Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/613

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

Хохирогч ***гийн хууль ёсны төлөөлөгч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303002670218 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсны энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн 178 дугаар цэцэрлэгийн багш ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн *** дугаар хороо, ***-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 71 дүгээр байрны хойд замд 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 55 минутын орчимд Т.Приус маркийн *** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч, хохирогч ***г мөргөж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                    

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэхдээ: “...Баримтын хувьд би хөхүүл эмэгтэй, мөн жирэмсэн байсан. Би ээжийгээ сахиад хэвтэж байгаа болохоор хүүхдээ хөхүүлэх харах боломжгүй байсан. Сахрыг нь хянаж байгаад хагалгаанд оруулсан. Тэр хүн сэтгэл санаа нь хүнд байгаа. Уучлалт гуйж ирээгүй. Хэрэг болох өдөр намайг дуудсан. Ээж эмнэлэгт ёолсон хэвтэж байсан. 2 хоног сахиад 3 дахь өдрөө хагалгаанд орсон. Эмнэлгээс гараад хэвтрийн дэглэм сахина гэж хэлсэн. Гранд медед хэвтүүлээд сэргээн засах эмчилгээ хийлгэсэн. Одоо ээж маань гэртээ байгаа. 5 дугаар сарын 14-нд эмнэлэгт хэвтсэн. Биеийн байдал суугаа байдалтай байгаа. Бүрэн эдгээгүй, өвдөгний гэмтэл нь хүндрэлтэй байгаа. Шүүгдэгчээс хохирлын мөнгө аваагүй байгаа. Шүүх дээр шийдье гэж бодсон. Нийт 3,291,000 төгрөг нэхэмжилж байгаа. Цаашид гарах хохирол хор уршгийг нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэв.

Эрүүгийн 2303002670218 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал),

 

2. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр үсээ засуулаад явж байгаад замаар урдаас хойш чиглэлд явж байх үед машин ухарч мөргөсөн. Дунд чөмөгний яс хугарсан байсан. Тухайн үед манай дүү хамт явж байсан. Тухайн замд явган хүний гарц байсан эсэхийг мэдэхгүй байна. Гомдолтой байна. Одоогоор тооцоо гараагүй байна. Дараа нь гаргаж өгнө. Манай охин нялх хүүхэдтэй, дээр нь намайг хараад хэцүү байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

3. Хохирогч ***гийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гарсан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн өдөр осол гарсан талаар эгч *** надад утсаар хэлсэн. Би гэмтэл дээр очих үед ээжийн дунд чөмөгний яс хугарсан гээд эмнэлэгт хэвтүүлээд хагалгаа хийсэн. Одоогоор манай ээжийн бие муу байгаа бөгөөд сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Эдгэрэлт маш удаан байгаа тул цаашид хэрэг шалгах ажиллагаанд оролцох боломжгүй байгаа тул би хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлт гаргаж байна. Тооцоо бүрэн гараагүй байна. Шүүх хурал дээр баримт нэмж гаргаж өгнө. Байнга эмнэлгээр явж байгаа. Гомдолтой байна. Тооцоог гаргаж өгнө” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

4. Гэрч Д.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 23-ны 15 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг 71 дүгээр байрны үсчний газарт үсээ засуулчхаад гараад хойд автобусны буудал орохоор манай нагац эгч болох ***гийн хамт хорооллын доторх замаар урдаас хойш чиглэлд зорчих хэсгээр алхаад явж байсан. Би зүүн гар талд нь манай эгч зүүн гар талд явж байсан. Гэтэл гэнэт манай эгч гэнэт ёоё гэхээр нь хартал манай эгч газарт уначихсан байсан. Хартал Т.Приус маркийн *** дугаартай автомашин ухарч ирээд мөргөсөн байсан. Нөгөө жолооч нь бууж ирээд толиндоо хараагүй гээд байсан. Тэндээсээ шууд машинд нь суугаад гэмтэл явсан. Машин ухарч байгаа нь огт харагдаагүй. Цагдаад тухайн үедээ дуудлага өгөөгүй бөгөөд гэмтэл дээр очсон хойно дуудлага өгсөн. Цагдаа нарт хэргийн газарт гарсан ослын талаар зааж өгсөн. Одоо манай эгч эмнэлэгт хэвтэж байгаа, баруун дунд чөмөг нь хугарсан байна гэж байсан. Машиныг хаанаас ухарсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

 

5. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 23-ны 15 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг 71 дүгээр байрны буланд байх хоолны газарт дүү ***, *** нарын хамт хоол идээд гараад ***гийн машинд орж суугаад *** өөрөө машинаа жолоодон зогсоолоос хойш ухарч гарсан. Тухайн үед би жолоочийн хажуугийн суудалд суугаад *** арын суудалд суугаад хөдөлсөн. Тэндээс 10 дугаар хороолол орох зорилготой байсан. Биднийг гарах гэж байх үед ард машин хаагаад тавьсан байсан бөгөөд тэр жолооч руу нь залгаж дуудаад гарч ирэхээр нь ухраад хойш ухарч байтал хөдөлгөөн их байсан бөгөөд зогсолт хийхээр нь хартал хүмүүс явж байна гэхээр нь би утсаа оролдож байтал хөдлөх шиг болоод юм тогшиж байгаа мэт зөөлөн чимээ гараад машин зогссон. *** шууд зогсоод буугаад явахаар нь би араас нь буутал машины жолоочийн талын ард талд настай эмэгтэй хүн газарт уначихсан хэвтэж байсан. Бид хоёр яана уучлаарай гэж хэлээд яаж байна гэж асуухад юм хэлээгүй, ёолоод байсан. Хамт явж байгаа хүн байна уу гэхэд нэг эмэгтэй хүн нэлээн удаж байгаад гарч ирээд хамт явж байгаа юм гэсэн. Гэхдээ тэр хүн таних хүн нь гэж хэлж байсан. Хамт явж байгаа хүнээс нь эмнэлэг явах уу гэж асуухад гэмтэл явна гэсэн учир өргөөд машиндаа суулгаад гэмтэл рүү явсан. Гэмтэл дээр очоод бүртгэл хийлгээд зураг авхуулаад эхо-д харуулсан. Бөгсөн биедээ хугаралтай гэж хэлж байсан. Шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Ар гэрийн хүмүүс нь гээд хүмүүс ирээд байсан. Цагдаагаас ярихаар нь ослын газарт очиж хэргийн газрын үзлэг хийлгэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

 

6. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5477 дугаартай: “...***гийн биед баруун дунд чөмөгний их, бага төвгөр дайрсан ташуу зөрүүтэй далд хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

7. Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 538 дугаартай: “...Жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Хохирогч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал),

 

8. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04/1831 дугаартай албан бичиг, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл (хавтаст хэргийн 81-82 дахь тал),

 

9. Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 55 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 71 дүгээр байрны хойд замд Т.Приус маркийн *** дугаартай автомашины жолооч нь явган зорчигч ***ын *** /76 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь 3.817.000 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.817.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал),

 

10. Хохирогч ***гийн хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд (хавтаст хэргийн 28-38 дахь тал),

 

11. Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Намайг ухарч байх үед араар хүмүүс явахаар нь зогсоод зам тавьж өгөөд ар талаа толиндоо хараад хөдөлгөөн эхэлтэл түр хийх чимээ гарсан. Би зогсоод толиндоо хартал юм байхгүй байсан бөгөөд машинаа зогсоогоод буугаад очтол миний машины баруун хойд талд эмээ уначихсан байсан. Эмээ босох гэснээ орилоод буцаад хэвтсэн. Баримтаар гаргаж өгсөн мөнгийг нь төлнө гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал) болон шүүгдэгчээс гаргаж өгсөн Эрүүл мэндийн даатгалын санд 3.267.000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ээс гаргаж өгсөн 8 ширхэг хохирол, хор уршгийн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотойгоор гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 70 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 71 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 72 дахь тал), жолоочийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 73 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дахь тал), тээврийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 77 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***гоос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 50-51 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ***гийн “...Тухайн өдөр үсээ засуулаад явж байгаад замаар урдаас хойш чиглэлд явж байх үед машин ухарч мөргөсөн. Дунд чөмөгний яс хугарсан байсан. Тухайн үед манай дүү хамт явж байсан. Тухайн замд явган хүний гарц байсан эсэхийг мэдэхгүй байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг, хохирогч ***гийн хууль ёсны төлөөлөгч ***ийн “...Тухайн өдөр осол гарсан талаар эгч *** надад утсаар хэлсэн. Би гэмтэл дээр очих үед ээжийн дунд чөмөгний яс хугарсан гээд эмнэлэгт хэвтүүлээд хагалгаа хийсэн. Одоогоор манай ээжийн бие муу байгаа бөгөөд сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Эдгэрэлт маш удаан байгаа тул цаашид хэрэг шалгах ажиллагаанд оролцох боломжгүй байгаа тул би хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлт гаргаж байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.***ын “...Би 2023 оны 4 дүгээр сарын 23-ны 15 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг 71 дүгээр байрны үсчний газарт үсээ засуулчхаад гараад хойд автобусны буудал орохоор манай нагац эгч болох ***гийн хамт хорооллын доторх замаар урдаас хойш чиглэлд зорчих хэсгээр алхаад явж байсан. Би зүүн гар талд нь манай эгч зүүн гар талд явж байсан. Гэтэл гэнэт манай эгч ёоё гэхээр нь хартал манай эгч газарт уначихсан байсан. Хартал Т.Приус маркийн *** дугаартай автомашин ухарч ирээд мөргөсөн байсан. Нөгөө жолооч нь бууж ирээд толиндоо хараагүй гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч ***ийн “...Би 2023 оны 4 дүгээр сарын 23-ны 15 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг 71 дүгээр байрны буланд байх хоолны газарт дүү ***, *** нарын хамт хоол идээд гараад ***гийн машинд орж суугаад *** өөрөө машинаа жолоодон зогсоолоос хойш ухарч гарсан. Тухайн үед би жолоочийн хажуугийн суудалд суугаад *** арын суудалд суугаад хөдөлсөн. Тэндээс 10 дугаар хороолол орох зорилготой байсан. Биднийг гарах гэж байх үед ард машин хаагаад тавьсан байсан бөгөөд тэр жолооч руу нь залгаж дуудаад гарч ирэхээр нь ухраад хойш ухарч байтал хөдөлгөөн их байсан бөгөөд зогсолт хийхээр нь хартал хүмүүс явж байна гэхээр нь би утсаа оролдож байтал хөдлөх шиг болоод юм тогшиж байгаа мэт зөөлөн чимээ гараад машин зогссон. *** шууд зогсоод буугаад явахаар нь би араас нь буутал машины жолоочийн талын ард талд настай эмэгтэй хүн газарт уначихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5477 дугаартай: “...***гийн биед баруун дунд чөмөгний их, бага төвгөр дайрсан ташуу зөрүүтэй далд хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 538 дугаартай: “...Жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Хохирогч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа болон шүүгдэгч ***гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 71 дүгээр байрны хойд замд 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 55 минутын орчимд Т.Приус маркийн *** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, явган зорчигч ***г мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасан тул шүүгдэгч *** ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч ***г мөргөсөн үйлдэл нь хууль бус буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

 

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд баруун дунд чөмөгний их, бага төвгөр дайрсан ташуу зөрүүтэй далд хугарал гэмтэл учирсан бөгөөд хохирогч ***гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 5477 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

 

Өөрөөр хэлбэл, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2303002670218 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч ***ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, учирсан хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долон зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга)-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгч *** нар нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээ, үйлчилгээний зардал гэж 1,873,446 төгрөг (хавтаст хэргийн 28-38 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт 1,511,255 төгрөгийн баримтыг гарган өгч шүүгдэгчээс нийт 3,384,701 төгрөгийг нэхэмжилж оролцсон.

 

Шүүх хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргаж өгсөн хохирлын баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, зарим шаардлага хангаагүй болон тухайн гэмт хэрэгт хамааралгүй баримтуудыг хасаж, нотлох баримтын шаардлага хангасан 2,734,111 төгрөгийн хохирол бодитоор учирсан гэж дүгнэж, уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн.

 

Уг шийдвэртэй холбогдуулан шүүгдэгч *** нь хохирол нөхөн төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан завсарлаж, завсарласан хугацаанд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2,734,111 төгрөгийг төлж барагдуулсан болох нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон.

 

Харин хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгч *** нар нь цаашид гарах эмчилгээний зардал, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаа хуульд нийцүүлэн бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Мөн хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 3.817.000 төгрөгөөс шүүгдэгч *** нь Эрүүл мэндийн даатгалын санд 3.267.000 төгрөгийг нөхөн төлсөн, 550.000 төгрөгийн нөхөн төлөөгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж зааснаар шүүгдэгч ***гоос 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Шүүгдэгч ***гоос хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 2.734.111 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 3.267.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***гоос 550.000 (таван зуун тавин мянга)-н төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

6. Хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгч *** нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА