Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/612

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3164/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000380426 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, *** зочид буудалд ресейпшн ажилтай, ам бүл 4, хүү, бэр, ач хүү нарын хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** байрны *** тоотод оршин суух, /РД:***/,

Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тэнссэн 1 жил 3 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийтгэгдсэн  ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төвийн 6 давхарт 602 тоот дэлгүүрээс иргэн ***гийн эзэмшлийн нэхий энгэртэй, булган захтай хүрмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 528,000 төгрөгийн,

2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” төвийн 20-00 дугаарын лангуун дээрээс хохирогч ***ийн эзэмшлийн шүрэн толгойтой, зааны ясан халбагатай, хажтай алтан нуухтай гартаам хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 2,200,000 төгрөгийн,

2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** төвийн 3 дугаар давхарт байрлах WM хувцасны дэлгүүрээс 600 ам.доллар, чихэвч, картын гэр зэрэг эд зүйл бүхий цүнх хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн ***д 1,212,418 төгрөгийн,

2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *** худалдааны төвийн 4 давхрын 431 дүгээр павилонд байсан хохирогч ***ын хүрэмний халааснаас биет 400,000 төгрөг, БНСУ-ын мөнгөн тэмдэгт болох 30,000 вон, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нүүрсний карт бүхий хэтэвчийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 4,343,418 төгрөг, Бүгд Найрамдах Солонгос Улсын мөнгөн тэмдэгт болох 30,000 воны хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байх ба дээрх үйлдлийг хохирогч нарт хохирол учруулсан цаг хугацааны дараалал, нотлогдож буй байдлаар тодруулахад:

 

1. Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төвийн 6 давхарт 602 тоот дэлгүүрээс иргэн ***гийн эзэмшлийн нэхий энгэртэй, булган захтай хүрмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 528,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Уг бичлэгийн 00 минут 03 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд 6 давхар луу лифтээр гарч байгааг харуулав. ...гэмт хэрэг үйлдсэн этгээд *** төвийн 6 давхар 602 тоот лангууны үүд хэсэгт хувцас үзэж байгааг харуулав. ...үүдний хэсгээс хувцас хулгайлан цүнхэндээ хийж байгааг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 9-10, 11-12 дахь тал),

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Хохирогчид гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таниулах зорилгоор уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ***ийн зургийг царай төрх төсөөтэй, мөн энэхүү төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан ойролцоо насны бусад 5 хүний хамт нийт 6 ширхэг зургийг а-4 хэмжээтэй цаасан дээр 1-6 хүртэл дугаарлан ***ийн зургийг 1 дугаарт дугаарлан байрлуулж, зургуудыг үзүүлэхэд хохирогч *** нь гэмт хэрэг үйлдсэн этгээд надад үзүүлсэн 6 хүний зурган дундаас 1 дугаарын этгээд мөн байна. Энэ этгээдийг би царайны төрхөөр нь хараад таньж байна. Тухайн этгээд нь манай лангуунаас куртик хулгайлсан гэв...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 13-14,15-16 дахь тал),

 

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг өнгөрч байхад өөрийн ажиллуулдаг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төвийн 6 давхар 602 тоот бэлэн хувцасны дэлгүүр дээрээ байхдаа дэлгүүрийнхээ лангуунаас булган захтай, нэхий хүрмээ хулгайд алдсан. Би *** төвийн 6 давхрын камерыг шүүж үзэхэд худалдаг *** бид хоёрыг шинээр ирсэн бараануудаа цэгцэлж, ***д хувцас өмсүүлж зураг авч, завгүй байх үеэр нэгэн үл таних эмэгтэй үүдний хэсэгт доголтой хананы ард өлгөөтэй байсан булган захтай, нэхий хүрмийг хулгайлаад цүнхэндээ хийгээд гарч байгаа нь бичигдсэн байсан. Тухайн нэхий хүрэм нь булган захтай, нэхий энгэртэй, сөдөн хормойтой, ар хэсэгтээ бор өнгийн хатгамал үстэй, хоёр талдаа цахилгаантай бөгөөд 2022 оны 11 дүгээр сард Турк улсаас 300 доллароор худалдан авч байсан. Тухайн эмэгтэй туранхайвтар биетэй, цагаан өнгийн куртиктэй, ноолууран малгайтай, цааны арьсан гуталтай, том хэмжээтэй бор өнгийн гар цүнхтэй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

Дамно ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1-23-47 дугаартай шинжээчийн: “...Булган захтай, нэхий энгэртэй сөдөн хормойтой ар хэсэгтээ бор өнгийн хатгамал үстэй хоёр талдаа цахилгаантай, 2022-11 сард Турк улсаас худалдаж авсан куртик-528.000 төгрөг” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 166, 167 дахь тал),

 

Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо *** их дэлгүүрийн 6 давхарт байх лангуунаас өлгөөтэй байсан булган захтай пелник эмэгтэй хүний хүрмийг нууцаар хулгайлж авсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би учирсан хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

2. 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” төвийн 20-00 дугаарын лангуун дээрээс хохирогч ***ийн эзэмшлийн шүрэн толгойтой, зааны ясан халбагатай, хажтай алтан нуухтай гартаам хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 178 дахь тал),

 

Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төв дотор байрлах 20-00 дугаартай Үнэт эдлэлийн лангуун дээр ажлаа хийж байтал 18 цагийн орчим 40-45 орчим настай, 160-165 см өндөр, богино цагаан шуба, хар өнгийн банзал, бор өнгийн ноосон малгай, годон гуталтай үл таних эмэгтэй хүн орж ирээд бараа үзэж сонирхож байгаад манай лангуун дотор байсан шүрэн толгойтой, зааны ясан халбагатай, хажтай алтан нуухтай гартаам хөөрөг хулгайлаад гараад явсныг маргааш нь мэдсэн. Би хөөргөө 3.000.000 төгрөгөөр зарах гэж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Тухайн бичлэг дээр саарал малгайтай, цагаан үстэй богино хүрэм, богино түрийтэй үстэй гутал, бор өнгийн нимгэн ноосон өмдтэй, 40-45 орчим настай, 160-165 см өндөртэй эмэгтэй хүн лангуун дотроос хөөрөг хулгайлан авч байгаа бичлэг байгааг харуулав...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 182-183 дахь тал),

 

Дамно ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн БГ2-23-392 дугаартай шинжээчийн: “...Шүрэн толгойтой, зааны ясан халбагатай хажтай алтан нуухтай гартаам хөөрөг-2,200,000 төгрөг...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 197-198 дахь тал),

 

Эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн: “...***ээс улаан толгойтой, шар өнгийн металл нуухтай, саарал өнгийн чулуун хөөрөг нэг ширхэг эд зүйлийг хураан авсан...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 201 дэх тал),

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн: “...***ээс улаан толгойтой, шар өнгийн металл нуухтай, саарал өнгийн чулуун хөөрөг нэг ширхэг хураан авч хохирогч ***тэй хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 202 дахь тал),

 

Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр цагаан сарын баярт зориулж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** центр төвөөс ул боов засдаг цар худалдан аваад явж байгаад үнэт эдлэл худалдан борлуулдаг лангуун дээр зарж байсан гутлыг нь сонирхоод байж байтал шилэн лангуун дотор хөөрөг харагдахаар нь худалдагчийг нь цаашаа харчихсан байхаар нь хамгийн захад байсан хөөргийг хулгайлж аваад гарсан. Тэгээд шууд гэртээ харьсан. Удалгүй 5 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас намайг дуудаад баригдсан. ...2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр цагаан богино туулайн арьсан хүрэм, саарал өнгийн цааны арьсан гутал, ноосон малгай, бор өнгийн өмдтэй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 210-211 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

3. 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** төвийн 3 дугаар давхарт байрлах WM хувцасны дэлгүүрээс 600 ам.доллар, чихэвч, картын гэр зэрэг эд зүйл бүхий цүнх хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн ***д нийт 3,316,552 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 17-р хороо “***” худалдааны төвийн 3 давхарт “WM” гэх дэлгүүрт нөхөр Гантулга болон ээжийн хамт явж байсан. Хувцас үзэж байхдаа гадуур хувцас болон цүнхээ тус байгууллагын сандал дээр тавьсан байсан. Хувцсаа үзэж дуусаад цүнхээ авах гэтэл цүнх байгаагүй. Тэгээд цагдаа дуудсан. Цүнх дотор банкны картууд, иргэний үнэмлэх, гэрийн түлхүүрүүд, бэлнээр америк 5 ширхэг зуутын доллар, 2 ширхэг тавьтын доллар, “airpod 2” чихэвч, 2 уруулын будаг зэрэг байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 2-3 дахь тал),

 

Дамно ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ХУ1-23-291 дугаартай шинжээчийн: “...Airpod 2 чихэвч-288,000 төгрөг, card holder-21,000 төгрөг, Mark Jacobs гар цүнх-873,418 төгрөг, 2 уруулын будаг-15,000 төгрөг, нийт 1,212,418 төгрөг” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо *** дэлгүүр лүү ороод юм сонирхож явж байгаад 3 дугаар давхарт хувцасны дэлгүүр ороод дэлгүүрийн гол хэсэгт том ширээ дээр ил дөрвөлжин хар цүнх байхаар нь би худалдагчийг нь хартал цаад талдаа хүнд юм үзүүлээд явж байсан. Тэгэхээр нь би цүнхийг нь нууцаар авч яваад шууд өөрийн гэр Баянгол дүүрэг 17 дугаар хороо 6а байрны 3 тоотод очоод цүнхийг онгойлгоод үзтэл айпод чихэвч, уруулын будаг болон бэлэн 600 ам доллар байсан. Тэгээд би маргааш нь тухайн 600 долларыг авч яваад 8 шарга дээр очиж монгол мөнгөөр солиулсан. Солиулахад 2,100,000 төгрөг болж байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

4. 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *** худалдааны төвийн 4 давхрын 431 дүгээр павильонд байсан хохирогч ***ын хүрэмний халааснаас биет 400,000 төгрөг, БНСУ-ын мөнгөн тэмдэгт болох 30,000 вон, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нүүрсний карт бүхий хэтэвчийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

 

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 50 минут орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо ***гийн 4 давхрын 431 павильонд байрлах эхнэр ***ын худалдагчаар ажилладаг лангуун дээр очоод өөрийн өмсөж явсан гадуур хувцсаа хаалганы хажууд байрлах түгшлэгтэй сандал дээр тавьчхаад 19 цаг 10 минут орчимд өөрийн өмсөж явсан гадуур хувцасныхаа дотор энгэрийн халааснаас түрийвчээ авах гэсэн байхгүй болсон байсан. Түрийвч дотор бичиг баримт болон 400.000 төгрөг, 30.000 БНСУ-ын вон байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62-64 дэх тал),

 

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 11-нд нөхөр ***ын 1,050,000 төгрөгийн цалин буусан. Хэрэглээний зүйл цуглуулж бас байрны мөнгө 200,000 төгрөг төлж орой би нөхрийн мөнгө хэд үлдсэн байна гээд тоолж үзсэн. Тухайн үед 25 ширхэг 20,000 төгрөг болон задгай мөнгө байсан. Тухайн задгай мөнгийг тоолж үзээгүй. Тэгээд өөрийн ажлын хажууд байсан лангуунаас 100,000 төгрөгөөр нөхөртөө цамц авах хэрэгтэй байсан тул 5 ширхэг 20.000 төгрөг аваад 20 ширхэг 20,000 төгрөг нөхөртөө үлдээсэн. Манай нөхрийн гар утас эвдэрчихсэн байсан тул гар утас авах мөнгө үлдээсэн. Маргааш орой 18 цагийн үед манай нөхөр миний ажил дээр ирсэн. Тухайн үед нөхөр Алтан мутар эмнэлэг орлоо маргааш үзүүлэх цаг авсан утас авах уу эмчилгээ хийлгэх үү гээд миний ажилд тусалж байхад хулгайч орж ирээд шар өнгийн түрийвч нь алга болчихлоо гэсэн. Хяналтын камер шүүж үзсэн чинь хар өнгийн куртик болон годон гуталтай ноолууран малгайтай эмэгтэй хүн авчихсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...01 минут 50 секундэд хар өнгийн куртик, цагаан өнгийн малгай, хар цагаан өнгийн ороолт, бор өнгийн цүнхтэй, цагаан тортой зүйлс, үслэн саарал гуталтай эмэгтэй хүн *** худалдааны төвийн В1 давхарт байрлах Энэтхэг дэлгүүр гэх 15-р лангуунаас 2 минут 24 секундэд бүдэг шар өнгийн түрийвчнээс 20.000 төгрөг гаргаж ирж 2 минут 50 секундэд худалдан авалт хийж байгаа бичлэг байв. ...Бичлэгийг нээж үзэхэд 7 минут 03 секундийн бичлэг байх ба тус зөрчил гарсан газар нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** худалдааны төвийн 4 давхар булган шуба гэх лангуу харагдаж байв. 1 минут 52 секундэд хар өнгийн куртик, цагаан өнгийн малгай, хар цагаан өнгийн ороолт, бор өнгийн цүнхтэй, цагаан тортой зүйлс, үслэг сараал гуталтай эмэгтэй хүн *** худалдааны төвийн 4 давхарт булган шуба гэх лангуунаас 1 минут 59 секундэд зүүн гар талын суганд хавчуулсан байсан бүдэг шар өнгийн түрийвчийг цагаан уутанд хийж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал),

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн: “...Би 1-4 хүртэл дугаарласан хүмүүсийн зургийг харлаа. Миний шар өнгийн арьсан түрийвчийг авсан хүнийг би “4” тоогоор дугаарласан хүн гэж бодож байна. Тухайн хүний хөмсөгний нарийн засалтаар нь бол хамрын угалз өргөн, нүүрний хэлбэр өргөн зэргээр нь би таньж байна. Бусад хүмүүсийг бол харж байгаагүй юм байна...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 86-89 дэх тал),

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...***т хохирлын 30.000 вон, 320.000 төгрөгийг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 116 дахь тал),

 

Хохирогч ***ын бичгээр гаргасан: “...*** миний бие 2 дугаар сарын 13-ны өдөр хулгайд түрийвчээ алдсан. Миний хохирлыг барагдуулж өгсөн тул ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх хүсэлт (1 дэх хавтаст хэргийн 172 дахь тал),

 

Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо ***гийн 4 давхрын эрэгтэй бэлэн хувцасны тасагт цагаан сарын бэлэг сонирхож явж байтал ертөнцийн зүгээр баруун талын лангуу буюу лангууны дугаарыг нь санахгүй байна, эрэгтэй хүний куртик тохоостой байсан бөгөөд дотор талын халаасанд нь байсан шар өнгийн түрийвч цухуйж байсан. Худалдагч нь 30 орчим насны залуу байхад тухайн худалдагч цаашаа хүнтэй ярьж байхад сандал дээр өлгөөстэй байсан. Өөрийнхөө өмсөж явсан гадна талын баруун халаасанд хийгээд авсан. Дараа нь би худалдааны төвийн гадна байрлах хогийн саванд хаясан. Би түрийвчнээс авсан 320.000 төгрөг, 30.000 воныг хохирогчид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.  

 

Дээрх хэргийн үйл баримтыг тогтоосон хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудтай шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нийцэж байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв дүгнэж нотлох баримтаар үнэлсэн.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дэх хавтаст хэргийн 35-39, 99-101 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

 

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болох хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгөн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, хохирогч ***, ***, ***, ***, гэрч *** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч ***ийг нь нэр бүхий 4 хохирогчийн эд зүйл болох нэхий энгэртэй булган захтай хүрэм, шүрэн толгойтой зааны ясан халбагатай хажтай алтан нуухтай гартаам хөөрөг, цүнх, дотор нь байсан 600 ам доллар, чихэвч, уруулын будаг, түрийвч доторх бэлэн 400,000 төгрөг, БНСУ-ын мөнгөн тэмдэгт болох 30,000 вон, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, зэргийг хулгайлан авсан, үүний улмаас бусдад нийт 6.527.052 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч *** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан байгаа нь хууль бус бөгөөд шууд санаатай үйлдэл байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч *** нь 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 4 хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж дүгнэв.   

 

Иймд шүүгдэгч ***ийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 126 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 128-130 дахь тал), оршин суух хаягийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 131 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 132 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 133 дахь тал) авагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өмнө нь өмчлөх эрхийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч засарч, хүмүүжээгүй дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Мөн шүүгдэгч *** нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 3 сарын хугацаагаар тэнссэн байхад тэнсэнгийн хугацаа дуусгавар болоогүй буюу 2022 оны 12 дугаар сарын 06, 2023 оны 2 дугаар сарын 10, 11, 13-ны өдрүүдэд дээрх аргаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны дагуу өмнөх шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил, 3 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар 1 жил, 3 сарын хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ***ийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил, 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 6.527.052 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээг зөвтгөж шийдвэрлэсэн ба энэ нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэлээ. 

 

Тодруулбал, хохирогч ***д 528.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1-23-47 дугаартай шинжээчийн: “...Булган захтай, нэхий энгэртэй сөдөн хормойтой ар хэсэгтээ бор өнгийн хатгамал үстэй хоёр талдаа цахилгаантай, 2022-11 сард Турк улсаас худалдаж авсан куртик-528.000 төгрөг” гэх,

Хохирогч ***т 2.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн БГ2-23-392 дугаартай шинжээчийн: “...Шүрэн толгойтой, зааны ясан халбагатай хажтай алтан нуухтай гартаам хөөрөг-2,200,000 төгрөг...” гэх,

Хохирогч ***д.212.418 төгрөгийн эд зүйлийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ХУ1-23-291 дугаартай шинжээчийн: “...Airpod 2 чихэвч-288,000 төгрөг, card holder-21,000 төгрөг, Mark Jacobs гар цүнх-873,418 төгрөг, 2 уруулын будаг-15,000 төгрөг, нийт 1,212,418 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр, мөн 600 ам доллар буюу 2.104.134 төгрөг буюу 3,316,552 төгрөгийн хохирол,

Мөн хохирогч ***т 400.000 төгрөг, БНСУ-ын 30.000 воны буюу 482500 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Дээрх эд хөрөнгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***гийн хулгайд алдагдсан эд зүйлс болох нэхий энгэртэй, булган захтай хүрэм, хохирогч ***ийн гартаам хөөрөг зэргийг шүүгдэгчээс хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн болох нь эд зүйлс хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр, мөн шүүгдэгч *** нь хохирогч ***ын хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд, хохирогч ***ын хохирлыг шүүхийн шатанд тус тус нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Хаан банкны мөнгөний шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ***ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирол, хор уршгийг арилгасан гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч ***т хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар шийдвэрлэсэн болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                  

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 6 (зургаа)-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын ***ийг 1 жил, 3 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч ***ийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жил, 9 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***, ***, ***, *** нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА