| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 159/2024/0033/З |
| Дугаар | 221/МА2025/0654 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0654
“С” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүн: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 159/2024/0033/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.3-т “... “С” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь дараах байдлаар тогтоогдож байх тул хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзлээ...”, 6.6-д “...Нэхэмжлэгчээс газраа уриншилж ашигласан хэмээн нотлох баримтаар 2020-2025 онуудын тариалалтын төлөвлөгөөг ирүүлэхдээ маргаж буй газруудад тарималын нэрийг уринш /хими/, улаанбуудай хэмээн тусгасан ч бодит тариалангийн талбай дээр ямар ч тариалалт хийгдээгүй, гэрч тус компанийн ажилтан Х.М-ийн тайлбарлаж буйгаар агрономич нарын хөтөлдөг талбайн түүх гэх тэмдэглэлүүд нь огноогүй, хуудасны дугаарууд давхцсан, хэн гэдэг агрономич тэмдэглэсэн болох нь мэдэгдэхгүй, таримлын нэр, сорт тодорхойгүй, 2021 онд уринш, 2022 онд уринш, улаанбуудай тариалсан мэтээр тусгагдсан баримтуудыг үндэслэн хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь бодит үйл баримтад нийцээгүй, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг бүрэн судлаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй байна.
3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд дээрх заалтын агуулга нь урьдчилсан гурван нөхцөлтэй, эдгээр нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд уг заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзнэ. Тодруулбал, газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхаар хууль тогтоогчоос урьдчилсан нөхцөл заасан бөгөөд “Сэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааны үйл баримтын тухайд эдгээр шаардлагыг хангаагүй.
3.3. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.М-ийн “...энэ талбай дээр хөрсний ялзмаг үүсгэх ажил маш олон удаа хийсэн..., гар аргаа тариалалтыг цацах байдлаар хийсэн байсан..., хөрсний онцлогоос хамааран өнжөөлт хийх шаардлага байдаг. Манай компанийн зүгээс уг талбай нь элсэрхэг учраас өнжөөх шаардлага гарсан гэж компанийн агрономичийн зүгээс ярьж байсан.., ...2022 онд өнжөөгөөд 2023 онд тариалалтыг гар аргаар хийсэн байсан, ...царгас доник нь олон наст ургамлууд учраас шууд дээрээс нь тариалалт хийж болдог таримал гэсэн үг. 2-3 см гүнд хөрсөнд ялзмаг бүрдүүлж өгдөг.., ...хөрсөө хөндөхгүй байх зорилгоор ойрын хэдэн жил гар аргаар цацсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Д-ийн “...хавар үрийн будаа ачиж тариалангийн талбайд очдог,... би 5-6 удаа очиж байсан, манай хамгийн наад талын поль бөгөөд наанаасаа эхлэн тариалалтаа хийгээд цаашаа явдаг, ... уринш хийхэд 20-30 минут болдог байсан болохоор малчидтай таардаггүй байсан, ...2016 оноос хойш 2-3 жил дараалан талбай дээр очоод хамгийн сүүлд 2022 онд очсон, ... уринш хийхэд өнжиж байсан, ер нь өнжих тохиолдол байдаг...” гэх мэдүүлгүүд, нотлох баримтаар авагдсан “С” ХХК-ийн 2020-2025 оны тариалалтын төлөвлөгөө, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12.6 га талбайн ургамал хамгаалах бодис, бордоо цацах ажлын бөглөх хуудас, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 30.5 га талбайн ургамал хамгаалах бодис, бордоо цацах ажлын бөглөх хуудас, “С” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт өгсөн 17 тоот албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн хүсэлт, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хөдөө аж ахуйн тасагт хүргүүлсэн тариалалтын мэдээ, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 24 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хөдөө, аж ахуйн тасагт хүргүүлсэн ургац хураалтын мэдээ, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хөдөө, аж ахуйн тасагт хүргүүлсэн тариалалтын мэдээ, тариалалтын үед бөглөх хуудсууд, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж буй 2019-2022 оны ирсэн явуулсан албан бичгийн бүртгэлийн дэвтэр, түүний эх хувь баримтуудад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлох баримтаар авагдсан Сэлэнгэ аймгийн Аптанбулаг сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “С” ХХК-д хүргүүлсэн 1/407 тоот албан бичигт “...Тус суманд газар тариалан, мал аж ахуй эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй боломжтой компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, сумын нөөц өвс тэжээл бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлж ажиллана уу” гэх хүсэлт зэргээр нэхэмжлэгч “С” ХХК нь маргаан бүхий тариалангийн газартаа үйл ажиллагаа явуулж, ашиглаж байсан, компани тариалалтын төлөвлөгөөндөө тусган оруулж, хөрсөө бэлдэх зорилгоор химийн уринш, ургамал хамгаалах бодис, бордоо цацах ажлыг жил бүр гүйцэтгэж, зарим жил өнжөөж, хөрс хөндөхгүй технологийг баримталж гар аргаар цацах хувилбараар ажлаа гүйцэтгэж, 2023 онд гар аргаар тариалалт хийж зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь нотлогддог.
3.4. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийг газраа ашиглаагүй гэж явцуу байдлаар дүгнэж, хэдэн онуудыг дараалсан 2 жил ашиглаагүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй, маргаан бүхий газар дээр нь очиж талбай, түүний хөрсийг шинжлэн судлахгүйгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/478 тоот бичиг гэх баримт, 30.5 га газрын газар эзэмшүүлэх ашиглуулах гэрээг дүгнэсэн, бичигдсэн агуулга нь зөрүүтэй 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 97 тоот актыг тус тус үндэслэн 30.5 болон 12.06 га газруудыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн шинжээчийн дүгнэлтийн дагуу бодит тариалангийн талбайдаа ямар ч тариалалт хийгээгүй үзэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.8-д “...2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг анх удаа дүгнэсэн, нэхэмжлэгч маргаан бүхий газруудыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн 97, 98 дугаартай актад зөрүүтэй бичилт хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр хууль зүйн үндэслэлгүй ...” гэсэн нь хэрэгт ач холбогдол бүхий хариуцагч талаас зөрүүтэй бичилт хийсэн газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн 97, 98 дугаартай акт, үүнтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт дүгнэлт хийгээгүй, эцэслэн тодруулаагүй, хариуцагч талын гаргасан тайлбараар нэг талыг барьж тайлбар хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан шүүхийн шийдвэрийн шаардлагад нийцэхгүй байна.
4.1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана” гээд 34.6.7-д “гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага” гэж, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний 4-д газар эзэмшүүлэгчийн үүрэг эрх, үүрэг гээд 4.4-т “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх” гэж заасан. Газар эзэмшүүлэгч болох хариуцагч тал нь уг үүргээ хэрэгжүүлээгүй, анх удаа 2024 онд гэрээний биелэлтийг дүгнэхдээ агуулгын зөрүүтэй дүгнэлт гаргаж тэрийгээ нэхэмжлэгч талаас асууж тэдний хариулснаар бичсэн гэх тайлбарыг өгч байгаа бодит байдалд нийцэхгүй байна.
4.2. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч, ашиглагч иргэн аж ахуйн нэгжийг хуульд заасан эрх хэмжээний дагуу газраа зүй зохистой ашиглаж байгаа, гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор гэрээ дүгнэх ажиллагаа хийгддэг бөгөөд төрийн байгууллага, албан хаагчийн зүгээс энэхүү хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйгээ компанийг буруутган тайлбарлаж байгаа нь ёс зүйгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна.
4.3. Тариалангийн газрын төлөв байдал ямар байгааг захиргаа урьдчилан шалгах, мэдсэн байх чиг үүрэгтэй бөгөөд 2015 оноос хойш нэхэмжлэгч компанид газраа зориулалтын дагуу ашиглах талаар, гэрээгээ дүгнүүлэх талаар, Тариалангийн тухай хууль зөрчсөн талаар, зөрчлийг зогсоох арга хэмжээ аваагүй, албан бичиг шаардлага явуулж байгаагүй нь хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт гаргасан үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үгүйсгэж байна.
4.4. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “... байгаль орчны байцаагч тухайн газар дээр 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр очиж үзэхэд огт тариалалт хийгдээгүй, атаршсан хэлбэрт байсан учир гэрээний үүргийг биелүүлсэн эсэх талаар гаргасан дүгнэлт хэсэгт “сүүлийн хэдэн жил тариа тариагүй, зориулалтын дагуу ашиглаагүй” хэмээн тусгасан...” гэж тайлбар гаргасан нь баримтаар нотлогдоогүй, сүүлийн хэдэн жил гэдэгт хэдэн оныг оруулж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт гаргах үндэслэл тайлбар болон тухайн гэрээ дүгнэсэн актын доорх бичилтийн агуулгаас өөр, зөрүүтэй байдал нь захиргааны акт тодорхой, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
5. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.9-д “...гэрч нарын мэдүүлгээр нутгийн иргэд, малчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан нөхцөл байдал тогтоогдсон ч уг асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хүсэлт, гомдол, өргөдөл гаргаж байгаагүйгээс үзвэл үүнийг дангаар нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлс буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй...” гэсэн нь үндэслэлгүй.
5.1. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.М-ийн “...Гүн нуурын хажуу талаар малчид их байдаг учраас маргаан үүссэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Д-ийн “...н.У үрэлгээ хийх гээд техниктэй, би үрийн будаа ачсан машинтай ирсэн. Ард иргэд нь ирээд тариалалт хийлгэхгүй тракторын дугуйны урд ирээд зогсчихдог байсан 10 гаруй морьтой, мотоциклтой, явган малчид ирээд малын бэлчээр шүү, тариалалт хийлгэхгүй гэж маргадаг байсан..., тариалалт хийх гээд очихоор л малчид нь тариалалт хийлгэдэггүй..., ...багийн Засаг даргатай утсаар яриад ард иргэд нь тариалалт хийлгэхгүй талаараа нэг нь очиж багийн Засаг даргаас бичгээ аваад компанид өгч байсан..., Хамгийн сүүлд 2022 онд олон малчид дургүйцсэн. Тэгээд л яваад өгдөг байсан. 2016, 2017, 2018 онд ганц хоёр иргэд ирдэг байсан. Тэгэхээр нь бид нар дараагийнхаа тариалалт руу явдаг. Яагаад гэвэл цаг хугацаатай учраас дараагийн талбай руугаа явчихдаг байсан..., 2016 онд очиход хашаалсан байсан, 2017 онд очиход ганц хоёр шон үлдсэн байсан...,... малчид хашааг нь тастдаг...” гэх мэдүүлгүүд, мөн “С” ХХК-ийн хариуцагч талд хандан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 тоот хүсэлтээр тариалангийн талбайд мал орж байгаа талаар, тариалангийн талбайтай ойр малчдыг Тариалангийн тухай хуулийн дагуу нүүлгэн, малчдад ойлгуулах, тариалалтад саад учруулж байгаа нөхцөл байдлыг арилгах арга хэмжээ авах, дэмжлэг үзүүлэх талаар дурдсан зэрэг баримтаар “С” ХХК нь маргаан бүхий тариалангийн газартаа тариалалт хийхээр очиход малчид, иргэд, орон нутгийн удирдлагын эсэргүүцэлтэй тулгарч байсан нөхцөл байдал тогтоогддог.
5.2. Мөн шүүхээс хийсэн үзлэгээр тухайн тариалангийн газруудын ойр орчимд малчид өвөлжиж хаварждаг, малчид жилийн 4 улирал малаа бэлчээдэг, хилийн бүстэй ойр тул малын бэлчээрийн талбай муу байдгаас тариалангийн талбай руу мал бэлчээх шалтгаан болдог талаар Алтанбулаг сумын 3 дугаар багийн засаг дарга дурдсан байдаг.
6. Анхан шатны шүүх хариуцагчийг захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн тохиолдолд уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
6.1. Нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчөөгүй бөгөөд хариуцагч талаас сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл заасан журмын дагуу явуулж тайлбар, баримт гаргах боломжоор зориудаар хангаагүй буюу захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг тодруулах, холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй. Хэрэв нэхэмжлэгч тайлбар, баримт явуулсан бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл байхгүй болохыг нотлох боломжтой, нөхцөл байдлыг зөв тайлбарлаж дүгнээгүй тул сонсох ажиллагаа явуулаагүйг захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
7. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны А/61 дүгээр тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаас гадна мөн хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн байдаг боловч хариуцагч нь “С” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40.1.1-д зааснаар хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг хэзээ, хэрхэн, яаж удаа дараа зөрчсөн, ямар ноцтой зөрчил гаргасан талаар нэг ч тайлбар, баримт өгдөггүй.
7.1. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 40.1.1 болон 40.1.6-д заасныг зөрчөөгүй бөгөөд хариуцагч талаас газар эзэмшигчийг эрхийг хүчингүй болгосон захиргааны акт гаргахдаа үндэслэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг алиныг зөрчсөн болохыг тодорхой баримтаар бүрэн нотолсноор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны А/61 дүгээр тушаалыг үндэслэл бүхий, хуульд нийцсэн гэж үзэх тул эдгээр үндэслэл бүрэн нотлогдоогүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан “Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... “С” ХХК анх маргаж буй газруудыг 2005 оноос хойш эзэмшиж, шинэчилсэн кадастрын зураглалаар өөрчлөлт орсон гэх үндэслэлээр тухайн газрын эзэмших эрхийг 2015 онд дахин баталгаажуулж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий захиргааны акт гаргах хүртэлх 9 жилийн хугацаанд тариалалт хийгээгүй, нэхэмжлэгчийн хэлж буйгаар уринш хийсэн ч энэ нь дээрх хуулийн зохицуулалтаар 9 жилийн хугацаанд үргэлжлэн хийх боломжгүй, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д зааснаар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх үүрэгтэй байхад “С” ХХК хариуцагчид энэ талаарх мэдээг гаргаж өгөөгүй, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 дугаар албан бичгүүдээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хөдөө аж ахуйн тасагт тухайн газарт уринш хийсэн гэх мэдээг хүргүүлснээс өмнөх онуудад ийнхүү мэдээг хүргүүлж байгаагүй, Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын шинжээч нарын дүгнэлт, гэрч Х.М-ийн донник, царгас цацсан бөгөөд энэ нь хөрсийг ялзмагжуулахад зориулдаг гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
2.3. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь эрхтэй:”, 20.2.1-д “өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах;”, 20.2.2-т “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх;”, 20.2.6-д “таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх;”, 20.2.8-д “өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгэх;”, 20.3-т “Тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
2.4. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж нь газраа 2 жил ашиглахгүй өнжөөх бол сумын Засаг даргад мэдэгдэх үүрэгтэй төдийгүй газар эзэмшигч этгээд нь газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлж байж газар эзэмших эрх нь хамгаалагдах зарчимтай байна.
2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 76 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хяраанд 367 га газрыг “С” ХХК-д газар тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/224 дүгээр захирамжаар дээрх газар тариалангийн газрын хэмжээ шинэчилсэн кадастрын зураглалаар өөрчлөгдсөн гэх үндэслэлээр дахин газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000316104, 000316105 дугаар гэрчилгээнүүдийг олгож, газар эзэмшүүлэх гэрээ /нийт газрын хэмжээгээр нэг гэрээ/-г байгуулсан боловч нэхэмжлэгч “С” ХХК нь Цөх багийн 3 дугаар багийн Гүн нуур хэмээх газарт байрлах нийт 42.56 га газарт /30.5 га, 12.06 га/ маргаан бүхий акт гарсан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл тариалангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй, газраа ашиглаагүй болох нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/Г-01 тоот шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/478 дугаар албан бичиг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
2.6. Нэхэмжлэгчээс “...маргаан бүхий акт гарах хүртэл буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ... хөрсний онцлогоос шалтгаалж уринш хийж өнжөөдөг байсан ... тариалалт хийх гээд очиход нутгийн иргэд эсэргүүцдэг байсан ... Алтанбулаг сумын 3 дугаар багийн Засаг даргаас уг газрыг малын бэлчээрээр ашиглана гэсэн хариулт өгсөөр өдийг хүрсэн бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна” гэж тайлбарлах боловч тухайн газар эзэмшигч хуулийн этгээд нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах;” гэж хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх төдийгүй нутгийн иргэдийн эсэргүүцэл болоод багийн Засаг даргын аман шийдвэртэй холбоотой холбогдох эрх бүхий этгээдэд хандаж байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэгэнт маргаан бүхий газрыг хуанлийн бүтэн 2 жилийн турш ашиглаагүй, тухайн газартаа зориулалтын дагуу тодорхой тариалалт эрхлээгүй “С” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагч шийдвэр хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.7. Өөрөөр хэлбэл, гэрч Х.М-ийн “...энэ талбай дээр хөрсний ялзмаг үүсгэх ажил маш олон удаа хийсэн ..., хөрсний онцлогоос хамааран өнжөөлт хийх шаардлага байдаг ... 2022 онд өнжөөгөөд 2023 онд тариалалтыг гар аргаар хийсэн байсан, ...2022 онд тариалалт хийх гээд очиход нутгийн иргэдийн зүгээс тариалалт хийлгээгүй ... царгас доник нь олон наст ургамлууд учраас шууд дээрээс нь тариалалт хийж болдог таримал гэсэн үг. 2-3 см гүнд хөрсөнд ялзмаг бүрдүүлж өгдөг.., ...хөрсөө хөндөхгүй байх зорилгоор ойрын хэдэн жил гар аргаар цацсан... энэ нь тариалалт гэж үзэхгүй ... хөрс бэлтгэгдэх хүртэл 5-6 жилийн хугацаа шаарддагддаг” гэх мэдүүлэг, гэрч Б.Д-ийн “...хавар үрийн будаа ачиж тариалангийн талбайд очдог,... би 5-6 удаа очиж байсан, манай хамгийн наад талын поль бөгөөд наанаасаа эхлэн тариалалтаа хийгээд цаашаа явдаг, ... уринш хийхэд 20-30 минут болдог байсан болохоор малчидтай таардаггүй байсан, ...2016 оноос хойш 2-3 жил дараалан талбай дээр очоод хамгийн сүүлд 2022 онд очсон, ... 2022 онд тариалалт хийх гэхэд нутгийн иргэд эсэргүүцээд тариалалт хийлгээгүй...мөн багийн Засаг дарга тариалалт хийлгэхгүй гэх агуулгаар бичиг хийж өгсөн” гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч “С” ХХК эзэмшил газартаа тариалалт хийх боломжгүй байсан гэдгийг харуулж байх боловч нутгийн иргэдийн эсэргүүцэл болон багийн Засаг даргын үйл ажиллагааг эс зөвшөөрч холбогдох эрх бүхий байгууллагуудад хандах боломжтой байхад Тариалангийн тухай хуулийн 20.2.1-3 заасан өөрийн эзэмшил талбайгаа хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
2.9. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... жил бүр уринш хийдэг байсан” гэх боловч энэ нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээргүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “...”С” ХХК анх маргаж буй газруудыг 2005 оноос хойш эзэмшиж, шинэчилсэн кадастрын зураглалаар өөрчлөлт орсон гэх үндэслэлээр тухайн газрын эзэмших эрхийг 2015 онд дахин баталгаажуулж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий захиргааны акт гаргах хүртэлх 9 жилийн хугацаанд тариалалт хийгээгүй, нэхэмжлэгчийн хэлж буйгаар уринш хийсэн ч энэ нь дээрх хуулийн зохицуулалтаар 9 жилийн хугацаанд үргэлжлэн хийх боломжгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
2.9. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “... сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй” гэх боловч хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/158, 01/159 дүгээр албан бичгүүдээр “С” ХХК-д өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлж ажиллах, хэрвээ гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдсэн байх боловч энэхүү мэдэгдлээс 7 хоногийн дараа маргаан бүхий актыг гаргасан байгаагаас дүгнэхэд хариуцагч захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, уг ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрэхээргүй байх тул сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
3. Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;” гэж заасан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.3-т “Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор газар эзэмшүүлэгчийн дансанд шилжүүлж байна”, 3.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” гэж заасан боловч “С” ХХК газар эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөр төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ