Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Туяа |
Хэргийн индекс | 183/2018/0614/и |
Дугаар | 996 |
Огноо | 2018-04-27 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 996
Ч.Цын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00614 дугаар шийдвэртэй, Ч.Цын нэхэмжлэлтэй, хариуцагч “Д” ХХК-д холбогдох дутуу авсан цалин болон амралт, ажилгүйдлийн тэтгэмжид нийт 6 128 620 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ц нь “Д” ХХК-д 2016 оны 03 дугаар сараас эхлэн маркетингийн менежер албан тушаалд томилогдон ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын өдөр тутмын ёс суртахуунгүй харилцаа, байнгын дарамт шахалтаас болж хэвийн хөдөлмөрлөж чадахгүй аргагүй байдалд орж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бичгээр гаргасан. “Д” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр ажлаас гарсан өдөр өгөх үүрэгтэй гэж заасныг биелүүлээгүй. Иймд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 24-ний өдөр хүртэл ажилласан 15 хоногийн цалин 575 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан нийт 124 хоногийн цалин хөлс 4 723 209 төгрөг, амралтын олговор 394 811 төгрөг, ажил олгогчийн буруутайгаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй тэтгэмж 435 000 төгрөг, нийт 6 128 620 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт 8, 9, 10, 11, 12, 1 саруудад нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Ч.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажлаа хийгээгүй боловч ажил олгогч нь тушаал шийдвэрээ гаргаж, бичиг баримтыг өгөх үүргээ биелүүлээгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ц нь “Д” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл марктингийн менежерын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. “Д” ХХК нь бэлэн хувцас, гутлын дэлгүүртэй бөгөөд гутлын дэлгүүр, барааны захиалгыг марктингийн менежер хариуцаж ажилладаг. Ч.Ц нь ажиллах хугацаандаа Герман улсаас Lowa брэндийн гутлын захиалгыг хийхдээ нийт 342 ширхэг гутлын захиалга буруу хийсэнтэй холбогдон компанид 79 084 087 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар “Д” ХХК нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч бид хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодруулах зүйл байна гэж нэхэмжлэлээ татан авч, санхүүгийн зарим асуудлыг тодруулаад эргэж нэхэмжлэл гаргана гэсэн. Ч.Цт ерөнхий захирлын зүгээс гаргасан алдаагаа залруул, гутлаа худалдан борлуул гэсэн чиг үүрэг өгсөн боловч 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд түүнээс хойш ажилдаа ирээгүй, албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөөгүй.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчсөн үйлдэл болсон. Уг журамд зааснаар ажилтан ажлаа хүлээлгэн өгч, тойрох хуудсаар тооцоо нийлээд үүний дараа цалин хөлс болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт бусад бичиг баримтыг хүлээлгэж өгөх журмыг Ч.Ц зөрчсөн, ажлаа хаяж явсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ууганбаатарын албан тоотыг түүний мессенжер хаягаар явуулсан. Үүнийг Ч.Ц уншсан бөгөөд “ажлаа хий гэж байгаа юм уу, ажлаа хүлээлгэж өг гэж байгаа юм уу” гэсэн хариу бичсэн байдаг. Үүнд шүүх үзлэг хийсэн нь хэрэгт авагдсан. Мөн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарч Ч.Цыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Энэ бүхнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3, 55 дугаар зүйлийн 55.1 хэсэгт заасныг баримтлан “Д” ХХК-иас 1 404 811 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4 723 809 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Цт нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, хүлээлгэн өгөхийг “Д” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэнтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 030 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 37 427 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “Д” ХХК-иас 1 404 811 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс 435 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд компанийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж хариуцагчаас ажилгүйдлийн тэтгэмжид дээрх 435 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөх үндэслэлгүй. Хариуцагч талаас Ч.Цт ажлаа зохих журмын дагуу хүлээлгэж өгч, холбогдох бичиг баримтаа авч тооцоог хийж дуусгахыг мэдэгдсэн талаар хэрэгт нотлох баримт авагдсан. Ингэж мэдэгдсээр байхад Ч.Ц нь ажилгүйдлийн тэтгэмжээ авах ёстой байтал өөрөө ирж ажлаа хүлээлгэж өгөлгүй, цалин мөнгөний тооцоог хийгээгүй буруутай үйлдлийг хариуцагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд хариуцагчаас 1 404 811 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг багасгаж 969 811 төгрөг болгож өөрчилж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан ажилласан хугацаанд олгогдоогүй цалин болон ээлжийн амралтын олговор ажилгүйдлийн тэтгэмж зэрэгт нийт 6 128 620 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17-20 дугаар тушаалаар маркетингийн менежер ажилтай Ч.Цыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажилтны гаргасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлтэд үндэслэсэн байна. /хх 43/ Хэрэгт ажилтны гаргасан хүсэлт авагдаагүй боловч талууд энэ талаар маргаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг ажлаас халагдсан өдөрт нь өгөх үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч Ч.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас 24-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалинг хариуцагч олгоогүй, тухайн жилд ногдох ээлжийн амралтыг эдлээгүй, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг гардуулаагүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй гэх үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Хариуцагч нь Ч.Цыг ажлаа зохих журмын дагуу хүлээлгэн өгч, холбогдох бичиг баримтаа авч тооцоо дуусгахыг мэдэгдсээр атал өөрөө ирээгүй нь “Д” ХХК-ийн буруу биш учраас ажилгүйдлийн тэтгэмжийг төлөх үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасан. Гэвч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан, Ч.Ц өөрийн буруутай үйлдлээс болж ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргах үүргээ хариуцагч тал хэрэгжүүлээгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруугаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй 435 000 төгрөгийг “Д” ХХК-ид хариуцуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 137 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ТУЯА