсан  нь гэрч Т.ийн “...2022 оны 9 дүгээр сарын 7-ны үед манай хадам дүү Т. нь манай 1 даага эхийгээ хөхөөд байна. Та адуундаа аваад ижилсүүлээд байж байгаач гээд гуйхаар нь би сумын төвөөс гийн багийн нутаг ын үзүүр гэх газарт байгаа өөрийн гэр рүүгээ ачаад явсан. Тэгээд 3 хоног морьтой цуг аргамжиж байгаад адуундаа тавьсан, 7 хоногийн дараа адуундаа очиход алга болсон байсан. Манай дүүгийн адуу сартай хүрэн цавьдар зүстэй, зөв талын хаа, гуя дээрээ хэлтэй буудай тамгатай, сүүлийг нь тэгшилж тайрсан эр даага байсан...” гэсэн мэдүүлгээр,

хохирогч Т.гийн “...сартай, сойлгогүй, зөв талын гуян дээрээ хэлтэй буудай тамгатай, хүрэн цавьдар даагаа 2022 оны 9 дүгээр сарын 7-ны үед гийн багийн нутаг ий арын гэх газар намаржиж байгаа хүргэн ах Т. гэдэг хүн рүү адуундаа тавьж байгаач гээд ачуулаад явуулсан юм. Тэгээд байж байтал 2022 оны 9 дүгээр сарын 14-ний үед даага чинь алга болсон байна, эрж хайгаарай гэж манай хүргэн ах утсаар хэлсэн. ...Сартай хүрэн цавьдар зүсмийн, им байхгүй, зөв талын хаа, гуя 2 дээрээ хэлтэй буудай тамгатай даага алдсан. Манай хүргэн ах Т. нь адуундаа тавихдаа сүүлийг нь тайрч тавьсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Т.гийн алдсан даага нь  2022 оны 10 дугаар сарын 15-ны үед *******ын адуунд бэлчээрээрээ нийлсэн байсныг ******* аймгийн  сумын төвд хашаандаа авчирсан, өөрийнх нь хашаанд эзэнгүй даага байгаа талаар нутгийн хүмүүст зар тараасан нь  гэрч *******ын “...2022 оны 10 дугаар сарын 15-ны үед санагдаж байна өөрийнхөө уядаг 3 тооны адуугаа хайж, явж байгаад сумын багийн нутаг гэх газраас 3 адуугаа олж автал манай 3 тооны адуутай сартай хүрэн цавьдар зүсмийн, сүүлийг нь тэгшлээд тайрсан, эр даага хамт нийлсэн байсан. Тухайн үед би тэр даагыг салгаж орхих гэсэн боловч ойр хавьд нь ямар ч өөр адуу мал байхгүй, салахгүй байсан, тэгэхээр нь хүний 1 адууг салгаад хаячихаар ийш, тийшээ гүйгээд алга болчхож магадгүй, эзнийг нь олж өгье гэж бодоод өөрийнхөө 3 адуутай хамт цугт нь туугаад сумын төв дээр хашаандаа авч ирсэн. Тухайн үед тэр хүрэн даага бага зэрэг туранхай байсан болохоор нь би өвс тавьж өгөөд, сумынхаа хүмүүсээс эзнийг нь олж өгөхөөр асууж сурагласан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч ******* өөрийн адуунд эзэн нь тодорхойгүй даага нийлсэн талаар нутгийн хүмүүст ярьж байсан талаар мэдүүлсэн гэрч  Ё.*******ын “...2022 оны 10 дугаар сарын дундуур сумын төв дээр байж байтал манай сумын иргэн н.ын адуутай хүрэн даага ирсэн эзнийг нь хайж байна гэж дуулаад маргааш орой нь би н.ын хашаанд н.тай хамт очиж үзтэл тэр хүрэн даага нь миний даага биш байсан юм...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна.

*******ын хашаанд байсан уг алдуул даагыг шүүгдэгч Б.******* бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөлд шилжүүлэн авч  завшсан  болох нь гэрч Ё.*******ын “...Тухайн үед н.ын хашаанд очиж үзсэн тэр даага зөв талынхаа хаа, гуя дээрээ хэлтэй буудай тамгатай, 2 чихэндээ имгүй, сартай хүрэн цавьдар эр даага байсан. Тэр даагыг би манай сумын иргэн ийн аагийн даага байж магадгүй гэж бодоод н.аад утсаар н.ын хашаанд танайхны тамгатай адилхан тамгатай хүрэн даага байна, ирж үзээрэй гэж хэлсэн байсан. Тэгээд н.аа маргааш нь н.ын хашаанд ирж үзээд “манай даага мөн байна” гэж хэлээд аваад явсан. Одоо харвал тухайн даагыг танина. сумын иргэн Т. гэдэг хүний алдсан гэх сартай хүрэн цавьдар дааганы зургийг нь харахад *******ын хашаанаас *******ын авч явсан даага яг мөн байсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч *******ын “...манай сумын буюу н.******* гэдэг хүн н. гэдэг залуутай хамт манайд орж ирээд “танайд хүрэн даага байгаа сураг байна үзье” гэж ирсэн. Би тэр сартай хүрэн даагыг үзүүлтэл н.******* // надад “миний даага мөн байна, ах нь маргааш өглөө ирж авъя” гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь би адуундаа яваад гэрт жоохон дүү маань ганцаараа үлдсэн байсан хойгуур ирээд тэр даагыг аваад явсан байсан. Миний даага мөн байна, ирж авна шүү гэж хэлсэн болохоор би буюу н.******* ирж авсан байх гэж бодож байна. ...Том сартай, хүрэн цавьдар зүстэй, хаа гуян дээрээ хэлтэй буудай тамгатай, имгүй, сүүлийг нь тагнасан эр даага байсан. ...Өөр хүн ирж үзээгүй. буюу н.*******, н. 2 ирж үзээд, маргааш нь аваад явсан байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* “*******ын хашаанаас өөрийнхөө даагыг авсан Т.гийн даагыг аваагүй” гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна. Тухайлбал:

Хохирогч Т. өөрийн алдсан дааганы зургийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөгчид гаргаж өгсөн ба дээрх дааганы зургийг  гэрч ******* өөрийнх нь адуунд нийлсэн, хашаандаа авчирсан даага мөн гэж таньсан,  таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр, *******ын хашаанаас Б.*******ын авч явсан даага хохирогч Т.гийн  алдсан  даага мөн байсныг нотолж эх сурвалжаа шууд тусган мэдүүлсэн гэрч Ё.*******ын “...Тухайн үед ... *******ынд хүн байгаагүй, би өмнөх өдөр нь *******т тэр даагыг авч явах талаараа хэлчихсэн байсан. ******* миний даага мөн байна гэж хэлээд авч явсан. ... Зөв талынхаа хаа, гуян дээрээ хэлтэй буудай тамгатай, 2 чих нь имгүй, сартай хүрэн цавьдар, эр даага байсан. ... сумын иргэн Т. гэдэг хүний алдсан гэх сартай хүрэн цавьдар дааганы зургийг нь харахад *******ын хашаанаас Б.*******ын авч явсан даага яг мөн байсан...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэн байна.

Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Т.д 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлгээчин Н.ийн 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 7 дугаартай ”...нийт 1 дааганы зах зээлийн үнийг 2022 оны 9 дүгээр сарын байдлаар 500.000 төгрөг гэж тогтоов...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба *******ын адуунд нийлсэн Т.гийн өмчлөлийн даагыг алдуул мал гэж үзнэ. 

   Алдуул мал завших гэмт хэргийн шинж нь  алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан шууд санаатай үйлдлээр илрэх ба Б.******* *******ын хашаанд байгаа даагыг илтэд өөрийнх нь даага биш гэдгийг мэдсээр байж “миний даага мөн байна” гэж хэлэн өөрийн өмчлөлд авч  байгаа нь алдуул  мал завших гэмт хэргийн субьектив шинжийг, түүний үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 500,000 төгрөгийн хохирол учирсан нь  алдуул мал завших гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч хохирол төлөөгүй ба түүнээс дааганы үнэ 500,000 төгрөгийг  гаргуулж хохирогч Т.д олгохоор шийдвэрлэлээ. Хохирогч Т. даагыг эрж хайхад  гарсан зардал нэхэмжилсэн боловч энэ талаар баримт байхгүй учир шүүгдэгчээс эрж хайсны зардлыг гаргуулах боломжгүй байна.

          2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг  харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчинтэй болсноос хойш 3 сарын  хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд  торгох ялыг  биелүүлээгүй  бол биелэгдээгүй  торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.  Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос 500,000 төгрөг гаргуулж хохирогч Т.д олгосугай.

 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгчийн  эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.        

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн                1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.                                         

                        

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.НАНДИНЦЭЦЭГ