| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0145/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/141 |
| Огноо | 2023-08-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/141
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч А.Д-,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,
шүүгдэгч А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С ургийн овгийн А-ийн Т-д холбогдох эрүүгийн 2313000000180 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Булган сумын ........... дугаар багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С ургийн овгийн А-ийн Т-, регистрийн дугаар БД...........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т- нь 2023 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч И.Ж-ийн түрээсэлж, амьдарч байсан өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн “Самсунг А33” загварын гар утсыг хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд талуудаас гаргасан санал дүгнэлт:
1. Улсын яллагч А.Д-ээс гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.” гэв.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Т- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан, прокурортой тохиролцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү” гэв.
4. Шүүгдэгч А.Т- нь 2023 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч И.Ж-ийн түрээсэлж, амьдарч байсан өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн 650.000 төгрөгийн үнэтэй “Самсунг А33” /Samsung A33/ загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан нь иргэн И.Ж-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 02-05 дахь тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-12 дахь тал), эд зүйл хурааж авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-15 дахь тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дэх тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-23 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 24-25 дахь тал), хохирогч И.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28, 30, 32-33 дахь), иргэний нэхэмжлэгч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал), иргэний нэхэмжлэгч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал), “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-23-0149 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-46 дахь тал), яллагдагч А.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
6. Нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч А.Т- хохирогч И.Ж-ийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогчийн эзэмшлийн “Самсунг А33” /Samsung A33/ загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
7. Шүүгдэгч А.Т- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8. Энэ хэргийн улмаас хохирогч И.Ж-т 650.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь “Самсунг А33” загварын гар утсыг хохирогчид биет байдлаар хүлээлгэж өгсөн, иргэний нэхэмжлэгч Б.Еркебуланд 40,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 36 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Т-ы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулах 1 жилийн хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон, шүүгдэгч А.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Шүүгдэгч А.Т- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
4. 2313000000180 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С ургийн овгийн А-ийн Т-ыг хүн байнга амьдрах байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А-ийн Т-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.Т- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. 2313000000180 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлөгдсөн, энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын Газрын Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК